Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01072

 

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01072

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, Драгон төвийн 7 давхарт 701 тоотод байрлах, “Гүн зэгэстэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 16-р хороо, Орхоны 8-9 тоотод байрлах “Алтан зурлага” ХХК-д холбогдох 14 669 175 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “Гүн зэгэстэй” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Алтан зурлага” ХХК-ний түлш зээлээр худалдан авах хүсэлтийн дагуу 2016 оны 5 сарын 6-ны өдөр 15/05 тоот Шатахуун хангамжийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулан тус компанийн үйл ажиллагаанд зориулан дизель түлш 33 удаа 5454 литр, 7 890 500 төгрөгийн үнэ бүхий түлшийг зээлээр олгосон. 2016 оны 6-р сарын 7-нд “Алтан зурлага” ХХК-ний менежер Д.Гантулга 5 000 000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл тооцоогоо дараа хийе, дахин нэмж түлш авъя гэж гэрээгээ сунгах хүсэлт тавьсны дагуу Шатахуун хангамжийн гэрээг мөн өдрөөс 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан. 2016 оны 6 сарын 18-ны хооронд нийт 40 удаа 4300 литр, 6 888 950 төгрөгийн түлш зээлээр авсан. Гэрээгээр худалдан авсан түлшний үнийг 15 хоногийн дотор багтаан төлөх, төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцох нөхцөл тохиролцсон түлшний үнийг өнөөдрийг болтол төлөөгүй үлдэгдэлтэй байна. Үүн дээр өмнөх гэрээний үлдэгдэл төлбөр болох 2 890 500 төгрөгийг мөн төлөөгүй байна. Иймд өмнөх гэрээний үлдэгдэл 2 890 500 төгрөг, түүний алданги 1 445 250 төгрөг нийт 4 335 750 төгрөг, 2 дахь гэрээний үлдэгдэл төлбөр 6 888 950 төгрөг, түүний алданги 3 444 475 төгрөг, нийт 10 333 425 төгрөг  нийт 14 669 175 төгрөгийг “Алтан зурлага” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Гүн зэгэстэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Алтан зурлага” ХХК-д холбогдох хэрэгт 14 669 175 төгрөгийн нэхэмжлэлээс 4 889 725 төгрөгөөс татгалзаж үлдэх 9 779 450 төгрөгийг “Алтан зурлага” ХХК нь бүрэн төлөхөөр эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Гүн зэгэстэй” ХХК нь “Алтан зурлага” ХХК-д холбогдох 14 669 175 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, 14 669 175 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 9 779 450  төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Гүн зэгэстэй” ХХК, хариуцагч “Алтан зурлага” ХХК нар нь 14 669 175 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 9 779 450 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 295 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Алтан зурлага” ХХК-аас 115 647 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА