Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2018/0869/З |
Дугаар | 166 |
Огноо | 2019-03-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 166
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: АМГТГКХД
Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГКХД-ын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Т” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг, Адаг баянгийн худаг гэх газарт ашигт малтмалын хайгуулын 13281Х дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд уг талбайн хайгуулын ажилд нийт 1.059.498.060 төгрөг зарцуулсан. Уг талбай нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж, нөөц нь батлагдсан талбай бөгөөд тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтын 008-ЕЕ хэсэгт зааснаар уг тусгай зөвшөөрлийн дуусах хугацаа 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байсан.
Тус компани Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталгаажуулахгүй удааширсны улмаас өргөдлийн бүрдүүлбэр хангахгүй байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17/15 дугаар албан бичгээр мэдэгдэж байсан бөгөөд тус газар энэ үндэслэлээр өргөдлийг хүлээн аваагүй болно.
Бид орон нутгаас Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталгаажуулмагц Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хугацаа сунгуулах тухай өргөдлөө дахин гаргасан. Гэтэл АМГТГКХД 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 64 дүгээр хууль бус шийдвэр гарган, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд өргөдөл гаргаагүй гэх үндэслэлээр хугацааг сунгахаас татгалзаж, энэ шийдвэрийн дагуу бүртгэл хийхийг даалгасан.
Энэхүү хууль бус шийдвэр нь 10 жил уг талбайд маш их хэмжээний хөрөнгө зарцуулан, татвар, төлбөр төлсөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд хохирол учруулж, тусгай зөвшөөрөл дуусгавар болох үр дагаврыг үүсгэж байна.
Уг шийдвэр дараах үндэслэлүүдээр хууль бус байна. Үүнд:
АМГТГКХД-ын “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах” тухай шийдвэрийн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасан “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” чиг үүрэгтэй шууд хамааралгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан бөгөөд “Т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай” өргөдлөө гаргасныг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт хавсаргаагүй” гэх үндэслэлээр хүлээн авалгүй буцаасан нь хууль зөрчсөн байна. Учир нь тус газарт дээрх үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрх хуулиар олгогдоогүй байна.
Иймд тус компани нь мөн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт 17/15 дугаар албан тоот явуулж, “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулах ажил орон нутгийн захиргааны байгууллагаас шалтгаалан удааширч байгаа тухайгаа” мэдэгдсэн байдаг.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөлд хавсаргаагүй үндэслэл нь өргөдлийг хүлээн авахгүй байх үндэслэл болж чадахгүй. Харин энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа байсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх асуудал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заасан.
“Т” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай” өргөдлийг зохих баримт бичгийг хавсарган дахин гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн авсан.
Тус газар уг өргөдлийн дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх тухай шийдвэрийг өргөдлийг хүлээн авснаас хойш 10 өдөрт багтааж гаргах ёстой байсан боловч хуулийн хугацаанд өргөдлийг хяналгүй, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “хугацаа сунгахаас татгалзах тухай” 64 дүгээр хууль бус шийдвэр гаргасан.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зүйл заалтаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянахаар заасан бөгөөд “Т” ХХК нь дээрх нөхцөл шаардлагыг бүрэн хангасан тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Гэтэл дээрх 64 дүгээр шийдвэрт: “...тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй ...” гэж үндэслэсэн нь дээрх нөхцөл шаардлагад хамааралгүй байх тул уг шийдвэр хуульд үндэслээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага ... хянаж, ... хугацааг сунгаж ...”, 22 дугаар зүйлийн 22.4-д “... төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж ...” гэж тус тус заасан байдаг. Дээрх 64 дүгээр шийдвэрийг АМГТГКХД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч гаргасан нь захиргааны байгууллага чиг үүргээ эрх зүйн хэм хэмжээнд заасан журмаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Мөн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.4, 4.5-д заасан журмаар томилсон эсэх, эрх хэмжээг нь тусгайлан заасан эсэх нь нотлогдохгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын албаны даргын хуульд заасан чиг үүргийг бүхэлд нь хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй, үүнийг нотолсон баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй байна. Иймд уг асуудал нь Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эрх хэмжээний асуудал гэж үзэхээргүй байна.
“Т” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулах тухай хүсэлтээ холбогдох баримтын хамт 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад гаргасан байдаг бөгөөд Засаг дарга дээрх төлөвлөгөөг 2017 оны хайгуулын ажлын төлөвлөгөөтэй харьцуулж үзэх шаардлагатай байсан тул 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталгаажуулсан тухай баримт хэрэгт авагдсан.
Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй байна. Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйлдэл байхгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газар 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/639 дугаар албан бичгээр Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн бөгөөд энэхүү албан бичгээр “Т” ХХК нь тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэр гарсныг мэдсэн.
“М” ХК-ийн шууданч н.Э нь дээрх албан бичгийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 цагт “Т” ХХК-ийн байрны үүдний жижүүр Б.Т-д гардуулсан.
Тус компани 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18/34 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх шийдвэрийн талаарх гомдлыг гаргасан бөгөөд уг гомдлыг хууль бус шийдвэр гаргасан, тус газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д өөрөө шийдвэрлэж, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 7/1931 тоот албан бичиг гаргасан байдаг.
Уг албан бичиг нь “Т” ХХК-д хуульд заасан журмын дагуу ирээгүй бөгөөд гомдлын хариуг авахаар удаа дараа очсоны эцэст 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хуулбар үнэн тэмдэг даруулж албан бичгийг хүлээн авсан.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэсэн журмын дагуу гаргасан тус компанийн гомдолд хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан хариу ирүүлсэн. Ирүүлсэн хариу нь хаяглагдсан эзэндээ хугацаандаа хүрээгүй нь дээд шатны захиргааны байгууллага гомдлыг хянасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам хангагдсан гэж үзэх боломжгүй байсан тул тус компани Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хаяглан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 18/103 дугаар гомдлыг дахин гаргасан.
Гомдол хянан шийдвэрлэх хугацаанд удаа дараа хэрхэн шийдвэрлэж байгаа тухай асуухад хянаж байгаа тухай мэдэгдэж байсан бөгөөд тус газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1/5648 дугаар Гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тухай хариу албан бичиг ирсэн юм.
Тус компани дээрх хариу бичгийн мэдэгдлийг хүлээн аван, шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр АМГТГКХД Д.Д-н 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэр нь хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Адаг баянгийн худаг нэртэй газар 1501.99 гектар талбайд ХУ-013281 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар шийдвэрээр “Т” ХХК-д олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу танай компани Х\/-013281 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлэхээр хуульчилсан.
“Т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17/15 тоот албан бичгээр хүсэлт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг орон нутгаас шалтгаалан батлуулж чадахгүй байгаа тухай дурдахад хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан мэргэжилтэн Н.Н тус компанийн геологич 3.Э-д утсаар “Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан байгаль орчны төлөвлөгөөг яаралтай батлуулж ирүүлэх”-ийг мэдэгдсэн байна.
“Т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ХV-013281 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалуудыг тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгөөгүй. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.2-т заасан үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримтуудыг ирүүлээгүй нь баримтаар тогтоогдож байсан тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэхүү шийдвэрийг “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/639 тоот албан бичгээр “Т” ХХК-д мэдэгдсэн байна.
Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын Х\/-013281 тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.
“Т” ХХК нь 64 дүгээр шийдвэртэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “Т” ХХК нь тус шүүхэд хандан “АМГТГКХД-ын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг АМГТГКХД д холбогдуулан гаргасан.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд,
1. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт байрлах “А” нэртэй 1501.99 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV-013281 дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын /хуучин нэрээр/ даргын 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар шийдвэрээр “Т” ХХК-д олгожээ.
Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн /Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх/ 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” хэмээн заасанчлан “Т” ХХК-иас гаргасан хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 101 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг эхний удаа 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, хоёр дахь удаагаа Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 55 дугаар шийдвэрээр 2017 оны 02 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, энэ тухай мэдэгдлийг 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 6-554 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь тус мэдэгдлийг 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд хариуцагч байгууллагаас XV-013281 дүгээр тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад “008-EE Бүртгэв: Тусгай зөвшөөрлийг 2017.03.06 хүртэл сунгав” гэсэн тэмдэглэгээг хийсэн болох нь хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн ашигт малтмал хайгуулын 13281Х тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтын хуулбар, маргаан бүхий акттай холбогдуулан шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дэх 13281Х дугаар тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн материалд хийсэн баримт бичгийн үзлэгээр тогтоогдож байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... “Т” ХХК нь хуулийн хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргасныг хариуцагч “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргаагүй” гэх үндэслэлээр хүлээн аваагүй. Иймд тус компани “Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газар уг төлөвлөгөөг хянаж баталгаажуулаагүй” тухай тайлбарлаж, ...энэ тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17/15 дугаар албан бичгээр гаргасан. ...төлөвлөгөөг баталгаажуулмагц Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлөө дахин гаргасан бөгөөд тус газар уг өргөдлийг хүлээн авсан” хэмээн,
Хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 7/7639 дүгээр албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Т” ХХК нь ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалуудыг тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд өгөөгүй, ... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ... шинэчлэн батлуулсан баримт, ... үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрт төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт ирүүлээгүй тул ... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн” хэмээн тус тус маргаж байна.
3. Шүүх нэхэмжлэгч “Т” ХХК-ийн маргаж буй “хуульд заасан хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ашигт малтмалын хайгуулын XV-013281 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан ч нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас буюу Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлалгүй удаашруулсан, улмаар тус төлөвлөгөөг баталмагц 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай” өргөдлийг зохих баримт бичгийг хавсарган дахин гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн авсан” гэх үндэслэлтэй холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/8530 дугаар албан бичгээр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад хандан “Т” ХХК-ийн 13281Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г хэзээ баталсан болохыг тодруулахад,
Баян-Овоо сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/188 дугаар албан бичгээр “...“Т” ХХК нь 2015 оноос хойш байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг ирүүлээгүй” гэх хариуг ирүүлсэн.
Энэхүү хариу нь “Т” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт болох Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 01/24 дүгээр албан бичгээс илт зөрүүтэй байх тул шүүхээс энэ нөхцөл байдлыг тодруулах үүднээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/852 дугаар албан бичгээр дахин Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад хандан тодруулга хүсэхэд
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02/26 дугаар албан бичгээр “...13281Х тоот хайгуулын “А” нэртэй “Т” ХХК-ийн 2017 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2017 оны 5 дугаар сард тус компанийн байгаль орчны мэргэжилтэн өөрийн биеэр авч ирж батлуулсан” гэх хариуг ирүүлжээ.
4. Гэтэл маргаан бүхий акттай холбогдуулан шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын архив бичиг хэрэгт хийсэн баримт бичгийн үзлэгээр:
Кадастрын хэлтэс дэх 13281Х дугаар тусгай зөвшөөрлийн материалд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн огноо бүхий “Т” ХХК, Д.Д гэсэн гарын үсэг, тамга бүхий “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл”-ийн маягт Кадастрын хэлтэс дэх 13281Х дугаар тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн материалд авагдсан,
тус маягтад “хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралт”, “тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт”, “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт”, “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай болон хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”, “үйлчилгээний хөлс төлсөн баримт”, “аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гэсэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөлд хавсаргавал зохих баримт бичгүүдийг бүрэн хүлээн авсан гэх тэмдэглэлийг хийсэн нөхцөл байдал тогтоогдсон нь маргаан бүхий актад дурдсан үндэслэл болон Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02/26 дугаар албан бичгээр ирүүлсэн тодруулгатай зөрчилдөж байна.
5. Хариуцагч АМГТГКХД маргаан бүхий акт болох 2018 оны 64 дүгээр шийдвэртээ нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэлээ “...өргөдлөө ....хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй” гэж тодорхойлсноос бус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсанчлан Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бусад шаардлага болох бүрдүүлбэл зохих материалыг бүрдүүлсэн эсэх асуудлыг дурдаагүй, энэ тухай дүгнэлт хийгээгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад болон шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд энэхүү зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулахыг зорьсон боловч маргаан бүхий акт болон хариуцагчаас гаргаж өгч буй нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, энэ нөхцөл байдлыг цаашид тодруулж үзэх шаардлагатай байх бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т заасныг үндэслэн АМГТГКХД ас дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар АМГТГКХД-ын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол АМГТГКХД-ын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийдвэр хүчингүй болсонд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА