Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00811

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00811

Улаанбаатар хот

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж өөрийн байранд байрлах “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 29-р байр 229 тоотод оршин суух, регистр:НЭ86072117, Харчин овогт Амарсайханы Эрдэнэчулуун,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 29-р байр 229 тоотод оршин суух, регистр:НЭ66092807, Хэрэйд овогт Дамдины Энхтунгалаг нарт холбогдох 11 297 056 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч “Хас банк” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Эрдэнэчулуун, Д.Энхтунгалаг нар нь 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Хас банк”-тай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэгцээнд зориулан авсан. 2015 оны 10-р сарын 20- ны өдөр 1490007306 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн үлдэгдэл болох 9 916 303.96 төгрөгийг нөхцөл өөрчлөн 1490015718 тоот зээлтэй болсон. Зээлдэгч нь тус 17 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногт 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн байгууллагатай хамтран ажиллах цалингийн гэрээний нөхцлийн дагуу авсан. Зээлийн гэрээний барьцаанд 36-54 УНӨ улсын дугаартай, NHW203381770 арлын дугаартай мөнгөлөг өнгийн Тоуotа Рrius маркийн суудлын автомашин, цалин түүнтэй адилтгах орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч Э.Эрдэнэчулуун нь цалингийн зээлийн 1490007306 дугаар нэмэлт гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч А.Эрдэнэчулуунд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, мөнгө орж ирэхээр төлнө, ажлын хөлс орж ирээгүй, гэх зэргээр худал хэлэх, санаатай зайлсхийж зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрсэн. Иймээс 1490007306 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4-т заасныг үндэслэн банкны санаачилгаар 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөр гэрээг цуцалж байна. 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгч А.Эрдэнэчулуун, Д.Энхтунгалаг нарын 1490007306 дугаар гэрээний нэмэлтийн дагуу төлбөл зохих зээлийн төлбөр үндсэн төлбөр 9 394 267 төгрөг, хүүний төлбөр 1 801 239 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 101 550  төгрөг, нийт 11 297 056  төгрөг байна. Иймд цалингийн барьцаат зээлийн гэрээний 4.5-т заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 11 297 056 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15 500 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 11 312 556 төгрөгийг А.Эрдэнэчулуун, Д.Энхтунгалаг нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгө, цалин түүнтэй адилтгах орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.             

 

            Хариуцагч А.Эрдэнэчулуун шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “Хас банк”-ны нэхэмжлэлтэй цалингийн зээлийн үндсэн төлбөр 9 394 267 төгрөг, хүү 1 801 239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101 550 төгрөг, нотариатын хөлс 15 500 төггрөг, нийт 11 297 056 төгрөгийг бүрэн төлж банкийг хохиролгүй болгож өгнө. Уг төлбөрийг боломжит хугацаанд бага багаар төлөх хүсэлттэй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч Д.Энхтунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Энхтунгалаг би өөрийн хүү А.Эрдэнэчулууны цалингийн зээлийн хамтран хариуцагчаар “Хас банк”-ны цалингийн барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үнэн бөгөөд цалингийн зээлийн үндсэн төлбөрийн 9 394 267 төгрөг, хүүгийн төлбөр 1 801 239 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 101 550 төгрөг, нотариатын хөлс 15 500 төгрөг нийт 11 312 556 төгрөгийг төлж барагдуулах болно. Төлбөрийг бид энэ эдийн засгийн хямралын үед бага багаар төлөх боломжтой байна. Уг цалингийн зээлийн хөрөнгийг бид өөрсдөө ганц ч төгрөг авч хэрэглээгүй улсын ажилд оруулсан бөгөөд Монгол улсын хуулиа мөрдөж ажиллуудаггүй төрийн яам болох Боловсрол соёл шинжлэх ухааны яамны төрийн алба хаагч нарын буруутай үйлдлийн улмаас бид хөрөнгөө авч чадахгүй удаашран ийм байдалд орсон болохыг мэдэгдэж байна. Цалингийн зээлд барьцаалсан барьцаа хөрөнгө байхгүй. Үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангаж дуусгасан тохиолдолд, “Хас банк” миний хүү А.Эрдэнэчулууны нэр дээрх өр төлбөр хаагдсанд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сугарсамбуу шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Энхтунгалаг, А.Эрдэнэчулуун нарын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 11 312 556 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршууулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь Д.Энхтунгалаг, А.Эрдэнэчулуун нарт холбогдох 11 312 556  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Энхтунгалаг, А.Эрдэнэчулуун нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 11 312 556  төгрөгийг  бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжилсэн 11 312 556 төгрөгийг бүрэн төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Д.Энхтунгалаг, А.Эрдэнэчулуун нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 97 975 төгрөг, хариуцагч Д.Энхтунгалаг, А.Эрдэнэчулуун нараас 97 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ Хас банк”ХХК-д олгосугай.

 

            3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА