Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1042

 

 

 

 

 

 

2021         10          13                                      2021/ШЦТ/

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Ад холбогдох 2106 02224 1880 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Sky residence d блок 12-124 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Нын А, /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 192А байрны В1 давхрын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Мөнхзаяагийн эзэмшлийн Приус-41 маркийн 15-49 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн автомашины зогсоол дээр машинаа тавилаа гэх шалтгаанаар автомашины улсын дугаарыг хуулан авч, антеныг хугалан, урд талын купер, крыло хэсэгт өшиглөж хууль бусаар бусдын эд хөрөнгийг устган, гэмтээсний улмаас нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Агийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.3/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхзаяагийн өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 17-ны орой 00 цагийн орчим оройтож ирээд байрны гадаа зогсоол байхгүй болохоор нь В1 давхарт байсан зогсоолд өөрийн эзэмшлийн Приус 41 маркийн 15-49 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулсан юм. Маргааш нь 14 цагийн орчим өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ иртэл улсын дугаарыг нь хуулаад салхины шилэн дээр хаясан байхаар нь сайн хартал жолооч талын урд талын крылог хонхойлгосон, дээвэр хэсэгт сараачиж зурсан, антен хугалаад хаясан байхаар нь 102 дугаарт залгаж дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Агийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Тухайн өдөр өглөө үүрээр 06 цагийн үед манай ажил дээр сэлбэг буугаад тэгээд ачаагаа буулгаад гарааш дээрээ ирсэн. Тэгсэн миний зогсоол дээр нэг машин байрлуулсан байсан утсаар нь холбогдож хэлэх гэхэд утасны дугаар нь байхгүй байсан. Тэгээд уурлаад бухимдаад урд талын улсын дугаарын хуулаад татаж авсан дээвэр дээр нь байдаг жижиг антеныг нь хугалж аваад машиных нь урд талын купер хэсэгт нь нэг удаа өшиглөөд гэртээ орсон. Миний зогсоол дээр нь машинаа байрлуулсан болохоор нь ууртаа ийм үйлдэл гаргасан байсан. Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахад гомдол санал байхгүй...”,

“... Уг машин зогсоол дээр 3 дахь удаагаа тавьсан байсан. Би тухайн үед бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул уг машины урд талын купер, крыло руу өшиглөж номерын хүрээг нь татаж хугалсан, дээврийн антеныг мөн хугалж хаясан юм...”гэх мэдүүлэг /хх.18-19, 21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Одын өгсөн: “... Өмнөх өдөр нь зогсоол дээр нь уг приус машин байрлуулчихсан байхаар нь за яах вэ гээд өөр зогсоолд машинаа байрлуулсан. Тухайн өглөө халамцуу гарааш руугаа ортол уг машин мөн байрлуулчихсан байсан тул А жаахан халамцуу байсан тул уурласандаа номерын хүрээг нь татахад сугараад унасан. Антеныг нь хугалчихсан, тэгээд ганц нэг удаа өшиглөсөн. Тухайн үед хоёр өдөр дараалаад зогсоолд нь машинаа байрлуулсан байсан учир уурласандаа машиныг нь өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хх.23/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-н 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 76898 дугаартай Үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх.27-29/,

Хохирлын баримт /хх.32/,

Шүүгдэгч Н.Агийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.34-41/,

Хохирогч Д.Мөнхзаяагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.56/,

Шүүгдэгч Н.Агийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.63/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.65-66/,

Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх.70/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 192А байрны В1 давхрын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Мөнхзаяагийн эзэмшлийн Приус 41 маркийн 15-49 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн автомашины зогсоол дээр машинаа тавилаа гэх шалтгаанаар автомашины улсын дугаарыг хуулан авч, антеныг хугалан, урд талын купер, крыло хэсэгт хэсэгт өшиглөж хууль бусаар бусдын эд хөрөнгийг устган, гэмтээсний улмаас нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.3/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх.7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхзаяагийн өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 17-ны орой 00 цагийн орчим оройтож ирээд байрны гадаа зогсоол байхгүй болохоор нь В1 давхарт байсан зогсоолд өөрийн эзэмшлийн Приус 41 маркийн 15-49 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулсан юм. Маргааш нь 14 цагийн орчим өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ иртэл улсын дугаарыг нь хуулаад салхины шилэн дээр хаясан байхаар нь сайн хартал жолооч талын урд талын крылог хонхойлгосон, дээвэр хэсэгт сараачиж зурсан, антен хугалаад хаясан байхаар нь 102 дугаарт залгаж дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Агийн яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул уг машины урд талын купер, крыло руу өшиглөж номерын хүрээг нь татаж хугалсан, дээврийн антеныг мөн хугалж хаясан юм...”гэх мэдүүлэг /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Одын өгсөн: “... Тухайн өглөө халамцуу гарааш руугаа ортол уг машин мөн байрлуулчихсан байсан тул А жаахан халамцуу байсан тул уурласандаа номерын хүрээг нь татахад сугараад унасан. Антеныг нь хугалчихсан тэгээд ганц нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.23/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-н 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 76898 дугаартай Үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх.27-29/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Н.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар, Н.А гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Иймд шүүгдэгч Н.Аг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Шүүгдэгч Н.А нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Д.Мөнхзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Н.Агийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Н.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Нын Аг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ад сануулсугай.

          5. Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Мөнхзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР