| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00704/И |
| Дугаар | 102/ШШ2017/00992 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/00992
| 2017 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/00992 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч М.Мөнхтөр, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, 5-р байрны 3 тоотод оршин суух “Сетунари” ХХК-ний захирал ажилтай, регистр ЧБ78111101, Боржигон овогтой Товуудоржийн Мөнхбаясгалангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 5-р байрны 7 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЕВ76112617, Боржигон овогтой Дашбалжирийн Нүржигт холбогдох гэм хор учруулсны хохирол 1 929 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Мөнхбаясгалан, хариуцагч Д.Нүржиг, иргэдийн төлөөлөгч Т.Хүүбогд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Мөнхбаясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2-р сарын 10-ны өдөр бид гэртээ засвар хийгээд 3-4 хоноод орох байсан. Будагны үнэр гаргах зорилгоор гэртээ арай ороогүй байсан, гэтэл гэртээ ороод ирсэн дээд айлаас ус алдсан байсан. Ороод хэлтэл шөнө 4 цагаас эхлээд ус алдсан гоожсон гэсэн. Их гоожоогүй учраас конторт хэлээгүй, ажилдаа явсан гэсэн. Нүржигийнх урьд нь хэд хэдэн удаа ус алдаж байсан, засуулаач гэхээр “айлд түрээсэлдэг” гэдэг. Ус алдсанаас болоод паркетан шал хөндийрч, бүх хана таазнууд норж, гэрийн эд хогшилоос хэрэглэх боломжтой зүйл үлдээгүй. Энэ асуудлыг байрны эзэн “би мэдэхгүй, манайх хариуцахгүй” гэдэг. Бидний хийсэн засварын зардал 2 000 000 төгрөг болсон. Ус алдсаны улмаас хохирлын үнэлгээ хийлгэхэд 1 829 000 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээ хийхэд 100 000 төгрөг төлсөн, нийт 1 929 000 төгрөгийг Д.Нүржигээс нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Нүржиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2-р сарын 10-нд үүрээр 4 цагийн үед халуун, хүйтэн усны хаалт задраад ус алдсан. Хүйтэн халуун усны хаалт тавиулаад 3 сарын дараа задарсан. Санаатай үйлдэл биш болохооор гомдолтой байна. Дуудлага өгөхөд слесарь нь ирээд “аваарын хаалт задарсан байна” гээд усыг хаагаад яваад өгсөн. Даатгалаас бидэнд маш бага мөнгө төгрөг гарсан. Орон сууцны контор хариуцлага хүлээх ёстой гэж бодож байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Мөнхбаясгалан нь Д.Нүржигт холбогдох гэм хор учруулсны хохирол 1 929 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2017 оны 02-р сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороо, 5-р байрны 7 тоот Д.Нүржигийн эзэмшлийн сууцны ванны өрөөний халуун усны хаалт хугарсны улмаас ус алдаж 3 тоот сууцны өмчлөгч Т.Мөнхбаясгалангийнд гэм хор учруулсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, Хэрэглэгчдэд үйлчлэх 9-р төвөөс “Орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлох акт” /хх 5/ гаргажээ.
“Кости Эстимэйт” ХХК нь Т.Мөнхбаясгаланд учирсан хохирлыг 1 829 000 төгрөгөөр үнэлсэн, хохирлын үнэлгээ хийлгэхэд 100 000 төгрөг төлж хохирсон нь “Кости Эстимэйт” ХХК-ний 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлан, 100 000 төгрөг хүлээн авсан мөнгөний орлогын баримт /хх 7-16/ зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “манай буруу биш” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дашбалжирын Нүржигээс 1 929 000 /нэг сая есөн зуун хорин ес/ төгрөг гаргуулж Товуудоржийн Мөнхбаясгаланд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 814 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Нүржигээс 45 814 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД М.МӨНХТӨР
Х.ЭНХЗАЯА