Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0982/З |
Дугаар | 221/МА2023/0465 |
Огноо | 2023-07-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2023/0465
“Л к” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Ц.М
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тоот “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай тушаалын “Л к” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 393 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гуравдагч этгээд “X х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
Хэргийн индекс: 128/2022/0982/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Л к” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тоот “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай тушаалын “Л к” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 393 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Л к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоол”-д заасан тайлбарыг ишилжээ.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Б” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг “Тавантолгой” нэртэй газарт 77.12 га талбай бүхий MV-....... дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмалын ашиглалтын .....А дугаар тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэн цуцалсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцсэн.
Тодруулбал манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээс өөр бөгөөд дээрх Улсын дээд шүүхийн тогтоолыг адилтган үзэж, дүгнэлт гаргах боломжгүй байхад ишилж ашигласныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.2. Үндэслэх хэсгийн 8-д “нэхэмжлэгч “Л к” ХХК-ийг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй зөрчил гаргасан хэмээн газар ашиглах эрхийг цуцалж, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл байх тул илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу татварын алба нь газрын төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийг өөрийн зүгээс газрын төлбөр төлөөгүй гэж үзэж байгаа нь хууль бус юм.
Тодруулбал, нэхэмжлэгчид олгосон газрын хэмжээ, тойрог, бүсчлэл, зориулалтын дагуу Газрын төлбөрийн тухай хуульд заасан нэхэмжлэл үүссэн эсэхийг нэг мөр тогтоогоогүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар хариуцагч нь энэхүү газар ашиглах гурван талд гэрээг байгуулж, гэрчилгээг олгох үүргийг хуулиар хариуцсан байхад энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй шалтгааныг тогтоогоогүй.
Тодруулбал нэгэнт нэхэмжлэгтэй газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа зэргээ үүрэг болгоогүй мөртлөө тийнхүү үүргээ биелүүлээгүй гэж шийдвэр гаргасан үйлдэлд дүгнэлт хийгээгүй. Энэ үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдлийг хэрхэн зөвтгөж байгаагаа үндэслэл бүхий шийдвэртээ тусгаагүй.
Тиймээс нэхэмжлэгчтэй удаа дараа газар ашиглах гурван талд гэрээг байгуулаагүй, төлбөрийн төлбөрөө нэг ч удаа нэхэмжлээгүй, татварын албанаас газрын төлбөрийн нэхэмжлэхийг байгууллагад үүсгээгүй байхад нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь хууль бус юм.
Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох” гэж заасныг тус тус зөрчиж шийдвэрээ гаргасан.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н миний бие 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутад “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, шүүх хуралдаан 17 цагт дуусгавар болсон.
Гэвч шүүгчийн туслахад энэ талаар мэдэгдсээр байхад мөн өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй гэж, шүүх хуралдааныг явуулсан нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй.
Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулиудад заасан үүргээ огт биелүүлээгүй төдийгүй нэхэмжлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх шүүхийн үүргийг үл ойшоож, захиргааны актыг хамгаалах байр суурьтай шийдвэр гаргасныг дээрх үндэслэлүүдээр илэрхийлж байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 393 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н миний бие 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутад “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, шүүх хуралдаан 17 цагт дуусгавар болсон.
Гэвч шүүгчийн туслахад энэ талаар мэдэгдсээр байхад мөн өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй гэж, шүүх хуралдааныг явуулсан нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д “анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн;” гэж заасан үндэслэл байх тул мөн хуулийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 393 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хэмээн 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “Л к” ХХК-ийн газар багтжээ.
2.2. Нэхэмжлэгч компанид анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт байрлах Арцатын аманд “аялал жуулчлалын” зориулалтаар 8.0 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр буруутгаж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
2.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...газартаа Аялал жуулчлалын бааз бүтээн байгуулж, зориулалтын дагуу ашиглахаар Байгаль орчны ерөнхий үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийж гүйцэтгүүлэн Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай компанийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн тул бид нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэх ажлаа үргэлжлүүлж байсан, …. Газар ашиглах эрхийн гэрчилгээг гардан авсан үеэс хойш Газар ашиглах эрхийн гурван талт гэрээг байгуулах хүсэлтийг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт удаа гаргаж байсан боловч бидэнтэй гэрээг огт байгуулаагүй, … газар ашиглах гурван талт гэрээг байгуулаагүй тул бид газрын төлбөрийн хэмжээг мэдэх боломжгүй, мөн газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй, харьяа татварын албанаас газар ашигласны төлбөрийн нэхэмжлэх огт ирүүлээгүй” гэж тайлбарлан маргаан бүхий захиргааны актын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар дээр дурдсан үндэслэлүүд нь няцаагдаж байна.
2.4. Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1798 дугаар албан бичиг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09/01 дүгээр албан бичгүүдээр нэхэмжлэгч “Л к” ХХК-иас газар ашиглах эрхийн гурван талт гэрээ байгуулахаар хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байх төдийгүй газрын төлбөр огт төлөөгүй бөгөөд тооцоо нийлсэн актыг үйлдэж байгаагүй болох нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 19/1261 дүгээр албан бичгээр тус тус нотлогджээ.
2.5. Нэхэмжлэгч “Л к” ХХК-ийн хувьд 2016 онд газар ашиглах эрх авснаасаа хойш газрын төлбөр огт төлөөгүй, мөн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.
2.6. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “татварын алба газрын төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүй гэж үзэж байгаа нь хууль бус” гэх үндэслэлийг давж заалдах гомдолдоо дурдсан байх бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байх тул гагцхүү төлбөрийн нэхэмжлэх ирүүлснээр газрын төлбөрийг төлөхөөр тайлбарлаж буй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүйгээс гадна татварын албанаас төлбөрийн нэхэмжлэх ирүүлээгүй нь тухайн газрыг эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл биш юм.
2.6. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н миний бие 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутад “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, шүүх хуралдаан 17 цагт дуусгавар болсон, шүүгчийн туслахад энэ талаар мэдэгдсээр байхад шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй гэж шүүх хуралдааныг явуулсан нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй” талаар давж заалдах гомдолдоо дурдах боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт болон түүний үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргасан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН