Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч А ,

шүүгдэгч Х  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ад холбогдох эрүүгийн 2113000650043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 22 нас, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын **** дүгээр баг, оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х , РД:********.

Шүүгдэгч Х  нь 2021 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 багийн нутаг дэвсгэр, “Хатуу” гэх газраас хохирогч Ж ийн малын хашаанаас 4 тооны сэрх ямаа хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Х  мэдүүлэхдээ: Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг барагдуулж өгсөн. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Бусдад төлөх өр төлбөртэй байсан тул хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000650043 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хэргийн газрын үзлэг болон хохирогч Ж ийн малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/,

2. Хулгайлсан гэх 4 тооны сэрх ямааг шүүгдэгч Х  нь саравчтай хашаанд хашсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

3. Хохирогч Ж ийн хулгайд алдагдсан гэх 4 тооны сэрх ямаанаас олдсон 2 тооны сэрх ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,

4. Хохирогч Ж ийн 2 тооны хулгайд алдагдсан сэрх ямааг иргэний нэхэмжлэгч М ээс хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, уг 2 тооны сэрх ямааг хохирогч Ж ид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас/,

5. Хохирогч Ж ийн 2020 оны мал тооллогын бүртгэл /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

6. Хулгайд алдагдсан гэх 4 тооны сэрх ямааг шүүгдэгч Х  нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа тээвэрлэсэн “Аксент” загварын 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, битүүмжилсэн тухай тэмдэглэл, прокурорын тогтоол /хавтаст хэргийн 24-30 дугаар хуудас/,

7. Шинжээч “А” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн БӨА 00-00 дугаартай, “2021 оны 3 дугаар сарын байдлаар нас бие гүйцсэн эр сэрх 150.000 төгрөг байх боломжтой болохыг тогтоосон тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/,

8. Хохирогч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35, 39 дүгээр хуудас/,

9. Иргэний нэхэмжлэгч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

10. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

11. Гэрч З ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

12. Гэрч Б ийн өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

13. Гэрч Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

14. Яллагдагч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х  нь 2021 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 багийн нутаг дэвсгэр, “Хатуу” гэх газраас хохирогч Ж ийн малын хашаанаас 4 тооны сэрх ямаа хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбар, дүгнэлтээ тус тус гаргаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Х  нь 2021 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 багийн нутаг дэвсгэр, “Хатуу” гэх газраас хохирогч Ж ийн малын хашаанаас 4 тооны сэрх ямаа хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг болон хохирогч Ж ийн малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/,

- Хулгайлсан гэх 4 тооны сэрх ямааг шүүгдэгч Х  нь саравчтай хашаанд хашсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

- Хохирогч Ж ийн хулгайд алдагдсан гэх 4 тооны сэрх ямаанаас олдсон 2 тооны сэрх ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,

- Хохирогч Ж ийн 2 тооны хулгайд алдагдсан сэрх ямааг иргэний нэхэмжлэгч М ээс хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, уг 2 тооны сэрх ямааг хохирогч Ж ид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас/,

- Хохирогч Ж ийн 2020 оны мал тооллогын бүртгэлд ямаа 63 толгойг тоолуулсан тухай мал тооллогын бүртгэл /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

- Хулгайд алдагдсан гэх 4 тооны сэрх ямааг шүүгдэгч Х  нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа тээвэрлэсэн “Аксент” загварын 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, битүүмжилсэн тухай тэмдэглэл, прокурорын тогтоол /хавтаст хэргийн 24-30 дугаар хуудас/,

- Шинжээч “А” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн БӨА 00-00 дугаартай, “2021 оны 3 дугаар сарын байдлаар нас бие гүйцсэн эр сэрх 150.000 төгрөг байх боломжтой болохыг тогтоосон тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/,

- Хохирогч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт ээж 2 дүүгийн хамт “Хатуу* гэх газарт өвөлждөг бөгөөд өөрийн гэсэн хэдэн тооны малыг хариулж амьдардаг. Миний бие 2021 оны 03 дугаар сарын 05-ны орой бог малыг хариулж ирээд малын хашаанд нийт 16 хонь, 159 ямааг тоолж оруулсан ба маргааш нь өглөө гаргаад дахиж хариулж ирээд орой малыг тоолоход 4 тооны ямаа байхгүй байсан. Уг 4 тооны ямааг зүслэхэд дандаа том биетэй, нас гүйцсэн 4 тооны сэрх ямаа байхгүй байсан. Тэгээд 4 тооны сэрх ямаа хулгайд алдагдсаныг мэдэж хайж эхэлсэн.

Тэгээд ойрын хавьд байгаа малчин айлуудаас хайж олоогүй байсан ба 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр аймгийн төвийн малын захад ирэхэд миний хулгайд алдагдсан 4 тооны сэрх ямаанаас хоёрыг амьдаар нь М  гэх малын ченж зарж байсныг газар дээр нь таньж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

Бид нар өдөр бүр ямааг хариулж ирсний дараа малын хашаанд оруулах үед нэг бүрчлэн тоолж оруулдаг бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тоолж оруулаад маргааш нь өглөө бэлчээр луу гаргаж хариулж ирээд 2021 оны 03 дугаар сарын 06-ны орой тоолоход 4 тооны сэрх ямаа дутаж гарсан. Уг 4 тооны сэрх ямааг 2021 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө малын хашаанаас хулгайлсан байна.

Миний хулгайд алдагдсан 4 тооны сэрх ямааны зүс, им, тамгаар нь хэлбэл эвэртэй, хар зүсмийн, зөв талын чихний урьдаас сэтэрхий, буруу талын чихний үзүүрээс ухам имтэй, эврэнд ногоон будагтай, нас гүйцсэн гурвуулаа адилхан 3 тооны сэрх ямаа, мөн эвэртэй, цагаан зүсмийн, зөв талын чихний урьдаас сэтэрхий, буруу талын чихний үзүүрээс ухам имтэй, эврэнд ногоон будагтай, нас гүйцсэн 1 тооны сэрх ямаа байсан. Ямар нэгэн тамга байхгүй байсан. Нийт хулгайд алдагдсан 4 тооны сэрх ямааны 3 нь хар зүсмийн, 1 нь цагаан зүсмийн сэрх байсан. Бүгд адил имтэй, эвэртэй, эврэнд ногоон будагтай байсан.

...Дараа нь уг хэргийг цагдаа нар шалгах явцад манай хөрш болох Х  хулгайлсан болохыг мэдсэн. Х аав, ээж нарыг дагуулж манай гэрт ирж уучлалт гуйж, миний 4 сэрхийг хулгайлсныг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Анх цагдаа нар миний хоёр сэрхийг худалдах гэж байсан малын ченжээс хоёр сэрхийг авч өгсөн. Харин худалдагдсан байсан хоёр сэрхийн үнэ болон хулгайд алдсан малыг эрж хайх зардалд Х ын аав нь надад 450.000 төгрөг бэлэн өгсөн. Өөрөөр хэлбэл би өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35, 39 дүгээр хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед үл таних залуугаас 4 тооны сэрхийг 600.000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн 4 сэрхийн 2 сэрхийг өөрөө худалдан борлуулсан байсан. Үлдсэн хоёр сэрхийг маргааш нь зарж борлуулах гэж зогсож байхад цагдаа нар ирээд хулгайн мал юм байна гэж аваад явсан.

... Би 6 дахь жилдээ малын ченжийн ажил хийж байгаа. Тэр өдөр надад 4 сэрх худалдсан залуу өдрийн цагаар, гарал үүслийн гэрчилгээний хамт амлын захад авчирсан болохоор ямар нэгэн муу юм бодохгүйгээр худалдаж авсан. Тэр залуу надад гарал үүслийн гэрчилгээний 6 тоот дугаартай код өгсөн ба уг кодыг шалгаж үзэхэд хүчинтэй байсан.

... Би анх 4 сэрхийг 600.000 төгрөгөөр худалдаж аваад 2 сэрхийг нь авсан үнээр нь зарж борлуулсан байсан. Харин үлдсэн хоёр сэрхийг цагдаа нар хурааж авч явсны маргааш нь уг хулгай хийсэн гэх залуугийн аав нь уг хоёр сэрхийн оронд өөрийн бог мал дотроос хоёр сэрхийг авч өгсөн. Өөрөөр хэлбэл би өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авсан ба одоо миний зүгээс хэн нэгэн хүнд холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт ээж, дүү нарын хамт амьдардаг бөгөөд 2020 онд Алтанцөгц сумын иргэн А  гэх хүнээс 0000 БӨТ улсын дугаартай Верна аксент загварын тээврийн хэрэгсэл худалдаж аваад өдөр бүр аймгийн төвд таксинд явдаг юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед манай хөршийн гэрт ирж явдаг Х гэх залуу ирж та таксинд явах уу, манай гэр Бугат сумын 4 дүгээр багт байдаг, миний аав эмнэлэгт хэвтсэн байгаа тул түүний эмчилгээний зардалд өөрийн 4 тооны сэрх ямааг авч ирж малын захад худалдах гэсэн юм аа, хэдэн төгрөгөөр явах вэ гэж асуухаар би очиж ирэх км-ийг асууж нийт 40.000 төгрөгөөр явах талаар хэлсэн.

Тэгээд таны авч ирэх малд гарал үүслийн гэрчилгээ байгаа уу гэхээр нь миний өөрийн мал байгаа юм аа, гарал үүслийн гэрчилгээ бичүүлсэн гэж нэг бичиг үзүүлсэн. Тэгээд бид хоёр аймгийн төвөөс өдрийн 13 цагийн үед гарч Бугат сумын Хатуу гэх газарт байрлах нэг эзэнгүй айлын хашаанд очсон. Тэгээд уг эзэнгүй айлын хашааны хойд талд блокоор барьсан 2х2 метрийн саравч байсан ба уг саравчны хаалга байхгүй байсан ба гаднаас төмөр болон модоор хааж уясан байдалтай байсан. Тэгээд уг саравчны хаалганы төмөр болон модыг тайлж авахад дотор нь 4 тооны том биетэй сэрх ямаа байсан. Уг 4 тооны сэрх ямааны 3 нь хар зүсмийн, 1 нь цагаан зүсмийн сэрх ямаа байсан бөгөөд 2 тооны хар зүсмийн сэрх ямааг миний машины хойд багажникт ачиж, үлдсэн нэг хар, нэг цагаан зүсмийн 2 тооны сэрх ямааг машины дотор талд ачсан.

Тэгээд бид хоёр уг 4 тооны сэрх ямааг ачиж аваад 1 км-ийн зайтай газарт өөрийн байшинд ирж гэрийн цоожийг онгойлгох гэрт нь ороод таваг амсаж гараад машинд сууж аймгийн төвд малын захад ирсэн. Тэгээд малын захад ирж үл таних малын ченжид 4 тооны сэрх ямааг буулгаж өгсөн. Тэгээд уг малын ченжээс сэрх ямааны мөнгийг авч надад 40.000 төгрөг тоолж өгсөн. Тэгээд би Хыг буулгаад гэр лүүгээ явсан.

Би 4 тооны сэрх ямааг Бугат сумын Хатуу гэх газраас очиж хуучин хашааны ард байрлах блокон саравчнаас хашсан байсан газраас нь очиж өдрийн 14 цагийн үед ачсан бөгөөд Х тухайн үед энэ хашаа манай хуучин хашаа гэж хэлж байсан. Би хамгийн түрүүнд таксинд явахаас өмнө хэний малыг авч ирэх талаар асуусан бөгөөд тухайн үед Х миний өөрийн мал гэж нэг бичиг үзүүлж байсан. Тухайн 4 тооны сэрх ямааг хулгайн мал гэдгийг огт мэдээгүй. Яагаад гэвэл өдрийн цагаар гарал үүслийн гэрчилгээтэй ачиж ирсэн болохоор Хад итгэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

- Гэрч З ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү болох Ж ийн хамт байдаг бөгөөд өөрийн гэсэн хэдэн тооны хонь, ямаа байдаг. Түүний дотор хүү болох Ж ийн мал тустай тоологдож явдаг.

...бид нар өдөр бүр орой малыг хашаанд оруулах үед тоолж оруулдаг байсан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө орой бүх малыг тоолж оруулсан бөгөөд маргааш нь орой мал ирэхээр дахиж тоолоход хүү болох Ж ийн 4 тооны сэрх ямаа байхгүй байсан.

...Ж и нь 4 тооны ямааг хайж аймаг руу явсан. ...хүү болох Ж и 4 тооны сэрх ямааны 2 тооны сэрх ямааг аймгийн малын захад худалдаалагдаж байсныг олж авсан гэж 03 дугаар сарын 07-ны өдөр гэрт хоёр тооны хар зүсмийн сэрх ямааг авч ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

- Гэрч Б ийн өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие “Ах дам” захад мах зардаг бөгөөд өдөр тутам малын захаас очиж зарж байгаа малыг харж байгаад хамгийн тарган нь худалдаж аваад нядалж махыг нь зардаг юм. 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр малын захад очиж тарган мал хайж явж байхад М т 2 тооны тарган сэрх ямаа байсан бөгөөд уг 2 тооны сэрх ямааны үнийг тохирч нийт 310.000 төгрөгөөр худалдаж аваад гэрт авч ирж нядлан махыг нь “Ах дам” захад өөрийн махны лангууд 2 хоногийн дотор багтааж зарсан. Миний бие М ээс худалдаж авсан 2 тооны сэрх ямааны 1 нь хар зүсмийн, 1 нь цагаан зүсмийн сэрх ямаа байсан бөгөөд бүгд адил имтэй зөв талын чихний урьдаас сэтэрхий, буруу талын чихний үзүүрээс ухам имтэй, эврэнд ногоон будагтай, нас сэрх ямаа байсан ба тамга байхгүй байсан.

Надад тухайн үед М  603356 гэсэн 6 оронтой тоо үзүүлсэн бөгөөд уг тоонд цахим сүлжээнд оруулан үзэхэд гарал үүслийн гэрчилгээний дугаар байсан. Уг цахим гарал үүслийн гэрчилгээнд 4 тооны ямаа гэж бичсэн байсан. М  нь надад нийт 4 тооны сэрх ямаа байсан түүний 2 нь энэ сэрх байгаа шүү гэж хэлэхээр нь тухайн цахим кодыг бичиж авсан байсан. Миний М ээс худалдаж авсан 2 тооны сэрх ямаа хулгайн ямаа гэдгийг огт мэдээгүй бөгөөд тухайн үед надад 6 оронтой цахим код өгсөн ба уг цахим кодод 4 тооны ямаа гэж гарч байсан болохоор шууд худалдаж авсан. Бид нар гарал үүслийн гэрчилгээгүй мал худалдаж авахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

- Гэрч Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 08-ний өдөр гэрт сууж байх үед Б ын хүүхэд нь над руу утасдаж байгаад манай гэрт ирээд “би өчигдөр аймгийн төвд малын ченж нарт 4 тооны сэрх аваачиж зарсан чинь гарал үүслийн гэрчилгээг асуугаад байна” гэж гуйгаад байхаар нь би цахимаар бүртгэж аваад 6 оронтой код өгөөд явуулсан. Тэр залуу надад малаа өчигдөр зарсан гэхээр нь би юу ч бодохгүйгээр тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн дугаар, авсан хүний нэрийг нь тодорхой бичиж оруулж өгч явуулсан. Б  өөрөө хөдөө мал маллаж амьдардаг, бог малтай, мөн дээрээс нь аймгийн төвд малын захад аваачиж худалдсан гэхээр нь ямар нэгэн муу юм бодохгүйгээр цахимаар бүртгэж код өгсөн байсан. Сүүлд бий болсон цахим гэрчилгээнд ямар нэгэн малын им тамга бичигдэхгүй. Зөвхөн хаанаас гарсан, хэнд зарагдах, ямар төрлийн хичнээн тооны мал гэсэн юм л бичигдэнэ. Тийм учраас би уг малыг нь харахгүйгээр Х ын хэлснээр нэгэнт зарагдсан мал гэхээр нь бичиж өгсөн нь үнэн. Шинээр гарсан цахим гэрчилгээний журамд нэг бог малаас 300 төгрөг авахаар журамлагдсан байдаг. Би тэр үед уг 4 бог малыг бичиж өгөөд 1200 төгрөг авсан. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

- Яллагдагч Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие 2021 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед гэрээсээ гараад манай гэрээс 3 км зайтай газарт байдаг хөрш Ж и гэх хүний малын хашаанд ганцаараа очиж малын хашаан дотор байсан бог мал дотроос 4 сэрх ямааг барьж авч хашаанаас гаргаж туугаад, тухайн айлын доод талд байдаг өөрсдийн хуучин малын хашаанд аваачиж оруулаад, хашааны хаалгыг гаднаас нь хааж түгжээд гэрт ирээд амарсан. Маргааш өдөр нь аймгийн төвд ирээд үл таних нэг хүнийг таксинд авч өмнөх шөнө хулгайлж аваад өөрсдийн хуучин малын хашаанд оруулж явсан дөрвөн сэрхийг аймгийн төвд авч ирж малын захад аваачиж, малын ченж нарт нэг сэрхийг 150,000 төгрөгөөр тооцож 600,000 төгрөгөөр худалдсан байсан.

Гэтэл маргааш нь Ж и нь малын захад ирж явж байгаад өөрийн хоёр сэрхийг таниад цагдаа нарт хэлсэн байна. Би тэр үед өөрийн хөрш болох Ж ийн 4 тооны сэрх ямааг хулгайлж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэрэгт маш их гэмшиж байна. Тэр үед надад мөнгөний хэрэгцээ гарсан тул амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгай хийх санаа төрсөн. Тэгээд бодож сууж байгаад гэрт нь нохой байхгүй байсан Ж ийн бог мал дотроос ямаа хулгайлах тухай бодож олсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Мал сүрэг нь бусдын өмчлөх эрх байдаг бөгөөд иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаалдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Х  нь хохирогч Ж ийн дээрх хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний 4 тооны сэрх ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн М т нэг бүрийн үнийг 150.000 төгрөгөөр буюу нийт 600.000 төгрөгөөр тооцож худалдан борлуулсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Х  нь хохирогч Ж ийн 4 тооны малыг малын хашаанаас нь хулгайлж, бусдын өмчийг хууль бусаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар хувьдаа ашиг олж мөнгөтэй болох, улмаар бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах гэсэн шунахайн сэдэлт нөлөөлсөн байх ба Х  нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Х ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж ид 600.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М т 300.000 төгрөгийн тус тус бодит хохирол учирсан ба шүүгдэгч Х аас хохирогч Ж и, иргэний нэхэмжлэгч М  нарт учирсан хохирлыг тус тус бүрэн төлж өгч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Х ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч Х ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х  нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн. Урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй тул ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөхийг хүсэж байна гэсэн дүгнэлтээ гаргасан болно.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Х  нь урьд ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хавтаст хэргийн 101 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шаалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х  нь уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х ад 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Х ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Х  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох иргэн А ын эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай, “Верна аксент” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн иргэн Х.Аын нэр дээр бичигдсэн №****** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг уг тээврийн хэрэгслийг одоо эзэмшиж байгаа иргэн А ын өөрт нь буцаан олгох нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х  нь бусдад төлөх өр төлбөрөө барагдуулахын тулд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас 600.000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 127 дугаартай шийтгэврээр шүүгдэгч М.Хыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах оногдуулсан байна.

Шүүгдэгч Х  нь өнөөдрийн байдлаар шүүхээс оногдуулсан 7 хоногийн хугацаагаар оногдуулсан баривчлах шийтгэлийг эдэлж байгаа тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолох зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х ыг 10 (арав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х ад оногдуулсан 10 (арав) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Х  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох иргэн А ын эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай, “Верна аксент” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн иргэн Х.Аын нэр дээр бичигдсэн №****** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг уг тээврийн хэрэгслийг одоо эзэмшиж байгаа иргэн А ын өөрт нь буцаан олгохыг шүүгчийн туслах Х д даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х  нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 127 дугаартай шийтгэврээр оногдуулсан 7 хоногийн баривчлах шийтгэлийг эдэлж байгаа тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ