Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1037

 

 

 

 

 

 

2021         10          12                                      2021/ШЦТ/1037

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Хохирогч  Д.Хүрэлтулга,

Шүүгдэгч Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Мт холбогдох 2106 02200 1589 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникч мэргэжилтэй, энэ хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний 015 дугаар ангид гал сөнөөгч ажилтай байсан, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 600 тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөгдөж байсан, Бүргэд овогт Пийн М /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Мнь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрөөдлийн төвийн хажуу талын мужааны цехэд иргэн Д.Хүрэлбаатартай маргалдан зодож биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимд цус хуралт, зүүн хацар, баруун хөхлөг сэртэн, баруун мөрөнд зулгаралт, баруун дал, хоёр өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хүрэлтулгын өгсөн: “... Тухайн үед би ажилгүй байсан учир тэр хоёртой хамт хоёр ширхэг том 2.5 литрийн пиво, 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи хувааж уусан. Бид нар хамтдаа архи ууж байхдаа Мыг би “одоо явчихаа харь, харь” гэж хэлэхэд М нь гарч яваад эргээд орж ирсэн. Мыг эргээд орж ирэхэд нь би амрах гээд байж байсан боловч М нь намайг орноос татаж унагаагаад гэрт байсан унины тайрсан хэсгээр миний хөл, гар, бөгс, толгой гэх мэт бүх хэсэгт цохисон. Тэгсэн Мөнхбат нь гарч гүйгээд гудамжнаас цагдаад дуудлага мэдээлэл өгөөд орж ирсэн юм байна лээ. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд Мыг аваад явсан ийм л зүйл болсон... Миний бөгс, нуруу, цээж, толгой, хөл, гар тохой гээд ер нь бүх биед гэмтэл учирсан. Би гомдолтой байна. Зодуулсны улмаас ажлаа хийж чадаагүй мөн эмчилгээний зардал 1.500.000 төгрөг нэхэмжилж байна...”  гэх мэдүүлэг /хх.21-22/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч П.Мын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би зэвсэгт хүчний 015 дугаар ангиас ээлжээсээ буугаад харих гэж байхад манай нутгийн найз Мөнхбат намайг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах мөрөөдлийн төвийн хажууд байх Бажга ахын мужааны цех дээр дуудсан. Би тухайн газарт очиход Бажга ах, Мөнхбат, Мөнхбатын дүү гэх хүмүүс бага зэргийн согтуу байж байсан. Тэнд очоод байж байхад Бажга ах Мөнхбат хоёр танихгүй хүмүүстэй гарч муудалцаад байхаар нь би салгаж Бажга ахын гэрт нь оруулаад хаалгыг нь дотроос нь түгжээд гаргахгүй гээд суусан. Бид нар Бажга ахын гэрт сууж байхдаа 2 ширхэг том 2.5 литрийн пиво уусан. Уугаад байж байхад Бажга ах, Мөнхбат хоёр гарна гээд би гаргахгүй гээд Мөнхбат болон Мөнхбатын дүү хоёрыг Бажга ахын гэрийн жижиг өрөөнд унтуулсан. Харин Бажга ах унтахгүй намайг хараагаад гарна гэж дайраад байхаар нь би гаргахгүй гээд Бажга ахыг ор луу нь түлхэж унагаагаад бөгс рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд байж байхад Мөнхбат сэрээд цагдаад дуудлага мэдээлэл өгөөд цагдаа нар ирээд намайг аваад явсан. Ийм л зүйл болсон. Би тухайн үед согтолтын зэрэг гайгүй байсан. Тэнд байсан хүмүүс намайг очих үед их хэмжээний согтолттой байж байгаад Бажга ахын гэрт гаргахгүй суулгахад архи нь ерөнхийдөө гарсан байсан. Бажга ах гэдэг нь Хүрэлтулга ах бид нар Бажга ах гэж дууддаг. Өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлтэй маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол мөнгийг барагдуулах болно... тэр хэдийг гэрээс гарах гээд байхаар нь гартаа мод бариад зүгээр айлгаж байсан. Бажга ахыг модоор зодсон асуудал гаргаагүй, хэд хэдэн удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх.26, 58/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6315 дугаартай:

 

“1.Д.Хүрэлтулгын биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимд цус хуралт, зүүн хацар, баруун хөхлөг сэртэн, баруун мөрөнд зулгаралт, баруун дал, хоёр өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт язралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх.31/,

Хохирлын баримтууд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.35-45/,

 Шүүгдэгч П.Мын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.46-49, 60-66/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Мнь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрөөдлийн төвийн хажуу талын мужааны цехэд иргэн Д.Хүрэлбаатартай маргалдан зодож биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимд цус хуралт, зүүн хацар, баруун хөхлөг сэртэн, баруун мөрөнд зулгаралт, баруун дал, хоёр өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хүрэлтулгын өгсөн: “... М нь намайг орноос татаж унагаагаад гэрт байсан унины тайрсан хэсгээр миний хөл, гар, бөгс, толгой гэх мэт бүх хэсэгт цохисон... Миний бөгс, нуруу, цээж, толгой, хөл, гар тохой гээд ер нь бүх биед гэмтэл учирсан...”  гэх мэдүүлэг /хх.21-22/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч П.Мын яллагдагчаар өгсөн: “... Бажга ахыг модоор зодсон асуудал гаргаагүй, хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.26, 58/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6315 дугаартай:

“1.Д.Хүрэлтулга-н биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимд цус хуралт, зүүн хацар, баруун хөхлөг сэртэн, баруун мөрөнд зулгаралт, баруун дал, хоёр өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт язралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх.31/,

Хохирлын баримтууд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.35-45/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

П.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Д.Хүрэлтулгын нэхэмжилсэн 1.500.000 төгрөгөөс эмчилгээний зардлын баримттай 390.000 төгрөгийг шүүгдэгч П.Маас гаргуулан хохирогчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Улмаар хохирогч Д.Хүрэлтулга нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.Маас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч П.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

П.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Мторгох ял оногдуулахыг хүсэж байх боловч тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байх тул уг хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

П.Мт оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Мнь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Бүргэд овогт Пийн Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мт 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Мт сануулсугай.

          4. Энэ хэрэгт шүүгдэгч Мнь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч П.Маас 390.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Хүрэлтулгад олгосугай.

          6. Хохирогч Д.Хүрэлтулга нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.Маас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР