Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1021

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Отгонтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00695 дугаар шийдвэртэй, Ж.Отгонтөгсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Болор оргил майнинг” ХХК-д холбогдох,

 

2016 оны 7-11 дүгээр сарын цалинд 6 010 400 төгрөг, 2-6 дугаар саруудын цалингаас суутгасан эрсдлийн сангийн хуримтлал 617 700 төгрөг, 2014-2016 оны ээлжийн амралтын олговор 4 603 300 төгрөг, бусад 83 000 төгрөг, ажлаас гэнэт халагдсаны 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2 000 000 төгрөг, нийт 13 314 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Отгонтөгс,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Гантулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 06 дугаар сараас “Болор оргил майнинг” ХХК /Алтан Дорнод Майнинг Сервис ХХК/-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2016 оны 07 дугаар сараас хойш цалин хөлс аваагүй ажиллаж байгаад мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Ерөнхий захирлын шаардлагын дагуу ямар нэг эсэргүүцэлгүйгээр ажлыг хүлээлгэн өгч тооцооны хуудсыг зуруулан баталгаажуулсан. Хөдөлмөрийн гэрээнд болон ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан ч ажил олгогч цалинг цаг хугацаандаа өгөхгүй байнга хүндрэл учруулдаг байсан ч учирч буй санхүүгийн бэрхшээлтэй аливаа асуудалд хүлээцтэй хандсаар ирсэн.

Ингээд миний бие санхүүгийн асуудлаа зохицуулах зорилгоор 2016 оны 09 дүгээр сараас уурхай татан буугдсан шалтгаанаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулж, ажилгүйдлийн тэтгэмж авч 9, 10, 11 дүгээр саруудад нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар төлөлгүй ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан. Тооцооны хуудаст Ерөнхий захирлаар гарын үсэг зуруулсан боловч ажлаас чөлөөлсөн шийдвэрийг албан ёсоор гардаж аваагүй. Мөн намайг ажлаас чөлөөлснөөс хойш 7, 8 дугаар сард олгоогүй байсан ажилчдын цалинг олгосон боловч миний цалинг олгоогүй хэвээр байна. Эдгээр асуудал нь намайг санхүүгийн эрсдэлд оруулж улмаар миний бие ипотекийн зээлийн төлбөрөө төлж чадахгүй гэрээгээ зөрчих асуудал тулгарч байна.

Иймд “Болор оргил майнинг” ХХК-иас 2016 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын цалинд 6 010 400 төгрөг, мөн оны 2, 3, 4, 5, 6 саруудад гарт олгох цалингаас суутгасан эрсдлийн сангийн хуримтлал болох 617 700 төгрөг, 2014, 2015, 2016 оны ээлжийн амралтын олговор 4 603 300 төгрөг, утасны ярианы төлбөр 83 000 төгрөг буюу ерөнхий нягтлан Д.Баярмаагийн тооцоолсноор нийт 11 314 400 төгрөг, ажлаас гэнэт халагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 2 000 000 төгрөг нийт 13 314 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Болор оргил майнинг” ХХК нь уул уурхайн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны 08 дугаар сард уурхайн үйл ажиллагаа явагдахгүй болж үйл ажиллагаа зогссон. Нэхэмжлэгч Ж.Отгонтөгс нь 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хүний нөөцийн менежер албан тушаалд томилогдон ажилласан ба компанийн үйл ажиллагаа явагдахгүй, санхүүгийн хүндрэлд орсноос шалтгаалан ажилтнуудаа цомхотгохоос өөр аргагүй болсон. Компани үйл ажиллагаа явуулаагүй 6 сар болсон хугацаанд Ж.Отгонтөгс ажил үүргээ гүйцэтгээгүй тул түүний цалинг олгох боломжгүй байна. Харин Ж.Отгонтөгс нь 2016 оны 7, 8 дугаар сард ажилласан тул энэ хугацааны үндсэн цалин 1 200 000 төгрөгөөр тооцон нийт 2 400 000 төгрөгийг олгох боломжтой бөгөөд нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх заалтыг баримтлан хариуцагч “Болор оргил майнинг” ХХК-иас 11 314 385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Отгонтөгсөд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу 2 000 014 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Отгонтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 522 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Болор оргил майнинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 195 980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Отгонтөгсөд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Ж.Отгонтөгс нь 2014 оноос 2016 оны 9 сар хүртэл “Болор оргил майнинг” ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тухай нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурдаж ажлаас халагдсан 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад Дүүргийн хөдөлмөр халамжийн газраас ажилгүйдлийн тэтгэмж авч байсан тухай хэлсэн. Ажилгүйдлийн тэтгэмж нь тухайн ажилтан ажилгүй болсноос үүдэн нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэмж бөгөөд дээрх саруудад ажил үүргээ гүйцэтгэсэн тухай нотлох баримт байхгүй байхад энэ хугацааны цалин олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Түүнчлэн эрсдлийн сангийн мөнгө гэж нэхэмжилсэн нь нотлох баримтгүй байхад уг мөнгийг олгуулах, ээлжийн амралтын мөнгө авах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад олгохоор шийдвэрлэсэн зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон компанийн нягтлан бодогчийн гаргасан тооцооны хуудсаар нэхэмжлэгчид мөнгө олгохоор зөвшөөрсөн гэж байгаа боловч тус баримт нь ямар ч тамга тэмдэггүй, компанийн нягтлан бодогч гаргаагүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримт юм.

Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн үндсэн цалинг 2 000 000 төгрөг гэж тооцсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт буюу нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн үндсэн цалин 1 200 000 төгрөг юм. Энэ нь шүүгч нотлох баримтыг бодитоор үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй байх үндэслэл болно. Иймд шүүхийн шийдвэрээс 2016 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин, амралтын мөнгө, эрсдлийн сангийн хуримтлал зэргийг олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Отгонтөгс нь хариуцагч “Болор оргил майнинг” ХХК-д холбогдуулан 2016 оны 7 сараас 11 сар хүртэл хугацаанд олгогдоогүй цалин 6 010 400 төгрөг, мөн оны 2 сараас 6 сарыг дуустал хугацааны цалингаас эрсдлийн сангийн хуримтлал гэж суутгасан 617 700 төгрөг, 2014-2016 оны ээлжийн амралтын олговор 4 603 300 төгрөг, утасны төлбөр 83 000 төгрөг, гэнэт халагдсаны 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2 000 000 төгрөг, нийт 13 314 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч зарим хэсэг буюу 2016 оны 7, 8 дугаар сарын цалин 2 400 000 төгрөгийг төлнө, бусад шаардлага нь үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн суутгал, ярианы төлбөр болон ээлжийн амралтын олговор, ажилласан хугацаанд олгогдоогүй цалин зэрэг нийт 11 314 385 төгрөгийг хангаж хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ тухайн компанийн нягтлан бодогчийн гаргасан тооцоолол, тооцооны хуудас гэх баримтад үндэслэсэн байх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан эсэхэд анхаарах шаардлагатай байжээ. /хх 33,34 тал/

Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Отгонтөгсийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа зэргийг дээрх тооцоололтой харьцуулан үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь зааснаар үнэлэх боломжгүй буюу эргэлзээтэй байна. /хх3, 54-58/

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас чөлөөлсөн тушаалыг хариуцагч байгууллагаас гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3179 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн атлаа захирамжийн биелэлтийг хэрэгжүүлээгүйг буруу гэж үзэв. /хх 31,37 тал/

Хэдийгээр нэхэмжлэгч дээрх хүсэлтээсээ татгалзаж, үндэслэлээ “хариуцагч ажлаас чөлөөлсөн шийдвэр байхгүй талаар хариу өгсөн” гэж тайлбарласан байх боловч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажил олгогчийн тушаал хэрэгт авагдсан тохиолдолд талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад шүүхээс дүгнэлт хийх боломжтой болно. /хх 41 тал/

Нөгөө талаар зохигчид хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон үндэслэл, түүний хугацааны талаар зөрүүтэй тайлбарлаж байгаагаас үзвэл уг тушаал болон хөдөлмөрийн дотоод журам хэрэгт зайлшгүй шаардлагатай, нотолгооны ач холбогдол бүхий баримт болох учиртай.

Дээрх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах зохицуулалтыг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих маргааны үйл баримтыг зөв тогтоохын тулд холбогдох баримтыг гаргуулах нь шүүхийн эрх хэмжээнд шийдвэрлэх ажиллагаа юм.

Шүүх нэхэмжлэлд хамаарч буй цалингийн суутгалтай холбоотой маргааныг ажил олгогч байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс үйл ажиллагаа явуулдаг эсэхийг тодруулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

Дээр дурдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, нотлох баримт дутуу байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00695 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА