Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/00954

 

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/00954

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4-р хороо, Цэргийн хотхон 8-170 тоотод оршин суух, “Тод ганнам” мэс заслын эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, регистр ФА84102571, Юмхүү овогт Даваасүрэнгийн Тодномбатын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, Эко 19-р байр 20 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв дотоод шүүрлийн эмч ажилтай, регистр ЧВ84053165, Жанцан овогт Шандасын Мөнгөнчимэгт холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, дундын эд хөрөнгөөс 2 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Тодномбат, хариуцагч Ш.Мөнгөнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Тодномбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.30-ны өдрийн 04992 тоот шүүхийн шийдвэрээр Мөнгөнчимэг  бид хоёрын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 5-р сарын 22-ны өдөр төрсөн охин Т.Энхлэн, 2013 оны 5-р сарын 13-ны өдөр төрсөн охин Т.Энхрийлэн нарыг эхийн асрамжинд үлдээсэн. Миний 2 охин одоо эмээ Пүрэвсүрэнийнд амьдарч байна. Мөнгөнчимэг  2 охиндоо анхаарал халамж муу тавьдаг, хумсыг нь авахгүй явуулах, хувцсыг нь угаахгүй, үс толгойг нь анхаардаггүй, асрамж хүүхдийн байдал зэргээс шалтгаалаад 2 охиноо өөрийн асрамжинд авахыг хүсч байна. Хамт амьдарч байгаа өвөө, эмээ нь тус тусдаа амьдардаг. 2 гэрийн хооронд яваад байна. Эмээ нь архи хүртдэг, тэрнээс нь айж ичдэг, ээжийнх нь хайр халамж анхаарал муу санагддаг. Иймд 2 охиныг миний асрамжинд үлдээхээр өөрчилж өгнө үү. Бид хамтран амьдарч байх хугацаанд 2012 оны 05-р сард Пажеро маркийн жижиг оврын машиныг 3 000 000 төгрөгөөр худалдан авсан. Мөнгөнчимэгийг 2 охиноо зөөж байг гэж үлдээсэн. Машиныг Хөвсгөл аймгийн Их-уул суманд ажиллаж байхдаа 5 жил ажилласан 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал, цалингийн зээл авч авсан. Иймд 2 охин болон надад ногдох 2 250 000 төгрөгийг Ш.Мөнгөнчимэгээс гаргуулж өгнө үү гэв.   

 

Хариуцагч Ш.Мөнгөнчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, 2 охиныг миний асрамжинд үлдээсэн. Бид бага охиноо 6 сартай байхад нь салсан. Яагаад дахин нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй  байна. Миний ээж архи уудаг хүн биш, 4 хүүхдийнхээ хүүхдүүдийг өсгөлцөх, 2 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд тусладаг. Машиныг шүүхийн шийдвэр дээр ярьсан. 2012 онд худалдаж аваад, 2013 онд зарсан. Тодномбат 2 хүүхдээ авахгүй гэж хэлчихээд одоо яагаад авах гээд байгаа юм бэ. Шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлөх ёстой, өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Д.Тодномбат нь Ш.Мөнгөнчимэгт холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, дундын эд хөрөнгөөс 2 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08-р сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04992 тоот шийдвэрээр Д.Тодномбат, Ш.Мөнгөнчимэг нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 5-р сарын 22-ны өдөр төрсөн охин Т.Энхлэн, 2013 оны 5-р сарын 13-ны өдөр төрсөн охин Т.Энхрийлэн нарыг эхийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг гаруулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр /хх 15-18/ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч 2 хүүхдийг өөрийн асрамжинд авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “эх нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, эмээ нь архи уудаг, үүнээс нь хүүхдүүд айдаг” гэж тайлбарлажээ.

 

Шүүхийн шийдвэрээр Ш.Мөнгөнчимэгийн асрамжинд бага насны 2 хүүхдийг үлдээснээр хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн, эхийн халамжаар дутаасан, хүүхдүүд хүнд нөхцөлд амьдарч байгаа, түүний ээж нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр   нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлууд шүүх хуралдааны шатанд тогтоогдоогүй байна.

 

Нөгөө талаас, эцэг Д.Тодномбат нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх, хүүхдүүдээ тэжээн тэтгэх, тэтгэлэг төлөх үүргээ биелүүлээгүй нь шүүх хуралдааны шатанд зохигчийн тайлбараар, тэтгэмж төлөх Голомт банкны дансны хуулгаар /хх 21-27/ тус тус тогтоогдсон байх ба хэдийгээр талууд гэрлэлтээ цуцлуулсан боловч эцэг Д.Тодномбат нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрээр гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн, гэрлэлтээ цуцлуулахдаа талууд Ш.Мөнгөнчимэгийн эзэмшилд 2012 оны 5-р сарын 2-нд бүртгэгдэж, 2013 оны 9-р сарын 13-ны өдөр бусдын эзэмшилд шилжүүлсэн 89-88 УБИ дугаартай MITSUBISHI PAJERO  маркийн машины талаар маргаагүйгээс гадна  нэхэмжлэгч уг машиныг Хөвсгөл аймгийн Их-уул суманд ажиллаж байхдаа авсан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний  урамшуулал, цалингийн зээлээр авснаа баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Харин Ш.Мөнгөнцэцэгийн амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан хуваарьт хөрөнгө гэх үндэслэлтэй, хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлж, харин 2 250 000 төгрөг гаргуулах шаардлагад хураамж төлөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэхь хэсэгт зааснаар Д.Тодномбатаас улсын эмдэгтийн хураамжид 50 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэг, 130-р зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 5-р сарын 22-ны өдөр төрсөн охин Т.Энхлэн, 2013 оны 5-р сарын 13-ны өдөр төрсөн охин Т.Энхрийлэн нарын асрамжийг өөрчилж өөрийн асрамжинд авах, Ш.Мөнгөнчимэгээс 2 250 000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Д.Тодномбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Тодномбатаас 50 950 /тавин мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.  

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА