| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00948/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/00896 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00896
| 2017 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/00896 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, 3-р хороолол, Ц.Намсрайн гудамж, 45А байрны 138 тоотод оршин суух Цөхүр овогт Дагвадоржийн Мөнхөөгийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Дамдины Ангарагтуяа нь иргэн Д.Мөнхөөгөөс 2015 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр 4 216 000 төгрөгний эмийн бүтээгдэхүүн зээлээр авсан. Зээлээр авсан барааны мөнгөө төлөхийг удаа дараа шаардахад төлөхгүй байсаар Анрагтуяа нь та миний тусгай зөвшөөрөлтэй эмийн санг авчих хэмээн санал болгож би таны нэр дээр зөвшөөрлийг нь шилжүүлж өгье та 10 000 000 төгрөг өгчих гэсэн тул түүнд нь итгэж 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өөрийн нөхөр П.Батболдын Хаан банкны 5495 3850 24 тоот данснаас Д.Ангарагтуяагийн Хаан банкин дах 5043009280 тоот 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Улмаар Ангарагтуяа нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Номин хайпермаркет дотор байрлах эмийн сангийн зөвшөөрлийг шилжүүлж өгөхөөр тохиролцож зөвшөөрөл гарах хүртэл хугацаанд эмийн сангийн байрны түрээсийг төлж, эмийн санч хөлслөн ажиллуулах санал гаргасаныг зөвшөөрч эмийн санг өргөтгөн засвар хийж тодорхой хэмжээний зардал гаргасан. Ийнхүү 2015 оны 4 дүгээр сараас эхлэн түүний эмийн санг түрээслэн ажиллуулсан бөгөөд Д.Ангарагтуяа нь 2015 оны 8 дугаар сард тусгай зөвшөөрөл гарах гэж байна 5 000 000 төгрөг нэмж өг гэхэд нь зөвшөөрөл гарсаны дараа өгье гэж хэлэхэд уурлан хүнээр чухал ажил хөөцөлдүүлчихээд гээд дургуйцэж байсан тул Д.Мөнхөө түүнд дахин итгэж 5 000 000 төгрөгийг Ангарагтуяа нь нөхрийн хамт ажил дээр ирэхэд нь бэлнээр хүлээлгэн өгсөн. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл эмийн сангийн -зшөөрлийн асуудал шийдэгдэхгүй байсан тул би түүний эмийн санг буцаан хүлээлгэн өгсөн. Энэхүү асуудлыг шалгуулахаар Д.Мөнхөө нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд Д.Ангарагтуяа нь тус цагдаагийн хэлтэст өгсөн тодорхойлолт, тайлбараар Д.Мөнхөөгөөс авсан 20 000 000 төгрөгийг буцаан төлнө гэж хүлээн зөвшөөрсөн. Улмаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 24/9 “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгапзах тухай” тогтоол гарсан. Нэхэмжлэгч нь Д.Ангарагтуяад зээлээр өгсөн барааны үнэ болон дансаар, бэлнээр өгсөн 15 000 000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардахад удахгүй төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулахгүй, холбогдохгүй байх тул нийт 20 000 000 төгрөгийг хариуцагч Д.Ангарагтуяагаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн суух хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч нь бүртгэгдсэн хаяган дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны тодорхойлолтоор тогтоогдож тус шүүхийн 2016 оны 2-ны сарын 21-ны өдрийн Дугаар 182/Ш32017/02146 шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс хариуцагч Д.Анрагтуяаг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхөө нь Д.Ангарагтуяаг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Д.Мөнхөө нь Д.Ангарагтуяатай 2015 оны 1-р сарын 24-ны өдөр эмийн бүтээгдэхүүн зээлээр худалдаж, мөн 15 000 000 төгрөг зээлдүүлжээ.
Д.Ангарагтуяа нь зээлээр өгсөн барааны үнэ болон дансаар, бэлнээр өгсөн 15 000 000 төгрөг гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Шадивлан 1-р гудамж 36 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2-р сарын 21-ний өдрийн 182/ШЗ2017/02146 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Д.Ангарагтуяа нь Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Шадивлан 1-р гудамж 36 тоотод оршин суух хаягтай болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Д.Ангарагтуяаг эрэн сурвалжилсугай.
2. Д.Ангарагтуяаг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА