Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/587

 

 

 

 

 

 

 

 

2021             9            16                                     587

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго,

шүүгдэгч: М.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч М.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2105012831161 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ......., М.А-.

 

Шүүгдэгч М.А-нь 2021 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5-138 тоот нийтийн байранд хохирогч Х.Т- “нийтийн байрнаас хөөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А-мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохирогчид 1 300 000 төгрөгийн хохирол төлсөн. Улсын яллагчтай 450 000 төгрөгийн торгох ялыг сайн дураараа тохиролцсон. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Т- мэдүүлэхдээ:

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр би Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 5-138 тоотод байрлах нийтийн байрандаа амарч байхад орой 18 цагийн орчимд 7 тоот өрөөнд 6 билүү 7 залуучууд согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхаар нь тухайн өрөөнд очиж “та нар одоо архи дарсны асуудлаа больсон нь дээр байх, энд хүн амарч байна” гэж хэлсэн. Тухайг өрөөг Наранбаатар гэх залуу найзын хамт түрээслэдэг. Би 3-4 удаа хэлсэн боловч тухайн залуучууд орилж, чарлаад байхаар нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны 02 цагийн орчимд дахин очиход тухайн залуучууд тараагүй байхаар нь та нар одоо тарцгаа гэж хэлээд гараад явж байхад тухайн өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан үл таних залуу араас ирж миний нүүр хэсэг рүү 7-8 удаа цохисон. Миний үүдэн 1 шүд хугарч, 2 шүд гэмтсэн гэжээ. (хэргийн 8-9 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.О мэдүүлэхдээ:

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр би найз М, А хоёртой уулсан. Намайг найзууд дундаа З гэж дууддаг. Бид нар Н-ын гэрт орой 22 цагийн үед очсон. Тэнд хамт архи, пиво уугаад байж байтал гаднаас байрны эзэн гэх залуу орж ирээд хөөсөн. Тэгээд бид нар пиво ууж дуусаад байж байтал дахин 02 цагийн үед орж ирснээ хөөхөөр нь би нар гарч, шатны ойролцоо байхад А тухайн байрны эзэн залуугийн нүүр хэсэг рүү цохиод зугтаасан гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5946 тоот дүгнэлтэд:

1. Х.Т-ын биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой байна. 

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

М.А-урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.А-нь 2021 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5-138 тоот нийтийн байранд хохирогч Х.Т- “нийтийн байрнаас хөөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Т-, гэрч Э.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5946 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Х.Т- нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 350 000 төгрөгийн баримт хэрэгт гаргаж өгсөн ба “эмчилгээний зардалд 1 300 000 төгрөг авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул М.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч М.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг М.А-д даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.А-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.А-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН