Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1020

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинжлэх ухааны технологийн их сургуулийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00647 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургууль нь хариуцагч Я.Чинцэцэг, Н.Энхбаяр нараас хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохиролд 23 367 336 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Я.Чинцэцэг нь Механик тээврийн сургуулийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, А/81 тоот ректорын тушаалын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгуулах, ажил хавсарсан болон илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс, 2016 оны ээлжийн амралтын олговорт нийт 2 700 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Я.Чинцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбилэг, Г.Балжинням,

Хариуцагч Я.Чинцэцэг, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх,

Хариуцагч Н.Энхбаяр, түүний өмгөөлөгч С.Гарьд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Механик, тээврийн сургуулийн 2012-2015 оны сургалтын төлбөрийн бэлнээр төлсөн орлогын баримтыг санхүүгийн програмын өгөгдөлтэй болон оюутны хичээл сонголтын хуудастай тулган баталгаажуулах замаар бэлэн мөнгөний бүртгэл санхүүгийн тайланд тусгагдсан эсэхийг шалгасан. Мөн төлбөр тооцоо хариуцсан тооцооны нягтлан бодогч, кассын нярав, сургалтын албаны ажилтнуудтай ярилцлага хийж, тооцоо нийлж, зөрчлийг танилцуулах замаар тодруулга хийж, төлбөр тооцооны дэлгэрэнгүй бүртгэлийг шалгаж тодруулсан байдаг. Зөрчил үүссэн бэлэн мөнгөн орлогын баримтуудыг харилцах данс болон бусад бүртгэл, анхан шатны бүртгэлүүдтэй тулгаж шалгаснаар 2012-2015 онуудад нийт 60 867 336 төгрөг кассын бүртгэлд оруулалгүй завшсан болохыг тогтоосон. Дутагдал гарах шалтгаан нь олон жилийн туршид сургуулийн удирдлагад байсан хүмүүс санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулсан, санхүүгийн тайлан тооцоо бодитой бус явж ирсэн нь нөлөөлсөн гэж үзсэн.

Бид хариуцагч нараас аудитын дүгнэлтийг үндэслэж 23 367 336 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Н.Энхбаярын төлсөн төлбөрын баримтуудтай тулгаж үзэхэд 39 716 220 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч нараас 19 675 546 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Чинцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Би 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Механик тээврийн сургуульд тооцооны нягтлан бодогчоор ажилд орсноос хойш 10 жил ажилласан. Энэ хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа нэр төртэй гүйцэтгэж, хамт олноо манлайлан ажиллаж, гурван удаа шагнуулж байсан. Ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. ШУТИС-ийн захиргаа, мониторингийн газрын дотоод аудитор С.Энхбаатар, Г.Шүрэнцэцэг нар Механик тээврийн сургуулийн 2011-2015 оны кассын мөнгөн гүйлгээний үйл ажиллагаанд 2016 оны 03 дугаар сарын 11-нээс 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл шалгалт явуулж, кассын нярав Н.Энхбаяраас 59 400 000 төгрөгний дутагдал гарсан гэж аудитын тайланд дүгнэсэн. Аудитын дүгнэлтийг тус сургуулийн удирдлага, санхүүгийн ажилтнууд хүлээн зөвшөөрөөгүй, аудитын тайланд гарын үсгээ зураагүй. Аудитын тайланд дутагдал болсон 59 400 000 төгрөгийг кассын нярав Н.Энхбаяр болон бусад холбогдогч тооцооны нягтлан бодогч, сургалтын албаны ажилтнуудаас нэхэмжилж төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж алдаа зөрчлийг нэг бүрчлэн хүн тус бүр дээр заагаагүй нийт дунд нь бүрхэгдүүлж бичсэнийг миний бие хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Аудитын тайланд дүгнэсэн дүгнэлтийг бодит үнэнд тооцон, онц их хэмжээний хохиролтой хэрэгт хамруулан ажлаас халж ихээхэн хэмжээний хохирлыг учруулж, хэлмэгдүүлэн хохироосон. Ажлын байрны тодорхойлолтоор миний бие кассын үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй, тооцоог нь боддоггүй байсан. Мөн дүгнэлтэд 2011-2016 онуудад ахлах нягтлан бодогч өөрийн гарын үсэг, тэмдэгтэй кассын баримтыг урьдчилан бөөнөөр нь олгодог, эргээд дор бүр нь хяналт тавьж ажилладаггүй байсан нь мөнгөн хөрөнгө шамшигдуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэж ахлах нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагааг заан тодорхойлсон атлаа, тооцооны нягтлан бодогч Я.Чинцэцэгийг буруутгаж, ажлаас халж онц их хэмжээний төлбөрийг хариуцуулахаар шүүхэд шилжүүлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Хариуцагч Н.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Механик тээврийн сургуульд 2007 онд кассын няравын ажлын албан тушаалд 9 жил ажилласан. Ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Миний ажил, хөдөлмөрийг үнэлж дөрвөн удаа шагнаж байсан. ШУТИС-ийн дотоод хяналт шалгалт явуулсан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтэд кассын нярав Н.Энхбаяр намайг 2011-2015 онуудад нийт 59 389 766 төгрөгийг кассын бүртгэлд оруулалгүй завшсан гэж дурдсан. Сангийн сайдын 2010 оны 39 тоот тушаалаар баталсан төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журмын 6.1-д зааснаар Төрийн байгууллага мөнгөн касс, үнэт цаасны зарцуулалт, хадгалалтын ажиллагаанд хяналт шалгалт явуулах орон тооны бус ажлын хэсгийг байгууллагын даргын тушаалаар байгуулж ажиллуулна. Энэ ажлын хэсэг нь нягтлан бодогчтой хамтран мөнгөн касс, үнэт цаасны зарцуулалтанд хяналт тавьж, тооцоог нийлж байна гэж заасан заалт биелэгдээгүй. Энэ заалтын дагуу ажлын комисс байгуулагдаж, ажлаа хийсэн бол дутагдал гарахгүй байсан. Мөн кассын анхан шатны баримтыг нэгдсэн журмаар салбар сургуулиудад дугаартай өгдөггүй, салбар сургуулиуд санхүүгийн ажилчид өөрсдөө дугаарладаг, гараар дугаарлахад дугаар давхцах эсвэл дугаар алдах зэргээс дутагдал гарах үндсэн шалтгаан болдог. Я.Чинцэцэг бид хоёрын хувьд нийлж байгууллагыг хохироосон зүйл байхгүй, ажил үүргийн хувьд ч гэсэн харилцан хамааралтай хүмүүс биш. Би 37 000 000 төгрөгийг хүнээс зээлж төлсөн. Гэтэл аудитын дүгнэлт гараагүй байхад миний тушаал гарсан. Аудитын дүгнэлтийг танилцуулахад хуралтай байсан учир “танилцсан” гээд гарын үсэг зурсан. Гэтэл гарын үсэг зурсны төлөө хүлээн зөвшөөрсөн гэж тулган шаардаж байна. Би өрх толгойлсон эмэгтэй, 54 нас хүрч байгаа, тэтгэвэрт гарахад ойрхон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Чинцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

ШУТИС-ийн ректорын А/81 дугаартай тушаалын нэг л заалтаар сургуулийн мөнгөн хөрөнгийг дутааж, завшсан, санхүүгийн тайлан мэдээг санаатайгаар буруу гарган будлиантуулсан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас халсан. Механик тээврийн сургуулийн ахлах нягтлан бодогч Г.Балжинням нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын чөлөө авсан. Энэ хугацаанд миний бие түүний ажил үүргийг 2 сар гаруй хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд цалинг нь Г.Балжиням нь өөрөө авчихсан учраас энэ талаар захирлын тушаал гаргаж өгөөгүй. Иймд ШУТИС-ийн ректорын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/81 дугаартай тушаалын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгох, ахлах нягтлан бодогч Г.Балжиннямын ажлыг гүйцэтгэсэн 2 сарын цалин /1 250 000 төгрөгийн үндсэн цалинтай/ энэ цалингийн 40 хувь нь 2 сараар бодоход 1 000 000 төгрөг, 2016 оны 2 дугаар улирлын балансын илүү цаг 500 000 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 1 200 000 төгрөг, бүгд 2 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

ШУТИС-ийн мөнгөн кассын журмын 2.2 дахь хэсэгт ахлах нягтлан бодогчийн шууд удирдлага дор ректорын тушаалаар кассын нярав томилогдон ажиллана гэсэн байна. Мөн ШУТИС-ийн ректорын 2003 оны тушаал дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тооцооны нягтлан бодогчтой хийх байтал надтай ийм гэрээ хийгээгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлйбартаа:

Сөрөг нэхэмжлэл эрх зүйн үндэслэлгүй. Ректорын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/81 тоот тушаал нь нотлох баримт, хуульд нийцсэн. Я.Чинцэцэг нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь чанартай биелүүлж байсан бол сургуульд хохирол учрахгүй байх байсан. Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журмын 2.14-д зааснаар үндсэн ажлынхаа зэрэгцээ ажил албан тушаал хавсран ажиллах, нэмэгдэл хөлс олгох асуудлыг Ректорын тушаалаар шийдвэрлэдэг. Я.Чинцэцэгийг ахлах нягтлан бодогчийн албан тушаал хавсран ажиллуулах тухай тушаал шийдвэр архивт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй учраас бид Я.Чинцэцэгийг өөр ажил гүйцэтгэхийг шаардаж байгаагүй. Г.Балжинням нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цалинтай чөлөө авсан хэдий ч ажил үүргээ гүйцэтгэж байсан болно. Иймд албан тушаал хавсран ажилласны нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй. Механик тээврийн сургууль нь 2016 оны 02 дугаар улирлын тайлан балансаа 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Санхүү, эдийн засгийн албанд гаргаж өгсөн бөгөөд энэ үед Я.Чинцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон байх тул түүнд илүү цагийн нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй юм. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Чинцэцэг, Н.Энхбаяр нараас 19 673 546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ШУТИС-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, мөн хариуцагч Я.Чинцэцэгийн ШУТИС-ийн ректорын 2016 оны А/81 тушаалын 1,2 дугаар заалтыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар ШУТИС-иас 2 700 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Я.Чинцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274 787 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Чинцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж,

Хариуцагч Я.Чинцэцэг нь нэхэмжлэгч ШУТИС-иас нэмэгдэл цалин болон ээлжийн амралтын олговор гаргуулах тухай шаардлагаа маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлж, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв эргэлзээгүй талаас нь бодитойгоор үнэлж дүгнэсэнгүй. Хэтэрхий хариуцагчийн эрх ашигт нийцүүлэн тайлбарласанд гомдолтой. Тухайлбал, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотоод аудитын шалгалтын тайланд ... 2012-2015 онуудад нийт 59 389 766 төгрөгийг кассын бүртгэлд оруулалгүй авч ашигласан нь сургуулийн мөнгөн хөрөнгийг шамшигдуулсан санаатай үйлдэл болжээ ... гэж дүгнэснийг шүүх анхаарсангүй. Шүүх  ... 59 389 766 төгрөгийг кассын бүртгэлд оруулалгүй авч ашигласан нь сургуулийн мөнгөн хөрөнгийг шамшигдуулсан үйлдэл болжээ гэж дүгнэсэн нь эдгээр зөрчлийг хэн гаргаж байгаа нь тодорхойгүй байдлаар дүгнэжээ гэсэн нь ойлгомжгүй. Нярав Н.Энхбаяр, тооцооны нягтлан бодогч Я.Чинцэцэг нар энэ мөнгийг ашигласан болохыг аудитын тайланд ойлгомжтой тодорхой тусгасан. Аудитын дүгнэлт гарахаас өмнө төлөгдсөн төлбөрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөх үнээс хасч тооцож, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа Н.Энхбаярын бус өөр бусад этгээдүүдийн төлсөн төлбөрийг хохиролд буюу нэхэмжлэлийн шаардлагаас хассан нь ойлгомжгүй гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс Н.Энхбаярын хохирол төлсөн төлбөрийг хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 19 673 546 төгрөгийг нэхэмжилсэн. Өөр бусад этгээдүүдийн төлсөн төлбөрийг хохиролд тооцоогүй.

Хариуцагч Н.Энхбаяр. Я.Чинцэцэг нар 59 400 000 төгрөгийн дутагдал гаргасныг хүлээн зөвшөөрч өөрсдийн гараар төлбөрийг төлнө гэж Н.Энхбаяр дутагдуулсан төлбөрийн 70 орчим хувийг өөрийн санаачилгаар сайн дураараа нөхөн төлж ашигласнаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд сургуулийг хохиролгүй болгох талаар өргөдөл бичиж өгсөн, график гаргасныг шүүх бусад нотлох баримттай харьцуулан үзэж бодитой үнэн зөв дүгнэлт гаргасангүй. Хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн хариуцагч төлбөр гарвал хариуцан төлнө гэж заасан, ажилтан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байхад эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй гээд байгаа нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарласан.

Шүүх Я.Чинцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөв шийдвэрлэсэн боловч цалин, ээлжийн амралтын нөхөн олговрыг гаргуулах шаардлагаа маргаан таслах комисст урьдчилан шийдвэрлүүлэх гэсэн нь учир дутагдалтай болсон. Тооцооны нягтлан бодогч Я.Чинцэцэг нь ажилд хайхрамж муутай, чадал муутай учраас түүнд ахлах нягтлан бодогчийн ажлыг ямар учраас хариуцуулах юм. Энэ талаар шүүх зөв дүгнэсэн. Хариуцагч Н.Энхбаяр шунахай шууд санаатай үйлдлээр 59 400 000 төгрөгийг ашигласан нь нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон байхад шүүх бусад нотлох баримттай харьцуулан үзсэнгүй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцээгүйг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Чинцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироож, мөнгө ашигласан гэж дурдаад ажлаас чөлөөлсөн. Миний бие нэг ч төгрөг шамшигдуулаагүй, кассын нярав Н.Энхбаярын тооцоог бодох нь ажил үүргийн хуваарьт байхгүй учраас тооцоог бодож байгаагүй. Н.Энхбаярын дутагдуулсан 59 400 000 төгрөгтэй ямар ч холбогдолгүй байсан. Нэхэмжлэлийн гол үндэслэл болсон аудитын шалгалтын тайланд оюутнуудын сургалтын төлбөрийн кассанд бэлнээр тушаасан баримтад тулган баталгаажуулалт хийж үзэхэд нийт 59 389 766 төгрөгийг кассын бүртгэлд оруулалгүй авч ашигласан зөрчлийг хэн гаргаж байгаа нь тодорхойгүй байна гэдгийг шүүх бодитой дүгнэж, тооцооны нягтлан бодогч Я.Чинцэцэг буруугүй байна гэдгийг нотлосон атлаа Ректорын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/81 тоот тушааын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх дээрх сөрөг нэхэмжлэлийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Ректорын тушаалаар намайг аудитын дүгнэлт гэх батлагдаж, нотлогдоогүй баримтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Тооцооны нягтлан бодогч Я.Чинцэцэг нь кассын нярав Н.Энхбаярын дутагдуулсан 59 400 000 төгрөгөнд ямар нэгэн байдлаар холбогдолгүй гэдгийг шүүх нотлосон атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Нэхэмжлэгч “ашиглан шамшигдуулсанаа өөрсдөө хүлээн зөвшөөрч бичиж өгсөн баримт байгаа” гэдэг боловч ийм бичиг бичээгүй, ямар нэгэн зөрчил гаргаагүй, хэрхэн шийдвэрлэхийг харна гэсэн утгатай зүйл бичсэн. Нөгөө талаар нотолгооны эх үүсвэр болгон намайг буруутгаад байгаа аудитын дүгнэлтэд яг тодорхой заалт байхгүй, энэ сургуулийг олон жил удирдсан удирдлагатай холбож тайлбарласныг шүүх анхаараагүй.

Мөн ахлах нягтлан бодогч Г.Балжиннямын ажил, албан тушаалыг 2 сар хавсран гүйцэтгэсэн, энэ тухай Механик, инженерийн сургуулийн захирлын тушаал хэрэгт авагдсан байхад шүүх бусад нотлох баримттай харьцуулан бодитой дүгнээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургууль нь хариуцагч Н.Энхбаяр, Я.Чинцэцэг нарт холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад байгууллагад хохирол учруулсан гэх үндэслэлээр 23 367 336 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 19 675 546 төгрөг болгон багасгажээ.

 

Хариуцагч нар дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Я.Чинцэцэг нь тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, А/81 тоот тушаалын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгуулах, ажил хавсарч гүйцэтгэсэн болон илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс, 2016 оны ээлжийн амралтын олговорт нийт 2 700 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

 

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургууль нь дээрх шаардлагын үндэслэлээ Механик, тээврийн сургуулийн 2011-2015 оны кассын мөнгөн гүйлгээний үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын шалгалтаар 59 400 000 төгрөгийн эд хөрөнгийг дутагдуулсан зөрчил илэрсэн, үүнийг тооцооны нягтлан бодогч Я.Чинцэцэг, кассын нярав Н.Энхбаяр нар хариуцана, энэ нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хариуцагч нарын бичсэн мэдэгдлээр нотлогдоно гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 2011-2015 оны кассын мөнгөн гүйлгээний үйл ажиллагаанд дотоод шалгалт хийсэн тухай ажлын тайланд “оюутны сургалтын төлбөрийн кассанд бэлнээр тушаасан баримтанд тулган баталгаажуулалт хийхэд нийт 59 389 766 төгрөгийг кассын бүртгэлд оруулалгүй авч ашигласан нь сургуулийн мөнгөн хөрөнгийг шамшигдуулсан санаатай үйлдэл болжээ”  гээд, үүнийг буруутай этгээдээс нэхэмжлэх, төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулж хохиролгүй болгох шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн байна. /хх 274-279/

 

Хариуцагч Я.Чинцэцэг, Н.Энхбаяр нар уг шалгалтын тайланг зөвшөөрөөгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй, албан бус дүгнэлтийн дагуу төлбөр төлөх үндэслэлгүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, ажил олгогчийн хувьд хариуцагч нараас хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан гэж шаардлага гаргасан хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Мөн аудитын шалгалт хийсэн тухай тайланд мөнгөн хөрөнгийн дутагдал илэрсэн зөрчил нь тухайн байгууллагын ямар албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн, хохирол хариуцлагыг хэрхэн тооцох нь тодорхойгүй, уг дүгнэлттэй эрх бүхий албан тушаалтнууд танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийн зохицуулалттай нийцэхгүй байгааг дүгнэж, анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл аудитын дүгнэлт нь дээрх хууль болон ШУТИС-ийн Дотоод хяналт шалгалтын журамд заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд хариуцагч нарын энэ талаар гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Түүнчлэн, ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх албан тушаалын жагсаалт баталсан, уг жагсаалтад хариуцагч нарын албан тушаал хамаарч багтсан атал Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар тэдэнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй үйл баримтыг дүгнээд, төлбөр хариуцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч Я.Чинцэцэгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд ажилтан хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж ажлаас халагдсан тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргахыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/81 тоот тушаалаар Я.Чинцэцэг нь тус сургуулийн тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

 

Гэтэл үүнээс хойш 6 сарын дараа шүүхэд мэдүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хуулийн дээрх зохицуулалттай нийцэж байна.

 

Мөн ажил хавсарч гүйцэтгэсний нэмэгдэл, илүү цагаар ажилласан хөлс, ээлжийн амралтын олговорт нийт 2 700 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлд хамаарах шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэх маргаанд хамаарах, урьдчилан шийдвэрлэх журамтай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэх, хариуцагч Я.Чинцэцэгийн “хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол тус бүрийг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, Г.Ганбилэг, хариуцагч Я.Чинцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 274 787 төгрөг, хариуцагчийн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА