Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1025

 

 

  2021          09          22                                     2021/ШЦТ/1025

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Анар /ҮД:3035/, А.Очбадрал /ҮД:2185/,

Шүүгдэгч Ж.С, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг /ҮД:1953/, Д.Нямдорж /ҮД:0356/, Ч.Эрдэнэбат /ҮД:0541/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Сд холбогдох 2003 00345 0267 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Богд” банканд ахлах теллер ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 3 дугаар хэсэг, 38 дугаар гудамжны 1418 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 29 дүгээр байрны 2 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Жын С /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.С нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Петровис” Шатахуун түгээх станцын баруун хойд замд “Жи Эс Би Капитал Банк бус санхүүгийн байгууллага” ХХК-н эзэмшлийн “Toyota” маркийн “Sai” загварын 31-40 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт); тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 31 настай, эрэгтэй М.Алтанхуягийг мөргөн амь насыг нь хохироож, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сгийн өгсөн: “Өөрийн хийсэн үйлдэлд маш их харамсаж байна. Хохирогчийг санаатайгаар орхиж явъя гэж бодоогүй. Хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт хүсье. Тухайн үед үзэгдэх орчин харанхуй байсан тул тулж ирээд хохирогчийг харсан. Би хамгийн түрүүнд ээждээ хэлье гээд айж сандарсандаа нэг мэдэхэд гэртээ оччихсон байсан. Би гэртээ хариад өөрийгөө илчилж Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст очсон байгаа. Мунхаг үйлдэл хийсэндээ маш их харамсаж, гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бгийн өгсөн: “Энэ хэрэг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Зуны улиралд 04 цаг өнгөрөөд үүр цайсан байсан. Би хэргийн газар очоод камерын бичлэг үзэхэд яг л ийм байдалтай байсан. Шүүгдэгч өөрөө цагдаагийн байгууллага дээр очсон гэдэг дээр би гайхаж байна. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагт хоёр мөрдөгч ирээд энэ машиныг шил арчигчийнх нь эд ангиар  хайж Хужирбуланд айлын хашаанд байхад нь олсон гэж хэлсэн. Тэгэхээр би шүүгдэгчийг өөрөө цагдаагийн газар очсон гэдэгт нь итгэхгүй байна. Хоёрдугаарт шүүгдэгчийг хэрэг болсноос хойш 4 цагийн дараа шалгахад согтолтын зэрэг нь 0.17 байсан тул хэрэг гарах үед энэ хүнийг согтуу байсан гэж бодож байна. Гуравдугаарт миний бие хүсэлт гаргаад 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 00 цагийн үед Одсүрэн мөрдөгчтэй хамт Хятад рестораны камерыг шүүхэд хэрэг болсноос хойш 10 минутын дараа амь хохирогч дээр 2 хүн очоод буцаад байсан. Шүүгдэгч ганцаараа яваагүй. Хоёр, гурвуулаа явсан. Тагнуулын тусгай салааны офицер хүн хэзээ ч биеэсээ бичиг баримтаа салгахгүй. Гэтэл талийгаачийн бичиг баримт гар утас байхгүй болсон. Хүн гар утсаа барьж явж байгаад машинд мөргүүлээд утас нь шидэгдсэн байж болно. Бид тэр үед ажиллаж байсан цэвэрлэгээ үйлчилгээний ажилчид гээд хүмүүсээс бүгдээс нь асуусан боловч гар утас нь олдоогүй. Тэгэхээр мөрөө баллаж, хэргийг эзэнгүй болгох гэсэн байх.  Талийгаач 4 хоногийн турш ухаангүй байсан. Талийгаач 2020 оны 06 дугаар сарын 12-ны 11 цагийн үед нас бараад тэр өдрийн 14 цагт мөрдөгч нь над дээр ирж зураг таниулсан. Тэр дөрвөн хоногийн хугацаанд бид нартай холбогдоогүй. Бид нар камерын бичлэгийг нь харсан. Камерын бичлэгийг хуулж авах мэдлэгтэй хүн байгаагүй. Тэгээд нэг дэх өдөр нь мэргэжлийн хүн авч очоод камерын бичлэгийг хуулж авах гэхэд бичлэг нь устсан байна гэж хэлсэн. Жижүүр нь надад манай камерын бичлэг 21 хоног хадгалагддаг гэж хэлж байсан. Би энэ тухай мөрдөгчид нь хэд хэдэн удаа хэлсэн боловч миний үгийн ойшоогоогүй. Жолооч хүн осол гаргаж болно. Хүн дайрчхаад зогсохгүй явсан байсан. Монгол хүн нохой дайрсан ч зогсож хардаг. Чулуун дээгүүр гарсан ч буугаад хардаг. Гэтэл шууд яваад өгсөн байсан тул би маш их гомдолтой байна. Би бэтгэрч байна. Би шүүгдэгчийг алуурчин гэж хэлье. Анхан шатны шүүх хурал болохоос өмнө шүүгдэгчийн эцэг, эх хоёр нь 31.000.000 төгрөг төлнө гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Би шүүх хуралдаанд дээр нь ороод шүүх шийднэ биз гэж хэлсэн. Шүүх хуралдаан дуусаад нотариат орно гэсэн боловч шүүх хуралдаан дуусаад зугтаагаад яваад өгсөн. Бид нарыг маш их доромжилсон. Би дахиад хэлье энэ алуурчинд хуульд заасан дээд ялыг өгөх ёстой...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн: “... Уг осол хэрэг болсон гэх Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн замын Петровис Шатахуун түгээх станцын хойд талын замд марк, дугаар тодорхойгүй авто машин нь овог нэр тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй хүнийг мөргөсөн гэх газарт хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хэргийн газрын үзлэг хийх үед машинд мөргүүлсэн явган зорчигчийг түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан байв. Осол болсон газар осол гаргасан машин байхгүй, ослыг газрыг орхиж явсан байв. Осол болсон замын нөхцөл байдал асфальтан, шулуун тэгш, зам хуурай, суурины доторх, үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байв.

Үсгээр явган   зорчигч анх автомашинд мөргөгдсөн цэг /А цэгийг тогтоохдоо зам дээр байсан автомашины хуванцар эд анги байсан газраар авсан болно/. Уг эд анги нь урд купер дээр байдаг жижиг хуванцар таг. “Б” үсгээр явган зорчигч автомашинд мөргүүлж газар унасан гэх цэг, А цэгээс Б цэг хүртэл 12.6 метр ...” гэх тэмдэглэл /хх.1.5-6/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.7-10/,

2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “... Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 3-38-1418 тоот хашаанд байх хар өнгийн Тоёота Сай маркийн 31-40 УНП улсын дугаартай автомашин уг хашааны дунд хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай зогсож байв. Уг автомашины салхины шил нь ямар нэгэн биет мөргөснөөс болж хагарсан байв. /шилний зүүн хэсэг мөн копудын зүүн урд тал ямар нэгэн хатуу биет мөргөж хонхойсон байв./ Мөн урд куперийн зүүн урд байх их гэрлүүд ус шүршигчийн таг байхгүй байв. Зүүн урд их гэрэл баруун талаар хагарч цуурсан байв... гэрэл зургийн үзүүлэлт...” гэх тэмдэглэл /хх.1.11-15/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.1.16/,

Хяналтын камерын бичлэг, СD бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.1.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бгийн өгсөн: “... Би талийгаачийн нагац ах нь байгаа юм. Би энэ ослыг осол болсноос хойш 4 өдрийн дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт талийгаач дүүгийн ангийн захирагч хурандаа Лодойдамба гэдэг хүнээс утсаар сонсож мэдсэн. Дараа нь би энэ ослын тухай хамаатан садан, болон талийгаачийн эхнэр Т.Мөнхтуяад мэдэгдсэн... би дүүтэйгээ хамгийн сүүлд 06 дугаар сарын 01-ний өдөр хөдөө салхинд цуг хамт явсан, тэрнээс хойш дүүтэйгээ уулзаагүй байсан юм... манай дүүгийн амь нас хохирсон энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөв шударгаар шийдэж өгөхийг би туйлын их хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх.1.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Оюунболорын өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 00 минутын үед намайг гэртээ байж байхад манай найз Ж.С манай гэрт усанд орохоор ирсэн. Тэгээд С усанд орчхоод дараад нь бид хоёр манай гэрт юм ярьж орой 23 цаг болтол суусан, тэгээд С манай гэрт хоноод өглөө явна гээд бид 2 унтсан. Шөнө дунд байх намайг унтаж байхад С босоод хаалга хаагаад явж байгаа нь сонсогдсон. Би тэр үед Сг өглөө эрт гэр лүүгээ явж байгаа юм гэж санаад үлдсэн. Өглөө 05 цагийн үед намайг унтаж байхад С над руу залгаад “би Амгаланд хүн мөргөчихлөө, би ээжтэй Баянзүрхийн цагдаа руу явж байна” гэж хэлж байсан. Бид 2 тэр орой манай гэрт юм ярьж сууж байхдаа нэг нэг лаазтай “Сэнгүр’’ пиво уусан, өөр согтууруулах ундааны зүйл уугаагүй, тэгээд л 23 цагийн үед бид 2 унтсан. Тэр орой С манай гэрт надтай юм яриад сууж байхдаа “ээж гэртээ ганцаараа үлдсэн, яаж байгаа бол” гээд санаа зовсон байдалтай яриад байхаар нь би Соёлоо бид 2 сая пиво уучихсан болохоор “чи одоо машин бариад явж болохгүй, манайд хоноод өглөө эрт явахгүй дээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.142/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтуяагийн өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 цаг 00 минутын үед би гэртээ унтаж байтал манай том Ж.С гаднаас орж ирээд намайг сэрээсэн, тэгээд их сандарсан байдалтай гар хөл нь салганаад надад “ээжээ айгаад байна” гэхээр нь, би “яасан бэ” гэж асуутал, “би сая Амгалангийн зам дээр наашаа гэр лүүгээ харьж явахдаа хүн мөргөчих шиг боллоо” гэж хэлэнгүүт нь “тэгээд мөргүүлсэн хүн нь яасан бэ” гэж асуутал манай охин “мэдэхгүй байна, би айсандаа яваад нэг мэдсэн чинь гэрийнхээ гадаа ирчихсэн байсан” гэж хэлэхээр нь би орноосоо босоод хувцсаа өмсөөд охиноосоо “машин чинь хаана байна” гэж асуутал манай охин “машин гадаа хашаанд байгаа” гэхээр нь, би гараад машинаа хартал манай урд машины урд салхины шил юм мөргөсөн бололтой зүүн тал нь хагараад цуурчихсан байсан. Би охиноосоо “чи яагаад хүн мөргөсөн юм бол ослын газраас явсан юм бэ” гэж асуутал, манай охин “ээжээ би тухайн үед айж сандарсандаа болоод            шууд гэр лүүгээ явчихсан” юм гэж хэлж байсан. Тэгэнгүүт нь би охиндоо “энэ ослын талаар одоо хоёулаа цагдаад хурдан мэдэгдэх хэрэгтэй” гэж хэлээд охиноо дагуулан шууд замын таксигаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очсон. Замдаа осол болсон газраар нь хартал хүн амьтан юу ч байхгүй болохоор нь цаашаа дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явсан юм. Уг тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сард GSB Capital ББСБ-с зээлээр худалдаж авсан юм. Зээлийн гэрээ нь миний нэр дээр байдаг юм. Харин энэ машиныг манай охин С унаж хэрэглэдэг юм...” гэх мэдүүлэг /хх.1.139-140/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ууганбаярын өгсөн: “... би машинаа бариад Амгалан хүнсний захын хойд талын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа 1 дүгээр эгнээгээр 30-40 км цагийн хурдтай явж байтал миний өмнө замын дунд хэсэгт нэг хүн зам дээр хэвтэж байгаа харагдахаар нь замын баруун гар тал руу машинаа шахаж зогсоон машинаасаа буугаад тэр зам дээр хэвтэж байгаа хүн дээр очиж тонгойгоод хартал 30-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр хүн тухайн үед ямар ч байсан амьсгаатай байхаар нь би өөрийнхөө утсаар шууд 102 луу залгаж дуудлага өгсөн... Намайг ослын газар ирээд зогсоход ослын газрын ойр орчим ямар ч хүн, амьтан, зогсож байсан машин байхгүй байсан, харин замаар бол машинууд явж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх.1.144-145/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Сгийн хувийн байдлын талаар гэрч И.Ж /хх.1.147-148/, Г.Уянгалан нарын тус тус өгсөн мэдүүлэг /хх.1.150-151/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Сгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх.1.154-155,244-246/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Амарсайханы өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 09-ний үүрээр 04 цагийн үед албаны алаг машинтай үүрэг гүйцэтгээд ... Петровис ШТС-ын хойд замд зам дээр нэг хүн хэвтэж байсан... тэр хүн дээр очтол хойноосоо урагшаа харсан байдалтай замын голд хэвтэж байсан. Тухайн үед амьсгалж байсан. Тэгээд түргэн дуудаад 102-т дуудлага өгсөн. ТЦА-ны ерөнхий жижүүрт бас мэдээлэл өгсөн. Ослын газарт автомашин байхгүй. Жолооч нь ч байгаагүй. Зөвхөн хохирогч зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.152/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1279 дугаартай:

“1. Талийгаач М.Алтанхуягийн цогцост баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх тархмал цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал /2020 06.09/, баруун зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, хоёр талын олон хавирганы далд хугарал, баруун шаант ясны доод 1/3-н далд хугарал, баруун чамархай дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины хальсан доорх цус харвалт, баруун зулай, чамархайн хуйхны дотор гадаргуу, ясны хальс, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг, баруун хацрын төвгөр, баруун бугалга, зүүн гарын чигчий хуруу, зүүн өвдөг, эрүү, нурууны улаан ягаан өнгийн зулгаралт, баруун ташаа, хоёр гарын сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мөргөгдөх, цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

4. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь АВО системээр 0(1) бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь 2020.06.12-ны өдрийн 13.00 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 1-2 цаг болсон байна.

7. Талийгаач нь нь ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй” гэх дүгнэлт /хх.1.157-164/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч эмч Б.Энхмандахын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3296 дугаартай согтолтын зэрэг тогтоосон дүгнэлт /хх.1.174-175/,

Авто Тээврийн Үндэсний Төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 57046 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.1.219-227/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ч.Одсүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай: “...Тоёота Сай маркийн 31-40 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ж.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч М.Алтанхуяг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлэг: Явган зорчигчийн үүрэг, 5.12 дахь заалт Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ Явган зорчигч нь аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хх.1.230-231/,

Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх.1.30/,

Амь хохирогч М.Алтанхуягийн ажил байдлын тодорхойлолт /хх.1.40/,

Амь хохирогч М.Алтанхуягийн 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх.1.41/,

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх.1.42-43/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх.1.44/,

Оршуулгын зардлын тооцоо /хх.1.45-52/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолууд /хх.1.156,173,181,186/,

Өвчний түүх /хх.1.199-214/,

Шүүгдэгч Ж.Сгийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.247-249, 2.1-8,26-29,94,194-195,215,235-252/,

Хохирлын болон хохирол нөхөн төлсөн баримтууд /хх.2.9-10,63-77,95-97,117/,

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт /хх.2.56-57/,

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх.2.107/,

Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх.2.149/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлт, холбогдох баримтууд /хх.1.130, прокуророос шинээр гаргасан 9 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.С нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Петровис” Шатахуун түгээх станцын баруун хойд замд “Жи Эс Би Капитал Банк бус санхүүгийн байгууллага” ХХК-н эзэмшилд байсан “Toyota” маркийн “Sai” загварын 31-40 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтад “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалтад “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт); тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 31 настай, эрэгтэй М.Алтанхуягийг мөргөн амь насыг нь хохироож, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хяналтын камерын бичлэг, СD бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.1.24/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.5-6/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.7-10/,

2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.11-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бгийн өгсөн: “... Би энэ ослыг осол болсноос хойш 4 өдрийн дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт талийгаач дүүгийн ангийн захирагч хурандаа Лодойдамба гэдэг хүнээс утсаар сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Оюунболорын өгсөн: “... Өглөө 05 цагийн үед намайг унтаж байхад С над руу залгаад “би Амгаланд хүн мөргөчихлөө би ээжтэй Баянзүрхийн цагдаа руу явж байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.142/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтуяагийн өгсөн: “... Ж.С ... “би сая Амгалангийн зам дээр наашаа гэр лүүгээ харьж явахдаа хүн мөргөчих шиг боллоо” гэж хэлэнгүүт нь “тэгээд мөргүүлсэн хүн нь яасан бэ” гэж асуутал манай охин “мэдэхгүй байна, би айсандаа яваад нэг мэдсэн чинь гэрийнхээ гадаа ирчихсэн байсан” гэж хэлэхээр нь би орноосоо босоод хувцсаа өмсөөд охиноосоо “машин чинь хаана байна” гэж асуутал манай охин “машин гадаа хашаанд байгаа” гэхээр нь, би гараад машинаа хартал манай урд машины урд салхины шил юм мөргөсөн бололтой зүүн тал нь хагараад цуурчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.139-140/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ууганбаярын өгсөн: “... замын дунд хэсэгт нэг хүн зам дээр хэвтэж байгаа харагдахаар нь замын баруун гар тал руу машинаа шахаж зогсоон машинаасаа буугаад тэр зам дээр хэвтэж байгаа хүн дээр очоод тонгойгоод хартал 30-40 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.144-145/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Амарсайханы өгсөн: “... Петровис ШТС-ын хойд замд зам дээр нэг хүн хэвтэж байсан... тэр хүн дээр очтол хойноосоо урагшаа харсан байдалтай замын голд хэвтэж байсан. Тухайн үед амьсгалж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.152/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1279 дугаартай:

“1. Талийгаач М.Алтанхуягийн цогцост баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх тархмал цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал /2020 06.09/, баруун зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, хоёр талын олон хавирганы далд хугарал, баруун шаант ясны доод 1/3-н далд хугарал, баруун чамархай дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал. хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины хальсан доорх цус харвалт, баруун зулай, чамархайн хуйхны дотор гадаргуу, ясны хальс, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг, баруун хацрын төвгөр, баруун бугалга, зүүн гарын чигчий хуруу, зүүн өвдөг, эрүү, нурууны улаан ягаан өнгийн зулгаралт, баруун ташаа, хоёр гарын сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мөргөгдөх, цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх.1.157-164/,

Авто Тээврийн Үндэсний Төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 57046 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.1.219-227/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ч.Одсүрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх.1.230-231/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоолууд /хх.1.156,173,181,186/-д шинжээчийн нэрийг тодорхой заагаагүйн улмаас шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлгүй гэж үзэхээр байх тул уг зөрчлүүдийг зөвтгөх тухай хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргасан боловч Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоолуудад тусгай мэргэжлийн шинжилгээний байгууллагын нэрийг тусгасан байх бөгөөд харин шинжээчийн нэрийг урьдчилан заах боломжгүй учир тухайн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах шаардлагагүй байна.

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.1.16/-ийг хууль зөрчиж үйлдсэн, мөн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн баталгаа /хх.2.152/-г шүүгдэгч гаргаагүй зэрэг үндэслэлээр тэдгээрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргасан бөгөөд жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл нь прокурорын яллах дүгнэлтэд тусгагдаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн баталгаа гэх баримтад шүүгдэгч гарын үсэг зураагүй гэсэн тул дээрх шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангавал зохино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт шүүгдэгчийг холбогдуулж яллаагүй, яллагдагч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд хэргийн нөхцөл байдал болон цаг хугацааны талаар харилцан зөрүүтэй, гэрчээр асуувал зохих хүмүүсээс мэдүүлэг аваагүй гэх зэрэг үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт хэргийг буцаах тухай хохирогчийн өмгөөлөгч Ч.Анарын гаргасан дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна. Учир нь:

Бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүн гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ байнга бие даан гүйцэтгэх чадваргүй, эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь хохирогчид хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн байна.

Тэгээд ч Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1279 дугаартай дүгнэлт/хх.1.157-164/-ийн “төгсгөлийн эпикриз” гэсэн хэсэгт “... 2020 оны 06 сарын 09-нд гэмтлийн шалтгаан тодорхойгүй 103-р тархины хүнд гэмтэлтэй, ухаангүй, гүн комын байдалтай ирсэн бөгөөд яаралтай журмаар онош тодруулан эмийн эрчимт эмчилгээ хийгдэн үргэлжлүүлэн амилахуйгаас тархины мэс засалд орон тархины баруун талд хатуу хальсны дээрх хурсан цусыг авч мэс засал хийгдэн хагалгааны дараа ИВЛ болон инотропик эмийн эмчилгээг хавсарч эмчилгээг үргэлжлүүлсэн боловч эмчилгээний үр дүнгүй байсан. 2020 оны 06 сарын 15-ны өдөр нас барав...” гэснээс харахад тухайн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед тогтоогдсон гэмтэл нь үүсэх үедээ амь насанд аюултай, эмнэлгийн тусламж үзүүлээд ч амийг нь аврах боломжгүй гэмтэл байсан гэж үзнэ.

Ж.С нь авто тээврийн осол гаргасны дараа цагдаагийн байгууллагад өөрийгөө илчилж ирсэн гэж түүний өмгөөлөгч нар тайлбарлаж байх боловч авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаардахгүй, хэргийн газрыг орхиж зугтааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б өгсөн мэдүүлэгтээ: “... шүүгдэгчийг хэрэг болсноос хойш 4 цагийн дараа шалгахад согтолтын зэрэг нь 0.17 байсан тул хэрэг гарах үед энэ хүнийг согтуу байсан гэж бодож байна. Гуравдугаарт миний бие хүсэлт гаргаад 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 00 цагийн үед Одсүрэн мөрдөгчтэй хамт Хятад рестораны камерыг шүүхэд хэрэг болсноос хойш 10 минутын дараа амь хохирогч дээр 2 хүн очоод буцаад байсан. Шүүгдэгч ганцаараа яваагүй. Хоёр, гурвуулаа явсан. Тагнуулын тусгай салааны офицер хүн хэзээ ч биеэсээ бичиг баримтаа салгахгүй. Гэтэл талийгаачийн бичиг баримт гар утас байхгүй болсон... мөрөө баллаж, хэргийг эзэнгүй болгох гэсэн байх ...” гэжээ.

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч согтуурсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал болон өөр төрлийн гэмт хэрэг тогтоогдоогүй байна.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.5-6/, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх.1.30/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх.1.44/, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Энхтуяагийн /хх.1.139-140/ болон гэрч А.Амарсайханы мэдүүлэг /хх.1.152/ прокурорын яллах дүгнэлт /хх.2.46-50/ зэрэг баримтууд нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд зөрүүтэй байгааг эргэлзээгүй тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцаах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж дүгнэлтдээ дурдаж байх боловч тэдгээр нотлох баримтуудыг харьцуулан үзэж шинжлэн судалсны үндсэнд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг шүүх тогтоох боломжтой гэж дүгнэв.

Түүнчлэн амь хохирогч М.Алтанхуягийн нагац ах Н.Бг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд “1.Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: ... 1.2.хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг; 1.3.хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг. 3.Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Бг тогтоосон нь үндэслэлгүй талаар аливаа гомдол, хүсэлтийг амь хохирогчийн эцэг, эх, гэр бүлээс хэрэг хянан шийдвэрлэх явцад огт гаргаагүй байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.  

Өмнө дурдсан бүхнийг нэгтгэн дүгнэвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Ж.Сгийн үйлдсэн зам тээврийн ослын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, харин ослын газрыг орхиж зугтаасан гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ж.Сг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бгийн баримтаар нэхэмжилсэн талийгаачийн оршуулгын зардал 12.486.794 төгрөг, талийгаачийн зээлийн үлдэгдэл төлбөр 7.646.371 төгрөг, нийт 20.133.165 төгрөгийг шүүгдэгч Ж.С нөхөн төлсөн байх бөгөөд харин талийгаачийн олж байсан цалин, орлого, түүний насанд хүрээгүй 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 18 насанд хүртэл нийт 244.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг болон талийгаачийн ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 30.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Сгаас жич нэхэмжлэх эрхтэй юм.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “... Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “… энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж, мөн зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус хуульчилжээ.

          Ж.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өглөө буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна.

          Мөн Ж.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан учир шүүгдэгчийг тус өршөөлийн хуульд хамруулах үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд Ж.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Сгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Ж.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Ж.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Ж.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүсэж байх боловч тухайн авто ослын гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол нэмж нэхэмжилсэн, талийгаачийн эцэг, эх, гэр бүлийн гомдолтой байгааг төлөөлөн илэрхийлж байгаа зэргээс үзэхэд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй гэж дүгнэхээр байх тул уг хүсэлтүүдийг хангах боломжгүй юм.

          Түүнчлэн Ж.Сд оногдуулсан хорих ялаас заримыг өршөөн хасаад үлдэх хорих ялыг тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар солих тухай дүгнэлтүүдийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэж заасан учир тэдгээр дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна.

          Шүүгдэгч Ж.Сг урьд нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

          Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.8, 12.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Жын Сг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Сд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ж.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Ж.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Сг урьд нь цагдан хорьсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссаны дараа тоолсугай.

          8. Шүүгдэгч Ж.С нь хохиролд нийт 20.133.165 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 1127816 дугаартай үнэмлэхийг Ж.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.

          11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Сгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

12. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР