| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/88 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/88
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Б,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч М, З,
шүүгдэгчийн өмгөөлөгч С,
шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н д холбогдох эрүүгийн 2013003000237 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н , РД:Б390******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр “Бураатын даваа” гэх газарт 00-00 БӨТ улсын дугаартай, “Соната-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёрын 12.1, 12.2, 12.3 дахь хэсгийг тус тус зөрчиж, засмал замын хажууд аваарын дохио өгч зогсож байсан 00-00 УНЧ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Г ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Н мэдүүлэхдээ: Машин зогсож байхыг хараад айгаад тоормос гишгэхэд мөндөр орж байсан тул халтирсан.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд урьдчилсан байдлаар 10.000.000 төгрөгийг төлсөн. Иргэний нэхэмжлэгчид 9.000.000 төгрөг төлсөн. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 13.284.599 төгрөгийг төлж өгнө. Бусад хохиролтой холбоотой асуудлыг шүүхээс гарсан шийдвэрийн дагуу төлж өгнө гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э мэдүүлэхдээ: Энэ гэмт хэргийн улмаас миний хүү амь үрэгдсэн. Эхнэр нь 3 нялх хүүхэдтэй үлдсэн. Сэтгэл санааны маш их хохиролтой байгаа. Хавтаст хэрэгт авагдсан хүүхдийнх нь тэжээгч алдсаны тэтгэмж, бусад хохирлуудыг гаргуулж өгөхийг хүсэж байна. Ерөнхий гарсан хохирлыг амь хохирогчийн эхнэр болох Э д гаргуулж өгнө үү.
Орчуулгын болон гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол 23.284.599 төгрөг байгаа. Үүнээс шүүгдэгч 10.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Цаана нь 13.284.599 төгрөг үлдэж байгаа.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлд маш тодорхой заасан байгаа. Хүүхдийг нь 18 нас хүртэлх хугацааны тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүүд 126.440.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Амь хохирогчийн 2018, 2019, 2020 оны ХААН банкны дансанд орсон орлогоос боломжит зардлыг хасаад, 5 дахин багасгаад 18 жилээр бодоход уг үнийн дүн гарч байгаа. Зарим гэрээнүүд нь олдоогүй. Сүүлд гаргаж өгсөн гэрээгээр 20.000.000 төгрөгийн орлого олж байсан.
Мөн сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Монголын шүүхийн практикт сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг хүртэл гаргаж өгч байсан тохиолдолд байгаа. 3 хүүхэд нь хүнд нөхцөлд байгаа. Амь хохирогчийн эхнэр нь шүүх хуралд орох гэж зүтгээд ирж чадаагүй. Цахим сүлжээгээр орж чадаагүй. Нөхрөө алуулчхаад 3 хүүхэдтэй үлдсэн. Хэн ч гэсэн ханиа алдахад шанална. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг тодорхой хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Амь хохирогчийн 3 хүүхдийн амьдралын баталгааг нь хангуулахыг хүсэж байгаа гэв.
Хоёр: Эрүүгийн 2013003000237 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 10-18 дугаар хуудас/,
2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 28-32 дугаар хуудас/,
3. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн жолооч Н ын согтуурлын хэмжээг шалгасан тухай /согтууруулах ундаа хэрэглээгүй/ тэмдэглэл /1 дүгээр хавтасны 35 дугаар хуудас/,
4. Зам тээврийн осолд орсон 00-00БӨТ улсын дугаартай Соната-6 загварын, мөн 00-00УНЧ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 38-42 дугаар хуудас/,
5. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5/65 дугаартай, яллагдагч Н ын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м кв талбайтай №00******* тоот гэрчилгээтэй газрын битүүмжилсэн тогтоол /1 дүгээр хавтасны 50 дугаар хуудас/,
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 96-97, 103-104 дүгээр хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгч Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 106-107 дугаар хуудас/,
8. Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 109-110 дугаар хуудас/,
9. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 111-113 дугаар хуудас/,
10. Гэрч Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 114-115 дугаар хуудас/,
11. Гэрч О н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 116-118 дугаар хуудас/,
12. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч О ын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 564 дугаартай иргэн Э ий эрүүл мэндэд учирсан хохиролд гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлт /1 дүгээр хавтасны 129-130 дугаар хуудас/,
13. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч О ын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 565 дугаартай нярай Н ийн эрүүл мэндэд учирсан хохиролд гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлт /1 дүгээр хавтасны 134-135 дугаар хуудас/,
14. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 153-157 дугаар хуудас/,
15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан гэмт хэргийн хор уршиг болох хохирлын болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн баримтууд /1 дүгээр хавтасны 55-93, 2 дугаар хавтасны 11-27, 162-175, 181-244 дүгээр хуудас/,
16. Шинжээч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн инженер Ж, С нарын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10, 11 дугаартай, зам тээврийн осолд орсон 00-00БӨТ улсын дугаартай Соната-6 загварын, мөн 00-00УНЧ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн ослын дүгнэлт /1 дүгээр хавтасны 164-165, 177-179 дүгээр хуудас/,
17. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн БӨА-20/49 дугаартай, 00-00 УНЧ улсын дугаартай, Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангид үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /1 дүгээр хавтасны 169-172 дугаар хуудас/,
18. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Н ын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон магадалгаа /1 дүгээр хавтасны 188-192 дугаар хуудас/,
19. Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б ын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай, иргэн Н ын эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м кв талбайтай №00******* тоот гэрчилгээтэй газар 700.000 төгрөгийн үнэтэй /суурь үнэ 10.000.000 төгрөг/ болохыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 196 дугаар хуудас/,
20. Яллагдагч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 206-208 дугаар хуудас/,
21. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн “яллагдагч Н урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох”-ыг тодорхойлсон шалгах хуудас /1 дүгээр хавтасны 210 дугаар хуудас/,
22. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10/61 дугаартай “Н нь ам бүл 3, ээж дүү нарын хамт амьдардаг, Н эрхэлсэн тодорхой ажилгүй, төлөв даруу тусархаг зантай, нэн ядуу өрх мөн болох”-ыг тодорхойлсон тодорхойлолт /1 дүгээр хавтасны 212 дугаар хуудас/,
23. Иргэн Н ын ХААН банкин дахь 57********* дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтасны 233 дугаар хуудас/,
24. Иргэн Н ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж шийтгэл хүлээж байсан тухай торгуулийн хуудасны бүртгэл /2 дугаар хавтасны 6-8 дугаар хуудас/,
25. Яллагдагч Н аас ХААН банкин дахь 51********* дугаартай дансаар иргэний нэхэмжлэгч Ц ийн 5830061188 дугаартай дансанд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 9.000.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /2 дугаар хавтасны 9 дүгээр хуудас/,
26. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч нараас гаргаж байсан хүсэлтүүд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас улсын яллагчтай санал нэг байгаа ба шүүгдэгч Н нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн,
Шүүгдэгч Н аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй хэмээн тайлбарласан болно.
Шүүгдэгч Н нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр “Бураатын даваа” гэх газарт 00-00 БӨТ улсын дугаартай, “Соната-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёрын 12.1, 12.2, 12.3 дахь хэсгийг тус тус зөрчиж, засмал замын хажууд аваарын дохио өгч зогсож байсан 00-00 УНЧ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Г ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 10-18 дугаар хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 28-32 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн жолооч Н ын согтуурын хэмжээг шалгасан тухай /согтууруулах ундаа хэрэглээгүй/ тэмдэглэл /1 дүгээр хавтасны 35 дугаар хуудас/,
- Зам тээврийн осолд орсон 00-00БӨТ улсын дугаартай Соната-6 загварын, мөн 00-00УНЧ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 38-42 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу гэр бүлийнхээ хамтаар буюу нөхөр Г , том хүү Г , дунд охин Т , бага охин Н нарын хамт 0000УНЧ улсын дугаартай, цагаан өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй явахаар болж Ховд аймгаас 12-13 цагийн үе гарсан юм. Мөн манай машинтай хамт найз Н ийн гэр бүл мөн өөрсдийнхөө машинтай хамт явсан юм. Улмаар Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр буюу Бураатын даваа гэх газраар явж байхад бороотой, цас орж цаг агаар сэрүүхэн байсан бөгөөд даваагаар дээш өгсөж явахад замын баруун талд буюу бид нарын явж байсан чигт, замын хажуугийн ховил хэсгийн нүх рүү /үерийн ус зайлуулагч/ нэг приус машин орчихсон, 2 хүн арайхийж түлхэж байгаа харагдсан юм.
Тэгэхээр нь нөхөр машинаа замын хажуугийн хэсэг рүү шахаж тавиад зогсоож, манай машины ард нэлээн зайтай Н ийн машин зогссон. Тэгээд нөхөр маань болон найз Н нар машинаасаа бууж тус замын хажуугаар орсон байсан машинд туслахаар очиж, машиныг хамт түрэлцэхээр явсан. Би 3 хүүхдийнхээ хамтаар машиндаа үлдсэн ба жолоочийн эсрэг талын урд суудал дээр бага охины хамтаар сууж байсан, харин арын суудалд том хүү, дунд охин хоёр сууж байсан. Улмаар машинд сууж байсан дунд охин маань бие засна гэхэд нь машинаасаа буухгүй байж бай гэж хэлээд хойшоо харахад нөхөр маань машин руу алхаж ирж байгаа нь харагдсан ба хүүхдүүддээ аав нь ирж байна, одоо хөдөлцгөөнө гэж хэлээд урагшаа хараад бага охиноо аваад тэврэхэд гэнэт тас хийсэн, юу болсон талаар огт мэдээгүй. Нэг мэдэхэд надтай хамт сууж байсан охин маань ухаангүй байдалтай байхаар нь охиноо тэвэрч орилж чарлахад охин маань бүдэгхэн нүдээ нээж байсан.
Тэгээд машинаас буухад замын хажуугийн хэсэгт зогсож байсан машиныг урдаас, эсрэг урсгалаас ирж машин орсон байдалтай, харин нөхөр маань машины хажууханд хэвтэж байсан шиг санагдаж байна.
...Хурд хэтрүүлэн эсрэг урсгал руу орж ирж, зогсож байсан машиныг мөргөж, хайрт ханийн минь амь насыг хохироосон, мөн үр хүүхэд болон надад гэмтэл учруулж, үр хүүхэд минь өнчирч үлдсэнд маш их гомдолтой байна.
...талийгаачийн ажил явдалд нийт 13.789.795 төгрөг гарсан. Харин машины мөнгийг хадам дүү Цэлмэг өөрөө нэхэмжилнэ. Түүний үнэлгээгээр машиныг 12.000.000 төгрөг гэсэн. Мөн сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 1.000.000 төгрөг өгсөн. Мөн талийгаач сард цэвэр 1.000.000 төгрөгийн орлоготой байсан бөгөөд 3 хүүхэд нь сарын 420.000 төгрөгийн тэтгэмж тогтохоор нь уг мөнгийг хасаад сарын 580.000 төгрөг болгоод 36 сараар бодоход 20.880.000 төгрөг гарсан. Ингээд машин оруулахгүйгээр бодоход нийтдээ 55.669.795 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 96-97, 103-104 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 00-00 УНЧ улсын дугаартай Тоёота приус 20 загварын автомашин миний өөрийн эзэмшлийн эд хөрөнгө юм аа. Тухайн автомашиныг би 2016 оны 02 дугаар сард Улаанбаатар хотоос автомашин зардаг газраас 12 сая төгрөгөөр худалдаж авч байсан. ...миний төрсөн ах талийгаач Г нь тухайн автомашиныг 2020 оны хавраас ашиглаж байсан. Би өөрийнхөө сувдан цагаан өнгийн приус 20 загварын автомашиныг 12 сая төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 106-107 дугаар хуудас/,
- Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Г нь машинаа замын шороон хөвөөнд гаргаж зогсоогоод аваарын гэрлээ асаагаад өөрөө машинаас буугаад замын баруун хажуу жалганд унасан байсан мөнгөлөг өнгийн жижиг машин руу алхаж байсан. Тэгэхлээр нь би араас нь машинтай ирээд Г ийн машины хойно 40-50 метр зайд замын шороон хөвөөнд машинаа зогсоогоод баруун дохиогоо өгөөд машинаас буугаад жалганд унасан машинд очсон. Тухайн үед тэр жалганд унасан саарал өнгийн “Тойота приус” загварын тээврийн хэрэгслийн хажууд үл таних хоёр Монгол залуус зогсож байхаар нь Г бид хоёр очиж, гайгүй үү энэ тэрийг асуугаад түүний машиныг харахад түлхээд гаргах ямар ч боломжгүй байхаар нь Г бид хоёр явахаар болж машин машин руугаа явсан. Тухайн үед миний машин арай ойрхон зогсож байсан тул би машиндаа очоод жолоочийн суудалд суух үед найз Г нь машиндаа суухаар замын хөвөөнд гараад машин руугаа дөхөж байтал түүний машины урд талаас урсгал сөрж мөнгөлөг саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл нийлээн хурдтай ирээд талийгаачийн машины зүүн урд хэсгээр нь хүчтэй мөргөсөн. Тухайн үед тас гэх хүчтэй дуу чимээ гарсан. Тэр мөнгөлөг саарал өнгийн машин талийгаачийн машиныг зүүн урдуур нь мөргөхөд тээврийн хэрэгсэл баруун хойшоогоо шидэгдэх үед машинтай цуг талийгаач замын хойд жалга руу шидэгдэж унасан. Талийгаач жалга руу шидэгдэх үед араас нь өөрийнх нь машин ч хойшоогоо талийгаачийн унасан жалга руу шидэгдсэн. Энэ үйл явц 5-10 секундийн зайтай, нүд ирмэхийн зуур нийлээн хурдтай болж өнгөрсөн. Тэр хооронд би машинаасаа буугаад талийгаачийн машин руу гүйж байх хооронд нөгөө осол гаргасан мөнгөлөг саарал өнгийн суудлын тээврийн хэрэгслийн жолооч нь машинаасаа буугаад ирэхээр нь би түүнд машинд хүүхдүүд байгаа гэсэн. Ер нь тэр хооронд би нийлээн сандарч, ямар ч байсан талийгаачийн машин дотор байсан эхнэр 3 хүүхдүүдийг нь машинаас гадагшаа гаргасан. Харин талийгаачийг машины доороос нөгөө осол гаргасан машины жолооч болон жалганд байсан машины жолооч гурвуулаа гаргаж байх шиг санагдсан.
Тэр хооронд тэнд байсан хүмүүс цагдаа, эмнэлэг рүү залгаарай гэж хэлж байсан. Осол болсны дараа осол гаргасан машиныг харахад мөнгөлөг саарал өнгийн “Соната-6” загварын 00-00 БӨТ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 111-113 дугаар хуудас/,
- Гэрч Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд замдаа явж байтал Бураатын даваа орчимд манай машин урд явж байсан талийгаач Г нь машинаа замын хажуу хөвөөнд зогсоогоод өөрөө машинаасаа буугаад замын хажууд жалганд унасан байсан Приус машин руу явж байхаар нь бид нар араас нь ирээд машинаа замын хөвөөнд гаргаж зогсоод манай нөхөр бууж очоод талийгаачтай цуг нөгөө жалганд унасан машиныг түлхэх гээд гарахгүй болохоор нь буцаж машиндаа хүрээд ирсэн.
Манай нөхөр машиндаа ирээд суусан ба тухайн үед талийгаач өөрийнхөө машинд суухаар машиндаа дөхөж очиж байтал түүний машины урд талаас засмал замын хоёр тал руу шарвасан байдалтай мөнгөлөг өнгийн жижиг суудлын машин ирж байсан ба талийгаачийн машин руу урсгал сөрж орж ирээд талийгаачийн машины зүүн урд талд хүчтэй мөргөсөн. Тухайн машиндаа суух гэж очиж байсан талийгаач нь машиныхаа хойно цохигдож, замын хөвөөнөөс гарч жалганд унасан ба дараа нь машин нь талийгаачийн унасан жалга руу шигдэж, талийгаачийг дээрээс нь дарсан. Тэгээд нөхөр бид хоёр машинаас буугаад гүйгээд очих үед талийгаач машиныхаа жолоочийн талын хойд талын дугуйны харалдаа машины доор өвдгөөрөө нугалсан, доошоо харсан байдалтай байсан. Тэгээд машинаас талийгаачийн эхнэр хүүхдүүдийг буулгасан. Тэгээд би талийгаачийн хүүхдүүдийг аваад өөрийнхөө машинд очоод суусан. Дахин ослын газарт очоогүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 114-115 дугаар хуудас/,
- Гэрч О н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 08 дугаар сарын 29-ний өдөр байх өөрийн эзэмшлийн Приүс-20 загварын 0000 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод өөрийн төрсөн дүү Ц ын хамтаар Улаанбаатар хот руу явж байсан юм. Тухайн үед Ц миний машиныг бариад явж байсан бөгөөд өдөр 14 цаг өнгөрч байхад Толбо сумын нутаг дэвсгэр, Бураатын даваа өгсөөд уруудаж байх үед гэнэт их мөндөр орсон. Тэгээд машин тоормосолсон боловч гулгаад замын хажуу талын далан руу очиж мөргөсөн. Ер нь тэр өдөр бороотой, бүрхэг байсан, тэгээд яг уруудаад явж байхад их хэмжээний мөндөр ороод гулгаа үүссэн.
...тухайн үед дүү бид хоёр юм мөргөөд зогсож байхад Приус-20 загварын тээврийн хэрэгсэл, мөн “Акуа” загварын машинтай хүмүүс ирж 100 орчим метр газарт зогсоод 2 залуу ирээд туслалцаа хэрэгтэй юу гэхээр нь би “машин дуудчихсан байгаа, баярлалаа” гэж хэлэхэд тэр хүмүүс машин руугаа явсан. Дүү бид хоёр машиндаа суугаад үлдсэн бөгөөд төд удалгүй гэнэт машин мөргөлдөж байгаа юм шиг чимээ гараад хүмүүс орилолдож, шуугилдахаар нь би машинаасаа буугаад очиход Приус-20 загварын тээврийн хэрэгсэл нь урд талаасаа мөргүүлж замын хажуу тал руу түрэгдэж гараад жалга руу орж зогссон байдалтай. Тухайн үед намайг очиж харахад сааралдуу өнгийн байх Соната-6 загварын машин байсан бөгөөд тэр машины урд талын гупер чихэгдчихсэн байдалтай байсан. Намайг очих үед Приус-20 загварын машины дэргэд буюу мөргүүлсэн залууг хүмүүс тойроод зогсож байсан бөгөөд тэнд байсан хүмүүс хоорондоо ярихдаа машинд сууж амжаагүй, машиныхаа хойд талд зогсож байхад урд талаас урсгал сөрөөд Соната-6 загварын машин зогсож байсан Приус-20 загварын машиныг мөргөөд уг залуу давхар цохигдож жалга руу шидэгдсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 116-118 дугаар хуудас/,
- Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч О ын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 564 дугаартай “1. Үзүүлэгч Э ий биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн бугалга, зүүн шанаа, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн зулуйн хуйханд, зүүн нүдний гадна буланд, зүүн хацар, зүүн бугалганд зулгаралт, баруун сарвууны ард зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул биеийн гадаргууд учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-1.5 орчим хувийн талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 129-130 дугаар хуудас/,
- Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч О ын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 565 дугаартай “1.Үзүүлэгч Н ийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, духны зүүн хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 134-135 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “1.2. Талийгаач Г ийн биед гавал тархины болон цээжний битүү хүнд хавсарсан няцарсан гэмтэл, их болон бага тархины эдийн цус хуралттай, хажуугийн ховдолууд цус хуралттай, тархины эдийн няцаралт, цээжний хөндийн цусан бүлээнтэй, хурц цус алдалт, зүүн талын 4, 5, 6 хавирга битүү хугарсан, баруун талын 5 хавирга битүү хугарсан, 2 талын уушиг болон элэгний няцаралт, эдийн цус хуралт, духны баруун хэсэгт зулгаралт, духны зүүн хэсгийг хамаарсан зулгаралт, дагзны баруун хэсэгт зурагдсан шарх, хамрын нуруунд хөндлөн байрлалтай шарх, доод эрүүний зүүн талд зулгарсан, цээжний зүүн талд олон тооны тархмал хэлбэрийн зулгаралт, зүүн бугалгааны гадна талд /булчин хүртэл/ няцарч урагдсан шархтай, баруун бугалга, мөр, шууны хэсэгт тархмал зулгаралт, баруун шилбэний урд хэсэгт зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.
3. Талийгаач Г ийн биед үүссэн дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн болно.
4,5. Талийгаач Г ийн гавал тархины болон цээжний битүү хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
6. Талийгаач Г ийн биед архаг хууч өвчин тогтоогдоогүй.
7. Талийгаач Г ийн цогцосноос авсан гэх цусанд 0,5% этилийн спиртийн агууламж илрэв. Талийгаач Г нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 153-157 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан гэмт хэргийн хор уршиг болох хохирлын болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн баримтууд /1 дүгээр хавтасны 55-93, 2 дугаар хавтасны 11-27, 162-175, 181-244 дүгээр хуудас/,
- Шинжээч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн инженер Ж, С нарын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № 11, 10 дугаартай “1. 00-00 УНЧ улсын дугаартай NНW203410719 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэсэн, Монголд 2016 оны 02 дугаар сард орж ирсэн, “Тoyota prius-20” загварын, 2020 оны 03 дугаар сарын 23-нд РС043 (Ховд) салбарт техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн дүнтэй дүгнэлт гарсан байна. Уг тээврийн хэрэгсэл нь 88****** утасны дугаартай ОЮ96****** регистрийн дугаартай Ц ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь мөргүүлсний улмаас урд, хойд хэсгээрээ их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байна.
2. “Тoyota prius-20” загварын 00-00 УНЧ улсын дугаартай, цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлүүд нь урд хэсгээрээ бусад тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас үүссэн байна.
3. “Тoyota prius-20” загварын 00-00 УНЧ улсын дугаартай, суудлын тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл, гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байна.
4. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй”,
“...1. 00-00 БӨТ улсын дугаартай, “Hyundai Sonata-6” загварын суудлын автомашин нь KMNEU41МР8А549953 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2017 оны 02 сард орж ирсэн, Б390****** дугаарын регистртэй, 95****** утасны дугаартай Н эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын РС120 авто оношилгооны төвд 2020 оны 05 дугаар сарын 29-нд оношилгоонд орж тэнцсэн дүнтэй гарсан тээврийн хэрэгслийг өрөө жолоодож явж, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 06-р багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж мөргөлдсөний улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байна.
2. Шинжилгээнд хүргүүлсэн 00-00 БӨТ улсын дугаартай, “Hyundai Sonata-6” загварын суудлын тээврийн хэрэгсэл нь урд хэсгээрээ тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас үүссэн байна.
3. 00-00 БӨТ улсын дугаартай, “Hyundai Sonata-6” загварын суудлын тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байна.
4. 00-00 БӨТ улсын дугаартай, “Hyundai Sonata-6” загварын суудлын тээврийн хэрэгслийн урд хэсэгт, хөдөлгүүр, явах ангид их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн тул техникийн хяналтын үзлэгт оруулж асааж шалгах боломжгүй.
5. Хариулах боломжгүй.
6. 00-00 БӨТ улсын дугаартай, “Hyundai Sonata-6” загварын суудлын тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүд нь ажиллагаатай эсэхийг тээврийн хэрэгслийг асааж шалгах боломжгүй байна.
7. Осол гарсан шалтгааныг тухайн ослын газар ажилласан замын цагдаагийн байцаагч тогтооно.
8. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй” гэх дүгнэлтүүд /1 дүгээр хавтасны 164-165, 177-179 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Н ын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон “...Жолооч Н нь Соната-6 загварын 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Жолооч Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа /1 дүгээр хавтасны 188-192 дугаар хуудас/,
- Яллагдагч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бураатын даваа даваад хэсэг газар явсны дараа засмал замын зүүн талын хажууд хоёр жижиг машин аваарын дохио өгөөд зогсож байсан ба ар талд нь зогсож байсан цагаан өнгөтэй жижиг машины хажууд жолооч нь байх шиг байсан. Тэгээд урагшаа явж байгаад нөгөө зогсож байсан хоёр машины эхний машин руу дөхөж ирж байтал тэр машины цаана шороон хэсэгт жалганд бас нэг жижиг машин унасан байсныг хараад зогсож, жолоочид нь тусалъя гэж бодоод сандарч айгаад машиныхаа тоормосыг гишгэсэн. Тэр үед миний машин халтираад, халтирсан чигээрээ замын эсрэг урсгал руу гараад нөгөө зогсож байсан хоёр машины урд байсан цагаан өнгийн Приус-20 машины жолоочийн туслах тал буюу зүүн урд талын мөргөж, миний машин засмал замд хөндлөн байрлаад зогсчихсон" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 206-208 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилжээ.
Шүүгдэгч Н нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр “Бураатын даваа” гэх газарт 00-00 БӨТ улсын дугаартай, “Соната-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёрын 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас засмал замын хажууд аваарын дохио өгч зогсож байсан 00-00 УНЧ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Г ийн амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Н ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Н ыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н ын хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байх ба тээврийн хэрэгслийн осол гарах цаг мөчид амь хохирогч Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчөөгүй болох нь тогтоогджээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Н ыг “хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байгаа тухай хүсэл зоригоо өөрийн сайн дураараа илэрхийлсэн болно.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508, 510 дугаар зүйлд тус тус зааж хуульчилсан.
Хэрэгт цугларсан баримтаар амь хохирогч Г , хууль ёсны төлөөлөгч Э нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид болох нь тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн эхнэр Э , эцэг Э нар хууль ёсны төлөөлөгчөөр, дүү нь болох Ц иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдсон байх бөгөөд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шаардах эрхтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн хор уршигт нийт 23.284.599 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд сар бүр 580.000 төгрөгийг Г ийн Н 18 нас хүртэл шүүгдэгчээр төлүүлэх, мөн гэмт хэрэг гарах үед амь хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь болох иргэний нэхэмжлэгч Ц ээс зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслээ 12.000.000 төгрөгөөр үнэлж тус тус нэхэмжилсэн бөгөөд оршуулгын зардлын баримтууд, амь хохирогчийн амьд сэрүүн байхдаа олж байсан орлогын баримтууд, автомашины үнэлгээ, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн баримт бичиг, амь хохирогчийн ажил гүйцэтгэж орлого олж байсан тухай нотлох баримтуудаа хэрэгт ирүүлсэн байна.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гэмт хэргийн хор уршиг болох 23.284.599 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг бэлэн төлсөн, үлдэж буй хэсэг болох 13.284.599 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө, мөн иргэний нэхэмжлэгч Ц т 9.000.000 төгрөгийг төлсөн тухайгаа тус тус илэрхийлсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээс үзэхэд гэмт хэргийн хор уршигт 10.000.000 төгрөгийг, приус-20 загварын тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөгийг тус тус төлүүлж авсан болох нь тогтоогдож байгаа, мөн шүүгдэгч нь 13.284.599 төгрөгийг төлнө гэж мэдүүлсэн тул гэмт хэргийн хор уршигт 13.284.599 төгрөгийг шүүгдэгч Н аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э д олгохоор шийдвэрлэсэн, шүүгдэгч Н ыг иргэний нэхэмжлэгч Ц т төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.”, 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж тус тус хуульчилсан ба 508.4.1 дэх заалтад “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл” гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр тогтоожээ.
Эрүүгийн 1 дүгээр хавтасны 96-97, 103-104, 2 дугаар хавтасны 162-168, 181-236 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э гийн мэдүүлэг, тайлбар, амь хохирогч Г ийн ХААН банкин дахь 5800936555 тоот дансны хуулбар зэрэг нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч Г нь 2018 оноос 2020 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд хувиараа ажил хөдөлмөр эрхэлж 4.000.000 төгрөг хүртэл орлого олж байсан болох нь тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн нийгмийн даатгалын лавлагаанаас үзэхэд амь хохирогч Г ийн Н д 2038 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэмжид сар болгон 420.000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.
Амь хохирогчийн орлого олж байсан байдлыг нотолсон нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э гийн мэдүүлэг, тайлбар зэргийг үндэслэн нас барагчийн сарын орлогын дунджийг шүүхээс дээрх нотлох баримтуудад тулгуурлан 1.000.000 төгрөгөөр тооцож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.4 дэх заалтад заасныг баримтлан Н арван зургаан нас /суралцаж байгаа бол арван найман нас хүртэл/ хүртэл 2020 оны 09 дүгээр сараас 2037 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүд сар болгон 580.000 төгрөгөөр /амь хохирогчийн дундаж орлого 1.000.000 төгрөг - тэжээгчээ алдсаны тэтгэвэр 420.000 төгрөг = тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 580.000/ тооцож шүүгдэгч Н аар сар болгон төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас шүүгдэгч Н аас сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч эрүүгийн хэрэгт сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй тул сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч хэрэгт холбогдохоос өмнө замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байсан байдал, үйлдсэн хэрэгт хандаж буй хандлага зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчтай санал нэг байгаа тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршгийн зарим хэсгийг төлсөн, эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байдал, хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Н нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Н ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, нэг хүний амь нас хохирсон байдал зэрэг нөхцөл байдалд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудын хүрээнд тус тус дүгнэлт өгч, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг 2 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н ад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.
Мөн шүүгдэгч Н ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
4.Бусад асуудлаар.
Шүүгдэгч Н аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн 11***** дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн дүрс бичлэг буулгасан нимгэн хуурцаг 1 ширхгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Н ын эзэмшлийн 00******* гэрчилгээний дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5/65 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н ад урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н ад оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэг, 508.4.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Н аас гэмт хэргийн хор уршигт 13.284.599 төгрөг гаргуулан; мөн нас барсан хохирогчийн асрамжинд байсан Н арван зургаан нас хүртэл /суралцаж байгаа бол арван найман нас хүртэл/ 2020 оны 09 дүгээр сараас эхлэн 2037 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүд сар бүр 580.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э д тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Ц нь шүүгдэгч Н аар 9.000.000 төгрөг төлүүлж авсан болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Н аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн 11***** дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн дүрс бичлэг буулгасан нимгэн хуурцаг 1 ширхгийг эрүүгийн 2013003000237 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт шүүгдэгч Н ын эзэмшлийн 00******* гэрчилгээний дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5/65 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н ад урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Н ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ