Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1038

 

 

 

 

 

 

2021         10          12                                      2021/ШЦТ/1038

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч О.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Болор-Эрдэнэд холбогдох 2106 02014 1555 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжны 434 тоотод оршин суух хаягтай, ам бүл 7, нөхөр, 0-14 насны 5 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г овогт Орийн Б/РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

О.Бнь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 25-642 тоотод оршин суух иргэн Ц.Ууганцэцэгийн гэрт байсан Леново загварын зөөврийн компьютер хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.213.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Болор-Эрдэнийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ууганцэцэгийн өгсөн: “... Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 25 дугаар гудамжны 642 тоот хашаанд ах Г.Энхтайван /утас 90717710 бид 2 нэг гэрт, харин хажууд нагац ах Х.Ганзориг нь гэр бүлийн хамт амьдардаг юм. Би 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймаг, Баянмөнх сум руу явсан. Явахдаа гэртээ өөрийн Леново 330-15 загварын мөнгөлөг саарал өнгийн гадаргуутай дэлгэцийн хэмжээ нь ойролцоогоор 17.3 инч хэмжээтэй нөүтбүүкээ цүнхтэй нь гэрийнхээ авдар дотроо хийж үлдээсэн. Намайг байхгүй хооронд манай найз залуу Д.Ганзориг нь манай гэрт 2-3 хоносон. Би 2021 оны 06 дугаар сарын 26-ны орой Хэнтийгээс гэртээ ирсэн. Гэртээ ирээд 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн нөүтбүүкээ ашиглах шаардлага гараагүй тул байгаа эсэхийг нь үзээгүй юм. Харин 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчим өөрийн нөүтбүүкээ ашиглах гэтэл миний үлдээсэн газарт байгаагүй. Тэгээд би өөрийн найз залуу Д.Ганзориг, ээж Х.Баяр-Өрнөх нараас өөрийн нөүтбүүкээ асуусан... манайх монгол гэрт амьдардаг ба манай гэрийн цоож 5 түлхүүртэй байдаг. 5 түлхүүр нь 1 оосорт байдаг юм. Би Хэнтий аймаг руу явахдаа түлхүүрээ ах Энхтайванд үлдээсэн юм...” гэх мэдүүлэг,

“... Ер нь бол бид нарыг гэртээ байхгүй үед Х.Ганзориг ах, түүний эхнэр О.Бнар нь орж гарахад бол ямар нэгэн хориглох, битгий ор гэсэн зүйл байхгүй, бид нар зөвшөөрөл өгсөн байдаг юм. Харин гэрт ороод эд зүйлийг маань аваад зарж борлуулах, нуун далдлах эрх байхгүй юм...” гэх мэдүүлэг /хх.10, 14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Төрбатын өгсөн: “... Орийн Б/РД:СД86042602/ нь манай “Тулга” барьцаалан зээлдүүлэх газарт 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Леново маркийн 8 дугаар үеийн ай 5 үзүүлэлттэй зөөврийн компьютер барьцаанд тавьсан байна...” гэх мэдүүлэг /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Ганзоригийн өгсөн: “... сүүлд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай ээж А.Пүрэвжав нь над руу залгаад “Цообаяраа ахын чинь гэрт байсан нөүтбүүк алга болсон байна гэж над руу залгаад байна, юу болсон юм бэ” гэж асуухаар нь “би мэдэхгүй ээ Цагдаагийн байгууллагад ханд” гэж хэлээд гэртээ яваад очсон чинь Ууганцэцэг нь гэртээ нөүтбүүкээ хайгаад байж байсан ба Ууганцэцэгт “дуудлага өгөөд, шалгуулсан нь зөв шүү” гэж хэлсэн юм. Тэгээд л анх Ууганцэцэг нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх. Тэгээд тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа Цагдаагийн байгууллагаас над руу залгаад “ирж уулз” гэж хэлэхээр нь би эхнэр О.Болор-Эрдэнийн хамт ирж явах замдаа “нөүтбүүкийг нь яасан юм бэ, авсан юм уу” гэж асуусан чинь О.Бнь “би аваад барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад банк бус санхүүгийн байгууллагад машины зээлээ төлчихсөн” гэж надад хэлэх үед би анх мэдсэн юм. Тэгээд Цагдаагийн байгууллага дээр ирээд бүх болсон асуудлынхаа талаар үнэн, зөв хэлж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Болор-Эрдэнийн өгсөн: “... Би нөхөр хүүхдүүдийн хамт 2018 оны 05 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 25-642 тоотод оршин сууж байна. Уг хашаа нь нөхрийн эгчийнх нь хашаа байгаа юм. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр уг хашааны эзэд болох Ууганцэцэг хөдөө явсан. Хөдөө явахдаа манай гэрт түлхүүрээ үлдээсэн. Эзгүй байх хугацаанд 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр түлхүүрээр гэрийг нь онгойлгож гэрт ороод авдарт нь байсан Леново маркийн зөөврийн компьютер авсан. Аваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баян цээлийн гудамжинд Ломбард гэсэн бичигтэй ломбард руу орж өөрийн бичиг баримтаар 600.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд уг мөнгөөр 38-77 УНЭ улсын дугаартай хар саарал өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зээлийг төлсөн. Өнөөдөр цагдаагаас намайг энд дуудсан...” гэх мэдүүлэг /хх.32, 55/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-21-527 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.34-35/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.40-44/,

Хохирол төлбөр барагдуулсан, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.45-48/,

Хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх.59/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

О.Бнь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 25-642 тоотод оршин суух иргэн Ц.Ууганцэцэгийн гэрт байсан Леново загварын зөөврийн компьютер хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.213.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ууганцэцэгийн өгсөн: “... Явахдаа гэртээ өөрийн Леново 330-15 загварын мөнгөлөг саарал өнгийн гадаргуутай дэлгэцийн хэмжээ нь ойролцоогоор 17.3 инч хэмжээтэй нөүтбүүкээ цүнхтэй нь гэрийнхээ авдар дотроо хийж үлдээсэн... 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчим өөрийн нөүтбүүкээ ашиглах гэтэл миний үлдээсэн газарт байгаагүй...” гэх мэдүүлэг,

“... Ер нь бол бид нархыг гэртээ байхгүй үед Х.Ганзориг ах, түүний эхнэр О.Бнар нь орж гарахад бол ямар нэгэн хориглох, битгий ор гэсэн зүйл байхгүй, бид нар зөвшөөрөл өгсөн байдаг юм. Харин гэрт ороод эд зүйлийг маань аваад зарж борлуулах, нуун далдлах эрх байхгүй юм.” гэх мэдүүлэг /хх.10, 14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Төрбатын өгсөн: “... Орийн Б/РД:СД86042602/ нь манай “Тулга” барьцаалан зээлдүүлэх газарт 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Леново маркийн 8 дугаар үеийн ай 5 үзүүлэлттэй зөөврийн компьютер барьцаанд тавьсан байна...” гэх мэдүүлэг /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Ганзоригийн өгсөн: “... Цагдаагийн байгууллагаас над руу залгаад ирж уулз гэж хэлэхээр нь би эхнэр О.Болор-Эрдэнийн хамт ирж явах замдаа “нөүтбүүкийг нь яасан юм бэ, авсан юм уу” гэж асуусан чинь О.Бнь “би аваад барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад банк бус санхүүгийн байгууллагад машины зээлээ төлчихсөн” гэж надад хэлэх үед би анх мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Болор-Эрдэнийн өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр түлхүүрээр гэрийг нь онгойлгож гэрт ороод авдарт нь байсан Леново маркийн зөөврийн компьютер авсан... ломбард руу орж өөрийн бичиг баримтаар 600.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хх.32, 55/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-21-527 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.34-35/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

О.Болор-Эрдэнийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Болор-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ц.Ууганцэцэг хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан, иргэний нэхэмжлэгч Б.Төрбат өөрт учирсан хохирол 681.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан байх тул шүүгдэгч О.Болор-Эрдэнийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Иймд О.Болор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “... Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хулгайлах /17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” ... гэмт хэрэг үйлдэж үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солино”  гэж, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж тус тус заажээ.

          О.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

          Мөн О.Бнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Гэхдээ шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Болор-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, зарим үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

О.Болор-Эрдэнэд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч О.Болор-Эрдэнэд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.

Энэ хэрэгт О.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Орийн Болор-Эрдэнийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Болор-Эрдэнэд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан, шүүгдэгч О.Болор-Эрдэнэд  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх  дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Болор-Эрдэнэд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч О.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Болор-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР