Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60 

 

 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

улсын яллагч Ф,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н,

шүүгдэгч Т , А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: 1. Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

2. Шүүгдэгч  А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т , А  нарт холбогдох эрүүгийн 2013002820233 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1965 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т , Регистрийн дугаар *******,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн *** дүгээр хороонд оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А , Регистрийн дугаар: ********.

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Т  нь хохирогч А ийн хүү С ыг Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгөх хүн гэж өөрийн төрсөн хүү А ыг “Э ” гэж танилцуулж итгүүлэн хуурч, залилангийн гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, өөрийн төрсөн хүү А тэй бүлэглэн 2019 оны 03 дугаар сард иргэн С ын эцэг А ийг хуурч, 3.500.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн,

2. Шүүгдэгч А  нь хохирогч А ийн хүү С ыг Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө гэж өөрийн аав болох Т тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сард иргэн С ын эцэг А ийг итгүүлэн хуурч, 3.500.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Т  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Шүүгдэгч А  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013002820233 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч А ээс гаргаж өгсөн А ын фейсбүүк сүлжээн дэх “А” гэх хаягтай чаталсан мессежнүүд болон түүний орчуулга /1 дүгээр хавтасны 41-76 дугаар хуудас/,

2. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 90-93 дугаар хуудас/,

3. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 95-98 дугаар хуудас/,

4. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 100 дугаар хуудас/,

5. Гэрч Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 104-105, 110-111 дүгээр хуудас/,

6. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 118-119 дүгээр хуудас/,

7. Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 128 дугаар хуудас/,

8. Х банкан дахь А ын эзэмшлийн ******дугаартай дансад Э ын ********дугаартай данснаас 2.300.000, 1.000.000 төгрөгийн орлого орсон болон зарцуулалтын байдлыг харуулсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 240-243 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 62, 64 дүгээр хуудас/,

9. Х банкан дахь гэрч Э ын эзэмшлийн ********дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтасны 58-59 дүгээр хуудас/,

10. Яллагдагч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 139-145 дугаар хуудас/,

11. Яллагдагч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 149-158 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т , А  нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т , А  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон учраас  тус тус гэм буруутайд тооцуулах тухай хүсэлтийг гаргасан ба шүүгдэгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн тайлбар, дүгнэлтээ гаргаж гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.  

Шүүгдэгч Т  нь хохирогч А ийн хүү С ыг Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгөх хүн гэж өөрийн төрсөн хүү А ыг “Э ” гэж танилцуулж итгүүлэн хуурч, залилангийн гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, өөрийн төрсөн хүү А тэй бүлэглэн 2019 оны 03 дугаар сард иргэн С ын эцэг А ийг хуурч, 3.500.000 төгрөгийг хүү С д шилжүүлсэн гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн,

Мөн шүүгдэгч А  нь хохирогч А ийн хүү С ыг Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө гэж өөрийн аав болох Т тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сард иргэн С ын эцэг А ийг итгүүлэн хуурч, 3.500.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч А ээс гаргаж өгсөн А ын фейсбүүк сүлжээн дэх “А” гэх хаягтай чаталсан мессежнүүд болон түүний орчуулга /1 дүгээр хавтасны 41-76 дугаар хуудас/,

- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын эхээр манай хүү зэргэлдээ компанид ажиллаж байсан Хатайн Т  гэх 1965 оны хүнтэй танилцсан байна. Улмаар манай хүү тэр хүнд сургууль соёлд сурах сонирхолтойгоо хэлсэн бөгөөд Т  нь манай хүүг тухайн үед Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгч болно, гэхдээ сургалтын төлбөр гээд 3.500.000 төгрөгийг бэлнээр өгөх ёстой гэсэн байна. Дараа нь манай хүү над руу холбогдоод Т  гэх хүн намайг Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгч чадна гэж байна, та ярих уу гэхээр нь би Т  гэх хүнтэй 2019 оны 02 дугаар сарын дундуур холбогдож ярихад Т  надад “танай хүүтэй танилцсан байгаа, танай хүүг Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгч болно. Тус сургуулийн захирал нь миний сайн таньдаг, хамт ажиллаж байсан хүн байгаа юм, уг сургуульд өөр олон ч таньдаг хүн бий, та хүүхдээ яг тус сургуульд оруулна гэвэл та нэн яаралтай ойрын хугацаанд 3.500.000 төгрөг хийх хэрэгтэй, учир нь сургалтын бүртгэл дуусах дөхөж байгаа” гэж хэлэхээр нь би түүнд “яг баттай юм уу, оруулж өгч чадах уу” гэж тэр хүнээс асуухад надад “та надад итгэхгүй бол Батлан хамгаалах их сургуульд оруулах гэж байгаа хүний дугаарыг нь өгье” гэж хэлээд ******** гэсэн утасны дугаарыг өгсөн. Тэгэхээр нь миний бие дээрх 9******** дугаарын утас руу залгаад “Таньтай Т  гэх хүн ярь гэсэн юм” гэхэд тэр хүн өөрийгөө “Э ” гэж танилцуулан надад “аан таны хүүхдийн талаар Т  гэх хүн надад хэлсэн байгаа, та хүүхдээ Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн ангид оруулах гэж байгаа юм бол нэн яаралтай сургалтын төлбөрөө хийх хэрэгтэй” гэж хэлэхээр нь би төлбөрийг нь хийхээр болж тохирсон.

Тэгээд ********** дугаараас над руу ********тоот дансыг явуулахаар нь би уг дансанд эхнэрийнхээ Төрийн банкны дансаар дамжуулан 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2.500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгийг шилжүүлж явуулж өгсөн. Түүний дараа нөгөө “Э ” гэх залуутай холбогдоход одоо карантинд гараад 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэхэд хичээл эхэлнэ гэсэн бөгөөд карантинд явах хугацаа нь болоход нөгөө хүн байхгүй, тэгэхлээр нь бас дахин залгаж холбогдоход надад “таны хүүхэд карантинд явахгүйгээр шууд хичээл эхлэхэд сургуульд орох болно” гэсэн.

Тэгж байтал 2019 оны 06 дугаар сар болж тус сургуулийн ахлагчийн курсийнхэн төгсөөд явахаар нь миний бие тус иргэнд залилуулсан байна гэдгээ мэдсэн.

...Т  нь 2020 оны 10 дугаар сард бэлнээр 2.000.000 төгрөг өгч, дараа нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн. Би Т , А  нарт өгсөн 3.500.000 төгрөгийг бэлэн буцааж авсан. Бидний хооронд ямар нэгэн төлбөрийн талаар маргаан байхгүй, надад тэднээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 90-93 дугаар хуудас/

- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2019 оны 01 дүгээр сарын эхээр байх шиг санагдаж байна Улаанбаатар хотод “С” ХХК-д харуулаар ажиллаж байх хугацаанд Баян-Өлгий аймгийн иргэн болох Т  гэх хүнтэй тааралдсан. Дараа нь 7 хоногийн дараа миний утас руу холбогдож надад “чи Батлан хамгаалах Их сургуульд орох уу, би танил хүнтэйгээ дамжуулж чамайг тус сургуульд оруулж өгье, би уг сургуулийн захирлыг нь мөн өөр бас танил хүмүүстэй юм. Хичээл нь удахгүй эхлэх гэж байгаа юм байна, хэрэв чи орно гэх юм бол би танил хүнтэйгээ чамайг яриулаад өгье, харин чи уг хүмүүст 3.500.000 төгрөг өгнө шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т ад тэгвэл би таны уг таньдаг хүнтэй яриад үзье гэж хэлэхэд тэрээр надад Э  гэх хүн байгаа юм гэж түүний утасны дугаар хэмээн ********** дугаарыг өгсөн. Би А тэй анх түүнийг Э  гэж танилцах өдөр түүний машин дотор сууж байгаад түүний хэлсэн Э ын данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа Э  надад утсаар холбогдож надад үлдсэн 1.000.000 төгрөгөө өг, би чамайг сургуульд оруулж өгөх хүмүүст мөнгө өгөх гэж байна гэхээр нь би аав А  рүү холбогдож хэлж манай аав уг 1.000.000 төгрөгийг Э ын дээр өгсөн данс руу нь шилжүүлсэн. Хавар нь би найз болох А ийн төгсөлтийн баярт очих үед Э ыг гаднаас нь хараад уг төгсөлтийн баярт очсон хүмүүсийн нэгнээс нь уг Э  гэх хүнийг зааж түүнийг таньдаг эсэхийг нь асуухад надад наад хүн чинь Э  гэдэг хүн биш ээ, наад хүн чинь казах хүн, Т  гэх хүний хүүхэд А  гэх хүн гэж хэлсэн. Би түүнийг Э  гэх хүн биш гэдгийг нь мэдээд түүний утас руу холбогдож түүнд та А  гэх хүн юм байна шүү дээ, та яагаад намайг хуураад явж байгаа юм бэ гэж асуухад тэрээр өөрийгөө А  гэх хүн мөн болохоо хэлсэн ба яагаад өөрийгөө Э  гэж танилцуулснаа, яагаад намайг Батлан хамгаалахын Их сургуульд оруулж өгнө гэж худал хэлээд явж байгаа талаараа хэлж тайлбарлаагүй. А  нар намайг Хууль сахиулах Их сургууль буюу одоогийн Дотоод хэргийн Их сургуульд оруулахаар ярьсан. Тэгээд би гэрийнхэндээ энэ талаар хэлснээр Цагдаагийн газарт хандсан болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 95-98 дугаар хуудас/,

- Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү С нэг өдөр бидэнтэй утсаар холбогдож би Улаанбаатар хотод Т  гэх хүнтэй тааралдлаа. Тэрээр намайг Батлан хамгаалах их сургуульд оруулж өгье гэнэ гээд ярьсан. Тэгээд С  Т ын сургуульд оруулж өгнө гэж ярьсан хүн нь надад 3.500.000 төгрөг өг гэж байна гэж А тэй ярихаар нь миний ********тоот данснаас 2.500.000 төгрөгийг Э  гэх хүний данс руу шилжүүлж өгсөн. Дараа нь үлдсэн мөнгийг нь өг гэж байна гэхээр нь мөн миний данснаас Э ын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. С  уг Э  гэх хүн намайг сургуульд оруулж өгөхөөр яваад байна гэж хэлээд ажлаасаа гараад түүний сургуульд оруулж өгөхийг нь хүлээгээд хэдэн сар байсан боловч тэд сургуульд оруулж өгөөгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 100 дугаар хуудас/

- Гэрч Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А ыг 2012 оноос хойш танина. А  бид хоёр ахлагчийн курст хамт сурч төгссөн. Сүүлд 2020 оны хавар уулзсан. Тухайн өдөр А  миний дансаар хүнээс 2.500.000 төгрөг авч өөрийнхөө данс руу 2.300.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Үлдэгдэл 200.000 төгрөгийг нь би А ээс авсан. А  надад тухайн үед 500.000 төгрөгийн өртэй байсан юм. Би тэр өрөндөө 200.000 төгрөгийг нь авсан. А  хүнээс мөнгө авах гэсэн юм, найздаа дансаа өгчих гэж хэлэхээр нь би А ээс чи яагаад өөрийнхөө дансаар мөнгө авахгүй байгаа юм бэ гэж асуухад найз нь банкинд зээлтэй тул өөрийнхөө дансаар мөнгө авч болохгүй байна гэж хэлээд миний дансаар мөнгө шилжүүлээд авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 104-105, 110-111 дүгээр хуудас/,

- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А ыг миний хамаатан болох Ч  ахаар дамжуулан мэддэг болсон. А  2019 оны 03 дугаар сарын эхээр миний Голомт банкны данс руу 1.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын сүүлээр 800.000 төгрөгийг ямар нэгэн гэрээ тохиролцоогүй надад зээлүүлсэн. Учир нь А  нэг найзыгаа Хууль сахиулахын Их сургуульд оруулах гэж байгаа манай найзын шалгалтад тус дэм болооч гэж хэлсэн. Би А т танай найз чинь шалгалтын үеэр таньдаг хүн шалгалт авч таарвал тусалъя гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 118-119 дүгээр хуудас/,

- Х банкан дахь А ын эзэмшлийн ******дугаартай дансад Э ын ********дугаартай данснаас 2.300.000, 1.000.000 төгрөгийн орлого орсон болон зарцуулалтын байдлыг харуулсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 240-243 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 62, 64 дүгээр хуудас/,

- Х банкан дахь гэрч Э ын эзэмшлийн ********дугаартай дансанд хохирогч А ийн данснаас 2.500.000 төгрөгийн орлого 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр орж, тэр өдөр нь 2.300.000 төгрөг А ын дансанд зарлагаар гарсан, мөн хохирогч А ийн данснаас 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийн орлого орж, А ын дансанд мөн адил тэр өдөр нь зарлагаар гарсан болон зарцуулалтын байдлыг харуулсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтасны 58-59 дүгээр хуудас/,

- Яллагдагч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Надад Батлан хамгаалах их сургуульд таньдаг танил хүн байдаггүй. Би С той Улаанбаатар хотод тааралдах үед тэрээр Батлан хамгаалах их сургуульд орох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тухайн үед эхнэр бид хоёр Улаанбаатар хотод А ын хүүхдийг харж өгч, би хажуугаар нь нэг компанид хамгаалагчаар ажиллаж байсан юм. Тэгэхээр нь би түүнд таньдаг хүмүүсээс асууж лавлаад өгье, манай хүү А  тэр сургуулийг төгссөн юм гэж хэлсэн. Тэгээд би түүнд би нэг хувийн эмнэлэгт ажиллаж байгаа юм, чи уг эмнэлэгт ирээд шинжилгээгээ өг гэж хэлсэн. Бид А ийн төгсөлтийн баярт очиход С  тэнд очсон байсан. Би С д чамайг сургуульд оруулж өгөх хүний утасны дугаар гэж А ын ********** дугаартай утасны дугаарыг өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 139-145 дугаар хуудас/,

- Яллагдагч А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Анх С ыг танил талаараа сургуульд оруулж өгч, сургуульд оруулж өгөх хүмүүс мөнгө төгрөг өгнө хэмээн түүнээс мөнгө авах санаатай энэ хэргийг хийсэн юм. Би бусдыг сургуульд оруулж өгнө гэж итгүүлж мөнгө төгрөг авсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа болно. ...Э  гэх найзынхаа дансаар дамжуулж С оос 3.500.000 төгрөг авсан. Тухайн үед би виза картаа биедээ авч яваагүй болохоор Э ын данс руу нь мөнгө шилжүүлсэн. Надад С ыг Дотоод хэргийн Их сургуульд оруулж өгөхөөр таньдаг хүн байгаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 149-158 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Залилах гэмт хэрэг нь “хуурч, эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй санаатай  үйлдэл юм.

Шүүгдэгч Т  нь хохирогч А ийн хүү С ыг Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгөх хүн гэж өөрийн төрсөн хүү А ыг “Э ” гэж танилцуулж итгүүлэн хуурч, залилангийн гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, өөрийн төрсөн хүү А тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сард иргэн С ын эцэг А ийг хуурч, 3.500.000 төгрөгийг хүү С д шилжүүлсэн гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн, мөн шүүгдэгч А  нь хохирогч А ийн хүү С ыг Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгнө гэж өөрийн аав болох Т тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сард иргэн С ын эцэг А ийг итгүүлэн хуурч, 3.500.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэм буруутай үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрч Э , шүүгдэгч А  нарын Х банкан дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т , А  нар нь Батлан хамгаалах их сургуульд оюутан, сонсогч элсүүлэхээр итгэмжлэгдсэн, тус сургуульд зуучлах үйл ажиллагаа явуулах эрхгүй болох нь тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Төлек овогт Хатайн Т ыг залилах гэмт хэргийг зохион байгуулж, бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А ыг залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэстэй гэж дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч А т 3.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд хохирогчийн “би Т , А  нарт өгсөн 3.500.000 төгрөгийг бэлэн буцааж авсан. Бидний хооронд ямар нэгэн төлбөрийн талаар маргаан байхгүй, надад тэднээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлснээс /1 дүгээр хавтасны 93 дугаар хуудас/ үзэхэд шүүгдэгч Т , А  нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Т , А  нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Т , А  нар нь хохирогч А т гэмт хэргийн хохирол болох 3.500.000 төгрөгийг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай саналд яллагдагч Т , А  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Т , А  нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /2 дугаар хавтасны хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Т , А  нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т , А  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т , А  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Мөн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Т , А  нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогджээ. 

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Т , А  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн DVD бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй. 

Шүүгдэгч Т , А  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т ыг залилах гэмт хэргийг зохион байгуулж, бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А ыг залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т , А  нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т , А  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Т , А  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн DVD бичлэг 1 ширхгийг эрүүгийн 2013002820233 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т , А  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд  шүүгдэгч Т , А  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т