| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0082/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/89 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/89
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
улсын яллагч Ө,
хохирогчийн өмгөөлөгч З,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х,
шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох эрүүгийн 2113000130063 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 01 дүгээр багт оршин суух үндсэн хаягтай, одоо тус аймгийн Өлгий сумын 05 дугаар багт түр оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С , РД:БЮ94******,
Шүүгдэгчийн холбогдон хэргийн талаар:
Шүүгдэгч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояль” баарны гадна талд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж иргэн Ж ийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч С аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж өгсөн байгаа гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000130063 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэн Ж аас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
2. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,
3. 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ж ийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 112-115 дугаар хуудас/,
4. Хохирогч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 67, 110 дугаар хуудас/,
5. Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 80 дугаар хуудас/,
6. Гэрч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
7. Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,
8. Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62, 81 дүгээр хуудас/,
9. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,
10. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох нэмэлт шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,
11. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т, Ц, Э нарын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №05 дугаартай Дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,
12. Яллагдагч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 99-100, 119 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С нь хохирогч Ж ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба хохирогчийн өмгөөлөгч З аас “шүүгдэгч гэм буруутай бөгөөд хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн, шүүгдэгч С аас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэх тайлбар дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояль” баарны гадна талд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж иргэн Ж ийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: - Иргэн Ж аас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
- 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,
- 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ж ийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 112-115 дугаар хуудас/,
- Хохирогч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Өлгий сумын 10 дугаар багт байрлах гэртээ байсан ба миний найз болох М над руу залгаж “би байгаль орчны үнэмлэх авчихлаа, “Рояль-1” бааранд үнэмлэх авснаа тэмдэглээд сууж байна, чи хүрээд ирэх үү” гэж хэлэхээр нь би удахгүй очно гэж хэлээд утсаа тасалсан юм. Тухайн үед миний найз Н нь манай гэрт ирсэн ба хэд хоногийн өмнө надаас авсан машины сэлбэгийг буцааж өгөхөөр ирсэн байсан. Энэ үед би Н ад “М байгаль орчны үнэмлэх аваад тэмдэглэж байгаа юм байна, чи надтай цуг очих уу” гэж асуухад Н “тэгье” гэж хэлээд зөвшөөрөөд Н ын Портер загварын тээврийн хэрэгслээр “Рояль-1” баарны гадна талд очоод машинаа зогсоогоод бааранд орсон юм.
Уг бааранд ороход маш олон хүнтэй байсан ба миний найз М нь баарны тусгай өрөөнд сууж байхаар нь уг тусгай өрөө рүү ороход найз М болон түүний хажууд үл таних 5 залуу сууж байсан. М нь нэлээн согтчихсон байсан юм. Тэрээр найз М болон хамт байгаа 5 залуутай цуг суугаад “Сэнгүр” нэртэй шилтэй шар айрагнаас миний бие 3-4 шилтэйг уусан, надтай цуг явсан Н нь мөн адил 3-4 шилийг уусан юм. Тэрээр хоорондоо ярилцаад сууж байгаад орой 22 цагийн үед уг баарнаас Н бид хоёр гараад М нь хамт байгаа 5 залуугийн хамт үлдсэн.
Баарны гадна талд гараад Н ын машины хажууд очиход Н нь бие засахаар явсан, миний бие машины хажууд зогсож байх үед уг баарнаас зөндөө олон залуучууд гарч ирж байгаа харагдаж байсан, цааш нь юу болсон талаар санахгүй байна, нэг мэдэхэд би хэн нэгэнтэй зодолдож байсан миний толгойноос цус гарч байсан ба миний найз Н нь намайг салгаж авсан. Хэсэг хугацааны дараа миний төрсөн ах болох Ж нь ирсэн харагдаж байсан ба тухайн газарт байсан залуучууд миний ах руу дайрч байсан ба яагаад дайраад байсныг мэдэхгүй юм. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн, тухайн залуучуудыг аваад явж байсан, миний ах Ж , найз Н нар намайг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд ах Ж нь гомдол гаргахаар цагдаагийн газар луу явсан юм. Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч намайг хүлээж аваад миний толгойноос гарсан цусыг цэвэрлээд миний толгойнд оёдол тавьсан юм.
...Миний ах Ж ыг Н дуудсан ба зодолдож байх үед ах ирсэн байсан. Тухайн үед харанхуй газарт зодолдож байгаад замын гэрэл рүү гарахад миний толгойноос цус гарч байсан, энэ үед манай ах ирчихсэн байсан юм. Тухайн үед би баарнаас найз Н ын хамт гарч ирээд зогсож байхад С гэх залуу ирээд Н тай мэндэлсэн, дараагаар нь надтай мэндлэхэд нь би гар бариагүй, мэндлээгүй юм. Энэ үед С нь “чи яагаад надтай мэндлэхгүй байна” гэж хэлээд намайг дагуулаад харанхуй гудамж руу орсон. Тухайн үед Н бие засахаар явчихсан байсан ба намайг харанхуй гудамж руу дагуулж ороод С нь гараараа намайг нэг удаа цохиход би буцаагаад С ыг гараараа нэг удаа цохисон, энэ үед Н ирээд С ыг гараараа зодсон. С нь Н ыг газарт унагаагаад дээр нь гараад зодож, байх үед би С ыг өшиглөж, С бид хоёр зодолдож байгаад би замын гэрэл рүү гарахад миний толгойноос цус гарч байсан юм.
Тухайн үед С тай зодолдсон ба өөр хүнтэй зодолдож маргалдсан зүйл байхгүй юм. Тухайн газар харанхуй гудамж байсан болохоор ямар зүйлээр зодсоныг мэдэхгүй юм. С нь намайг зодож, цохисон юм. Тухайн үед би С ы нэрийг нь мэддэггүй байсан ба, С нь хэд хоногийн дараа цагдаагийн газарт уулзах үедээ тухайн үед бид хоёрыг маргалдсан талаар хэлээд “чамайг би зодсон нь үнэн” гэж хэлсэн. Миний найз Н нь мөн “чамайг С зодсон” гэж хэлж байсан юм. Би С ыг огт таньдаггүй байсан юм.
...С тай зодолдож байгаад газарт унасан. Газарт унасан байх үед С нь намайг хэд хэдэн удаа цохисон юм. Тухайн газар харанхуй гудамж байсан болохоор ямар зүйлээр зодсоныг мэдэхгүй юм. Миний нүүрэн тус газарт цохисон юм. Миний эрүүл мэндэд учирсан хохирол нийтдээ 1.200.000 төгрөгийн зардал гарсан ба 962.000 төгрөгийн зардлын баримтыг гаргаж өгсөн. Алтанцөгц сумаас аймаг хоёрын хооронд хэд хэдэн удаа явсан. Ховд аймаг руу дахин шинжилгээнд явахад буудалд хоносон гээд нийтдээ 238.000 төгрөгийн зардал нэмж гарсан энэ талаар баримт байхгүй байна.
Нийт гарсан зардал маань 1.200.000 төгрөгийн зардал гарсан юм. С нь өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр надад бэлнээр 800.000 төгрөг өгсөн, үлдсэн 400.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл барагдуулж өгөхөөр болоод бид хоёр тохиролцсон. С нь надаас уучлалт гуйгаад хохирлын мөнгийг барагдуулж үлдсэн мөнгийг барагдуулахаа илэрхийлж бид хоёр тохиролцон. Би С ыг уучилсан юм. С нь 400.000 төгрөгийг өгөх юм бол өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 67, 110 дугаар хуудас/,
- Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед Өлгий сумын 1 дүгээр багт гэрээсээ гараад Ховд голын гүүрний хажууд найз Н, Х, Е нартай уулзаад найз А ын төрсөн өдөр тэмдэглэхээр Оргил оноосон нэртэй дэлгүүрээс “Соёрхол” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архинаас 3 шил, Сэрүүн нэртэй 2.5 литрийн хэмжээтэй шар айрагнаас 2 шилийг аваад найз М ийн машинаар аймгийн төвөөс гараад худалдаж авсан, архи, болон шар айрагнуудаа уугаад орой 23 цаг хүртэл машин дотор суусан юм. Тэрээр 23 цагийн үед аймгийн төв рүү орж ирээд “Рояль-1” баарны гадна талд ирээд “Рояль-1” баар луу орохоор баарны гадна талд зогсож байсан ба уг баарны гадна зөндөө олон залуучууд байсан, энэ үеэр цагдаа нар ирээд тухайн залуучууд болон бид нарыг тараасан.
Энэ үед миний найз Е бид хоёр үлдээд С гэх залуутай тааралдсан юм. Тэрээр С гэх залуутай хоорондоо юм яриад зогсож байх үед бидний хажуу талд үл таних 3 залуу зогсож байхад тухайн залуучуудыг С таньдаг юм шиг байгаа юм, тэдний хажууд очиж тэдэнтэй гар бариад мэндэлж байсан. Нэг харахад С уг үл таних 3 залуугийн хар куртиктэй залуутай зодолдож эхлэхэд миний бие очиж С ыг салгаж авах гэж байхад уг үл таних залуу над руу бас дайраад миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр үед уг үл таних залуугийн хажууд байсан бас нэг үл таних залуу түүнийг салгаж аваад явсан. Уг үл таних залуутай цуг явсан Н гэх залууг С таньдаг байсан бөгөөд Н тай мэндлээд уг үл таних залуутай мэндлэхэд урдаас нь хэл амаар доромжилсон, тэгээд зодсон гэж С хэлсэн юм. С нь тухайн залуутай зодолдож эхлэх үед би С ыг салгаж аваад холдоогүй байхад С нь дахин гүйж очиж тухайн үл таних залууг өргөж аваад газарт шидэхэд миний бие дахин очиж С ыг салгаж авсан юм. С түүнийг өргөж шидсэний дараа уг үл таних залуугийн толгойноос цус гарч байсан юм.
...Тэр үед С нь Ж ийг газарт унагааж байгаад гараараа хэд хэдэн удаа цохисон, биеийн аль хэсэгт зодож, цохисныг сайн хараагүй юм. Тухайн үед харанхуй байсан юм. С , Ж нар “Рояль” баарны хажуу талын харанхуй гудамжинд зодолдсон юм. Ж ийг өөр хэн нэгэн зодож, цохисон зүйл байхгүй. С , Ж нар хоорондоо зодолдсон юм. С ыг хэн нэгэн зодож, цохиогүй. С ы биед ямар нэгэн ил харагдах гэмтэл байгаагүй. С нь Ж ийг газарт унагааж зодсоны дараа Ж ийн толгойноос цус гарсан байсан юм. Тухайн үед би С ыг салгаж аваад байж байх үед цагдаа нар ирсэн. Тухайн өдөр найз Е бид хоёр “Рояль” баарны гадна талд ирээд С тай тааралдсан, С нь уг баарны гадна талд ганцаараа зогсож байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 80 дугаар хуудас/.
- Гэрч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр найз А ын төрсөн өдөр тэмдэглэж явж байгаад 23 цагийн үед “Рояль-1” баарын гадна талд ирээд найз Е тэй хамт зогсож байсан юм. Энэ үед Е бид хоёрын танил болох С гэх залуутай тааралдаад бид гурав хоорондоо юм яриад зогсож байсан юм. Энэ үеэр уг баарнаас хүмүүс гарч ирж байсан ба С нь хүнтэй уулзаад ирье гэж хэлээд яваад өгсөн юм. Удалгүй С нь хар куртиктэй үл таних нэг залуутай муудалцаж, нэг нэгнийгээ барьж аваад зогсож байхад Е очоод С ыг салгаж аваад над руу ирж байх үед С нь буцаж уг үл таних залуу дээр очиж түүнийг өргөж газарт унагаахад Е дахин очиж С ыг салгаж авсан ба уг газарт унасан залуу босож ирээд Е рүү дайраад Е ийг нэг, хоёр удаа цохиход үл таних залуугийн хажууд байсан 2 залуу түүнийг болиулаад аваад явсан юм.
Ямар шалтгааны улмаас зодож, цохисныг мэдэхгүй. Яаж зодож, цохисон, юугаар цохисныг мэдэхгүй, уг үл таних залууг өргөж газарт нэг удаа унагаасан юм. Тухайн үл таних залуугийн толгойноос цус гарч байсан өөр юм хараагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
- Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед миний бие Өлгий сумын 05 дугаар багт байрлах Баян-Цамбагарав дэлгүүрт ажлаасаа буух гэж байсан юм. Энэ үед миний утас руу миний дүү Ж ийн найз Н залгаад “бид нартай залуучууд ирээд муудалцаж байна. Та ирээд бид хоёрыг аваад яваач, бид хоёр “Рояль-1” баарны гадна талд байна гэж хэлээд утсаа тасалсан юм. Би ажлаасаа гараад ганцаараа алхаад уг баарны гадна талд очиход баарны зүүн талд Бастама сургууль руу явах шороон зам дээр миний дүү Ж нь газарт уначихсан, саарал куртиктэй, хар бараан өнгийн куртиктэй хоёр залуу зодож байсанд би очиж дүүгээ салгаад байж байх үед тухайн газарт байсан олон залуучууд над руу дайраад намайг хэд хэдэн удаа цохисон юм. Ямар залуучууд байсныг сайн анзаарч хараагүй, учир нь би өөрийгөө хамгаалаад толгойгоо дараад, хамгаалж байсан юм.
Тухайн үед цагдаа нар ирээд тэр олон залуучууд над руу дайрахаа больсон юм. Энэ үед би дүүгийнхээ хажууд очиход дүү Ж нь газарт хэвтэж байсан ба хажууд нь Е зогсож байхаар нь түүнээс чи миний дүүг зодсон юм уу гэж асуухад, би зодоогүй гэж хэлсэн. Энэ үед би тухайн газарт байсан 2 цагдаад очоод миний дүүг энэ залуучууд зодсон байна гэж хэлэхэд, тухайн хоёр цагдаа бид энэ залуучуудыг аваад цагдаа руу явна, чи дүүгээ аваад эмнэлэг яв гэж хэлсэн. Тэрээр би дүүгээ аваад эмнэлэг явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,
- Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Бөхөн уулд байрлах найз Ж ийн гэрт очсон юм. Энэ үед Ж ийн найз болох М гэх залуу Ж рүү залгаж “Рояль-1” бааранд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэрээр Ж бид хоёр уг бааранд очиход М гэх залуу үл таних 4 залуутай хамт сууж байсан юм. Тэрээр тухайн залуучуудтай хамт суугаад “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй шар айрагнаас 5-ыг уусан, Ж бас 4-5-ыг уусан юм. Тэрээр ойролцоогоор 1-2 цаг гаруй хугацаанд сууж байгаад Ж бид хоёр явахаар болоод уг баарнаас гараад баарны гадна талд зогсож байтал миний танил болох С гэх залуу бидний хажууд ирээд надтай мэндлээд гар барьсан, Ж тэй бас мэндлээд гар барьсан юм. С ы хажууд Е болон үл таних 3 залуу хамт явж байсан. Энэ үед би 00 орохоор яваад буцаад ирэхэд С , Ж хоёр маргалдаж зогсож байгаад С нь эхлээд Ж ийг гараараа цохиход би С ыг “боль” гэж хэлээд бариад авах үед намайг хэн нэгэн хажуу талаас өшиглөх шиг болсон. Энэ үед би газарт унасан. Буцаад босоод ирэх үед С , Ж хоёр зодолдож байсан нэг харахад Ж ийн толгойноос цус гарч байсан ба С ыг Е салгаж авсан юм. Энэ үед би Ж ийн ах болох Ж руу залгаж “та Рояль-1 баарны гадна талд хүрээд ирээч, Ж ийг зодчихлоо” гэж хэлээд дараагаар нь би түргэн тусламжийн утас руу залгасан юм. Удалгүй Ж ийн ах ирсэн, мөн цагдаа нар ирээд тухайн газарт байсан залуучуудыг цагдаа руу авч явахаар болоод Ж ийн ах бид хоёр Ж ийг аваад эмнэлэг явсан юм.
...Тухайн үед С намайг өшиглөх шиг болсон харанхуй байсан болохоор сайн хараагүй. С нь намайг санаатай өшиглөөгүй байх Ж ийг өшиглөх үед түүний хөл нь надад хүрсэн байх гэж би бодож байна. Тухайн өдөр миний биед учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй юм. Ж ийг С аас өөр хэн нэгэн зодож, цохисон зүйл байхгүй. С ыг хэн нэгэн зодож, цохиогүй. С ы биед ямар нэгэн ил харагдах гэмтэл байгаагүй. С нь Ж ийг газарт унагааж байгаад зодож байсан. Энэ үед би очиж Ж ийг салгаж авахад түүний толгойноос цус гарч байсан юм. Тухайн үед харанхуй байсан болохоор юугаар цохисныг хараагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62, 81 дүгээр хуудас/,
- Гэрч С ын өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 17-18 шилжих шөнө 23 цагийн үед байсан. Миний бие эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Цагдаагийн газрын жижүүрээс “Рояль” баар цаг хэтрүүлэн ажиллаж байгаа талаар дуудлага мэдээллийг дамжуулсан. Энэ үед Өлгий сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояль” баарны гадна талд очиход уг баарнаас хүмүүс гарч байсан. Тэрээр баар луу ороод цаг хэтрүүлэн ажиллаж байгаа талаар хэлээд уг баарыг хаалгасан. Тэгээд баарнаас гарч ирэхэд уг баарны баруун талд үл таних нэг залуу зодуулсан байдалтай байсан. Тухайн үед хамт байгаа залуучуудаас зодоон хаана болсон талаар асуухад баарны баруун талд байрлах харанхуй гудамжинд зодолдсон гэж байсан. Энэ үед уг зодуулсан гэх залуугаас нэрийг нь асуухад өөрийгөө Ж гэж хэлж байсан. Түүнээс юу болсон талаар асуухад хэсэг залуучууд намайг зодчихлоо гэж хэлж байсан. Таныг яг хэн нь зодсон юм бэ гэж түүнээс асуухад яг намайг зодсон гэх залууг мэдэхгүй байна, энэ залуучуудаас нэг нь намайг зодсон гэж хэлээд 2-3 залууг зааж харуулсан.
Энэ үед тухайн зодуулсан залууг хамт явж байгаа үл таних нэг залуутай хамт аймгийн эмнэлэг рүү яв гэж хэлсэн, учир нь уг зодуулсан залуугийн толгой хэсгээс цус гарч байсан. Тухайн залууг эмнэлэг рүү явуулаад уг үзүүлсэн 2-3 залууг цагдаагийн газар руу аваад явсан юм. Уг залуугийн толгой хэсгээс цус гарч байсан, өөр ямар нэгэн гэмтэл байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед харанхуй байсан, мөн толгойноос нь цус гарч байсан болохоор яаралтай эмнэлэг рүү яваарай гэж хэлсэн. Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Түүний амнаас архи үнэртэж байсан. Хэр хэмжээний согтолттой байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №19 дугаартай нэмэлт шинжилгээний “1. Иргэн Ж ийн биед 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нэмэлт шинжилгээ оношоор, битүү гэмтэлтэй, тархины доргилттой, тархи хавантай, духны баруун талд дух яс үргэлжилсэн хугаралттай, баруун дух орчим, цусан хураатай, гайморын хөндийд урт хана хугарсан, гайморын хөндийд цус хуралттай, баруун дух орчим зөөлөн эдэд хавантай, баруун нүдний арын зайд, жижиг хэд хэдэн хийтэй, хамрын таславч зүүн тийш мурийсан, баруун нүд битүү хавантай, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун талын духанд няцарсан шархтай, зулайны баруун талд няцарч урагдсан 6 ширхэг оёдол тавьсан шархтай, хамрын нуруунд хавдартай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Иргэн Ж ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №06 дугаартай гэмтлийн зэрэг тогтоох шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орно.
4. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т, Ц, Э нарын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №05 дугаартай Дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “1.Ж ийн биед гэмтэл учирсан байна. Ж ийн биед дух ясны баруун талд үргэлжилсэн шугаман хугарал, баруун дух орчим гемотом /цусан хураа/, гайморын /нармайн/ хөндийн урд ханын хугарап, гайморын /баруун/ хөндийд цус, хамрын таславчийн зүүн тийш муруйлт, тархи доргилт, дух, зулайн баруун хэсэгт шархнаас үлдсэн хатуурсан сорви гэмтлүүд тогтоогдлоо.
2. Ж ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дух ясны баруун талын хугарал, шарх хамтдаа нэг, түүнээс дээш удаагийн цохилтын давтамж хүчээр үүссэн байж болно.
3. Ж ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Ж ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн №19 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/
- Яллагдагч С ы өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө ний гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2113000130063 дугаартай тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн оройн 19 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багт байрлах гэртээ байсан. Энэ үед миний нагац ах Ж нь нэг найзынхаа хамт машинтай ирээд намайг авч яваад Бөхөн уул руу очиж, уг газарт манай нагац ах Ж , түүний найз, бид гурав “Соёрхол” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архинаас нэг шилийг уугаад суусан. Тэрээр сууж байгаад гар утасныхаа цагийг харахад 21 цаг өнгөрч байсан бид гурав ууж байсан архийг дуусгаад Бөхөн уулнаас яваад аймгийн төв рүү ороод Мунказ авто засварын хажуу талд байрлах таксины зогсоол дээр ирээд намайг буулгачхаад явчихсан юм.
Би тухайн газраас такси бариад “Рояль” нэртэй баарны гадна талд очиход хаалга нь цоожтой гадна талд нь миний танил болох Е , Е хоёр зогсож байсанд тэр хоёртой уулзаад зогсож байх үед уг баарнаас Н , Ж нар гарч ирсэн. Би Н ыг таньдаг болохоор түүний хажууд очиж мэндлээд гар барьсан, мөн хажууд нь байсан Ж гэх залуутай гар бариад мэндлэх үед Ж нь намайг “чи хэн бэ, юу хийж яваа юм бэ” гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би түүнийг хоёулаа хүнгүй газар очиж ярилцъя гэж хэлээд Ж ийг дагуулаад харанхуй гудамж руу орох үед Н нь ирээд миний цамцны захнаас бариад “чи яах гэж байна” гэж хэлээд миний цээжнээс түлхсэн, би Н ыг газарт унагааж дээр нь гараад түүнийг нэг цохих үед хажуу талаас Ж ирээд миний мөр хэсэг рүү өшиглөхөд би босож ирээд Ж тэй маргалдаж Ж ийн өмдний тэлээтэй хэсгээс бариад өргөж газарт шидсэн, газарт унасан байх үед нь түүний дээр нь гарч байгаад гараараа цээж нь тус газарт хоёр удаа цохиж байхад Е ирээд намайг салгаж авсан. Дараагаар нь Н над руу чулуу шидээд байхаар нь Н ыг очиж барьж аваад дахин газарт унагаасан, энэ үеэр цагдаа нар ирчихсэн байсан болохоор би яваад өгсөн юм.
Би Ж ийн өргөж газарт унагааж байгаад гараараа түүний цээж нь тус газарт нэг, хоёр цохисон. Түүнийг өргөж газарт унагаах үед түүний толгой нь хагарсан байж магадгүй. Ж нь нэлээн согтуу байсан юм. Тухайн үед харанхуй байсан болохоор би Ж ийг яаж цохисон талаар сайн санахгүй байна. Би Ж ийг газарт унагаагаад зодож байхад Е намайг салгасан.
...цагдаа нар машинтай ирээд бид нар луу машиныхаа гэрлээ тусгах үед Ж ийн толгойноос цус гарч байсан. Тухайн үед Ж ийн толгойноос цус гарч байгааг харсан, өөр ямар нэгэн гэмтэл хараагүй юм. Тухайн үед харанхуй байсан болохоор толгой нүүр хэсэг рүү зодож, цохисон талаар санахгүй байна. Ямар нэг зүйлээр цохиогүй, гараараа түүнийг цохисон миний гар хүрсэн байж магадгүй. Ж ийг өөр хэн нэгэн зодож, цохисон талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Ж тэй зодолдох үедээ ганцаараа зодолдсон юм. Би Ж ээс уучлалт гуйгаад түүний хохирлын мөнгийг барагдуулж өгөхөөр болсон юм.
...Би Ж ээс уучлалт гуйсан. Ж нь надаас эмчилгээний зардал болох 1.200.000 төгрөг нэхэмжилсэн. Би Ж ээс уучлалт гуйгаад түүнд 800.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 400.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор барагдуулж өгөхөөр болсон юм. Ж нь надаас өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлээд намайг уучилсан юм” /хавтаст хэргийн 99-100, 119 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Хохирогч Ж ийн эрүүл мэндэд учирсан “битүү гэмтэлтэй, тархины доргилттой, тархи хавантай, духны баруун талд дух яс үргэлжилсэн хугаралттай, баруун дух орчим, цусан хураатай, гайморын хөндийд урт хана хугарсан, гайморын хөндийд цус хуралттай, баруун дух орчим зөөлөн эдэд хавантай, баруун нүдний арын зайд, жижиг хэд хэдэн хийтэй, хамрын таславч зүүн тийш мурийсан, баруун нүд битүү хавантай, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун талын духанд няцарсан шархтай, зулайны баруун талд няцарч урагдсан 6 ширхэг оёдол тавьсан шархтай, хамрын нуруунд хавдартай зэрэг зөөлөн эдийн бэртэл” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч С ы гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн, шууд шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч С ы энэхүү гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С ы архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №19 дугаартай, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т, Ц, Э нарын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №05 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч С нь хохирогч Ж т гэмт хэргийн хор уршигт 1.200.000 төгрөг төлж өгсөн ба хохирогч Ж нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчтай санал нэг байгаа гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч С ы хохирлыг төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч С нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Мөн шүүгдэгч С нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс шүүгдэгч С д 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч С д 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг нөхцөл байдал тус бүрд дүгнэлт хийхэд шүүхээс шүүгдэгч С д торгох ял шийтгэх нь үндэслэлгүй үзлээ.
Шүүгдэгч С д оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД бичлэг 1 ширхэг, рентген зураг 1 ширхэгийг тус тус эрүүгийн 2113000130063 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С нь хохирогч Ж т гэмт хэргийн хор уршигт 1.200.000 төгрөг төлж өгсөн болохыг дурдаж, хохирогч Ж нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД бичлэг 1 ширхэг, рентген зураг 1 ширхгийг тус тус эрүүгийн 2113000130063 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ