Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Я.Д,

шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н д холбогдох эрүүгийн 2113001090122 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булан 3-3 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Т.Н , РД:БЮ96******.

Шүүгдэгч Т.Н  нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 03-ны шөнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Т ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Т.Н  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113001090122 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тэмдэглэл, тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас/,

2. Хохирогч М.Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49, 53-54, 58 дугаар хуудас/,

3. Гэрч Т.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,

4. Гэрч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66, 69 дүгээр хуудас/,

5. Гэрч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75, 77 дугаар хуудас/,

6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Е ын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 313 дугаартай иргэн Т.Т ий эрүүл мэндэд учирсан хохиролд гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/,

5. Яллагдагч Т.Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Н ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Т.Н нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 03-ны шөнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Т ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тэмдэглэл, тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас/,

- Хохирогч М.Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед Өлгий сумын 10 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэрт байж байхад Т.Н  над руу залгаад та хаана байна би найз охин А ын хамт явж байна, танай гэр рүү очиж явна Т  дэлгүүрийн хажууд гараад ирээрэй гэхээр нь би 22 цаг 15 минутын үед очиход Лексус 250 загварын  00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Т.Н , найз охин нь болох А  хоёр хамт сууж байсан. ...Т.Н  гурвуулаа Ховд голын эрэг очоод нэг юм ууя гэхээр нь А  бид хоёр зөвшөөрөөд голын эрэгт очсон. Т.Н ы машинд нэг шил 0.75 литрийн Еден нэртэй архи байсан ба уг архийг бид гурав хувааж уугаад дууссан. ...Өлгий сумын 10 дугаар багт байрлах Чингис хаан гэх 3 давхар дэлгүүрт очоод 1 шил 0.75 литрийн Еден архи, ундаа аваад Ховд голын эрэгт дахин очоод тус архийг Т.Н  бид хоёр бүгдийн ууж дуусгасан. ...Би уг архинаас уугаад нэлээн согтоод тасарсан байсан. ...Ухаан орох үед голын эрэгт Н  намайг А тай хардаад миний нүүр рүү баруун гараараа цохисон. ...2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед ухаан ороод харахад гэртээ ирчихсэн, нүүр хэсэгтээ цохиулсан байдалтай гэртээ хэвтэж байсан. ...Т.Н  нь миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон, толгой руу 2 удаа гараараа цохисон. ...Миний эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд Т.Н  500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлсөн. Надаас уучлалт гуйсан, одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49, 53-54, 58 дугаар хуудас/,

- Гэрч Т.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү болох Б ийг дагуулаад Өлгий сумын 5 дугаар багт байрлах байранд очсон. ...Т  байранд ганцаараа бусдад зодуулсан бололтой нүүр ам нь хөхөрсөн байдалтай хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад найз Н  болон танил 2 охины хамт нэг газар очоод архи уугаад сууж байхад хоорондоо маргалдаад Н  намайг зодсон. Тэгээд нэг мэдэхэд би 5 давхарт байдаг гэртээ ирсэн байсан гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,

- Гэрч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Т , Т.Н , Б  бид дөрөв Толбо нуур явсан. Тэгээд 06 цаг 30 минутын үед Толбо нуурын наана очоод худалдан авсан архийг М.Т . Т.Н  Б  нар хувааж уусан ба би урьд нь пиво уусан болохоор архи уугаагүй. Тэгээд бид дөрөв машины хөгжим асаагаад бүжиглэсэн. Т.Н  Б гийн хажууд бүжиглэж, би М.Т ий хажууд бүжиглэж байсан тэр үед Т.Н  намайг М.Т ээс хардсан юм шиг байна лээ. Нэг мэдэхэд М.Т , Т.Н  нар хоорондоо зодолдож байсан ба Б  очоод салгаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66, 69 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Толбо нуурын наана шороон зам дээр зогсоход М.Т  над руу чамайг би таван хуруу шиг мэднэ, чи бол янхан гээд над руу дайрах үед Т.Н  чи болиоч эмэгтэй хүн рүү юу гээд байгаа юм бэ гэхэд М.Т  Т.Н ы нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би болиоч гээд очиход Т.Н  эргүүлээд М.Т ийг нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиход М.Т  газар руу унасан. ...М.Т  газраас босоод Т.Н ы хөл рүү өшиглөсөн. Тэр үед Т Н  буцаад М.Т ийг барьж аваад нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75, 77 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Е ын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 313 дугаартай “1. М.Т ий биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралт, доод зовхинд шарх, хүзүү, даланд тавь тогтсон зулгаралт, зүүн мөрний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн, шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Иргэн М.Т ий дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/,

- Яллагдагч Т.Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Т  нь Б.Б г хэл амаар доромжилж би чамайг сайн мэднэ янхан минь гэхээр нь би болиоч эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод гэхэд намайг чи энэ эмэгтэйг өмөөрдөг хэн юм вэ гээд миний цээж рүү зүүн гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би эргүүлээд түүний баруун болон зүүн хацар руу гараараа 2-3 удаа цохиж түүнийг газарт унахаар нь дээр нь сууж байгаад заамдаад одоо болно тайвшир гээд тайвшруулаад бид хоёрыг С.А  Б.Б  нар салгасан. Би М.Т ий эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг өгч, уучлалт гуйж эвлэрсэн болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Н ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон  тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Н аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдүүлсэн болно.

Шүүгдэгч Т.Н ы хохирогч М.Т ий эрүүл мэндэд “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралт, доод зовхинд шарх, хүзүү, даланд тавь тогтсон зулгаралт, зүүн мөрний дээд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Т.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.Н ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Т ий эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч М.Т ий зүгээс “мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Т.Н аас нийт 500.000 төгрөгийг төгрөгийг төлүүлж авсан ба одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Т.Н ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгч Т.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Т.Н д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Т.Н  нь хохирогч М.Т тэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар хоорондоо тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн саналд яллагдагч Т.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Т.Н  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 139 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Т.Н д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Н  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, учруулсан хохирлыг төлснийг мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Т.Н  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

Шүүгдэгч Т.Н д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ