Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72  

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч Ө,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б ,

шүүгдэгч Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е д холбогдох эрүүгийн 2113000680050 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, байгаль орчин, ургамал судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, ах эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Е , РД:БВ97******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 01-ний орой 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэр “Цул улаан” гэх газарт улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.2, 3.2 а/, 3.4 в/, 3.7 а/ дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч иргэн Т ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Хохирогч Е мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж  мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000680050 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас/,

2. Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/,

3. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр жолооч Е ын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

4. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

5.  Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ү ын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон магадлагаа /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-33, 150 дугаар хуудас/,

7. Гэрч М н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,

8. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

9. Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

10. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №37 дугаартай, Шүүх химийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,

11. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №13 дугаартай,  Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/,

12. Шинжээч Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн хяналтын мэргэжилтэн Ж ийн 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай, Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийн техникийн байдлыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,

13. Яллагдагч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас/,

14. Иргэн Е ын жолооны үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 134 дүгээр хуудас/,

15. Талийгаач Т ийн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн №103 дугаартай өвчтөний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 120-126 дугаар хуудас/, шүүгдэгч Е ын хувийн байдлын тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Е нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 01-ний орой 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэр “Цул улаан” гэх газарт улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.2, 3.2 а/, 3.4 в/, 3.7 а/ дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч иргэн Т ийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар Баяннуур сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цул улаан гэх газар байв.  Суурингийн дотор, хөрсөн, хуурай, шулуун тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар хүйтэн, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй, зорчих хэсгийн өргөн 2.50 метр байв. Талийгаач унасан гэх газар Б цэгээс А цэг хүртэл 2.90 см зайтай байсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/,

- 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр жолооч Е ын согтуурлын хэмжээг шалгасан тухай “...үлээлгэхэд согтуурал шалгах багажны заалт нь 1.0 хувь гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон болно” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

- Мотоциклд үзлэг хийсэн “Уг мотоцикл нь Мустанг-5 загварын улсын дугааргүй, хуучивтар улаан хүрэн өнгөтэй байх бөгөөд, ...урд хамгаалалтын төмөр нь шороогоор бохирлогдсон, төмөр нь зурагдсан байдалтай байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

-  Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ү ын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай,  зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “...Жолооч Е нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.2-т заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байна. 3.2-ийн а/-д заасан Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна. 3.4-ийн в/-д заасан Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7-ийн а/-д заасан Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн нь осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадлагаа /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 7 хоногийн өмнө талийгаач хадам ахынхаа гэрт мал хариулахаар явсан юм. Урьд өмнө байнга л хадам ах Х ийн гэрт очиж мал хариулж, намар идэшний үеэр хэдэн хонь авдаг байсан юм. Тухайн өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр отор малаас ирсэн байсан байна. Х ийн хүү Е той хамт мотоциклийн ард сууж явж байгаад 18 цагийн үед онхолдож унаад ухаангүй сумынхаа эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлсэн байна. Надад орой 23 цагийн үед худ Х ийн талаас хэлэхээр нь бид шөнө Баяннуур сум руу гарч үүрээр шахуу очиход Т  сумын эмнэлэгт ухаангүй байсан ба 06 цагийн үед нас барсан юм. ...Худ Е ын талаас миний дүүгийн оршуулгын ажил явдал, бусад зүйлд сэтгэлээрээ оролцож, уучлалт гуйсан. Оршуулгад зарцуулсан малыг тусад нь Е ын талаас гаргаж өгөөд, бэлнээр 2.364.000 төгрөг өгсөн байгаа. Тэр мөнгийг нь бид талийгаачийн хүү Е ы нэр дээр данс нээж өгсөн байгаа. Энэ хэргээс болж цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-33, 150 дугаар хуудас/,

- Гэрч М н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 17 цагийн үед байшингийн гадна гал түлх мод бэлдэж байхад сумын төв талаас мотоциклийн маш хаазтай ирж байгаа дуу сонсогдсон ба би тухайн үед ямар мотоцикл хааз өндөртэй явж байгааг харах гээд байшингийн булангаас зам руу харахад мотоцикл зам дээр хажуу талаараа унасан, хажууд нь нэг хүн унасан, түүнийг нэг залуу татаж босгох гэж оролдох үед  босохгүй байсан. Тэгж байхад урдаас нь Уаз-469 маркийн машинтай хүн ирээд зогсож уг босохгүй байсан хүнийг машинд оруулаад аваад явсан. Харин мотоциклийг нөгөө залуу унаад араас нь явсан юм. Тухайн үед харсан зүйл энэ болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,

- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие сумын эмнэлэгт жижүүр эмчээр ажиллаж байхад орой 18 цагийн үед манай ээлжийн сувилагч А  эмнэлэгт ухаангүй хүн ирлээ гэж намайг дуудахаар нь би гэрээсээ эмнэлэгт тэр даруй яваад очиход нэг хүн эмнэлгийн орон дээр хэвтэж байхаар нь үзлэг хийхэд ухаан санаа бүдгэрсэн “толгой өвдөж байна” гэж зовиур хэлсэн, өөр ямар нэгэн асуумжинд хариулахгүй ухаан алдсан юм. Тэгээд би үзлэгээ хийж тархины битүү гэмтэл, толгойн суурь ясны гэмтэлтэй, дотор цус алдалттай байж болзошгүй гэж онош тавиад эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. Тэгээд би сумын ерөнхий эмч Ж тай утсаар холбогдож өвчтөний биеийн байдлыг танилцуулсан юм, удалгүй Ж  эмч ирээд уг өвчтөний биеийн байдал хүнд байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

- Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдрийн жижүүр эмч Асет ирээд үзээд эмчилгээг бичээд явсан байсан тул би энэ талаар хэсгийн төлөөлөгчид гэмтэлтэй хүн ирсэн талаар хэлээд уг өвчтөний биеийн байдал хүнд байсан учраас тээвэрлэхгүй, аймгийн төвд эмнэлэг рүү дуудлага өгөөд орой 22 цаг 30 минутын үед аймгийн төвөөс гэмтлийн эмч Еркебек ирээд толгойн суурь ясны гэмтэл байна, хөдөлгөж болохгүй гээд эмчилгээ бичээд явсан ба бид нар эмчийн бичсэнээр эмчилгээг цагийн хуваарийн дагуу хийж байхад 2021 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 06 цагт амьсгал хураасан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №37 дугаартай, Шүүх химийн шинжилгээний “1.Иргэн Е ын биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Иргэн Е ын биенээс авсан гэх цусанд 0,35% промилли этилийн спирт илрэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №13 дугаартай,  Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний “1. Талийгаач Т ийн биед шүүх эмнэлгийн оношинд тавигдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2. Талийгаач  Т ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд мөргөгдөх, савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ.

3.4. Талийгаач Т ийн биед үүссэн дээрх гавал тархины хүнд хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

5. Талийгаач Т ийн биед архаг хууч өвчингүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн хяналтын мэргэжилтэн Ж ийн 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай, Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийн техникийн байдлыг тогтоосон “1.Мустанг-5 загварын LXYPCKL04J0274007 арлын дугаартай, улсын дугааргүй мотоциклд зам тээврийн ослын улмаас эвдрэл гэмтэл үүссэн байна. Үүнд толь болон баруун хойд дохионы гэрлийн таг нь хагарсан, хамгаалалтын бэхэлгээний зүүн талын суурь нь нугларсан байна. Дээрх эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осолд орж онхолдсоны улмаас үүссэн байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,

- Яллагдагч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр талийгаач Т  нь “би одоо буцахгүй бол болохгүй, хүүхдүүдийн хичээл эхлэх гэж байгаа” гэхээр нь миний бие өөрийн Мустанг-5 загварын мотоциклээр талийгаач Т ийг сундлан 14 цагийн үед сумын төвд ирсэн. Бид сумын төвд ирээд аймаг орох унаа хайгаад явж байхад талийгаач надад “чи одоо хүргэн ахыгаа гаргаж өгнө биз дээ” гэж хэлээд талийгаач Т  бид хоёр тус сумын “Цамбагарав” гэх нэртэй дэлгүүр лүү очоод тэндээс талийгаач 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй шар айрагнаас 1 ширхгийг авч гараад осол болдог газрын наад талд ирээд шар айрагнаас хувааж уусан.

...Б  ах руу очих замдаа мотоцикл гэнэт тэнцвэрээ алдах үед би ч жолоогоо  алдаад мотоцикл замын хажуу тал руугаа унасан. Тухайн үед мотоцикл шидэгдэх үед талийгаач замын зүүн тал руу 2 метр орчим газар шидэгдэж унасан ба би ч мөн адил зүүн тал руугаа унасан. Тэгээд би тэр даруйд нь унасан газраасаа босоод талийгаач хүргэн ах руу очиход тэрээр баруун тал руу хажуулдаж хэвтэж байсан бөгөөд хөдлөхгүй байсан.

Тэр үед бидний өөдөөс мал тууж ирж байсан Б  ах мориор давхиж ирээд юу болсон талаар асууж байхад сумын төвөөс А  гэх залуу машинтайгаа ирээд түүний машинаар талийгаач Т ийг эмнэлэгт хүргэсэн. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. Миний буруугаас болж зам тээврийн осол гарч, Т  ах нас барсан, би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би оршуулгын зардлыг төлж өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас/,

- Иргэн Е ын жолооны үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 134 дүгээр хуудас/,

- Талийгаач Т ийн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн №103 дугаартай өвчтөний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 120-126 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг,

шүүгдэгч Е аас “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” хэмээн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Е ын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй, шүүгдэгч нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Е нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 01-ний орой 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэр “Цул улаан” гэх газарт улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоцикл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.2-т заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байна.” 3.2-ын а/-д заасан “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна.” 3.4-ийн в/-д заасан “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7-ийн а/-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдол/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч иргэн Т ийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь тогтоогджээ.

Иймд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Е ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Е ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтуудыг зөрсөн байдал, хайхрамжгүй бөгөөд хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ. 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилжээ.  

Шүүгдэгч Е ын үйлдсэн гэмт хэргийн улмаас зорчигч иргэн Т ийн амь нас хохирсон нь гэмт хэргийн хохирол ба нөхөн сэргээгдэхгүй. Харин гэмт хэргийн хор уршигт гарсан бүх зардлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон, амь хохирогчийн төрсөн ах болох Ж  бүрэн барагдуулж авсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Е ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж ээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй хэмээн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Е нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг нөхөн төлснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.    

Шүүхээс шүүгдэгч Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүгдэгч Е нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Е ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв. Шүүгдэгч Е д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх хорих ялыг мөн өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгч Е хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь шүүхэд үүрэг болгосон хуулийн заалт биш бөгөөд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн”, “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” нөхцөлд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хуулийн хэм хэмжээ юм.

Шүүхээс шүүгдэгч Е ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч иргэн Т ийн амь нас хохирсон, гэмт хэргийн хохирлын хувьд нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

4.Бусад асуудлаар.

Шүүгдэгч Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Е ын эзэмшлийн Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Е ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Т ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Е ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е д оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Е нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт  нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е ын эзэмшлийн Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Е д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ТАЛГАТ