Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/595

 

2021             9            20                                      595    

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.М,

шүүгдэгч: Д.П, түүний өмгөөлөгч Д.Э /0261/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д. П-д холбогдох эрүүгийн 1905044101643 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ……….., Д.П

 

Шүүгдэгч Д.П нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баруун тасганы 2 дугаар гудамжны 47 тоотод хохирогч Б.М-г гараараа цохиж, зодон биед нь халдаж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “чамархай, хуйх, дээд доод уруул, эрүү, чамархай хуйх, дух, баруун шанаа, баруун хөмсөг таслал, хамрын үзүүр, баруун нүдний дээд доод, зүүн хацар, зүүн хацрын төвгөр, эрүү, баруун өвдөг, баруун гуя, шилбэ, хэвлий, зүүн гуя, өвдөгт зулгаралт, хуйх, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, эрүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.П мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед би гэмтэл учруулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2 972 800 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч, энэ мөнгийг 6 сарын хугацаанд, сард 500 000 төгрөгөөр төлж барагдуулна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Б.М мэдүүлэхдээ:

Талийгаач миний дүүгийн хүүхэд байсан. Над дээр өссөн хүүхэд юм. Нарантуул зах дээр ажил хийдэг, бас барилгын ажил хийдэг байсан. Нас барсан талаар Баянгол дүүргийн цагдаагийн газраас надад хэлсэн. Шүүгдэгчтэй уулзах гэхээр өмгөөлөгч битгий яриарай гэсэн гээд холбоо барьдаггүй. Оршуулгын зардалд 5 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч 2 972 800 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Энэ мөнгөө нэхэмжлэнэ. Энэ хэрэг гарснаас хойш шүүгдэгчийн зүгээс уучлалт гуйж надтай улзаагүй. Нэг л удаа утсаар ярьсан. Тэгэхдээ өмгөөлөгч мөнгө төгрөг битгий өгөөрэй гэсэн гэж хэлсэн гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч- Н.Г мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ч, М нарын хамт манай гэрт байхад П эхнэртэйгээ орж ирсэн. П нэг шил архитай ирээд бид тав хувааж уусан. П талийгаач М-д машин өнгөлөөд өг гэхэд М тос байхгүй гэхэд П, М-тэй маргалдаад гадагшаа зууралдаад гэрээс гарсан. Энэ үед Ч салгах гээд араас нь хамт гарсан. Тухайн үед П Ч-ийг гэрт ор гэж хөөгөөд байсан. Тэгтэл Ч орж ирээд орон дээр хэвтсэн. Хэсэг хугацааны дараа Ч гараад талийгаачийг гадаа хэвтээд байна, толгойноос нь цус гараад байна гэхээр нь түргэн, цагдаа дууд гэхэд утас байхгүй, утастай хүн олдохгүй байна гээд дуудаагүй. Удалгүй Х орж ирээд Ч-ийн эхнэрийг буудал руу аваад явсан. Энэ үед Ч эхнэрээ хүлээгээд сууж байсан. Тэгээд бид хоёр тасраад унтаад өгсөн. Өглөө цагдаа нар ирээд Ч-ийг аваад явсан гэжээ. (хэргийн 54 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ч мэдүүлэхдээ:

Би 13 цагийн орчимд хамт архи уудаг найз А-ийн гэр болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн харалдаа байдаг хашаа байшинд эхнэр Г, талийгаач М нарын хамт архи уугаад сууж байхад гаднаас А-ийн найзууд нь бололтой эхнэр, нөхөр хоёр гэрт нь архи, хоол унд авчирч ирсэн. Тухайн эхнэр нөхөр хоёрыг урьд нь зүс таньдаг байсан бөгөөд А-ийн гэрээр орж гардаг боловч нэрийг нь мэдэхгүй. Нөхөр нь Гандангийн автобусны буудал дээр машинтай халтуур хийдэг, харин эхнэр нь хамт явдаг юм. Ингээд надаас бусад нь уг эхнэр нөхөр хоёрын авчирсан архийг дуустал нь хувааж уусан бөгөөд миний бие муу, таталт өгдөг учраас уугаагүй. Ингээд гаднаас орж ирсэн зүс таних залуу, талийгаач М хоёр бие биенээ таньдаг байсан бөгөөд талийгаачийн хувьд Гандангийн автобусны буудал дээр машины толь өнгөлдөг байсан. Ингээд архи уугаад сууж байхад М-г нөгөө гаднаас орж ирсэн залуу чи машины толь өнгөлөөд өг гэхэд М зөвшөөрсөн бөгөөд нөгөө залуугийн эхнэр нь хэдэн төгрөг болдог юм. Тэр өнгөлдөг зүйл чинь хаана байдаг юм бэ, хамт яваад худалдаад авъя гэхэд нөхөр нь эхнэртэйгээ маргалдаж чи яахаараа энэ залуутай хамт явдаг юм бэ, гэж байснаа нөхөр нь шууд М руу дайрч баруун талын хацар руу нь нэг удаа алгадсан бөгөөд М босож ирээд нөгөө залуугийн хамар орчимд нэг удаа мөргөсөн. Тэгээд нөгөө залуу М-г чи яахаар миний машиныг угааж өгдөггүй юм бэ гээд загнаад М-ийн нүүр рүү нь хоёр удаа мөргөөд, М-г газраас босож ирэх үед нь баруун талын чих рүү нь 4 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд гараа атгаж байгаад хоёроос гурван удаа цохисон бөгөөд түүнээс хойш М босож ирээгүй. Тэгтэл А ах та нар наад зодооноо боль гэхэд тэр хоёр зодолдохоо больсон бөгөөд зодоон болж байхад гаднаас Х ганцаараа нэг шил архи авч ирсэн юм. Харин нөгөө эхнэр нөхөр хоёр зөрж гарч яваад эргээд удаагүй архи бариад дахиад хүрээд ирсэн. Тэгээд авчирсан архиа ууж байгаад М нөгөө залуу хоёр дахиж машин угаах угаахгүй асуудлаас болж маргалдаж байгаад М А ахын дэргэд зодолдоод яах юм бэ, гараад зодолдох уу гээд М нөгөө залуутай хамт гэрээс гарч хашааны урд хэсэгт хураалттай байсан модны орчимд бие биенээ боогоод зодолдоод байсан ба М нөгөө залуугийн үснээс зулгаагаад харин нөгөө залуу зөрж үснээс нь барьж байгаад доош нь дараад дахиад баруун талын чих рүү нь цохиод толгойн дээр нь маш олон удаа дэвсээд байсан. Би тэр хоёрыг болиулах гэтэл нөгөө залуугийн эхнэр нь чамд хамаагүй чи яв гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Г болон А, Х нар гэрт үлдсэн. Харин би хоол олж идэхээр 17 цагийн орчимд гараад явсан. Намайг гэрээс гараад явах үед М-г үл таних залуу зодоод үлдсэн. Тэгээд би явж байгаад эргээд 18 цагийн орчимд А-ийн гэрт ирсэн бөгөөд хашааны хаалгаар нь ороход манай эхнэр Г, Х хоёр буудал орлоо гээд, нөгөө эхнэр нөхөр хоёр харин явлаа гээд надтай зөрөөд явсан. Харин хашааны урд талд хураалттай байсан модны дэргэд М доошоо хараад нүүрээрээ газар хэвтэж байсан бөгөөд харин А надад ямар нэгэн зүйл хэлээгүй, ямар нэгэн зүйл мэдэж байгаа шинжгүй сууж байсан. Би тэгээд талийгаачийн хажууд очоод босооч ээ гэхэд өөдөөс ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан бөгөөд би авчирсан хоолоо А-тай хамт хувааж идээд унтацгаасан. М харин огт босохгүй байсан. Би тухайн үедээ М-г уусан архиндаа тасарчихсан байх гэж бодсон. Тэгээд шөнө 02 цагийн орчимд бие засах гээд босохдоо М дээр очиход М доошоо хараад хэвтэж л байсан. Ингээд өглөө болсон бөгөөд өглөө 10 цаг болох гэж байхад би М дээр очиход амнаас нь цус гараад наалдаад хөлдчихсөн байсан. Тэгээд би А ахын дүү нь гээд залуу ирэх үед нь түүний утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Энэ хугацаанд Г болон нөгөө эхнэр нөхөр хоёр ирээгүй. М-г зодсон залуугийн нэрийг Шар П гэж дууддаг. Эхнэр нь махлаг том биетэй эмэгтэй байсан. Х нь А-ийн гэрт ирж бид нартай хамт архи уудаг хүн байгаа юм. М П нарын зодооны асуудалд Х ямар нэгэн оролцоо байхгүй. А ахтай хамт архи уугаад л сууж байсан. П гэрийн гадаа М-тэй маргалдаад овоолсон модны хажууд нүүр рүү нь хоёр удаа мөргөөд, М-г газраас босож ирэх үед нь баруун талын чих рүү нь 4 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд гараа атгаж байгаад хоёроос гурван удаа цохисон бөгөөд түүнээс хойш М босож ирээгүй гэжээ. (хэргийн 56-57 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-В.Н мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 14 цагийн орчимд гэрээсээ гараад нөхөр П-той хамт Гандангийн автобусны буудлын орчимд ирсэн бөгөөд тэндээс Х гээд П-той хамт архи уудаг залууг хайж очсон. Ингээд Х-г А-ийн гэрт байж магадгүй гээд А-ийн гэрт очсон бөгөөд А-ийн талаар би сайн мэдэхгүй, П мэдэж байгаа. Ингээд А-ийн гэрт очиход тэдний гэрт Ч болон Г, А, тэгээд талийгаач нар хамт байсан бөгөөд халамцуу байдалтай байсан. П бид хоёр гэрт нь орохдоо нэг шил 0.75 грамм хэмжээтэй архи аваад орсон бөгөөд тухайн архийг хувааж уусан. Харин архинаас нь би огт уугаагүй. Ингээд архи ууж байх үед П талийгаачтай машины гэрэл өнгөлөх асуудлын талаар ярьж байсан бөгөөд өнгөлөгч нь хаана байдаг юм бэ, машин өнгөлөөд өгчих гэх зэргээр ярьж байсан. Ингээд ярьж байснаа ууж байсан архиа талийгаач би өөрөө хундагална гээд харин П нь үгүй би өөрөө хундагална гээд үүнээс болоод тэр хоёр муудалцсан. Энэ үед гэрт Ч, Г, А нар хамт байсан. Ингээд П талийгаачийн нүүр лүү гараараа 2-3 удаа атгаж байгаад цохисон, харин талийгаач П-ийг зөрүүлээд мөргөсөн. Тэгээд тэр хоёр зодолдсон бөгөөд тэр хоёрын зодоон дундуур өөр хэн нэгэн ороогүй. Тэгтэл А ах тэр хоёрыг гэр оронд зодолдсон гээд боль гэж хэлээд болиулсан. Энэ үед П дэлгүүр гарч эргээд нэг шил архи аваад ирсэн. Тэр архийг нь хуваагаад уугаад сууж байхад араас Х ороод ирсэн. Ингээд тэд нар бөөндөө архиа хуваагаад уугаад сууж байгаад П талийгаачтай дахиад маргалдсан. Тэгтэл талийгаач П-ийг гараад үзчих үү гэж хэлээд тэр хоёр хамт гарсан бөгөөд араас нь Ч гараад явсан. П талийгаачтай хамт гарах үед Ч бид хоёр гарсан. Тэгтэл П талийгаачтай зодолдож байх үедээ талийгаачийн хувцаснаас чирээд хашаан дотор хураасан байсан модны орчимд аваачсан. Ингэж чирэх үед талийгаачийн өмд нь шувтарчихсан. Тэгээд Ч энэ үед эхнэр Г зодох гээд байхаар нь би Ч-ийг чамд ямар хамаатай юм бэ, энэ хоёр хүний асуудлаас болж чи битгий хөөрөөд бай гэж хэлсэн. Тэгээд Х Г-г дагуулаад явна гээд П бид хоёр ч гэсэн явлаа гээд бид дөрөв манай гэр рүү явсан. Гэрт ирэхэд 20 цаг өнгөрсөн байсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 07 цагийн орчимд сэрсэн бөгөөд гэрт Х, Г манай нөхөр бид нар хамт байсан. Тэгээд нөгөө хэд шартаж үхэх гээд байна гээд дэлгүүрээс архи авч уугаад байж байхад П-ийн дүү Ц, А, А нар манай гэрт ирээд цагдаагаас хайгаад байна гээд бид нар өөрсдөө Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн юм. Уг хоёр хүн зодолдсоны дараа талийгаач босож ирэхгүй байсан бөгөөд гар хөл нь хөдлөөд байх шиг байсан. Сайн хараагүй, яг П-д зодуулсан байрлалдаа доошоо хараад хэвтээд үлдсэн. Талийгаачид Ч гар хүрч байхыг нь хараагүй. Ямар ч байсан П талийгаачийн нүүр рүү нь л дайраад байсан яг яаж өшиглөж цохиж байсан талаар одоо тодорхой санахгүй байна. (хэргийн 60-61 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.С мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 10 цагийн үед Г-ийн гэрт Ч, М, Г бид дөрөв зурагт үзээд сууж байхад гаднаас П эхнэр Н-гаа хамт 0.75 литрийн архи аваад орж ирсэн. Тэгээд авчирсан архийг нь бид хэд хуваагаад ууж байхад М, П хоёр муудалцаад барилцаж аваад зодолдсон. Юуны учраас болоод маргалдаж зодолдсоныг би мэдэхгүй байна. Миний чих хатуу болохоор би яагаад маргалдсаныг сонсоогүй. Тэгтэл Г тэр хоёрыг гэрт битгий зодолдоод бай гээд болиулсан. Тэгээд П гарч яваад дахиад 0.5 литрийн Хандгай архи авчраад хувааж ууж байгаад П, М хоёр маргалдаад бие биенээ угз татаад зууралдаад гарсан. Тэгэхэд гэрт Г, Ч, бид гурав үлдсэн. Тэгээд удалгүй гаднаас П ганцаараа орж ирсэн. Нэлээн байж байтал гаднаас Х 0.75 литрийн Хандгай архи бариад орж ирсэн. Тэр архийг бид нар хувааж уучхаад П болон Н хоёр манай гэрт очъё гэсэн. Тэгсэн би Ч-ийг аваад явах гэсэн чинь тасарчихсан байхаар нь тэнд үлдээгээд Х, П, Н-тай хамт бид дөрөв П-ийн гэр лүү автобусаар долоон буудлаас цаашаагаа байдаг газарт очсон. Тэгээд П-ийн гэрт нь очиход Н хоол хийж өгөөд П өөрөө дэлгүүр орж 0.75 литрийн Хандгай архи нэг шилийг авч ирээд тэрийг нь бид дөрөв хувааж уугаад П-ийн гэрт унтацгаасан. Тэгээд өглөө нь Х бид хоёр Гандан руу ирэх гэж байхад Х-ны таньдаг хүн нь таараад үлдчихсэн. Тэгэхээр нь би ганцаараа автобусанд суугаад Ганданд ирэхэд цагдаа таараад намайг дагуулж ирсэн. Би ямар учраас маргалдсан талаар мэдэхгүй байна. Чих хатуу болохоор сонсоогүй. Гэр дотор зодолдоход П, М-г нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд тэр хоёр гадаа зодолдох гээд гарахад бид нар гэрт үлдсэн болохоор хараагүй. П, М хоёр зодолдох гэж гарч яваад П 10 минут орчмын дараа орж ирсэн гэжээ. (хэргийн 62-63 дугаар хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2424 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр чамархайн хуйх, дээд, доод уруул, эрүү, чамархайн хуйх, дух, баруун шанаа, баруун хөмсөг, хамрын үзүүр, баруун нүдний дээд доод, зүүн хацар, зүүн хацрын төвгөр, эрүү, баруун өвдөг, баруун гуя, шилбэ, хэвлий, зүүн гуя, өвдөгт зулгаралт, хуйх, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, эрүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш, удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, үхэлд хүргээгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Талийгаач нь ходоодны архаг үрэвсэл, элэгний хүнд зэргийн өөхлөлт, завсрын үрэвсэл, бөөрний завсрын эдийн голомтлог сорвижилт бүхий архаг өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй.

4. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 5.9, ходоодны шингэнд 7.7, шээсэнд 4.7 промилл спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна. Дээжүүд хорт бодис, демодрол илрээгүй.

5. Шүүх биологийн шинжилгээгээр А/2/ бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь цогцсын гадна үзлэгээр нас бараад 12 цагаас дээш орчим цаг болсон байна. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

7. Талийгаач нь осголтын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ.

8. Олон эрхтний дутагдал давамгайлсан учраас эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй болсон байжээ гэжээ. (хэргийн 68 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1320 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр чамархайн хуйх, дээд доод уруул, эрүүнд шарх, чамархайн хуйх, дух, баруун шанаа, баруун хөмсөг, хамрын үзүүр, баруун нүдний дээд доод, зүүн хацар, зүүн хацрын төвгөр, эрүү, баруун өвдөг, баруун гуя, шилбэ, хэвлий, зүүн гуя, өвдөгт зулгаралт, хуйх, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, эрүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

2. Талийгаачид учирсан чамархайн хуйх, дээд доод уруул, эрүүнд шарх, чамархайн хуйх, дух, баруун шанаа, баруун хөмсөг, хамрын үзүүр, баруун нүдний дээд доод, зүүн хацар, зүүн хацрын төвгөр, эрүү, баруун өвдөг, баруун гуя, шилбэ, хэвлий, зүүн гуя, өвдөгт зулгаралт, хуйх, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, эрүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хуйх, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, эрүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. (хэргийн 82 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.П нь Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 32А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 143 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.П нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баруун тасганы 2 дугаар гудамжны 47 тоотод хохирогч Б.М-г гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “чамархай, хуйх, дээд доод уруул, эрүү, чамархай хуйх, дух, баруун шанаа, баруун хөмсөг, хамрын үзүүр, баруун нүдний дээд доод, зүүн хацар, зүүн хацрын төвгөр, эрүү, баруун өвдөг, баруун гуя, шилбэ, хэвлий, зүүн гуя, өвдөгт зулгаралт, хуйх, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, эрүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.Г, Б.Ч, В.Н, Д.С нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2424, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1320  тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2424 тоот дүгнэлтэд

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр чамархайн хуйх, дээд доод уруул, эрүү, чамархайн хуйх, дух, баруун шанаа, баруун хөмсөг, хамрын үзүүр, баруун нүдний дээд доод, зүүн хацар, зүүн хацрын төвгөр, эрүү, баруун өвдөг, баруун гуя, шилбэ, хэвлий, зүүн гуя, өвдөгт зулгаралт, хуйх, баруун нүдний дээд зовхи, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, эрүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш, удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, үхэлд хүргээгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Талийгаач нь осголтын улмаас олон эрхтний дутагдлаар нас барсан гэжээ.

 

Хохирогч Б.М осголтын улмаас олон эрхтний дутагдлаар нас барсан нь дээрх дүгнэлтээр тогтоогдсон ба Д.П-ийн хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн гэмтэл нь түүнийг үхэлд хүргээгүй, хоорондоо шууд шалтгаант холбоогүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.П-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй болно.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүгдэгчээс 2 972 800 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрч, 6 удаа хувааж  төлөхөө илэрхийлсэн тул түүнээс  2 972 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид ...хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй,

мөн зүйлийн 2-т гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заажээ.

 

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж,

уг хуулийн 3 дугаар зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй,

4 дүгээр зүйлд Энэ хуулийг  Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.  

 

Иймд шүүгдэгч Д.П-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Б.М-г гараараа цохиж, зодон биед нь халдаж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 95 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохиролд 2 972 800 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Д. П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.П-оос 2 972 800 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгосугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.П нь энэ хэрэгт 95 /ерэн тав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.П-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН