| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00834/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/00895 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00895
| 2017 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/00895 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 5-р байр 25 тоотод оршин суух Харчин овогт Мягмарсүрэнгийн Мандахбаярын хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мандахбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн М.Мандахбаяр миний бие Жамбалсүрэн овогтой Мөнхтуяагаас 5 000 000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ж.Мөнхтуяа нь тухайн үед амьдарч байсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол энхтайваны өргөн чөлөө гудамж К107-30 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 102\Ш32016\23236 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Одоо хариуцагч Ж.Мөнхтуяа нь хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй, 99144044 дугаарын утас нь холбогдохгүй байгаа болно. Иймд Жамбалсүрэн овоггой Мөнхтуяаг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мандахбаяр нь Ж.Мөнхтуяаг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
М.Мандахбаяр нь Ж.Мөнхтуяатай 2014 оны 6-р сарын 18-ны өдөр байрны урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг зээлдүүлжээ.
Ж.Мөнхтуяа нь 5 000 000 төгрөг гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж К107-30 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9-р сарын 06-ны өдрийн 102/ШЗ2016/23236 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Ж.Мөнхтуяа нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө, К107-30 тоотод оршин суух хаягтайг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батмэнд нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхтуяаг эрэн сурвалжилсугай.
2. Ж.Мөнхтуяаг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА