Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/589

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч: Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-д холбогдох эрүүгийн 2105007491071 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....... Л.Э

 

Шүүгдэгч Л. нь 2021 оны 4 дүгээр сарын 04-ний Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 10-117 тоот хашаанд байх гэртээ хохирогч Д.А-тай маргалдан, улмаар заазуураар цохиж, түүний дагз, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнд шарх, дээд уруулд зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ:

Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.А тухайн өдөр манайд хоёр удаа орж ирсэн. Тэгээд манай хүнийг оролдоод байсан болохоор уурандаа заазуур аваад шидсэн. Хохирогч надаас 207 319 төгрөг нэхэмжилсэн. Би хохирогчид хохирлыг төлөхөөр авч ирсэн боловч хохирогч шүүх хуралдаанд ирээгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирол төлөх гэсэн боловч шүүхийн шатанд төлөөрэй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч -Л.А мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө О ахын гэрт ороод шартаад байна, архи байна уу гэж асуусан чинь байхгүй гэхээр нь өөр дэлгүүр орж архи худалдаж авсан. Тэгээд би архиа аваад О ахтай хувааж уугаад согтчихсон. Тэгээд нэг мэдэхэд Э гаднаас орж ирсэн хамт архи ууж байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Ямар ч байсан нэг сэрэхэд заазуурдуулчихсан, Э-ын хашаан дотор байж байхад манай дүү О гүйж ирээд надтай хамт Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би толгойны зураг авахуулсан эрүүл мэндийн даатгал хийлгэсэн. 67 300 төгрөг, КТГ-ын зураг авахуулсан 100 000 төгрөг, эм тарианы 40 019 төгрөг нийтдээ 207 319 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч -Ц.Ц мэдүүлэхдээ:

Би О-ийн гэрт очиход О, А лам, Э гурав зурагт үзээд байж байсан ба А нэлээд халчихсан, О, Э нар бас халамцуу байсан. Тэгсэн Э надаас мөнгө байна уу гэхээр нь би байхгүй, яах гэж байгаа юм гэсэн чинь А надаас архи нэхээд байна гэхээр нь би “бага хүү Б руу залгаад “ээждээ 20 000 төгрөг шилжүүлээч” гэж хэлээд дэлгүүрийн худалдагчийн данс руу 50 000 төгрөг хийж өгсөн. Түүнээс нь би Хамаг монгол нэртэй архинаас 0.75, 0.5 литрийн 2 шил архи, А ламд нэг ундаа, Э-д нэг тамхи, өөртөө тамхи аваад тэгээд О-ийн гэрт очсон. О-ийн гэрт ороод “А минь өр саллаа шүү” гэж хэлээд тэр 0.75 литрийн архи задалж уухад нь би тухайн архинаас нэг их уугаагүй. Тэгээд тэр архи нь дуусаад 0.5 гр шилтэй архи задалхаар нь би Э-ыг харъя гэж хэлээд дагуулж авч гараад шууд гэр рүүгээ харьсан. Гэрт орж талх зүсч идчихээд ногоон иштэй заазуураа ширээн дээр тавьчихаад орондоо ороод хэвтээд өгсөн. Тухайн үед цаг хэд болж байсныг сайн санахгүй байна, барагцаагаар 16 цаг орчим болж байсан байх. Тэгээд нэг сэрсэн түг гээд цээж рүү цохих шиг чимээ гарахаар нь хартал А Э-ын цээж рүү цохиж байсан. Миний хөхнөөс бариад авахаар нь би “чи боль л доо би даралт ихтэй битгий” гэж хэлсэн чинь Э уурлаж босоод “чи битгий дээрэлхээд бай, пизду минь” гэж хэлээд ширээн дээр байсан ногоон иштэй заазуураар А-ын толгойн зүүн хэсэгт цохиод авсан. Тэгэхэд нь би гараад явчихсан гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 3093 тоот дүгнэлтэд:

1. Д.А-ын биед дагз, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнд шарх, дээд уруулд зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Л.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)                                                     

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Л.Э нь архи ууж согтуурсан үедээ 2021 оны 4 дүгээр сарын 04-ний Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 10-117 тоот хашаанд байх гэртээ хохирогч Д.А-тай маргалдан улмаар заазуураар цохиж, түүний дагз, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнд шарх, дээд уруулд зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.А, гэрч Ц.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 3093 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.А нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар 207 319 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч Л.Э хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заажээ.

Шүүх хуралдаанд прокурор шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, торгуулийн ял оногдуулах дүгнэлт гаргасан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Э-ын 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-н 4 дүгээр зүйлд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийн дагуу түүнд оногдуулсан 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Л.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Л.Э-аас 207 319 төгрөг гаргуулж, хохирогч Д.А-т олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар бариултай заазуурыг устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН