Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1031

 

 

 

 

 

 

2021         09           24                                         2021/ШЦТ/1031

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч Э.Жаргалмаа,

Шүүгдэгч Б.Х түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар /ҮД:2309/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох 2106 02222 1705 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 16-ны төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн инженер мэргэжилтэй. Начин заан ХХК- д зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 охины хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 7 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт БХ /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Х нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гацууртад байрлах амралтын газарт иргэн Э.Жаргалмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамран тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Жаргалмаагийн өгсөн: “... би 7 дугаар сарын 10-ны өдөр энэ хэдийн байсан амралтад 2 найзыгаа авахаар очиход бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би жолоо барьж явсан болохоор уугаагүй байсан. Хаатай өмнө таарамжгүй харьцаатай байсан. Бид явах гээд машиндаа суучихсан би эргэж хараад байж байхад шууд хамар луу гараараа цохисон. Тэгээд хамрын голын ясны хугарал гэмтэл учирсан. Хохиролд зөвхөн хагалгаа, эм тарианы мөнгөний баримт өгсөн. 800 хэдэн мянга байгаа. Хаа 9 дүгээр сарын 21-нд 200.000 төгрөг өгсөн. Цаашид хагалгаанд орох эсэхийг мэдэхгүй байна. Бүрэн эдгэрсэн юм бол байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Жаргалмаагийн өгсөн: “... Манай найзууд болох Дээгий, Хонгороо, Ганаа, Дүүрэнбаяр, Адъяабат, Х нар Гацууртын эцэст байрлах нэг амралтад 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр амарцгаасан. Би тухайн өдөр ажилтай байсан тул явж чадаагүй. Орой Адъяабат, Дүүрэнжаргал нарыг очиж авахаар тохирсон байсан. Би тэр шөнө нь 2 цагийн үед тэд нарыг авах гээд очоод юм ярьж байгаад 04 цагийн үед явах гээд байж байтал Хаа гэнэт миний хамар луу гараараа 1 удаа цохиж гэмтээсэн. Тэгээд би бууж ирээд Хаатай зууралдаж байгаад газар унагаасан. Тэгтэл манай найзууд бид хоёрыг салгаад би Дүүрэнжаргал, Адъяа нартай хамт буцсан. Өмнө нь 2021 оны 03 дугаар сард Хаатай санаа нийлэхгүй болохоор муудалцаад харьцдаггүй байсан. Бодвол намайг явлаа гэхээр уурласан байж магадгүй. Х миний хамар луу баруун гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6216 дугаартай:

“1. Э.Жаргалмаагийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт,
зөөлөн эдийн няцрал
гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24-25/,   

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хы гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Тэгээд бид хэд амарч байтал Жаргалмаагийн утаснаас “гөлөг минь ална шүү, аятайхан байгаарай” гэсэн мессеж ирсэн байсан. Би Жаргал руу залгаж яагаад ингэж байгааг нь асуутал “чи өөрөө надтай яаж харьцаад байгаа юм” гэж уурлаад байсан. Тэгээд орой 00 цагийн үед Жаргалмаа ирсэн. Жаргалмаа ирээд жоохон эвгүй харьцаатай байхаар нь маргалдаад би Жаргалмаагийн толгой руу цохих гэж байхад Жаргалмаа эргэн харж таараад хамар луу нь 1 удаа цохисон. Тэгээд Жаргалмаа намайг үсдэж аваад гэдэс рүү өшиглөөд байсан. Бид 2-ыг Ганаа, Адьяа 2 салгаад би машин дотроо унтаад өгсөн. Өглөө сэртэл тэд нар явсан байсан...”,

“... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би найзуудын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын эцсээс 3-4 км зайд байрлах амралтын газар амарч байхад орой 00 цагийн үед Жаргалмаа ирээд жоохон эвгүй харьцаатай байхаар нь миний уур хүрээд Жаргалмаагийн толгой руу гараараа цохих гэж байхад Жаргалмаа эргэж харж таараад хамар луу нь 1 удаа цохисон. Тэгээд Жаргалмаа намайг үсдэж аваад бид 2 газар унасан. Тэнд байсан найзууд бид 2-ыг салгасан...” гэх мэдүүлэг /хх.20,51/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх.28/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.28-38/,

Хохирлын баримтууд /хх.38-42/зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Х нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гацууртад байрлах амралтын газарт иргэн Э.Жаргалмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамран тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Жаргалмаагийн өгсөн: “... Би тэр шөнө нь 2 цагийн үед тэд нарыг авах гээд очоод юм ярьж байгаад 04 цагийн үед явах гээд байж байтал Хаа гэнэт миний хамар луу гараараа 1 удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6216 дугаартай:

“1. Э.Жаргалмаагийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт,
зөөлөн эдийн няцрал
гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24-25/,   

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хы яллагдагчаар өгсөн: “... Би найзуудын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын эцсээс 3-4 км зайд байрлах амралтын газар амарч байхад орой 00 цагийн үед Жаргалмаа ирээд жоохон эвгүй харьцаатай байхаар нь миний уур хүрээд Жаргалмаагийн толгой руу гараараа цохих гэж байхад Жаргалмаа эргэж харж таараад хамар луу нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.51/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Жаргалмаагийн өгсөн: “... Хаатай өмнө таарамжгүй харьцаатай байсан. Бид явах гээд машиндаа суучихсан би эргэж хараад байж байхад шууд хамар луу гараараа цохисон. Тэгээд хамрын голын ясны хугарал гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Хы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Э.Жаргалмаагийн нэхэмжилсэн эмчилгээний зардлын 854.245 төгрөгөөс 200.000 төгрөгийг шүүгдэгч Б.Х нөхөн төлсөн, үлдэх 654.245 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч Э.Жаргалмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Хаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Хы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, бусдад учруулсан хохирлыг гүйцэд нөхөн төлөхөө илэрхийлсэн нь боломжтой гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Хд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт БХыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Хд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Хд сануулсугай.

          5. Энэ хэрэгт Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Хаас 654.245 төгрөг гаргуулж хохирогч Э.Жаргалмаад олгосугай.

          7. Хохирогч Э.Жаргалмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Хаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР