Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Ө,

шүүгдэгч Ч  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч д холбогдох эрүүгийн 2113000820069 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 03 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч , РД:БА70******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч  нь согтуугаар 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бэр болох иргэн Г ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Ч  мэдүүлэхдээ: Манай хүү төмөр замын бүтээн байгуулалтад оролцохоор явсан ба энэ хугацаанд бэр хүүхдүүд нь манай гэрт амьдарч байсан. Би мэдүүлгээ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж  байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000820069 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2-3, 29-30 дугаар хуудас/,

2. Гэрч У ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

3. Шинжээч Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Х ын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №156 дугаартай, иргэн Г ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/

4. Яллагдагч  Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч  нь согтуугаар 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бэр болох иргэн Г ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний бие аймгийн Тирлик захын урд талд байрлах гар утас худалдаалдаг дэлгүүрээс жи-5 маркийн гар утсыг 170.000 төгрөгөөр худалдаж аваад Өлгий сумын 3 дугаар багт байрлах гэртээ очсон юм. Намайг гэрт очих үед миний хадам аав Ч  нь миний гар утсыг угааж байна гэж хэлээд гэрт байсан Хараа нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи гаргаж ирээд уусан. Тухайн архинаас хадам ээж У  бид хоёрт өгсөн боловч бид хоёр уугаагүй.

Хадам аав Ч  уг архийг ууж дуусгаад нэлээн согтож хадам ээж бид хоёртой хэрүүл маргаан хийж, агсам тавьсан. Энэ үед хадам ээж У  нь миний хоёр хүүхдийг аваад гараад явчихсан. Би араас нь гарах гэтэл хадам аав Ч  намайг барьж аваад манай гэрийн гал тогооны өрөөний буйдан дээр унагааж байгаад ширээн дээр байсан шаазан аягаар миний зүүн талын нүд хэсэг рүү цохисон, мөн миний хоолойг гараараа боож, гэрийн ширээний дээр байсан аяга тавагнуудыг хагалж байсан. Энэ үед би гарч зугтаагаад цагдаа дуудсан юм. Хадам ээж У  намайг гэрээс гарч ирэх үед манай гэрийн хойд талд хоёр хүүхдийн минь хамт зогсож байсан юм. Намайг ямар шалтгааны улмаас зодож, цохисныг мэдэхгүй байна. Хадам аав архи уух бүртээ гэртээ агсам согтуу тавьж, хэрүүл маргаан үүсгэдэг юм. Хадам ээж У  гараад зугтаачихсан юм.

Миний хадам аав Ч  нь архи ууж ирэх бүртээ хэрүүл маргаан үүсгэж, хадам ээж бид хоёрт агсам согтуу тавьдаг юм. Урд өмнө нь архи ууж ирэх үедээ намайг зодож, цохидог байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Урд өмнө нь зодож, цохидог байсан талаар миний хадам ээж У  сайн мэдэж байгаа. Хадам аав Ч  нь урд өмнө нь намайг зодох үед миний гарын булчингийн хэсэг хөхөрдөг, нүд хөхөрдөг байсан. Тухайн үед эрүүл мэндийн байгууллагаар үзүүлж эмчилгээ хийлгэж байгаагүй. Тухайн өдөр миний зүүн талын нүд хөхөрсөн, хамар хэсгээр хавдсан, миний тархи хөдөлсөн байсан юм. Хадам аавын гаргасан үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2-3, 29-30 дугаар хуудас/,

- Гэрч У ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр Ч  нь айлын байшинг буулгах ажил хийж гэрт ирээд ядарч байна, жоохон юм уучхаад амармаар байна гэж хэлээд Цагаан сарын байраас үлдсэн 0.75 литрийн нэг шил архи байсныг задалж ганцаараа талыг уусан. Ядарсан болохоор хурдан согтчихсон ба улмаар тэрээр ухаанаа алдаад надтай хэрэлдээд байхаар нь би 1, мөн 2 настай хоёр ач нараа авч түүнийг амрахаар орж ирье гэж бодоод гэрээс гараад явсан. Гэрт бэр Г  болон нөхөр маань үлдсэн.  

Тухайн үед Г  ууртай байсан ба Ч  түүнийг юуны учир, яаж зодсоныг хэлээгүй. Г ийн зүүн талын нүд нь хөхөрсөн байсан ба хамар өвдөөд байна гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Х ын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №156 дугаартай “1. Иргэн Г ийн биед тархины доргилттой, зүүн нүдний саластад цус харвасан, зүүн дээд ба доод зовхинд цус хуралттай, зүүн хацарт хавдартай, цус хуралттай, хамрын нуруунд мурийлттай, хавдартай, хамрын нуруунд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.

2. Иргэн Г ээс биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Иргэн Г ээс биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй.

Ж.нь: Шинжлүүлэгч шинжилгээ хийлгэх тухай тогтоол 1 хуудас, шинжилгээний обьект хүргүүлэх хуудас 1 ширхэг, прокурорын зөвшөөрөл 1 хуудас хавсаргаж явуулав” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

- Яллагдагч Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай бэр болох Г  нь шинээр гар утас худалдаж авсан. Тэрээр тухайн гар утсыг нь угааж байна гээд гэрт байсан “Хараа" нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архийг би хийсэн ба эхнэр У , бэр Г  нар амсаад өгсөн ба уугаагүй. Уг архийг ганцаараа би уусан юм. Архи уугаад би их согтож эхнэр У , бэр Г  нартай хэрүүл хийж агсамнаж эхэлсэн. Тухайн үед би их согтсон болохоор болсон явдлыг сайн санахгүй байна.

...Тухайн үед би бэр Г ийг нүүрэн тус газар нэг удаа цохисон ба тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Би бэр Г ийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Г ээс уучлалт гуйсан.

... Манай хүү төмөр замын бүтээн байгуулалтад оролцохоор явсан ба энэ хугацаанд бэр хүүхдүүд нь манай гэрт амьдарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа гэсэн тайлбарыг гаргасан болно.

Шүүгдэгч Ч  нь хохирогч Г ийн хадам эцэг нь байх ба хохирогч Г  нь хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт хадам аав Ч , хадам ээж У  нарын гэрт оршин сууж байсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

Дээрх хуульд зааснаар шүүгдэгч Ч , хохирогч Г  нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ч ын архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа зэргээс болсон байна.

Шүүгдэгч Ч ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ч ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г ийн  эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо сайн дураараа эвлэрч, хохирогчийн зүгээс гэмт хэргийн хор уршигт хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ч ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ч ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах зүйтэй.

Шүүгдэгч Ч ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 (найм) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ч  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                           

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ