Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1034

 

 

 

 

 

 

  2021         10           12                                     2020/ШЦТ/1034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Н.У түүний өмгөөлөгч Б.Өлзийцэцэг /ҮД:1889/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ут холбогдох 1706 01715 1273 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 7 дугаар гудамжны 61 тоотод оршин суух, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, ялын хугацаа дуусаж суллагдсан, Т овогт Нийн У /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.У нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар байрны урд талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн И.Талантын өмчлөлийн 42- 47 БӨА улсын дугаартай, Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин цонхыг хагалж, хохирогчийн эд зүйлээ тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тээврийн хэрэгсэл дотор байсан бэлэн 200.000 төгрөг, түрийвч, баримт бичиг, Самсунг Эс-6 эдж, Самсунг Эс-3, Эл Жи Эф-100, Эл Жи загварын 4 ширхэг гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Уын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.21/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.22, 27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Талантын өгсөн: “... Би 2017 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 00 цагийн үед 42-47 БӨА тоёота приус 20 маркийн машинаа байрныхаа урд байрлуулан гэртээ орж амраад 2017 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагийн үед гарч ирээд машинаа хартал зүүн урд талын жижиг гурвалжин цонхыг хагалж хулгай орсон. Автомашинаас бэлэн 200.000 төгрөгтэй түрийвч, бичиг баримт, Самсунг эс 6 эдж, эс 3, эл жи эф 100, эл жи загварын 4 гар утас зэрэг эд зүйл алдагдсан...”, “...Би Нийн У гэх хүнийг огт танихгүй, мэдэхгүй, хохирлоо барагдуулах саналтай байна...” /хх.25-26/, /хх.45-46/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Оюунжаргалын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2194 дугаартай:

“- Шинжилгээнд ирүүлсэн НШШГ-ын БЗДКШТ-ийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дэмчигийн хэргийн газраас ирүүлж бэхжүүлэн “2-5” гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

- Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “5” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN000610013433 дугаараар Нийн У нэрээр 1 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

- Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “2, 3, 4” гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх мэдүүлэг, шинжээчийн 2194 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.36-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Уын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би тухайн өдөр яг хаана байсан талаараа сайн санахгүй байна. Би ер 2017 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүрэгт гэртээ байсан. 2017 оны 09 дүгээр сарын 06 болон 07-ны өдөр ямар нэгэн авто машины шил цохиж хагалаад доторх эд зүйлийг нь авсан талаараа санахгүй байна. Би аваагүй ээ. Би цэрэгт явсны дараа 2017 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансар орчмоор ганцаараа явж приус маркийн автомашины цонхыг нь хагалж эд зүйлийг нь авдаг байсан, тэгээд нийт 5 хэрэг дээр хулгайн үйлдэл нотлогдоод 1 жилийн хорих ял эдлээд гарч ирсэн. Одоо хүмүүжсэн ямар нэгэн хэрэг зөрчил хийхгүй, холбогдохгүй байгаа...”, “...Би тухайн хэрэг гарсан өдөр хаана байсан талаараа үнэхээр санахгүй байна. Гэртээ л байсан гэж бодож байна. Би иргэн И.Талант гэх хүнийг огт танихгүй. 42-47 БӨА улсын дугаартай автомашиныг мэдэхгүй ээ...” гэх мэдүүлгүүд /хх.48-49, 68/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.51-52/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.55/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоол /хх.56-58/

Шүүгдэгч Н.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.60/,

Хохирол төлсөн баримт /шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.У нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар байрны урд талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн И.Талантын өмчлөлийн 42- 47 БӨА улсын дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин цонхыг хагалж, хохирогчийн эд зүйлээ тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тээврийн хэрэгсэл дотор байсан бэлэн 200.000 төгрөг, түрийвч, баримт бичиг, Самсунг Эс-6 эдж, Самсунг Эс-3, Эл Жи Эф-100, Эл Жи загварын 4 ширхэг гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 590.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.21/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.22, 27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Талантын өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 00 цагийн үед 42-47 БӨА тоёота приус 20 маркийн машинаа байрныхаа урд байрлуулан гэртээ орж амраад 2017 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагийн үед гарч ирээд машинаа хартал зүүн урд талын жижиг гурвалжин цонхыг хагалж хулгай орсон. Автомшинаас бэлэн 200.000 төгрөгтэй түрийвч, бичиг баримт, самсунг эс 6 эдж, эс 3, эл жи эф 100, эл жи загварын 4 гар утас зэрэг эд зүйл алдагдсан...”, “...Би Нийн У гэх хүнийг огт танихгүй, мэдэхгүй, хохирлоо барагдуулах саналтай байна...” /хх.25-26/, /хх.45-46/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Оюунжаргалын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2194 дугаартай:

“- Шинжилгээнд ирүүлсэн НШШГ-ын БЗДКШТ-ийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дэмчигийн хэргийн газраас ирүүлж бэхжүүлэн “2-5” гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

- Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “5” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN000610013433 дугаараар Нийн У нэрээр 1 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

- Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “2, 3, 4” гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх мэдүүлэг, шинжээчийн 2194 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.36-40/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.51-52/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Уын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Н.Уын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт Н.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн” хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Н.У нь хохирлын 590.000 төгрөгийг хохирогч И.Талантад нөхөн төлсөн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Н.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Уын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь мөн хулгайн гэмт хэрэгт хорих ял шийтгэгдэж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Н.Ут эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “… энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 7 дугаар зүйлийн 7.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж тус тус заажээ.

Н.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

          Мөн Н.У урьд нь өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, байнга оршин суух газрын хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзэн, шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй юм.

Н.Ут дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух газраа өөрчлөх, өөр орон нутагт зорчих үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлан, зарим үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.

          Шүүгдэгч Н.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, түүнчлэн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.

Энэ хэрэгт Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т овогт Нийн Уыг “Тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ут 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Н.Ут оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн, шүүгдэгч Н.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Ут Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 7 дугаар гудамжны 61 тоот өөрийн оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гадагш зорчихдоо эрх бүхийн байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ут сануулсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Н.Ут 2 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх  дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Ут сануулсугай.

          9. Энэ хэрэгт шүүгдэгч Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 600.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР