| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00365/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/00877 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00877
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/00877 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхон, 104-р байранд байрлах “Эко констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк хотхон, 301-р байрны 4-59 тоотод оршин суух, регистр ЧМ62112663, Бурханч овогт Осорхуягын Нямгэрэлд холбогдох 34 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эко констракшн” ХХК нь О.Нямгэрэлтэй 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах 0001326 тоот гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний 2.1-т заасны дагуу Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, “Голден парк” хотхоны 301 дүгээр байрны 59 тоот 3 өрөө, 52 м.кв талбай бүхий орон сууцыг 72 800 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч О.Нямгэрэл нь хоёр талын байгуулсан гэрээний 3.1-т заасны дагуу 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх, үлдэгдэл 22 800 000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 3.1-т заасны дагуу хариуцагч О.Нямгэрэл нь нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-д урьдчилгаа 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж барагдуулсан бөгөөд дараагийн төлөлт болох 22 800 000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулаагүй гэрээнд заасан хугацааг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-ийн зүгээс орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахыг удаа дараа амаар болон албан бичгээр мэдэгдэж байсан боловч хариуцагч тал нь өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжпэгч “Эко констракшн” ХХК-ийг хохироож байна. Хариуцагч О.Нямгэрэл нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 22 800 000 төгрөгийг 0001326 тоот гэрээний 3.1-д заасан хугацаанд төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчсөн тул тус гэрээний 3.5 /худалдан авагч тал энэхүү гэрээний 3.1 дэх заалтад заасан төлбөр төлөх хуваарийн дагуу дурдсан төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцож Худалдагч талд төлнө/ -д заасны дагуу үлдэгдэл төлбөр төлж дуусгах байсан 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нэг өдрийн алданги 114 000 төгрөг нийт 1623 өдрийн алданги 185 022 000 төгрөг болж байгаа бөгөөд МУ-ын Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 11 400 000 төгрөгийн алдангийг хариуцагч О.Нямгэрэл нь хоёр талын байгуулсан гэрээний 3.5 болон МУ-ын Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4, 232.6- д заасны дагуу нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-д төлөх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй болно. Иймд МУ-ын Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, хоёр талын байгуулсан 0001326 тоот гэрээний 2.1, 3.1-т заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 22 800 000 төгрөг, МУ-ын Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4, 232.6, хоёр талын байгуулсан 0001326 тоот гэрээний 3.5-д заасны дагуу алданги 11 400 000 төгрөг нийт 34 200 000 төгрөгийг О.Нямгэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Эко констракшн” ХХК нь Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны үлдэгдэл төлбөр, алданги нийт 34 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч тал нь хариуцагч талын 2017 оны 02-р сарын 20-ны өдөр төлсөн 7 000 000 төгрөг, алданги 11 400 000 төгрөг нийт 18 400 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.Нямгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 15 800 000 төгрөгийг 2017 оны 11-р сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК нь О.Нямгэрэлд холбогдох 34 200 000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч О.Нямгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 34 200 000 төгрөгөөс 2017 оны 02-р сарын 20-ны өдөр 7 000 000 төгрөгийн төлсөн, нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК нь алданги болох 11 400 000 төгрөгөөсөө татгалзаж, үлдэх 15 800 000 төгрөгийг 2017 оны 11-р сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК хариуцагч О.Нямгэрэл нар нь 34 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 15 800 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч О.Нямгэрэл төлбөрийг 2017 оны 11-р сарын 20-ны дотор тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 164 475 төгрөг, хариуцагч О.Нямгэрэлээс 164 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эко констракшн” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА