| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00706/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/00994 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00994
| 2017 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/00994 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 4-р байрны 18 тоотод оршин суух, өндөр настан, регистр УШ31011513, Тайж овогтой Чимэдийн Даваагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 4-р байрны 17 тоотод оршин суух, “Сансаркабель” ХХК-ны албаны дарга ажилтай, регистр УЗ64072713, Ог овогтой Балжингийн Энхбатад холбогдох коридорын хана, хаалга буулгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Даваа, хариуцагч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Даваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байранд 2006 онд орсон. Миний байр 2 өрөө, 17 тоот Б.Энхбатын байртай урд урдаасаа харсан хаалгатай. 2 хаалганы хоорондын зай 3м 40 см байсан. Гэтэл Б.Энхбат нь “тоолуур хамгаалж байна” гэх нэрийдлээр өөрийнхөө хаалгыг коридорт шилжүүлж 1 метрийг хаалганыхаа дотор оруулж хувцасны өрөө болгон ашиглаж байгаа, цахилгааны тоолуурыг хааж хувцасны шкаф тавьсан байна. Ингээд 1 м 46 см үлдсэн байна. Үүнээс болоод би байрандаа ор, диван оруулахад хүндрэлтэй болсон, би өндөр настай хүн муу юм болоход насилк зэргийг оруулах боломжгүй болгосон. Одоогийн байдлаар 3м 40 см урт коридорийг 1м 46см болгож багасгасан тул өргөтгөж барисан хана, хаалгыг буулгаж нийтийн эзэмшлийн коридорыг чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх энэ байранд 2010 онд орсон, одооч амьдарч байна. Коридорыг сунгах шалтгаан бол “тоолуур” байсан. 2011 онд тоолуураа хулгайд алдсан, мөн гадуур хонодог улсууд хоноод хэцүү байсан. СӨХ-д хэлээд энэ айлд нөлөөгүйгээр хаалга хийсэн. Даваа гуай 2015 онд хаалгаа солихдоо буруу харсан хаалга хийсэн. Тэрнээс болж ийм асуудал үүссэн. Манай хоёр гаднаа бол давхар хаалгатай. 2 айлын коридорыг хэмжиж үзвэл 20,30 см-н зөрүү гарна, айлын амьдрал ахуйд нөлөөлсөн зүйл байхгүй. Хохирол учирсан зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Даваа нь Б.Энхбатад холбогдох коридорын хана, хаалгыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 4-р байрны 18 тоотод нэхэмжлэгч Ч.Даваа, 17 тоотод хариуцагч Б.Энхбат нар оршин суудаг байх ба эдгээр дангаар өмчлөх талбай бүхий сууц нь өөд өөдөөсөө харсан байрлалтай байна.
Эдгээр сууцны сууц хоорондын талбай буюу коридор нь 3.40 м урттай байх ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.1. дэх хэсэгт зааснаар “...сууц хоорондын талбай...” нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг байна.
Харин Б.Энхбат нь 18 тоот сууцны хаалганаас орон сууцны дундын өмчлөлийн 1.94 м талбайг хааж хана, хаалга хийсэн, улмаар хувцасны өрөөний зориулалтаар ашиглаж байгаа, Ч.Даваагийн цахилгааны тоолуур хувцасны шкафанд халхлагдсан байгаа нь үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх 25-29 / болон зохигчийн тайлбараар тогтоогдсон, ингэж хаалга, хана хийсэн нь Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.1.2 дахь хэсэгт заасан дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хариуцагч нь энэ хуулийн 148.2.2 дахь хэсэгт заасан сууц өмчлөгч нь сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт хийхдээ ...бусад өмчлөгчийн ...хууль ёсны бусад эрх ашиг, сонирхлыг зөрчихгүй байх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлээ.
Талууд хоёр айлын хаалгыг оролцуулан хийсэн хөршийн хаалганы талаар маргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 13-р хороо, 33-р хорооллын 4-р байрны 17 тоот сууц өмчлөгч Б.Энхбатаар орон сууцны дундын өмчлөлийн 1.94 м талбайг чөлөөлүүлж, түүний барьсан хана, хаалгыг буулгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцгч Б.Энхбатаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА