Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00760

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00760

Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 48-р байр 79 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажилтай, регистр ЧЗ86102604,  Харчу овогтой Баатарцогтын Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 48-р байр 89 тоотод оршин суух, “Мөнхийн үсэг” ХХК-д мэргэжилтэн ажилтай, регистр УГ80010211, Тавнан овогтой Даваасүрэнгийн Дашнямд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд Д.Дашнямтай танилцаж 2010 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 9-р сарын 5-ны өдөр охин Маргад-Эрдэнэ, 2013 оны 6-р сарын 16-нд хүү Молор-Эрдэнэ нар төрсөн. 2015 оны 8-р сараас эхлэн Дашням салъя гэж хэлж ойр ойрхон гэрээсээ явах болсон бөгөөд 2016 онд ирэн очин байсан ч бараг 6 сар нь гэртээ байгаагүй. Энэ байдал нь миний болон хүүхдүүдийн маань сэтгэл санаа болон хүмүүжилд хүндээр тусч хэцүү байна. Дашням нь өөрийн үүрэг хариуцлагаа умартан байнга гадуур явж байгаа учраас дахиж үр хүүхдээ зовоомооргүй байна. Гэр бүлийн хуулийн дагуу бидний дундаас төрсөн Маргад-Эрдэнэ, Молор-Эрдэнэ нарт хуулийн дагуу зохих хууль ёсны тэтгэмжийг олгож өгнө үү гэв.

   Хариуцагч Д.Дашням шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Маргад-Эрдэнэ, Молор-Эрдэнэ нарыг эх Б.Алтанцэцэгийн асрамжинд байлгахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б.Алтанцэцэг нь Д.Дашнямд холбогдох хүүхдийн тэтгэлэг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 Б.Алтанцэцэг, Д.Дашням нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2010 оноос хамт амьдарч 2011 оны 9-р сарын 5-ны өдөр охин Д.Маргад-Эрдэнэ, 2013 оны 6-р сарын 16-нд хүү Д.Молор-Эрдэнэ нарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Д.Дашням нь хүүхдийн эцэг, тэтгэлэгийн талаар маргаагүй байх тул 2011 оны 9-р сарын 5-ны өдөр охин Маргад-Эрдэнэ, 2013 оны 6-р сарын 16-нд хүү Молор-Эрдэнэ нарыг хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Дашням нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 9-р сарын 5-ны өдөр төрсөн охин Д.Маргад-Эрдэнэ, 2013 оны 6-р сарын 16-нд төрсөн хүү Д.Молор-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Д.Дашнямаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Дашнямаас 70 200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.  

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.   

                              

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА