Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00993

 

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00993

Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 12-р байрны 23 тоотод оршин суух, Төмөр замын 6-р ангийн 2-р хэсэгт гарамын жижүүр ажилтай, регистр МК75032000,  Эрхий мэргэн овогтой Жинхүүзийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 9а байрны 59 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр МК83120503, Боржигон овогтой  Доржийн Шижирдуламд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.                             

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 09 дүгээр сарын 10-нд хүүхдээ Тээврийн дээд сургуульд оруулах гээд Шижирдуламтай уулзаж, сургалтын төлбөр сургалтын цагийн мөнгө гээд 2014 оны 09 дүгээр саырн 10-нд 1 800 000 төгрөг, 2014 оны 05-р сарын 29-нд 1 500 000 төгрөг, 2014 оны 6-р сарын 4-нд 1 500 000 төгрөгийг дансаар, 2015 оны  09 дүгээр сарын 15-нд 1 100 000 төгрөгийг бэлнээр нийт 5 900 000 төгрөг өгсөн. Үүнээс 2 200 000 төгрөгийг буцааж авсан. Үлдэгдэл 3 600 000 төгрөгийг Шижирдуламаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шижирдулам нь Энхтуяагаас 5 900 000 төгрөг авсан, 2 200 000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо нэхэмжилж байгаа 3 600 000 төгрөгийг төлөхөд маргаангүй. Нэг системд ажиллаж байсны хувьд Энхтуяад тусалсан. Шижирдуламд сахилгын шийтгэл ногдуулж 2016 оны 11 дүгээр сарын 24-нд ажлаас халагдсан. Шижирдулам нь 3 хүүхэдтэй, бага хүүхэд нь 1 нас 7 сартай, одоо өөрөө жирэмсэн байгаа. Энэ төлбөрийг төлнө, гэхдээ одоогоор боломжгүй байна. Бодит байдал дээр хүүхэд нь хичээл таслаад, ангийнхаа хүүхдүүдийн эд  зүйлсийг хулгай хийснээр сургуулиас хасагдсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Энхтуяа нь Д.Шижирдуламд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 600 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Ж.Энхтуяа нь хүү Энхсамбууг Тээврийн дээд сургуульд оруулахаар Д.Шижирдуламтай харилцан тохиролцож, 2014 оны 09-р сарын 10-нд 1 800 000 төгрөг, 2014 оны 05-р сарын 29-нд 1 500 000 төгрөг, 2014 оны 6-р сарын 4-нд 1 500 000 төгрөгийг дансаар, 2015 оны  09-р сарын 15-нд 1 100 000 төгрөгийг бэлнээр нийт 5 900 000 төгрөгийг өгсөн нь зохигчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтаар /хх 5/ тогтоогдсон байна.

Хариуцагч нь 2 200 000 төгрөгийг буцааж өгсөн болон нэхэмжлэлийн шаарлага 3 600 000 төгрөгийн талаар маргаагүй байна.

Д.Шижирдулам нь боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй атлаа бусдыг сургуульд элсүүлэх зорилгоор мөнгө авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэл болно.

Нэхэмжлэгч нь 5 900 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, үүнээс 2 200 000 төгрөгийг буцааж авч 3 700 000 төгрөг үлдэж байгаа боловч 3 600 000 төгрөгийн хэмжээнд тооцож тэмдэгтийн хураамж төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх тул энэ хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Доржийн Шижирдуламаас 3 600 000 /гурвсан сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж  Жинхүүзийн Энхтуяад олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 000 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Шижирдуламаас 73 000 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

        

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА