Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01040

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01040

Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3-р хороо, Тээвэрчдийн гудамж, WW центр төвийн 10 давхарт байрлах “Нано Интернэйшнл” ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сарангоо шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нано Интернэйшнл” ХХК нь иргэн Д.Дөлгөөнжаргалтай 2016 оны 01-р сарын 18- ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын салбар хариуцсан худалдааны төлөөлөгчийн албан тушаалд томилон ажиллуулсан. Гэтэл Д.Дөлгөөнжаргал нь ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 01-р сарын 18-ны өдрөөс 2016- оны 05-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн худалдан авсан харилцагчийн мөнгийг компани руу шилжүүлэхгүй хувьдаа ашиглаж 10 638 942 төгрөгийн хохирлыг компанид учруулсан. Д.Дөлгөөнжаргал нь дээрх мөнгийг хувьдаа ашигласнаа удаа дараа хүлээн зөвшөөрч үүнийгээ бичгээр баталгаажуулж өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлтийг компанид төлөөгүй болно. Мөн Дорнод аймгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж хувьдаа завшсан нь тогтоогдсон боловч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан  гэх үндэслэлээр 2016 оны 11-р сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Прокурорын Газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Л.Мөнхбаяр уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан болно. Иймд, бид Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2017 оны 02-р сарын З-ны өдрийн Дугаар 138/ШШ2017/00512 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасныг баримтлан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг хаягтаа эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Иймд Д.Дөлгөөнжаргалыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч “Нано Интернэйшнл” ХХК нь Д.Дөлгөөнжаргалыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

   “Нано Интернэйшнл” ХХК нь Д.Дөлгөөнжаргалтай 2016 оны 1-р сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын салбар хариуцсан худалдааны төлөөлөгчөөр томилон ажиллуулжээ.   

 

   Д.Дөлгөөнжаргал нь  хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа “Нано Интернэйшнл” ХХК-д хохирол учруулсан гэх ба уг маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

   Харин Д.Дөлгөөнжаргал нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 29-р байрны 10 тоотод суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дорнод аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2-р сарын 13-ний өдрийн 138/ШШ2017/000512 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

  Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Д.Дөлгөөнжаргал нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 29-р байрны 10 тоотод оршин суух хаягтай, 9158-3060, 8864-0330 дугаарын утастай  болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Д.Дөлгөөнжаргалыг эрэн сурвалжилсугай.

 

   2. Д.Дөлгөөнжаргалыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.АЛТАНТУЯА