Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 43

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч А.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Т.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Улам оргих овгийн Амарын Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201608000079 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэгт 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 8-3-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, УД90051531 дугаарын регистртэй, Улам оргих овгийн Амарын Отгонбаатар

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Говьсүмбэр аймгийн шивээговь сумын 1 дүгээр баг, Оргил нэртэй пабын үүдэнд 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А.Отгонбаатар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Мандаллхагвыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А.Отгонбаатарын:

2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажлынхаа газрын Бекболот, Оргил нартай хамт Шивээговь сумын “Оргил” нэртэй караокед нэг шил архи, нэг нэг пиво аваад уугаад сууж байсан. Бекболот гаднаас оюутан бололтой 2 залуу дагуулаад орж ирсэн. Тэр хоёр залуугийн нэг нь Н.Мандаллхагва байсан. Тэр хоёр залуу нэг том пиво барьж орж ирсэн. Тэр пивоо ууж байгаад, би Шивээговь суманд ирээд удаагүй байсан болохоор энэ хоёр оюутан залуу хэн бэ гээд жаахан маргаан үүссэн. Караокегаас гараад Н.Мандаллхагвагын ах манай ажлын залуу Лхагвагарав Н.Мандаллхагвагыг аваад явах гэсэн чинь ахынхаа үгэнд орохгүй, явахгүй гээд жаахан маргалдсан. Тэрнээс болоод жаахан хүүхэд байж гээд ахархаад цохичихсон. Н.Мандаллхагвагыг зодох бодол байгаагүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Н.Мандаллхагвын:

“...2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд найз Энхбаатарын хамтаар Оргил караокены урдуур явж байсан чинь Бэкү ахтай тааралдсан. Тэгээд юм ярьж байгаад Оргил караоке руу орсон. Ингээд Бекү ахад нэг ширхэг том пиво авч өгсөн. Тэгтэл Бекү ах манай найз Энхбаатарыг гар гэж хөөсөн. Тэгээд удаагүй байж байтал манай найз намайг караокейн эзнээр намайг дуудуулсан Тэгээд гараад очсон чинь авсан пиво аваад гараад ир гэсэн тэгээд би буцаж ороод пивоо аваад гарах гэсэн чинь манай найз буцаад ороод ирсэн тэгээд пивоо аваад гарах гэсэн чинь Отгонбаатар чи намайг 5000 төгрөгөөр үнэлээд байгаа юм уу гэсэн тэгэхээр нь юм хэлээгүй гараад явсан ба гадаа гараад караокейны гадаа пиво уух гээд байж байтал Отгонбаатар ах гарч ирээд энгэрээсээ шилтэй пиво гаргаж ирээд миний толгойн баруун талын чихний дээд талд цохьсон. Тэгээд би доошоо суусан чинь толгойноос цус гарч байсан тэгээд ахдаа миний толгойноос цус гарч байна гэж хэлсэн тэгээд ах Отгонбаатар ахын хойноос явсан. Би байрны гадаа буланд сууж байгаад гэрт орсон чинь ээж мэдчихээд эмнэлэгт аваачиж боолт хийлгэсэн. Ингээд маргааш өглөө цагдаад өргөдөл гаргасан юм. Миний биед хөнгөн гэмтэл үүссэн. Одоо биеийн байдал зүгээр байна өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. Би архи уугаагүй жаахан пиво уусан байсан. Отгонбаатар ах өмнө нь уучихсан байсан. Надад одоо гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй бид хоёр учраа олсон...” /хх-ийн 8 дугаар хуудас /,

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Энхбаатарын:

“...Би 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би найз Мандаллхагватай хамт Шивээговь сумын 1-р багийн нжтаг дэвсгэрт байрлах Оргил пабад орж караокед орж дуулахаар явж байсан чинь Бэкү ахтай таараад бид хоёрыг хамт сууя гээд оруулсан. Тэгээд бид хоёр Бэкү ахын сууж байсан караокений өрөөнд ороод ирсэн чинь Оргил бас нэг ах Бэкү ах гурав байсан. Мандаллхагва бид хоёр 2.5 литрийн савлагаатай Нийслэл нэртэй пиво авсан юм. Бид хоёрыг орох үед Оргил архи аягалж байгаад бид хоёрт нэг нэг аягалж өгөхөөр нь уугаад дахиж бид хоёр архи уугаагүй. Тэгээд бид хоёр авсан пивоноосоо нэг нэг аягыг уусан. Тэгээд сууж байсан чинь тэд нар нилээн согтсон байхаар нь би Мандаллхагвыг хоёулаа гаръя гэж хэлээд гарсан чинь караокед байсан хүмүүсийн цаг нь дуусаад гарч ирсэн. Тэгээд Мандаллхагва, Оргилболд хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгсэн чинь Отгонбаатар гэх залуу нь дундуур нь орж ирээд Мандаллхагваруу томроод байсан чинь Мандаллхагва чамайг мэдэхгүй юм байна шүү зүгээр байгаарай гэх зэргээр Отгонбаатартай маргалдаж байсан. Тэгсэн чинь Оргилболд Мандаллхагвын ах Мандалбаярыг дуудчихсан. Тэгээд би тамхи татчихаад ирсэн чинь Мандаллхагвын толгой нь хагарчихсан байхаар нь юу болсныг асуусан чинь Отгонбаатар гэх залуу нь шилээр цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд бид нар Мандаллхагвыг аваад эмнэлэг явсан. Тэр хоёр намайг байхад хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Отгонбаатар нилээн согтсон байсан. Мандаллхагва архи, пивоноос нэг нэг уусан болохоор зүгээр байсан...” /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Оргилболдын:

“...Би 2016 оны 05 дугаар сарын 07-ны орой Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил нэртэй пабад Отгонбаатар, Бэкү ах нарын хамт 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи болон хүний нэг нэг лааз пиво аван уухаар суусан юм. Тэгээд карааокед нь суугаад уугаад дуулаад байж байтал Бэкү ах гаднаас Мандаллхагва, Энхбаатар нарыг дагуулаад ороод ирсэн. Мандаллхагва, Энхбаатар нар орж ирэхдээ 2.5 литрийн савлагаатай нэг том пиво авчихсан ороод ирсэн. Тухайн үед би архи аягалж байсан болохоор тэр хоёрт архинаас нэг нэг аягалаад өгсөн чинт тэр хоёр нэг нэг удаа уусан. Тэгээд тэр хоёр бид нартай хамт авчирсан пивоо уугаад дуулаад сууж байсан чинь Отгонбаатар ах Бэкү ахад наад хүмүүсээ явуулаа танихгүй хүмүүстэй архи уух хэцүү юм байна гэсэн чинь Бэкү ах Мандаллхагва, Энхбаатар хоёрыг одоо яв гэсэн чинь Мандаллхагва Отгонбаатар ахруу чамайг хараагүй царай байна шүү чи юу гээд томроод байгаа юм бэ? гээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд Мандаллхагва, Энхбаатар нар ууж байсан пивоо аваад гараад явсан. Тэгээд бид гурвын караокений цаг дуусаад Оргил пабаас гарсан чинь Мандаллхагва, Энхбаатар нар пабын гадаа сууж байсан. Тэгээд Отгонбаатар ах Мандаллхагватай маргалдаад эхлэхээр нь би Мандаллхагвын ах Шар /Мандалбаяр/ залгаж ирж дүүгээ ав гэж хэлсэн. Тэгсэн чинь Энхбаатар Мандаллхагвыг өмөөрч Отгонбаатар ахтай маргалдах гээд байхаар нь би чи хэрэггүй ш дээ яах гэсэн юм гээд юм ярьж зогсож байгаад Мандалбаярыг ирэхээр нь яваад очсон чинь Отгонбаатар ах Мандаллхагвын толгойг цохичихсон байсан. Тэр хоёроос өөр хоорондоо маргалдаж муудалцсан хүн байхгүй. Отгонбаатар ах Мандаллхагваас арай илүү согтуу байсан. Гэхдээ хэн хэн нь юу болж байгаа талаар мэдэж байсан. Отгонбаатар ах Бэкү ахад наад хүмүүсээ гаргачих гэснээс эхэлж тэ хоёр маргалдсан. Мандаллхагва уул нь жоохон хүүхэд байж Отгонбаатар ахруу өөрөө томроод байсан...” /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ж.Берикболатын:

“...Би 2016 оны 05 дугаар сарын 07-ны орой Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил нэртэй пабад Отгонбаатар, Оргилболд нарын хамт 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи болон хүний нэг нэг лааз пиво авч уухаар суусан юм. Тэгээд карааокед нь суугаад уугаад дуулаад байж байгаад тамхи татахаар гадаа гарсан чинь Мандаллхагва, Энхбаатар нартай таараад юм ярьчихсан зогсож байсан чинь Мандаллхагва нэг том пиво авчихсан явж байснаа та хэдтэй хамт уучихъя гэхээр нь би дагуулаад орсон. Тэгээд бид нар хамт сууж байгаад би Лхагвадорж гэдэг залуутай уулзчихаад ороод ирсэн чинь Отгонбаатар, Мандаллхагва нар хоорондоо маргалдчихсан байж байсан. Тэгсэн чинь Отгонбаатар танихгүй хүмүүстэй уух хэцүү юмаа наад хэдээ гаргачих гэхээр нь би Мандаллхагва, Энхбаатар нарыг гаргасан. Тэгээд бид нарын цаг дуусаад каралкений өрөөнөөс гараад би Лхагвадоржтой уулзаж үлдээд Оргилболд, Отгонбаатар нар гараад явсан. Тэгээд би байж байгаад гараад ирсэн чинь Мандаллхагвын ах Мандалбаяр ирчихсэн Мандаллхагва, Отгонбаатар нар хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед Мандаллхагвын толгой хагарчихсан байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн А.Отгонбаатарын:

“...Би 2016 оны 05 дугаар сарын 07-ны орой Шивээговь сумын 1 дүгээр багт байдаг Нэгүн нэртэй пабад орж хамтажилладаг найзуудын хамтаар нэг шил Улаанбаатар нэртэй архи нэг нэг лааз пиво уучихаад тэндээсээ гараад Бэкүгийн гэрээр орсон чинь Хятад архи гээд нэг шил архи өгснийг нь би өвөртлөөд Оргил нэртэй пабад ороод Оргил, Бэкү гэдэг хоёр найзын хамтаар нэг шил Улаанбаатар нэртэй архи нэг нэг лааз пиво уугаад байж байсан чинь Бэкү гарчихаад орж ирэхээд оюутан бололтой хоёр залуу дагуулаад орж ирээд бидний сууж байсан караокед хамт суусан. Тэр хоёр залуу орж ирэхдээ нэг том пиво авчихсан орж ирсэн. Тэгээд бид нар хамт суугаад дуулаад ууж байсан чинь Мандаллхагва гэх залуу нь Оргилболдтой маргалдах гээд байхаар нь би Бэкүд танихгүй хүмүүстэй уух хэцүү юм наад хүмүүсээ гаргачих гэсэн чинь Бэкү нөгөө хоёр залуугаа гар гэсэн чинь нэг гарч яваад нэг нь үлдээд чамайг хараагүй залуу байна шүү чи юундаа томроод байгаа юм гээд надруу агсрахаар нь ахын дүү зүгээр харь гэж хэлээд гаргасан. Тэгээд паб хаах цаг болоод гараад ирсэн чинь нөгөө хоёр залуу чинь пабын үүдэнд сууж байсан. Тэгээд Мандаллхагва нь намайг чи муу зүгээр байгаарай надад Шивээд амжихгүй шүү гэхээр нь би “чи бацаан минь харьж амар” гээд маргалдсан чинь Оргилболд бид хоёрыг салгасан. Тэгсэн чинь Мандаллхагва нь Оргилболдыг чи муу зүгээр байгаарай чи намайг дунд сургуульд байхад ч амжаагүй шүү ална шүү чамайг гээд дайраад эхэлсэн. Тэгсэн чинь Оргилболд Мандаллхагвын ах Мандалбаярыг дуудсан. Тэгээд Мандаллхагва томроод хэрүүл хийгээд байхаар нь би халаасандаа байсан хятад архиа гаргаж ирээд толгойных нь баруун хэсэгт цохиод харьж амар гэж хэлсэн чинь толгой нь хагарчихсан байсан. Тэгээд Мандаллхагвын ах Мандалбаяр ирээд намайг манай дүүгийн толгойг хагалчихсан байна гэхээр нь би мэдэж байгаа гэж хэлээд явсан. Би тухайн үед болсон бүх асуудлыг санаж байсан...” /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч А.Отгонбаатарын:

“...Би 2016 оны 05 дугаар сарын 07-ны орой Шивээговь сумын 1 дүгээр багт байдаг Нэгүн нэртэй пабад орж хамт ажилладаг найзуудын хамтаар нэг шил Улаанбаатар нэртэй архи, нэг нэг лааз пиво уучихаад тэндээсээ гараад Бэкүгийн гэрээр орсон чинь Хятад архи гээд нэг шил архи өгснийг нь би өвөртлөөд Оргил нэртэй пабад ороод Оргил, Бэкү гэдэг хоёр найзын хамтаар нэг шил Улаанбаатар нэртэй архи нэг нэг лааз пиво уугаад байж байсан чинь Бэкү гарчихаад орж ирэхээд оюутан бслсг гой хоёр залуу дагуулаад орж ирээд бидний сууж байсан караокеп хамт суусан. Тэр хоёр залуу орж ирэхдээ нэг том пиво авчихсан орж ирсэн. Тэгээд бид нар хамт суугаад дуулаад ууж байсан чинь Мандаллхагва гэх залуу нь Оргилболдтой маргалдах гээд байхаар нь би Бэкүд танихгүй хүмүүстэй уух хэцүү юм наад хүмүүсээ гаргачих гэсэн чинь Бэкү нөгөө хоёр залуугаагар гэсэн чинь нэг гарч яваад нэг нь үлдээд чамайг хараагүй залуу байна шүү чи юундаа томроод байгаа юм гээд надруу агсрахаар нь ахын дүү зүгээр харь гэж хэлээд гаргасан. Тэгээд паб хаах цаг* болоод гараад ирсэн чинь нөгөө хоёр залуу чинь пабын үүдэнд суужбайсан.Тэгээд" Мандаллхагва нь намайг чи муу зүгээр байгаарай надад Шивээд амжихгүй шүү гэхээр нь би чи бацаан минь харьж амар гээд маргалдсан чинь Оргилболд бид хоёрыг салгасан. Тэгсэн чинь Мандаллхагва нь Оргилболдыг чи муу зүгээр байгаарай чи намайг дунд сургуульд байхад ч амжаагүй шүү ална шүү чамайг гээд дайраад эхэлсэн. Тэгсэн чинь Оргилболд Мандаллхагвын ах Мандалбаярыг дуудсан. Тэгээд Мандаллхагва томроод хэрүүл хийгээд байхаар нь би халаасандаа байсан хятад архиа гаргаж ирээд толгойных нь баруун хэсэгт цохиод харьж амар гэж хэлсэн чинь толгой нь хагарчихсан байсан. Тэгээд Мандаллхагвын ах Мандалбаяр ирээд намайг манай дүүгийн толгойг хагалчихсан байна гэхээр нь би мэдэж байгаа гэж хэлээд явсан. Би уг архийг тухайн өдөр уугаагүй. Тэгээд маргааш нь хөдөөнөөс хүн ирэхээр нь уг архиа өгөөд явуулчихсан. Шил нь байгаа эсэхийг асуусан чинь хаячихсан гэж хэлсэн. Одоо тэр шил хаана байгаа талаар мэдэх зүйл байхгүй  байна. Мандаллхагва бид хоёр учраа олж эвлэрцгээсэн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаартай дүгнэлтэд:  

          “...1. Н.Мандаллхагвын биед толгойн орой орчмын няцарсан шарх, цус хуралт, тархи доргилт гэмтэл учирчээ.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно...” /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

          Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Н.Мандаллхагвын гэмт хэргийн талаар цагдаад гаргасан гомдол, хүний их эмч Т.Саруулын тодорхойлолт /хх-ийн 2-3 дугаар хуудас/,

3.2. А.Отгонбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Н.Мандаллхагвын А.Отгонбаатараас нэхэмжлэх зүйл, гомдолгүй тухай хүсэлт, А.Отгонбаатарын ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 22-25, 29-30 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Отгонбаатар нь согтуугаар, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын нутаг болох “Оргил” нэртэй пабын үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Мандаллхагвыг зодож бие махбодид нь толгойн орой орчмын няцарсан шарх, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Н.Мандаллхагвын ...Отгонбаатар чи намайг 5000 төгрөгөөр үнэлээд байгаа юм уу..., ...Отгонбаатар ах гарч ирээд энгэрээсээ шилтэй пиво гаргаж ирээд миний толгойн баруун талын чихний дээд талд цохьсон...,

 

гэрч Ц.Оргилболдын ...Отгонбаатар ах Мандаллхагвын толгойг цохичихсон байсан. Тэр хоёроос өөр хоорондоо маргалдаж муудалцсан хүн байхгүй...,

 

гэрч Ж.Берикболатын ...Мандаллхагва, Отгонбаатар нар хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед Мандаллхагвын толгой хагарчихсан байсан...,

 

сэжигтэн яллагдагч А.Отгонбаатарын ...Тэгээд Мандаллхагва томроод хэрүүл хийгээд байхаар нь би халаасандаа байсан хятад архиа гаргаж ирээд толгойных нь баруун хэсэгт цохиод харьж амар гэж хэлсэн чинь толгой нь хагарчихсан байсан... гэх мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзэж байна.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч А.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн боловч хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлт, эвлэрлийн гэрээ зэргийг шүүхэд ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “мансуурсан буюу согтуурсан байдалд байхдаа гэмт хэрэгт үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан байдаг ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба өөрөөр зохицуулсан ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тус хоёр заалтыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байгаа байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлд ашигтайгаар хэрэглэж, шийдвэрлэхээр байна.

 

          Шүүгдэгч А.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүйг, хоорондоо сайн дураараа эвлэрсэнийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 294., 295-297., 298.,

299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улам-Оргих овгийн Амарын Отгонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Улам-Оргих овгийн Амарын Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Улам-Оргих овгийн Амарын Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Улам-Оргих овгийн Амарын Отгонбаатарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                           Ш.ГАНДАНСҮРЭН