Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/86

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Д,

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2113000000082 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав ээж, эгч нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б , РД:БЮ98******.

Шүүгдэгч Б  нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай “Дөл” хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр өөрийн эзэмшлийн 00-00 БӨҮ улсын дугаартай “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/, 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан Н гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000000082 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 1 дүгээр хуудас/,

2. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 3-7 дугаар хуудас/,

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 13 дугаар хуудас/,

4. Хохирогч Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 33-34 дүгээр хуудас/,

5. Хохирогч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 43-44 дүгээр хуудас/,

6. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 48 дугаар хуудас/,

7. Гэрч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 54-55 дугаар хуудас/,

8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 215 дугаартай хохирогч Н гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 73-74 дүгээр хуудас/,

9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 217 дугаартай хохирогч М ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 90-91 дүгээр хуудас/,

10. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн замын тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон магадлагаа /1 дүгээр хавтасны 220-221 дүгээр хуудас/,

11. Яллагдагч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 232-234 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б  нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай “Дөл” хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр өөрийн эзэмшлийн 00-00 БӨҮ улсын дугаартай “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/, 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан Н гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 1 дүгээр хуудас/,

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 3-7 дугаар хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 13 дугаар хуудас/,

- Хохирогч Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12б ангид сурдаг. Манай ангийнхан төгсөлтийн монтажны зураг авхуулахаар аймгийн төвд байсан. Би өөрийн авга ах Б инд түр байсан юм. Манай ангийнхан 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Толбо суманд очиж цуглаад 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдөр зураг авхуулах төлөвлөгөөтэй байсан. Тэгээд манай ангийн охин М  2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед намайг гэртээ дуудсан ба намайг очиход М , С  хоёр хамт байсан. Бид гурав тэдний гэрээс гараад 19 цаг хүртэл дэлгүүрээс монтажны зураг авхуулахад, өмсөх хувцас авчхаад С ийн гэрт очиж хоол цай идэж уусны дараагаар М  Е аас даашинз түрээсэлж авна, тэрийг очиж үзье гээд намайг дагуулаад 22 цагийн үед гарсан ба М  найз болох Б ыг машинтай нь дуудсан байсан.

Тэгээд түүний машинд ерөнхий боловсролын 10 дугаар сургуулиас суугаад М ын найз гэх Е ы гэрт очиж нэг даашинз үзээд М ад таарахгүй байхаар нь зургийг нь авчхаад өөр зураг авхуулахад өмсчих туфль байна уу гэхэд Е  манай нэг найзад байгаа, чи үзнэ гэвэл очоод үзүүлье гэсэн. Тэгээд Е тай хамт байсан А ийг дагуулаад тэдний гэрээс 22 цаг 30 минутын орчимд гарсан ба М  урд талын суудалд суусан, харин А  жолоочийн арын суудалд, Е  голын суудалд, би баруун талын захын суудалд суусан. Тэгээд Е  нөгөө найзынхаа гэрийг зааж өгнө гээд Хөрс шатахуун түгээх станцын агуулахын тэнд гудамжны наана цаана ирээд гэрийг нь олохгүй болохоор нь Е , А  хоёрыг талбай дээр буулгах гээд буцаад аймгийн төв рүү явж байхад хуучин Улсын бүртгэлийн 3 замын уулзвараар баруун гар тийш эргээд явж байхад ардаас нэг цэнхэр өнгийн автомашин гүйцэд түрүүлэхэд араас нь хөөгөөд яваад байсан ба тэгээд эмнэлгийн тэнд Б  түүнийг гүйцэх гээд хурдаа нэмсэн ба бид нар хурдаа хасаач, битгий хурдтай яваад бай гэхэд юу ч хэлэлгүй ардаас нь хөөгөөд яваад байсан ба тэгээд эмнэлгийн 4 замын уулзвараар зүүн эргээд 1 дүгээр сургуулийн урдуур яваад Тирлик захын зүг рүү явж байгаад гэнэт юм мөргөөд машин зогссон ба арын суудалд сууж байсан Е , А  бид гурав буугаад осол болсон газрыг харахад “Дөл” супер маркетын урд байсан.

...Б  өөрөө жолоодож яваад осол гаргасан. ...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 33-34 дугаар хуудас/,

- Хохирогч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр ангийн найз болох С , Н гийн хамт С ийн гэрт мацаг тайлаад оройн хоол идчихээд хонхны баярт монтажны зураг авалтад өмсөх даашинзыг Е  гэх найзаасаа түрээслэхээр тохирсон байсан юм. Тэгээд С ийн гэрээс гарахаас өмнө Б  гэх найзыгаа фейсбүүк чатаар дуудаж Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн урьдаас ирж би болон Н г машиндаа суулгаад Е ы гэр рүү явсан. Е ы гэр Бугат сум руу явах замд байдаг оршуулгын газрын ойролцоо байдаг ба би тэдний гэр рүү Н гийн хамт орж даашинз үзэхээр болсон. Харин Б ыг машиндаа хүлээж байгаарай гээд үлдсэн. Тэгээд Е аас даашинзыг үзэхэд надад таарахгүй байсан, тэгээд туфль байхаар нь тэрийг авсан. Е  надад миний нэг найзад чамд таарах даашинз байгаа, тэрийг очиж үзье гээд тэдний гэрээс үеэл дүү А , Е , Н  бид дөрөв 22 цагийн үед гарсан.

Тэгээд Е ы найзын гэрийг Бөхөн уулын бэлээр хайгаад олоогүй, тэгээд Е , А  нар биднийг талбай дээр буулгачих гэхээр нь бид хэд тэднийг талбай руу хүргэж өгөх гээд явж байхад бидний урдуур нэг цэнхэр өнгийн суудлын машин маш хурдтай гүйцэж түрүүлсэн. Уг тээврийн хэрэгслийн араас явж байсныг санаж байна. Тэрнээс хойших үйл явдлыг санахгүй байна. Тухайн ослын улмаас толгойдоо 2 хэсэгт оёдол тавиулсан, өөр харагдах гэмтэл шарх байхгүй. Надад ямар нэгэн санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны хэргийн 43-44 дүгээр хуудас/,

- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Өлгий сумын 11 багийн нутаг дэвсгэр Ж  нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Өчигдөр 23 цагийн үед өөрийн дэлгүүрээс хүнсний бараа бүтээгдэхүүн авахаар найз А ийн 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй дэлгүүрийн гадна ирж зогсоод би дэлгүүр лүүгээ ороод хүнсээ аваад машиндаа суугаад хөдлөх гэж байхад араас маш хурдтай машин ирж байхаар нь зам тавьж өгөөд машинаа хөдөлгөөгүй. Тэгээд тэр машин “Хостерек” худалдааны төвийн урдуур баруун эргээд явсан ба яг араас нь бас нэг машин маш хурдтай ирээд манай машиныг өнгөрөөд Ж  дэлгүүрийн үүдний пластик амбаарыг мөргөж осол гаргасан. Тэгээд би өөрийн 85****** дугаарын утсаар Цагдаагийн байгууллагад, дараа нь 7042103 дугаарт дуудлага өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэлд жолоочийн хамт 5 хүн байсан ба эрэгтэй жолооч, 4 эмэгтэй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай дэлгүүрийн нураасан үүдний амбаарыг өөрсдөө засаж өгөхөөр тохиролцсон болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 48 дугаар хуудас/,

- Гэрч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хурдаа хасаж чадаагүй улмаас машин юм мөргөж осолд орсон. Б  эрүүл байсан ба ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 54-55 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2021 оны 05 сарын 14-ны өдрийн 215 дугаартай “1. Иргэн Н ын биед баруун талын эгэм зөрсөн хугаралтай, баруун мөрөнд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай гэмтэл тогтоогдлоо.

2. Иргэн Н ын дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь нэг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ.

3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4. Иргэн Н ын дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 73-74 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 217 дугаартай “Иргэн М ын бие тархины битүү гэмтэл, тархины доргилт, зулайны дунд урд хэсэгт, зулайны баруун хэсэгт няцарсан шархтай гэмтлүүд тогтоогдлоо.

2. Иргэн М ын дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь нэг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ.

3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй.

4. Иргэн М ын дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 90-91 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн замын тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон “...жолооч Б  нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/-д зааснаар “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.2-т зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн бөгөөд энэ нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадлагаа /1 дүгээр хавтасны 220-221 дүгээр хуудас/,

- Яллагдагч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн 00-00 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Намайг хүмүүс ихэвчлэн утсаар дуудаж байгаа газраасаа авхуулж хүргүүлэх газартаа хүргүүлдэг. 21 цагийн үед оройн хоол идсэний дараа М  гэх эмэгтэй найз маань наад руу чатаар чи хаана байна намайг гэрт хүргээд өгөөч би найзындаа байна гэхээр нь тэгье хаана очих юм гэхэд Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн урд хүлээж байгаарай гэхээр нь би тухайн газар очоод машиндаа сууж байхад М , Н  хоёр ирээд миний машинд суусан. Тэгээд М  надад би Е аас нэг даашинз үзэх гэсэн юм тийш хүргээд өг гэхээр нь очсон. Е ы гэр рүү М , Н  хоёр орсон ба тэдний гэр нь Бугат сум руу явах зам дагуу байдаг оршуулгын газрын ойролцоо байсан. Тэгээд М , Н  хоёр хэсэг хугацааны дараа гарч ирсэн. Тэгээд бид нар миний машинтай явж байгаад Дөл дэлгүүрийн урд талд осолдсон. Би өөрийн үйлдсэн хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 232-234 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Б  нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай “Дөл” хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр өөрийн эзэмшлийн 00-00 БӨҮ улсын дугаартай “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсний тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан Н гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б ын хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.

Иймд шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б  замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/, 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан Н гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-нд заасан хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагаанд явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н , М  нарын зүгээс эрүүл мэндэд учирсан хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гэмт хэргийн хор уршигт ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай мэдүүлсэн мэдүүлэг болон гарын баримт /2 дугаар хавтасны 30-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж үзэхэд шүүгдэгч Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б аас хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргаж, хохирогч Н , М  нараас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баталгааг хавсаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 23 дугаартай саналд яллагдагч Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /2 дугаар хавтасны 41 дүгээр хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б ад холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлж дуусгах эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй зэргийг тус тус дурдаж, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын К-16 дугаартай хяналтын камераас хуулбарлан авч хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн DVD бичлэг 1 ширхгийг эрүүгийн хэргийг хадгалах явцад хэргийн хамт хадгалах зүйтэй байна.

Шүүгдэгч Б ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын К-16 дугаартай хяналтын камераас хуулбарлан авч хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн DVD бичлэг 1 ширхгийг эрүүгийн 2113000000082 дугаартай хэргийг хадгалах явцад хэргийн хамт хадгалсугай.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ