Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/00956

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 2-3 тоотод байрлах “Эса молл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, Гранд плаза цогцолборын 1304 тоотод байрлах “Дрийм-Оазис” ХХК-д холбогдох 86 550 000 төгрөг гаргуулах,  хүчин төгөлөр бус хэлцэлд тооцуулах тухай “Дрийм-Оазис” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

                 Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

                     Нэхэмжлэгч “Эса молл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эса молл” ХХК, “Дрийм Оазис” ХХК нар нь 2016 оны 07-р сарын 18-ны өдөр 12 дугаар “Техник мөханизмын түрээс”-ийн гэрээг байгуулсан. Тус гэрээгээр түрээслүүлэгч тал болох “Эса молл” ХХК нь Хөшигтийн Хөндий дэх Шинэ онгоцны буудлын онгоц хөөрөх буух зурвасыг тойруулан хайрган суурийн ажил хийхэд  зориулж УБ 69-48 улсын дугаартай SЕМ 921-100 загварын Автогрейдерийг 1  өдрийн 1 000 000 төгрөгөөр 2016 оны 07-р сарын 19-ний өдрөөс 2016 оны 09-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар “Дрийм Оазис” ХХК-д түрээслүүлж ашиглуулсан. Гэрээний хугацаанд Түрээслүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ зөрчсөн асуудал байхгүй бөгөөд гэрээнд заасан ажлын талбайд Түрээслэгчийн шаардсан тухай бүрт ажлыг гүйцэтгэж байсан ба талууд энэ тухай Цагийн бүртгэл хөтөлж баталгаажуулсан. Харин Түрээслэгч нь гэрээнд заасан түрээсийн төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд Түрээслэгчийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхгүй байгаа гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл нь “Эса молл” ХХК-ийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчиж байна. Түрээслэгч нь механизм ашигласны төлбөрийг Техник механизмын түрээсийн гэрээнд зааснаар дараах байдлаар төлөх байсан боловч хугацаандаа төлбөрөө төлөхгүй тул хугацаа хэтрүүлсэн хоног болон ажилласан хугацааны тооцоог гаргасан хугацаа хэтрүүлсэн хоногт тооцох алдангийг Гэрээний 5.2 болон 6.1, Иргэний хуулийн 233.4, 232.6 дахь хэсгийг тус тус үндэслэн талуудын тохиролцсон байдлаар тодорхойлсон болно. Манай зүгээс хэдийгээр Түрээслэгч

     тал гэрээний үүргээ зөрчиж биднийг хохироож байсан боловч харилцагч байгууллага тул удахгүй төлбөр өгөх байх, мөн нэгэнт хийж гүйцэтгэсэн ажлыг зогсоохгүй байх үүднээс өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ сайн дурын үндсэн дээр ухамсарлаж биелүүлэхийг нь хүлээсэн. Гэвч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа тул хариуцагч “Дрийм Оазис” ХХК-иас компанитай 2016 оны 07-р сарын 18-ны өдөр байгуулсан “Техник механизмын түрээсийн гэрээ”-ний дагуу түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөр болох 57 700 000 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсний алданги 19 270 000 төгрөг, нийт 76 970 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

                    Нэхэмжлэгч “Эса молл” ХХК нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн  нэхэмжлэлдээ: “Дрийм Оазис” ХХК-иас компанитай 2016 оны 07-р сарын 18-ны өдөр байгуулсан “Техник механизмын түрээсийн гэрээ”-ний дагуу түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөр болох 57 700 000 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсний алданги 19 270 000 төгрөг, нийт 76 970 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч “Дрийм Оазис” ХХК-иас алдангид 19 270 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд энэхүү тооцсон алданги нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцсон алданги болно. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гараагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны алдангиа нэхэмжлэх хүсэлтэй байна. Өнөөдрийн байдлаар хариуцагч “Дрийм Оазис” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 57 700 000 төгрөг бөгөөд үүний 0,5 хувь нь 1 хоногийн 288 500 төгрөгийг 2016 оны 11-р сарын 30-ны өдрөөс 2017 оны 01 сарын 16 хүртэл нийт 46 хоногоор тооцвол 13 271 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дун гүйцэтгээгуй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй’’-гэж заасны дагуу, 50 хувиас хэтрэхгүй буюу 9 580 000  төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Эса молл” ХХК, “Дрийм-Оазис” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 7-р сарын 18-ны өдөр байгуулагдсан “Техник механизмын түрээсийн гэрээ”-г үндэслэн “Эса молл” ХХК нь 86 550 000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Тус гэрээнд “Дрийм-Оазис” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал албан тушаалтай Т.Билгүүнсоёл уг гэрээг байгуулж, гарын үсэг зурсан байна. Компанийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна...” гэж заасан бөгөөд “Дрийм-Оазис” ХХК-ийн дүрэмийн 8.1-д Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал П.Батсайхан байна...” гэж заасны дагуу “Эса молл” ХХК болон “Дрийм-Оазис” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд “Дрийм-Оазис” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь П.Батсайхан юм. Гэтэл уг гэрээнд хувьцаа эзэмшигч Т.Билгүүнсоёл нь компанийг төлөөлж гарын үсэг зурж, гэрээ байгуулсан нь Иргэний

      хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасны дагуу Компанийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн байх тул “хүчин төгөлдөр бус хэлцэл” болж байна. Иймд дээр дурьдсан үндэслэл, тайлбарыг харгалзан “Эса молл” ХХК болон “Дрийм Оазис” ХХК-ийн хооронд 2016 оны 7-р сарын 18-ны өдөр байгуулагдсан “Техник механизмын түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

                  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар шүүхэд ирүүлсэн  хүсэлтдээ: “Эса молл” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Дрийм Оазис” ХХК-д холбогдох холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дараах нөхцөлөөр эвлэрч байна. “Эса молл” ХХК нь “Дрийм Оазис” ХХК-аас 8 655 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 28 850 000 төгрөгөөс татгалзаж үлдэх 57 700 000 төгрөгийг хариуцагч “Дрийм Оазис” ХХК бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрч энэхүү эврэлийн гэрээг байгуулсан болно. Хариуцагч “Дрийм-Оазис” ХХК нь талууд эвлэрсэнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “ЭСА молл” ХХК нь “Дрийм Оазис” ХХК-д холбогдох 86 550 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд талууд 2017 оны 4-р сарын 05-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нь 28 850 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 57 700 000  төгрөгийг хариуцагч “Дрийм Оазис” ХХК нь төлөхөөр харилцан тохирсон байна.

 

Талууд эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан “Дрийм-Оазис” ХХК нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ЭСА молл” ХХК, хариуцагч “Дрийм Оазис” ХХК нар нь 86 550 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 57 700 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, зохигчийн  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. “Дрийм Оазис” ХХК-ийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 711 030 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Дрийм Оазис” ХХК-

аас 223 225 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Дрийм-Оазис” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА