Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1035

 

 

 

 

 

 

2021         10          12                                      2021/ШЦТ/1035

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох 2106 01998 1619 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Севен стар” ХХК-д барилгын сангийн туслах ажилтан, ам бүл 4, эмээ, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн Ганцын задгай тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, Т овогт Бгийн Д /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Б.Д нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 15 дугаар хэсэгт байрлах хашаанд иргэн З.Түшигтулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “согтуу найзыгаа өмөөрсөн” хэмээн маргалдаж, улмаар толгойн тус газар нь модоор цохиж, түүний эрүүл мэндэд дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Түшигтулгын өгсөн: “... Би 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз охин Энхтунгалагийн хамт гэртээ байж байхад манай найз болох Жавхлан над руу халамцуу залгаад “би энэ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд хамт ажилладаг миний таньдаг Мягмарсүрэнгийн гэрт байна, чи энд хүрээд ир! Энд хамт хоноод өглөө ажилдаа хамт явъя” гэж надад хэлэхээр нь би 19 цаг өнгөрч байхад өөрийн найз охин Энхтунгалагийн хамт автобусанд суугаад очтол урдаас Жавхлан, Мягмарсүрэн нар бид хоёрыг тосож аваад цуг Мягмарсүрэнгийн гэрт очсон... Жавхлан согтуу хажуу хашаанаас гарч ирсэн хүнтэй хэрэлдээд байсан чинь хажуу хашаанаас нь дахин нэг эрээн футболктой, халзан толгойтой, махлаг залуу гартаа бүдүүн мод бариад хашаагаар давж орж ирсэн ба Жавхлан тэр эхлээд хашаагаар орж ирдэг ахтай маргалдаад байсан чинь нөгөө дараа нь гарч ирдэг гартаа мод барьсан бүдүүн залуу намайг яагаа ч үгүй байхад “өөрийн найзыгаа гэртээ оруулах гээд байна” гээд гартаа барьж байсан модоороо миний толгойн дагз хэсэг рүү 2 удаа цохисон ба миний толгойноос цус гараад би толгойгоо дараад газар суусан. Ингээд удалгүй цагдаа нар ирсэн. Тэр хүнээс өөр хүн миний биед халдаагүй. Би хэн нэгний биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энхтунгалагын өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз залуу Түшигтулгын хамт байж байхад манай Түшигтулгын ажлын найзууд болох Жавхлан ажлын найзынхаа гэр дуудаад би өөрийн найз залуугийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд Мягмарсүрэн гэх Ж.Түшигтулгын ажлын хүний гэрт очсон. Тэгээд гэрт сууж байгаа дэлгүүр яваад ирсэн чинь хашаан дотор Мягмарсүрэн нь гэрт үлдсэн байсан Жавхлантай маргалдаж байсан. Тэгэхэд хажуу талын хашаанаас нэг ах хашаа давж орж ирээд Жавхлантай хоорондоо маргаан хийсэн. Хашаа давж ирсэн бүдүүн залуу зүгээр маргаан дундуур орж салгаж байснаа манай найз залуу болох Түшигтулгын толгойн ар хэсэг рүү газраас мод авч, 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.21-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Жавхлангийн өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз Мягмарсүрэнтэй хамт байхдаа 16 цагийн үед гэрт нь 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд сууж байхад танил Түшигтулгыг “хүрээд ир” гэж дуудсан байсан. Тэгээд гадаа өглөө тоглож байхдаа хоорондоо маргалдсан талаар ярьж байгаад дахин хоорондоо маргалдаж, барьцалдаж авсан. Тэгээд байж байхдаа хажуу хашаанаас нэг ах гарч ирээд бид нарт хандан “яах гээд чанга хашхираад байгаа пизданууд бэ?” гэж хэлчхээд гэртээ буцаад орсон. Тэгж байхад хажуу талын айлын халзан толгойтой ах гарч ирээд маргалдаж байхдаа Түшигтулгын толгой хэсэгт нь модоор 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.26-28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5238 дугаартай:

“1. Ж.Түшигтулгын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.32-33/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.41-45/,

Шүүгдэгч Б.Дгийн хувийн байдлыг талаарх баримтууд /хх.47-64/

Хохирлын баримтууд /хх.66-70/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дгийн яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн гэртээ буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоотод эмээ Мөнхбат хүүхдийн хамт байсан ба орой 20 цагийн үед манай баруун талын хамар хашаанд хүмүүс чанга орилоод хоорондоо хэрүүл маргаан хийгээд байхаар нь эхлээд манай ээжийн дүү Д.Хүрэлбаатар нь гэх манай хашаанд цуг байдаг ээжийн төрсөн дүү нь тухайн хамар хашааны Мягмарсүрэн гэх залуу амьдардаг айлын хаашаа дээгүүр өнгийн хараад “та одоо хүүхэд айлгаад байна, дуу чимээгээ багасга” гэх шаардлага тавьчхаад өөрийн гэр лүүгээ орсон. Энэ үед би өөрийн эхнэр О.Оюун-Эрдэнийг автобусны буудлаас тосож авах гээд гэрээс гарсан чинь тухайн хамар хашааны Мягмарсүрэнтэй хамт байсан нэг согтуу залуу хашааны завсраар надад хандан “та нар бидний дууг хорьдог хэн юм, би хүн дуудаж бүгдийг чинь алуулна” гэж надад хэлээд, хашааны цаанаас шал угаадаг ижтэй сэгсгэр даавуутай хэсгээр миний толгой руу хүрэхээр нь миний уур хүрээд тухайн хамар хашааны Мягмарсүрэнгийн манайхтай тусгаарласан Монгол гэрийн хана хэсгийн онгорхой хэсгээр дотогш орсон чинь хамар хашааны Мягмарсүрэнгийн хашаан дотор түүнээс гадна 2 эрэгтэй, нэг эмэгтэй байсан ба нөгөө миний толгой хэсэг рүү шалны арчуураар хүрсэн согтуу залуу надаас зугтаагаад Мягмарсүрэнгийн гэр лүү орсон ба би түүнтэй уулзахаар газар байсан Монгол гэрийн хананы модыг гартаа барьж аваад Мягмарсүрэнгийн гэрийн хаалга руу явтал замд хаалганы урд хэсэгт нэг архи уугаагүй эрүүл залуу зогсоод гэрийнх нь хаалгыг дараад намайг оруулахгүй гэхээр нь би хүчээр хаалгыг нь татсан чинь хаалга нь том онгойхгүй байсан ба энэ үед манай ээжийн төрсөн дүү Д.Хүрэлбаатар намайг хашаанд нь орсон гэдгийг мэдээд болиулахаар нөгөө Мягмарсүрэнгийн хашааг давж орж ирсэн. Би тэр үед нь согтуу надаас зугтаагаад гэрт орсон залууг цохиж чадахгүй, нөгөө хаалганы гадаа байсан залуу хаалгаа онгойлгохгүй байхаар нь тухайн залуугийн толгойн ар хэсэгт нөгөө баруун гартаа барьсан Монгол гэрийн хананы хугарсан модоор 2 удаа цохисон чинь нөгөө залуу өөрийн толгой хэсэг ээ бариад доошоо суугаад намайг Д.Хүрэлбаатар ах татаж аваад боль гээд больсон. Тэгээд удалгүй цагдаагийн машин ирсэн... Миний биед анх тухайн Мягмарсүрэнгийн хашаан дотор байсан согтуу сүүлд нэрийг нь мэддэг болсон Жавхлан гэх залуу шал арчдаг сэгсгэртэй даавуутай хэсгээр нь толгой, гар хоёрт цохисон, гэхдээ надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Би анх Мягмарсүрэнгийн байшинд орсон Жавхлан гэх нэртэй согтуу залууг цохих гэж очсон боловч хаалганы гадаа байсан эрүүл залуу найзыгаа өмөөрөөд найз руугаа оруулахгүй байхаар нь модоор 2 удаа цохисон... Би өөрийн тухайн Ж.Түшигтулга гэх залуугийн толгойн хэсэгт 2 удаа модоор цохихдоо өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж байсан, гэхдээ тухайн Жавхлан гэх хамт байсан согтуу залуу нь миний толгой хэсэгт шалны арчууртай шал арчигчаар хүрч, цохисон, гар луу цохисон болохоор миний уур их хүрсэн байсан тэгээд Ж.Түшигтулга нь Мягмарсүрэнгийн байшингийн хаалгыг онгойлгож өгөхгүй байхаар нь толгой хэсэгт нь модоор цохисон... Би өөрийн буруутай үйлдлээр Ж.Түшигтулга гэх залуугийн биед хөнгөн гэмтэл учруулсандаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүнд учирсан эмнэлгийн баримттай бүрэн нөхөн төлөх болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.78-80/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Д нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 15 дугаар хэсэгт байрлах хашаанд иргэн З.Түшигтулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “согтуу найзыгаа өмөөрсөн” хэмээн маргалдаж, улмаар толгойн тус газар нь модоор цохиж, түүний эрүүл мэндэд дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Түшигтулгын өгсөн: “... гартаа мод барьсан бүдүүн залуу намайг яагаа ч үгүй байхад “өөрийн найзыгаа гэртээ оруулах гээд байна” гээд гартаа барьж байсан модоороо миний толгойн дагз хэсэг рүү 2 удаа цохисон ба миний толгойноос цус гараад би толгойгоо дараад газар суусан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энхтунгалагын өгсөн: “... Хашаа давж ирсэн бүдүүн залуу зүгээр маргаан дундуур орж салгаж байснаа манай найз залуу болох Түшигтулгын толгойн ар хэсэг рүү газраас мод авч, 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.21-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Жавхлангийн өгсөн: “... хажуу талын айлын халзан толгойтой ах гарч ирээд маргалдаж байхдаа Түшигтулгын толгой хэсэгт нь модоор 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.26-28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5238 дугаартай:

“1. Ж.Түшигтулгын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.32-33/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.41-45/,

Хохирлын баримтууд /хх.66-70/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дгийн яллагдагчаар өгсөн: “... Ж.Түшигтулга нь Мягмарсүрэнгийн байшингийн хаалгыг онгойлгож өгөхгүй байхаар нь толгой хэсэгт нь модоор цохисон...” гэх мэдүүлэг /хх.78-80/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Дгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ж.Түшигтулгын 563.000 төгрөг нэхэмжилсэн боловч эмчилгээний зардлын баримттай 268.000 төгрөгөөс шүүгдэгч Б.Д нь 250.000 төгрөгийг нөхөн төлсөн учир үлдэх 18.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Улмаар хохирогч Ж.Түшигтулга нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Дгээс жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн байна.

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “… энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дээрх өршөөлийн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дэх хэсэгт тус тус тусгагдаагүй байна.

          Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

          Мөн Б.Д урьд нь хорих ял эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлын үнэмлэхүй хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан учир тус хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй юм.

          Энэ хэрэгт Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 53 см урттай, 3.2 см өргөн модыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эрх бүхий байгууллагад даалгавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т овогт Бгийн Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

          3. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 53 см урттай, 3.2 см өргөн модыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Дгээс 18.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Түшигтулгад олгосугай.

          6. Хохирогч Ж.Түшигтулга нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Дгээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР