Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1054

 

 

 

 

 

 

2021         10          15                                      2021/ШЦТ/1054

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч И.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И.Нд холбогдох 2106 00000 1639 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Таван богд” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 17 дугаар гудамжны 591 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1508 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000төгрөг торгох ял шийтгэгдэж байсан, Боржигон овогт Иын Н /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

И.Н нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэгт иргэн Б.Дөрвөлжинг “гол руу орж живж үхэх гэлээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь халдаж зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Нийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дөрвөлжингийн өгсөн: “... бид хэд 3 шил архи уугаад юм яриад сууж байхад 15 цаг өнгөрч байсан. Тэгээд би “гол орж усанд сэлмээр байна” гэж хэлээд хувцсаа тайлтал Н “чи гол руу орж живж үхэх чинь дутаа юу” гээд намайг шууд барьж аваад миний зүүн шанаа болон нүд хэсэг рүү 2-3 удаа баруун гараараа цохисон... би Нээс зугтаад голын эргээс гүйж гудам руу ороод сууж байгаад цагдаа дуудсан. Н бид хоёр 10 жилийн нэг ангийн найзууд ...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Лхагвасүрэнгийн өгсөн: “... Дөрвөлжин согтуу ус руу орно гээд байхаар нь Н оруулахгүй гээд хориглотол Дөрвөлжин уурласнаас болж тэр хоёр маргалдаж цохих болсон. Миний харахад Н Дөрвөлжинг толгой хэсэг рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Нийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Дөрвөлжин би гол руу сэлмээр байна гэж дайраад байхаар нь би “чи согтуу байна, хэрэггүй” гэж хэлтэл Дөрвөлжин намайг “чи угаасаа онгироо дээрэлхүү пизда” гээд сууж байхад хоолойноос боогоод байхаар нь би өөрийгөө хамгаалаад Дөрвөлжинг 2-3 удаа зүүн талын нүд болон шанаа хэсэг рүү цохиод бид салсан. Тэгтэл Дөрвөлжин гүйгээд яваад өгсөн... согтуу гол руу орж сэлнэ гээд байхаар нь би согтуу хүн гол руу ороод живчих юм болов уу гэж бодоод айсандаа болиулах гэж оролдтол Дөрвөлжин намайг “чи муу дандаа юм болгонд томордог” гэж намайг боогоод байхаар нь би 2-3 цохиод авсан... би хийсэн хэрэг ээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг /хх.11, 36/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч О.Нансалмаагийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6865 дугаартай:

“1. Б.Дөрвөлжингийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаа, чих, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.39/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албын албан тоот /хх.42/,

Шүүгдэгч И.Нийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.46-51/,

Шүүгдэгч И.Нийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.57/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.62/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

И.Н нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэгт иргэн Б.Дөрвөлжинг “ гол руу орж живж үхэх гэлээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь халдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дөрвөлжингийн өгсөн: “... би “гол орж усанд сэлмээр байна” гэж хэлээд хувцсаа тайлтал Н “чи гол руу орж живж үхэх чинь дутаа юу” гээд намайг шууд барьж аваад миний зүүн шанаа болон нүд хэсэг рүү 2-3 удаа баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Лхагвасүрэнгийн өгсөн: “... Дөрвөлжин согтуу ус руу орно гээд байхаар нь Н оруулахгүй гээд хориглотол Дөрвөлжин уурласнаас болж тэр хоёр маргалдаж цохих болсон. Миний харахад Н Дөрвөлжинг толгой хэсэг рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Нийн яллагдагчаар өгсөн: “... согтуу гол руу орж сэлнэ гээд байхаар нь би согтуу хүн гол руу ороод живчих юм болов уу гэж бодоод айсандаа болиулах гэж оролдтол Дөрвөлжин намайг” чи муу дандаа юм болгонд томордог” гэж намайг боогоод байхаар нь би 2-3 цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх.36/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч О.Нансалмаагийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6865 дугаартай:

“1. Б.Дөрвөлжингийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаа, чих, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

И.Нийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар И.Нийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Иймд шүүгдэгч И.Нийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.Дөрвөлжин нь гомдолгүй,  нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн учир шүүгдэгч И.Нийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

И.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч И.Нийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

И.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч И.Нд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт И.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт Иын Нийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч И.Нд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч И.Нд сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч И.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Дөрвөлжин нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР