Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00443

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 183/ШШ2018/02108 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2296 дугаар магадлалтай,

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Б-т холбогдох,

Гэрээний үүрэгт 3.680.364.298 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болортуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болортуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ж.Б- нь тус банктай 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр №86 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1.500.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн буюу сарын 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлж авсан. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №12 тоот  зээлийн болон  барьцааны гэрээ  байгуулж, 500.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн буюу сарын 2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлсэн. Дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож хоёр үл хөдлөх хөрөнгө, нэг автомашиныг барьцаалуулан зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. 86 тоот зээлийн гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөр 10.967.164.27 төгрөг, зээлийн хүү 188.722.067.2 төгрөг, нийт 199.689.231,47 төгрөг, №12 тоот зээлийн гэрээний хувьд зээлийн хүү 8.732.100.51 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 86-1 болон 12-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг тус тус байгуулж дээр дурдсан 2 зээлийн гэрээний хугацааг тус бүр 3 сараар сунгаж, төлбөрийн хуваарийг өөрчилсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд 86 тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 1.489.032.835,73 төгрөг, зээлийн хүү 1.046.628.319,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209.325.663,92 төгрөг, нийт 2.744.986.819,23 төгрөг, №12 тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 500.000.000 төгрөг, зээлийн хүү 362.814.566,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.562.913.23 төгрөг, нийт 935.377.479,39 төгрөг, №86, №12 тоот зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох нийт 3.680.364.298 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Ж.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлдээ 2 үл хөдлөх эд хөрөнгө, 1 автомашин зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байсан. Эдгээр барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг зөвшөөрч байгаа. Автомашины хувьд Кны нэр рүү шилжигдээд зээл нэмж авахдаа үүнийг давхар барьцаалж 12 дугаартай зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй учраас 86 болон 12 дугаартай зээлийн гэрээний дагуу хийгдсэн барьцааны гэрээнүүдэд дурдагдсан гэр доторх гэр ахуйн цахилгаан бараа, тавилгыг барьцааны зүйлээс чөлөөлөх үндэслэл болно гэж үзэж байгаа. 2016 оны 05 дугаар сараас хойш эргэн төлөлт огт хийгдээгүй, гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.7, 8.3.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд үүссэн байхад шүүхэд нэхэмжлэл гаргалгүй бүтэн 11 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч тал өөрсдөө зохих ёсоор эрхээ хэрэгжүүлээгүй гэдгийг харуулж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үедээ зээлийг эргэн төлөх асуудал хүндрэлтэй болж улс орон даяар эдийн засгийн хямралт байдал үүссэн, энэ хүн байшин барилга барьж зардаг. Гэтэл ямар ч байр зарагдахгүй байдал үүссэнээс асуудал хэцүү байдалд орсон. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд хэтэрсэн хугацааны хүүг бүхэлд нь хасч, нэмэгдүүлсэн хүүг багасган тооцож үзнэ үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 183/ШШ2018/02108 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-аас зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 3.051.847.401.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 628.516.896.89 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1,175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Ү-2206022885 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 байр, 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Ү-2206030519 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 байр, 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг, мөн 72-58 УНП улсын бүртгэлийн дугаартай, WDCYC7BF2BX189159 арлын дугаартай, BenzG550 маркийн автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.559.771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-аас 15.417.187 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2296 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-аас 3.680.364.298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.” гэж өөрчлөх, шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...15.417.187 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...18.559.771 төгрөгийг гаргуулж” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3.300.534 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болортуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2296 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх гэрээний гол нөхцөлийн талаарх зохицуулалтыг харгалзан үзэлгүй, зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр үндсэн зээлийн хэмжээнд хүрэхүйц байдалд хүрснийг харгалзан үзээгүй, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэмэгдүүлсэн хүү, хүүнээс багасгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн зээл авсан үе бол Монгол улс даяар эдийн засгийн хямралт байдал үүссэн төдийгүй энэ нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд нөлөөлсөн, 2 тэрбум төгрөгийн зээл аваад өгсөн 208.421.331 төгрөг болон шүүхээр шийдвэрлээд байгаа 3.680.364.298 төгрөгтэй нийлээд 3.888.785.629 төгрөг төлөх нь “зээлийн үйл ажиллагаа нь 2 талын харилцан ашигтай байх нэгдмэл зорилгод нийцсэн байх” шаардлагад нийцэхгүй байна. “К” ХХК нь 86 дугаартай зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дууссан, 12 дугаартай зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байхад шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу бүтэн 1 жилийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаж буй явдал нь нэмэгдүүлсэн хүүг хасах, нэхэмжилсэн хүүнээс багасгах үндэслэл болно гэж үзэж байна. Нэхэмжлэгч “К” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 86,86.1 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээл 1.489.032.835 төгрөг, зээлийн хүүд 800.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 246.628.319 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12,12.1 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээл 500.000.000 төгрөг, зээлийн хүүд 362.814.566 төгрөг нэхэмжилснээс 262.814.566 төгрөгийг хүлээн зөвшөөрч 100.000.000 төгрөгийг, гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учир нэмэгдүүлсэн хүү болох 281.888.577 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү, хүүгийн хэмжээнээс 628.516.896 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Зээлийн гэрээний үүрэгт 3.680.364.298 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч Ж.Б- нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 байр, 3, 4 тоотын тус бүр нь  400 м.кв талбай бүхий 2 орон сууц, 72-58 УНП улсын дугаартай, BenzG550 маркийн автомашиныг барьцаалан нэхэмжлэгчээс 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаагаар, жилийн 22.8 хүүтэй зээлжээ. Тэрээр 2015 оны 2 дугаар сарын 16-ний өдөр зээлийн гэрээ дахин байгуулж, 500.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 1.6 жилийн хугацаагаар зээлсэн ба талууд 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр дээрх 2 гэрээний хугацааг тус бүр 3 сараар сунгажээ /хэргийн 7-29 дүгээр тал/.

Зохигчид банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2., 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч гэрээний зүйл болох 2.000.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна. Харин хариуцагч хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 4.2.1.-т зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.  

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, “...зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр дууссан, хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй” гэсэн үзсэн атлаа нэхэмжлэлээс 628.516.896 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан ба  мөн хуулийн  453 дугаар зүйлийн 453.1.-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлдэгч нь зээлийн ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг зөрчсөн тохиолдолд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон, нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.   

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хэдий ч энэ нь хариуцагчийг хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахдаа шүүх Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1., 175 дугаар зүйлийн 175.1.-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2296 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болортуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 3.300.534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ