Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 89

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 

Нэхэмжлэгч: “А” ХХК 

Хариуцагч: ТЕГ 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144.875.661 төгрөгийн татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, уг татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэн суутган тооцохыг ТЕГ т даалгах, “А” ХХК-ийн төлөх ёстой 82.474.039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгохыг ТЕГ т даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х  нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь анх “А” ХХК нэртэйгээр хууль зүй, өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаар 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн. “А” ХХК-ийн нэр нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хуулийн этгээдийн нэртэй давхацсан учраас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн сангаас авсан лавлагаагаар “А” ХХК болж нэрээ өөрчилсөн нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байгаа. 

Анх хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдаж, “А” ХХК гэдэг нэртэй байхдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллагаар бүртгэгдсэн. Нийт 226.000.000 төгрөгийг төлөх байснаас 144.000.000 төгрөгийг төлж, 82.000.000 төгрөгийн татварын өр үлдсэн байсан. 2013 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “А” ХХК-ийн үзүүлж байгаа үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ биш байна гэж үзэж, бүртгэлээс хасах шийдвэр гаргасан. 

Ийнхүү “А” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх босго орлогын хэмжээ буурснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан бус шүүхийн шийдвэрээр буюу үйл ажиллагааны чиглэлээрээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гэж тодорхойлогдож хасагдсан.

Анхнаасаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ биш байсан учраас 226.000.000 төгрөгийн татвар ногдох үндэслэлгүй байсан гэж бид үзэж шүүхийн шийдвэр гарсны дараа тус асуудлаар ТЕГ т 144.000.000 төгрөгийн буцааж гаргуулах, 82.000.000 төгрөгийн өрийг хүчингүй болгох талаарх хүсэлтийг удаа дараа гаргасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ систем, Татварын өршөөл үзүүлэх тухай хууль гарч байгаатай холбоотойгоор уг асуудал шийдвэрлэгдэхгүй, харилцан албан бичиг явуулсаар хүлээгдэж байсан. 

Улмаар Иргэний хэргийн шүүхэд татварыг буцаан гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад татварыг буцааж гаргах бус хамаарал бүхий этгээдэд шилжүүлэх боломжийн талаар зөвлөж байсан. “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч иргэн Б.Б болон “А” ХХК-ийн үйл ажиллагааг эрх залгамжилж байгаа “А” ХХН-ийн төлөх ёстой татварт шилжүүлэх, мөн 82.000.000 төгрөгийн татварын өрийг тэглүүлэх тухай хүсэлтийг өгсний хариуг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, татварын эрх зүй дэх зарчим болон харилцан хамаарал бүхий этгээд, холбогдох этгээд, төвлөрлийн эрсдэлийн удирдлагын журам зэргийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.              

“А” ХХК нь 2012 оныг хүртэл хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг компаниуд нөхөрлөл хэлбэрт шилжиж “А” ХХН байгуулагдсан. “А” ХХН-ийн үүсгэн байгуулах гэрээ хэрэгт нотлох баримтын журмаар авагдсан байгаа. Тус гэрээний 7 дугаар зүйлд “...“А” ХХН нь “А” ХХК-ийн үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн залгамжилж буй 100 хувийн хамаарал бүхий этгээд мөн”, “...Б.Б нь тус байгууллагын үүсгэн байгуулагч мөн” гэсэн тодорхойлолтууд байгаа. Тус тодорхойлолтоос “А” ХХН болон иргэн Б.Б нар нь “А” ХХК-ийн хамаарал бүхий этгээд мөн гэдэг нь батлагдана. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэггүй байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй учраас 82.000.000 төгрөгийн өрийг тэглүүлэх, эдгээр хамаарал бүхий этгээдүүдийн төлөх ёстой татварт маргаан бүхий татварыг шилжүүлэн өгөх,  үндэслэлтэй гэж үзэж байна.   

“А” ХХН нь үйл ажиллагааны хувьд эрх залгамжилж байгаа учраас хамаарал бүхий этгээд гэж үзэж татварыг буцааж олгох буюу төлөх ёстой татварт нь тооцуулж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

ТЕГ т тус өрийг тэглэх талаар хүсэлт гаргахад “...манай байгууллага шийдвэрлэх боломжгүй. Учир нь Авилгатай тэмцэх газраас эсвэл бусад хяналт шалгалтын байгууллагаас хяналт шалгалт хийж “үндэслэлгүйгээр татвар тэглэсэн байна” гэж үзэх тохиолдол байдаг учир шүүхээс тус өрийг тэглэсэн тухай хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа тус өрийг тэглэх боломжтой” гэсэн тайлбар хийдэг.

Иймд нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144.875.661 төгрөгийн татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, уг татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэн суутган тооцохыг ТЕГ т даалгах, “А” ХХК-ийн төлөх ёстой 82.474.039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгохыг ТЕГ т даалгаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Татварын ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд Татварын алба, татварын улсын байцаагчийн буруу, үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгийг буцаан олгох тухай зохицуулсан байдаг. 

“А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144.875.661 төгрөг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу тухайн албан татварыг төлөгч байхдаа төлсөн татвар юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдийн эд хөрөнгө буюу саналын эрхийн 66-аас дээш хувийг нэг буюу хэд хэдэн хуулийн этгээд эзэмшиж байвал тэдгээрийг нэг бүлэг болгон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж болох боловч ийнхүү нэг бүлэгт хамрагдсан хуулийн этгээд тус бүр нь энэ хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна.”, 6 дугаар зүйлийн 6.8-д Энэ хуулийн 6.7-д заасны дагуу нэг бүлэг болж бүртгүүлэх зөвшөөрлийг харьяалах татварын албанаас бичгээр авна.” гэсэн зохицуулалттай.

Татвар төлөгч татварын хууль тогтоомжийн дагуу тайлангаа гаргаж, төлөх татвараа тодорхойлдог. Үүний дагуу “А” ХХК татвараа төлсөн. Үүнийг Татварын алба болон татварын улсын байцаагч нар үндэслэлгүй, илүү мөнгөн хөрөнгө хураасан гэж үзэхгүй. 

Тус компани “Захиргааны хэргийн шүүхээс манай компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш” гэж үзсэн гэх үндэслэлээр нэгэнт төлсөн татвараа харилцан хамаарал бүхий этгээдийн төлөх бусад татварт шилжүүлэн тооцуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан нь тухайн этгээдийг уг татварыг төлөгч байхдаа явуулсан үйл ажиллагааны төлөө нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.” гэж заасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хууль ёсны дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, шийдвэрлэвэл зохих хууль тогтоомжийн зохицуулалтууд байсаар атал шийдвэрлэж өгөхгүй байгаа татварын байгууллагын эс үйлдэхүйн улмаас манай компани хохирч байгаа ба нэгэнт төлсөн татварыг зохих журмын дагуу хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа татварын байгууллагын эс үйлдэхүй нь өөрөө хууль бус юм.” гэжээ.

Татварын байгууллага “А” ХХК-ийн гаргасан хүсэлтэд тухай бүр албан бичгээр хариу өгч байсан бөгөөд үүнийг эс үйлдэхүй гэж үзэхгүй юм. 

Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48-д “Харилцан хамаарал бүхий этгээд” гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа хуулийн этгээдийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд нь шууд ба шууд бусаар оролцох эрхтэй этгээдийг хэлнэ.” гэсэн нэр томьёоны тодорхойлолтыг үндэслэн төсөвт төлсөн албан татвараа харилцан хамаарал бүхий этгээдийн төлөх ёстой албан татвараас хасч тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлоход харилцан хамаарал бүхий этгээдийн нэр томьёоны тодорхойлолтыг ашигладаг бөгөөд улсын төсөвт төлсөн татварыг харилцан хамаарал бүхий этгээд хоорондоо шилжүүлэн тооцох харилцаанд уг нэр томъёоны тодорхойлолтыг хэрэглэхгүй. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь “илүү төлөлт” гэх нэр томьёог ашиглан тус компанийн улсын төсөвт төлсөн илүү татварыг “илүү төлөлт” гэж үзэх нь буруу бөгөөд үүнийг зохицуулсан тусгайлсан журам үйлчилдэг. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь анх гадаад худалдаа, худалдааны зуучлал, орчуулгын үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр “А” ХХК нэртэйгээр 2004 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 28******* дугаар регистртэйгээр улсын бүртгэлийн гэрчилгээ авч байгуулагдан,  2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 05/114 дүгээр албан бичгээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хандан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаснаар 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгэгдэн, 8306 дугаар гэрчилгээг авчээ. 

Улмаар компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор хуулийн этгээдийн нэрийг “А” ХХК болгон өөрчлөхөөр шийдвэрлэж, үүнийгээ Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанд 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлэн, улсын бүртгэлийн 9011******* дугаартай гэрчилгээ авсан байна.

2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч “А” ХХК нь “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар тус шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасахыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ. 

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “А” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд хандан, 

- 2005-2013 оныг хүртэл хугацаанд “нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144.875.661 төгрөгийн татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, 

- “А” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144.875.661 төгрөгийн татварыг хамаарал бүхий этгээдийн төлөх бусад татварт шилжүүлэн суутган тооцохыг ТЕГ т даалгах” 

шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 

- “А” ХХК-ийн төлөх ёстой 82.474.039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгохыг ТЕГ т даалгах” хэмээн эцэслэн тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгчийн энэхүү эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... нэгэнт Татварын байгууллагаас манай ... илүү төлсөн татварыг буцаан олгох боломжгүй гэж үзэж байгаа учраас манай компанийн илүү төлсөн 144.875.661 төгрөгийн татварыг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Татвар төлөгчийн илүү төлсөн татварыг суутган тооцсон болон буцаан олгосон бүртгэлийг хөтлөх, хянах журам”-ын 3.4-т заасан дагуу хамаарал бүхий этгээдийн дутуу төлөлтөд суутган тооцуулах хүсэлтэй байгааг хариуцагчийн зүгээс шийдвэрлэх боломжгүй гэснийг эс зөвшөөрч,  эс үйлдэхүй хууль бусад тооцуулах” хэмээн тодорхойлжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох бусад баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “А” ХХК нь “А” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байхдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан журмын дагуу 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 05/114 дүгээр албан бичгээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хандан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гарган, 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгэгдэн, 8306 дугаар гэрчилгээг авснаар нэмэгдсэн өртгийн татвар төлөгч болсон байна. Үүнээс хойш Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварт 144.875.661 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 82.474.039 төгрөгийн татварын өртэй болохыг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, тооцоолол дээр маргаагүй байна.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болгон маргаж буй Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан “Татвар төлөгчийн илүү төлсөн татварыг суутган тооцсон болон буцаан олгосон бүртгэлийг хөтлөх, хянах журам”-ын  3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 –д заасан татвар төлөгчийн “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” эрхийг эдлэхтэй холбоотой харилцааг зохицуулах журмыг тодорхойлсон, мөн хуулийн 58 дугаар зүйлийг хэрэгжүүлэх хүрээнд татвар төлөгчөөс төлбөл зохиох татвараас илүү хэмжээний татварыг төлсөн тохиолдолд уг илүү төлсөн татварыг суутган тооцох болон буцаан олгохтой холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ байна. 

Гэтэл нэхэмжлэгчээс тус журмын 3.4 дэх заалттай холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн 6.7 ”Хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдийн эд хөрөнгө буюу саналын эрхийн 66-аас дээш хувийг нэг буюу хэд хэдэн хуулийн этгээд эзэмшиж байвал тэдгээрийг нэг бүлэг болгон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж болох боловч ийнхүү нэг бүлэгт хамрагдсан хуулийн этгээд тус бүр нь энэ хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна.” 6.8 ”Энэ хуулийн 6.7-д заасны дагуу нэг бүлэг болж бүртгүүлэх зөвшөөрлийг харьяалах татварын албанаас бичгээр авна” гэж заасанчлан харилцан хамаарал бүхий этгээдээр бүртгүүлэхтэй холбогдсон хүсэлтийг татварын байгууллагад гаргаж байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Татварын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/3933 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн “А” ХХК-иас татварын байгууллагад хандан гаргаж байсан өргөдөл, хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргаж буй Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан “Татвар төлөгчийн илүү төлсөн татварыг суутган тооцсон болон буцаан олгосон бүртгэлийг хөтлөх, хянах журам” нь “А” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах асуудлыг шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар шийдвэрээс хойш даруй 3 жил 2 сарын дараа батлагдсан, уг журамд түүнийг буцаан хэрэглэхтэй холбоотой зохицуулалт тусгагдаагүй, 

түүнчлэн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.13-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан нь тухайн этгээдийг уг татварыг төлөгч байхдаа явуулсан үйл ажиллагааны төлөө нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.” гэж заасанчлан   нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй байх үед төлсөн татварыг илүү төлөлт хэмээн үзэж, хамаарал бүхий этгээдийн төлөх татварт суутган тооцох боломжгүй болохыг мэдэгдсэн хариуцагч Татварын ерөнхий газрын татгалзал үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “А” ХХК-ийн төлөх 

ёстой 82.474.039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгохыг ТЕГ т даалгах” шаардлагын тухайд:

Хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар, холбогдох бусад нотлох баримттай холбогдуулан шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэн 2019 оны 1/555 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн 2017 оны 182/ШШ2017/00727 дугаар шийдвэртэй иргэний хэргийг нотлох баримтаар авч үзэхэд,

нэхэмжлэгч “А” ХХК нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 58 дугаар шийдвэрийг үндэслэн “ТЕГ , Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “А” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144.875.661 төгрөгийг буцаан гаргуулах, “А” ХХК-д ногдуулан нэхэмжилж буй нэмэгдсэн өртгийн албан татварын 82.474.039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан байна. 

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А-с тус шүүхэд хандан “... нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00246 захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн энэхүү нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна 

Шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Б нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахыг хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн 6.7, 6.13 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТЕГ т холбогдуулан гаргасан “А” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144.875.661 төгрөгийн татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, уг татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэн суутган тооцохыг ТЕГ т даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг үндэслэн “А” ХХК-ийн төлөх ёстой 82.474.039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгохыг ТЕГ т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогоос гаргуулан, нэхэмжлэл гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг  гардан  авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА