| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00886/И |
| Дугаар | 102/ШШ2017/00783 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/00783
| 2017 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/00783
| Улаанбаатар хот
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж өөрийн байранд байрлах “Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 12-р байр 57 тоотод оршин суух, регистр:ЦВ44102076, Урт овогт Оригийн Батсүхэд холбогдох 1 468 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Оригийн Батсүх /ЦВ44102076/ нь 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг 13-р байрны гадаа зогсоолд Ц.Пүрэвдоржийн эзэмшлийн 8658 УБК улсын дугаартай N.Теrrаnо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан /согтуу/ зөрчил гаргаж зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас тус компанид даатгалтай Д.Батбаярын эзэмшлийн 1855 УНН улсын дугаартай Т.Сresta маркийн тээврийн хэрэгсэлд 1 490 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий байгууллага болох “Бэст эстимэйт” ХХК-ийн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2011032137 тоот хохирлын үнэлгээний тайлангаар, зам тээврийн осол гаргасан гэм бурууг ЗЦГазрын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн акт зэргээр тус тус тогтоосон байна. "Монгол Даатгал” ХХК нь ЗЦГазрын акт, даатгуулагч болон тус компанийн хооронд байгуулсан 23Р1053490 тоот даатгалын гэрээ, хохирлын үнэлгээний тайлан, даатгуулагчийн хүсэлтийг үндэслэн 1 468 000 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчид бүрэн төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэгч даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ " гэж тус тус заасныг үндэслэн даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь “Монгол Даатгал” ХХК-д бүрэн шилжсэн бөгөөд буруутай этгээд нь нөхөн төлбөрийг даатгагчид буцаан төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Оригийн Батсүх нь 2011 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус компанитай “Төлбөрийн гүйцэтгэлийн хэлцэл” байгуулан ослын улмаас учруулсан хохирлоо 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон боловч төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нөхөн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 1 468 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Батсүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжилсэн 1 468 000 төгрөгийг дараах графикаар төлөхөөр эвлэрч байна. 2017 оны 3-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөг, 2017 оны 4-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК нь О.Батсүхэд холбогдох 1 468 000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд 2017 оны 3-р сарын 17-ны өдөр №2017/005 дугаар “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ.
Хэдийгээр талууд Эвлэрлийн гэрээ байгуулсан боловч хариуцагч О.Батсүх нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 468 000 төгрөгийг 2017 оны 3-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөг, 2017 оны 4-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжилсэн 1 468 000 төгрөгийг 2017 оны 3-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөг, 2017 оны 4-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 25-ны өдрийн дотор 367 000 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч О.Батсүхийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 19 219 төгрөг, хариуцагч О.Батсүхээс 19 219 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА