Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00406

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02707 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2237 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ү” ХХК, Т.Б, Б.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 254.264.767 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, батлан даагчаар үүргийг хангуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, Р.Идэрмөнх, Д.Мөнхзул нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, Р.Идэрмөнх, Д.Мөнхзул, хариуцагч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нандинцэцэг,  нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ү ХХК, Т.Б, нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хасбанктай зээлийн шугамын 5001163269 дугаартай гэрээ байгуулж, 100.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй зээлж авсан. Мөн өдөр зээлдэгч Ү ХХК, Т.Б, нартай 1030014979 дугаартай гэрээ зээлийн байгуулж 175.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй зээлж авсан. Талууд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2014 оны 1030014979 дугаартай зээлийн гэрээ, 5001163269 дугаартай зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн нийт үлдэгдлийг 192.574.559 төгрөг болохыг тодорхойлж зээлийн гэрээний ерөнхий хугацааг 48 cap байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгчид 5001163269, 1030014979 тоот зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 03 дугаар сараас хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Зээлдэгчид нь дээрх хоёр гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Баянзүрх дүүргийн 18-р хороо,13 дугаар хороолол, 38 дугаар байр, 121Б тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо,1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 92 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, орон сууцыг, барьцааны 5001163269 дугаартай гэрээгээр 140.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр ахуйн хэрэгсэл болон цахилгаан хэрэгсэл, 33-55 УБЦ улсын дугаартай автомашин, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Майхан толгой сб 13-р хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 275 м.кв талбайтай хувийн сууц, барьцааны БГ1030014979-02 дугаартай Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Майхан толгой сб 13-р хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан. Зээлдэгч Ү ХХК, Т.Б,, батлан даагч Б.Б, нар нь зээлийн гэрээний 1.4, 3.4.2-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан 5001163269, 1030014979 дугаартай зээлийн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно.

Иймд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 192.574.559 төгрөг, үндсэн хүү 43.100.760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 637.598 төгрөг, нийт 236.312.917 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 5 сар гаруй хугацаа өнгөрч, хариуцагч нар өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн хүү 17.241.174 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 710.674 төгрөг, нийт 17.951.847 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.                                                  

Хариуцагч “Ү” ХХК, Т.Б, Б.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид анх 2005 оноос эхлэн Хтай харьцаж бизнесийн үйл ажиллагаандаа зориулан зээл авч, зээлийг гэрээний хугацаанд, хуваарийн дагуу төлж барагдуулсаар ирсэн.

2013 оны 4 сард 150.000.000 төгрөгийн зээл авах талаар хүсэлт гаргахад банкны зүгээс "монгол төгрөгөөр зээл олгох боломжгүй, ам.долларын зээл авбал ав гэсэн. Тухайн үед манай компани бараа материал татан авахын тулд урьдчилгаа төлбөр хийсэн тул эргэлтийн хөрөнгө зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд аргагүйн эрхэнд зээл авахад хүрч 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 150.000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, 13.8 хувийн хүүтэй зээлэхээр 14543 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээл олгох үед бидний урьд авсан 150.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хэвийн үргэлжилж байсан ба нэмэлт нөхцөлийн гэрээгээр барьцааны зүйлийн үнэлгээг өөрсдийн санаачилгаар өсгөн бид 150.000.000 төгрөгийн зээлийг хүссэн байхад 213.450.000 төгрөг болгон нэмэгдүүлэн олгосон. Биднийг зээл авах үед 1 ам.доллар 1423 төгрөгийн ханштай байсан, зээл авсны дараа ам.долларын ханш нэмэгдсэн. Уг зээлийн гэрээний үүрэгт 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 175.604.030 төгрөг буюу 123.404 ам.доллар төлсөн. Ам.долларын ханш байнга өсөж байснаас зээлийн үлдэгдэл 62,739.56 ам.долларыг монгол төгрөгт шилжүүлэх хүсэлтийг бид банкинд 2014 оны 6 дугаар сард гаргасан ба хүсэлтийг банк шийдвэрлэхдээ 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 175.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэй олгохоор 1030014979 тоот зээлийн гэрээ байгуулж, 06 дугаар сарын 30-ны өдөр 164.200.000 төгрөгийг Ү ХХК-ийн дансанд шилжүүлснээ мөн өдөр ам.долларын зээлийн үлдэгдэл төлбөрт 114.750.675 төгрөгийг суутган авч, ам.долларын зээлийг хугацаанаас нь өмнө цуцлан зээлийн гэрээг дуусгавар болгосон. 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр банк нь 10.800.000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлж, компанийн дансанд 60.687.463 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Ханшийг 1822 төгрөгөөр бус 1426 төгрөгөөр бодож 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлүүлсэн бол зээлийн зарцуулалт, эргэн төлөлт, компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах байсан. Ханшны зөрүү 25.033.085 төгрөг гарсан.

Ү ХХК, Т,Бямбасүрэн нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хнаас 100 000 000 төгрөгийн 5001163269 тоот зээлийн шугамын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2014 оны 07 сарын дугаар 31-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 14.937.260 төгрөг төлсөн. 4-9 сарын үүрэгт 1.840.000 төгрөг х 6 cap = 11.040.000 төгрөг төлөх байтал үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс банк нийт 11.764.947 төгрөг төлүүлж, 724.947 төгрөг илүү суутган авсан. 10, 11 дүгээр сарын хүүгийн эргэн төлөлтөд 3.692.000 төгрөг төлсөн. Нийт 30.394.207 төгрөг төлсөн. 2016 оны 12 дугаар сарын 08-наас 21-ний өдөр хүртэл төлсөн 5.119.500 төгрөгийг банкны тодорхойлсон үүрэг болох 97.086.283 төгрөгөөс хасч 91.966.783 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Түүнчлэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150.000.000 төгрөгийн зээлээс илүү төлүүлсэн 2.287.910 төгрөгийг хасч тооцуулна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02707 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК, Т.Б, нараас зээлийн гэрээний үүрэгт 242.702.703.31 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.562.061.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Б,т холбогдох нэхэмжлэгч Х ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ү ХХК, Т.Б, нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2204010226 дугаартай, Баянзүрх дүүргийн 18-р хороо,13 дугаар хороолол, 38 дугаар байр, 121Б тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай орон сууц, 33-55 УБЦ улсын дугаартай Форд эксплорер маркийн автомашин, Улсын бүртгэлийн Ү-2203030073 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Майхан толгой сб 13-р хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 275 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2203009513, ГД-000520976 дугаартай , Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Майхан толгой сб 13-р хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын бүртгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.587.224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү ХХК, Т.Б, нараас 1.371.464 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 87.750 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2237 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02707 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “242.702.703.31 төгрөг” гэснийг “171.399.102 төгрөг” гэж, “11.562.061.36 төгрөгт” гэснийг “82.865.665 төгрөгт” гэж өөрчилж, 3 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 1581.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү ХХК, Т.Б, нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2204010226 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,13 дугаар хороолол, 38 дугаар байр, 121Б тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 33-55 УБЦ улсын дугаартай Форд эксплорер маркийн автомашин, Улсын бүртгэлийн Ү-2203030073 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой сб 13 дугаар хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 275 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2203009513, ГД-000520976 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой сб 13 дугаар хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгээс гэр ахуйн болон цахилгаан хэрэгслийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 4 дэх заалтын 1,371,464 төгрөг гэснийг 1.014.945 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.371.464 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, Р.Идэрмөнх, Д.Мөнхзул нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2237 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ тооцооллын алдаа гарсан байна.

175 сая төгрөгийн зээлийн хувьд: Хүү тооцох хоногийг 2014.06.27-2015.03.31-ний өдөр гэж үндэслэлгүйгээр гаргаж ирсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1, 24.3-т зээлийг ашигласан хугацаанд болон зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, түүний 20%-с хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр маш тодорхой заасан. Ингэхээр зээлийг олгосон 2014.06.30-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2017.07.20-ны өдрийн хооронд 1116 хоног буюу 37 сарын хугацаанд хүү төлөх ёстой юм.

175,000,000 зээлийн дүн, 114,312,463 хүү тооцохгүй дүн, 175,000,000 - 114,312,463 = 60,687,537 хүү тооцох дүн, 2014.06.30-аас 2017.07.20-ны өдөр хүртэл 1116 хоног буюу 37 сар байна. (60,687,537*22,08%)/365*1116 = 40,970,372

60,687,537 + 40,970,372.38 = 101,657,909 нийт үүрэг. 60,687,463 төлсөн төлбөр, 101,657,909.38 - 60,687,463 = 40,970,446

114,312,463 + 40,970,446.38 = 155,282,909

62,334,576 орон сууц борлуулсан орлогоос төлсөн дүн /Шүүх энэ дүнг сольж бичсэн буюу андуурсан. Зээлдэгч 175 сая, 150 сая, 100 сая гэсэн 3 зээлтэй байсан ба 150 сая төгрөгийн зээлд 62,334,576 төгрөгийг төлсөн. Яригдаж буй 175 сая төгрөгийн зээлд 39,900,475 төгрөг төлөгдсөн/ 39,900,475 Байр борлуулсан орлогоос 114 сая төгрөгийг 175 сая, 150 сая, 100 сая төгрөгийн зээлд төлсөн байдаг. Энэ яригдаж буй 175 сая төгрөгийн зээлд 39,900,475 төгрөг төлсөн. 155,282,909 - 39,900,475 = 115,382,434 төлөх төлбөр, зөв дүнгээр. Байр борлуулсан орлогоос 175 сая төгрөгийн зээлд 39,900,475 төгрөг төлөгдсөн. Байр борлуулсан орлогоос 150 сая төгрөгийн зээлд 62,334,576 төгрөг төлөгдсөн.

Магадлалын 9 дэх талд 171,399,102 /54,434,515+116,964,587/ төгрөг болж байх тул энэ хэмжээгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.” гэж дүгнэлт гаргасан. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тооцооллыг буруу хийж, тооцоололд хамаарах 39,900,475 төгрөгийг 62,334,576 төгрөг гэж буруу дүнгээр андуурч тооцоолсон нь магадлалыг алдаатай болгосон.

Дээр дурдсан дэлгэрэнгүй тооцооллыг үндэслэн 232,347,021 /115,382,434+116,964,587/ төгрөгийг зээлдэгч Ү ХХК, Т.Б, нараас гаргуулахаар 2237 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Х”  ХХК  нь хариуцагч “Үнэ макель” ХХК, Т.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн төлбөрт 254.264.767 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах, батлан даагчаас төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

1.“Үнэ макель” ХХК, Т.Б, нар нь Х ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 27-ний өдөр 5001163269 дугаар зээлийн шугамын гэрээ байгуулж, 100.000.000 төгрөгийг жилийн 22.08 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, мөн өдөр 1030014979 дугаар зээлийн гэрээ байгуулж, 175.000.000 төгрөгийг жилийн 22.08 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаагаар тус тус зээлэх, зээлийг  хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирчээ.  

2.Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 140.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хэрэгсэл, Ford Explorer маркийн УБЦ 33-55 дугаартай автомашин, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 275 м.кв талбай бүхий хувийн орон сууц, 700 м.кв талбайтай газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 121/Б тоотын 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 92 тоотын 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.

Барьцааны зүйл болох дээрх эд хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагдсан.

3.Б.Б, нь Хтай 2014 оны 6 дугаар сарын 27-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч  дээрх 2 зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр тохирчээ.

4.Талууд дээрх 2 зээлийн гэрээнд 2015 оны 12 дугаар сарын 8-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг 197.574.559 төгрөгөөр тогтоож, гэрээний хугацааг 48 сараар сунгажээ /хэргийн 1 дүгээр хавтас 6-62 дугаар тал/.

Нэхэмжлэгч 2017 оны 2 дугаар сарын 22-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...зээлийн төлбөрт 236.312.917 төгрөг гаргуулах”аар шаардсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2017 оны 7 дугаар сарын 20-ний өдөр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 17.951.847 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэмэлт өөрчлөлт оруулсан дээрх гэрээг шаардлагын үндэслэлд дурджээ.

Дээр дурдсанаас гадна “Үнэ макель” ХХК нь Х ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр 1060014543 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 150.000 ам долларыг жилийн 13.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 1060017265 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 150.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар тус тус зээлсэн /хэргийн 116-130 дугаар тал/, нэхэмжлэгч энэхүү зээлийн төлбөр шаардаагүй болно.

Зохигчид 5001163269, 1030014979 дугаар зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангажээ.   

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан зээлийн, барьцааны батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн боловч  хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хариуцагчийн төлөх үүргийн хэмжээг үндэслэл бүхий тогтоож чадаагүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна зарим шаардлагыг орхигдуулжээ.

Банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй  талаар Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1.-д заасан.

Нэхэмжлэгч 1030014979 дугаар зээлийн гэрээний зүйл болох 175.000.000 төгрөгөөс 164.200.000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 30-ний өдөр, 10.800.000 төгрөгийг  2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгчид шилжүүлсэн боловч дээрх мөнгөнөөс 114.312.463 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ний өдөр “Ү” ХХК-ийн өмнөх зээлд суутган тооцсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.  

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг банк гэж тодорхойлжээ.

1030014979 дугаар гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардаж буй 114.312.463 төгрөгийг хариуцагч ашиглаагүй, өөрөөр хэлбэл, банк энэхүү зээлийг зориулалтаар ашиглах боломж олгоогүй байна.

Давж заалдах шатны шүүх зээлийн төлбөрийг гэрээ тус бүрээр тооцож, дээрх зээлээс ашиглаагүй хэсгийг хасч, үлдэх 60.687.486 төгрөгөөс зээлийн хүүг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож, үүнээс төлсөн 60.687.463 төгрөгийг хасч, энэ хүртлэх зээлийн төлбөрийг 116.769.091 төгрөгөөр тогтоосныг буруутгах боломжгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх дээрх төлбөрөөс барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсны орлого 62.334.576 төгрөгийг хасаж энэхүү зээлийн үүргийг 54.434.515 төгрөг гэж тогтоохдоо хэргийн баримтыг зөв үнэлээгүйгээс гадна нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү тооцоогүй нь учир дутагдалтай болжээ.

Барьцааны зүйл болох дээрх орон сууцыг худалдан борлуулснаас банк  175.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт 30.787.750 төгрөг, хариуцагчийн өмнө авсан 10600117265 дугаартай 150.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт 62.334.576 төгрөгийг  тус тус суутган тооцсоныг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна /хэргийн 1 дүгээр хавтас 70, 160 дугаар тал/.

Иймд 116.769.091 төгрөгөөс суутгасан 30.787.750 төгрөгийг хасч, үлдэх 85.981.341 төгрөг, үүн дээр 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд  нэхэмжлэл гаргасан 2017 оны 2 дугаар сарын 22-ний өдөр хүртэл 17 сар 22 хоногийн хүү 28.055.122 төгрөгийг нэмж тооцвол энэхүү зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүрэг 114.036.463 төгрөг  байна.

5001163269 дугаар зээлийн гэрээний үндсэн үүргийг талууд 2015 оны 12 дугаар сарын 8-ний өдрийн байдлаар 91.966.783 төгрөг гэж тодорхойлсныг үндэслэн давж заалдах шатны шүүх  энэ өдрөөс хойш хүү 32.151.583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.430.317 төгрөг нийт 130.548.687 төгрөг гэж тооцон үүнээс хариуцагчийн төлсөн 13.584.100 төгрөгийг хасч, төлбөрийг 116.964.597 төгрөгөөр тогтоосонд зохигчид гомдол гаргаагүй байна.

Хариуцагч Б.Б,эд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-г зөрчөөгүй байна. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 231.001.060 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2237 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...171.399.102...” гэснийг “...231.001.060...” гэж, “...82.865.665...” гэснийг “...23.263.707...”гэж, “...1.014.945...” гэснийг “...1.312.955...” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 462.690 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ