Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/596

 

2021           9           20                                        596

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                         

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

хохирогч: Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Э /0967/

шүүгдэгч: Л.О, түүний өмгөөлөгч О.Б /3070/, Ж.Т /0214/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О-т холбогдох эрүүгийн 2002001671173 дугаар хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, …….,Л.О

 

Шүүгдэгч  Л.О нь 2013 оны 6 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч Б.Б-ийн хүү Б.А-г “Хууль сахиулахын их сургууль, ОХУ-д сургуульд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж биет 2 500 000 төгрөг, өөрийн 5014314620 дугаарын данс болон иргэн Б.Я-ын 5006145218, О.Б-ийн 5006479874, Ө.Я-ны 5720190777, А.Х-ы 5031693967, М.Т-ын 5030416315, Б.А-ийн 5076383147, С.Э-ын 5024217910 дугаарын дансаар 39 671 300 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 42 171 300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Л.О мэдүүлэхдээ:

Би бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ өмгөөлөгч нартайгаа зөвшилцөөд 16 612 000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг хасаж тооцуулан, үлдэх 14 609 300 төгрөгийн хохирлыг бага багаар төлж барагдуулна.  Хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш хохирогчид нийт 10 950 000 төгрөгийн хохирол төлсөн. Маш их гэмшиж байна. Манай нөхөр одоо ажилд орж байгаа тул үлдсэн 14 609 300 төгрөгийг төлнө. Мөн охин гадаадад ажилладаг боловч ковидын улмаас ажил хийж, мөнгө явуулах боломжгүй байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Б мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Л.О болон түүний өмгөөлөгч нарын маргаад байгаа 16 612 000 төгрөгийг хохирлоос хасаж тооцохыг зөвшөөрнө. Үлдэх 14 609 300 төгрөгийг хурдан хугацаанд төлөхийг шаардаж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Я мэдүүлэхдээ:

Би 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар байрны Өнөр-2 нэртэй СӨХ-ийн захирлаар ажиллаж байна. Тус дүүргийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг Л.О одоог хүртэл түрээсэлж амьдарч байгаа. Л.О нь 2014, 2015 онуудад миний Хаан банкны картыг гуйж авч ашигласан. Яг хэзээ хэдэн удаа гэдгийг би нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн үед О нь “гадаадаас манай хүүхдээс мөнгө шилжиж ирнэ” гээд миний виза картыг надаас авсан. Энэ үед л миний картыг ашиглаж бусдаас мөнгө авсан байна. Ямар учраас нийт хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй байна. Мөн О нь тухайн үед надтай цуг ажилладаг байсан Б-ийн карт, дансыг гуйж ашиглаад байхаар нь би Б-д ер нь карт, дансаа ашиглуулах дэмий байхаа гэж хэлэхэд Б нь Л.О-т карт, дансаа ашиглуулахаа больсон. Б нь 2018 онд элэгний хавдартай гэж эмчлүүлж байгаад 2018 оны 7 дугаар сард нас барчихсан гэжээ. (хэргийн 99-100 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.Д мэдүүлэхдээ:

Би 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг маш сайн санаж байна. Учир нь энэ өдөр миний охин Т нь хүүхдээ төрүүлсэн юм. Намайг ажил дээр байж байхад 16 цагийн үед байх миний танил эмэгтэй О нь над руу залгаад “Б-гийн ээж О байна. Танай охин чинь өвдөөд, 1 дүгээр төрөх дээр хүргээд өгчихлөө” гэхээр нь би шууд эмнэлэг дээр очсон. Намайг эмнэлэг дээр очиход О байхгүй байсан. Тэгэхээр тухайн өдөр болон маргааш нь миний охины дансыг О юм уу, түүний охин Б нарын аль нэг нь ашигласан байх. Тухайн өдөр төрөх гээд явж байсан хүүхэд маань юу гэж АТМ ороод яваад байх вэ дээ. Тэгээд ч О нь манай охины данснаас өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлсэн байна шүү дээ гэжээ. (хэргийн 101-102 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.А мэдүүлэхдээ:

Манай ээжийн найз Л.О нь “ээжээс түр ашиглуулах данс байна уу” гэж хэд хэдэн удаа гуйхад нь манай ээж миний дансыг Л.О-т өгсөн байсан. Тухайн үед ээж маань надад хэлэхдээ “чиний дансанд мөнгө орж ирэхээр нь энэ данс руу хийгээрэй” гээд дансны дугаар өгдөг байсан. Тухайн үед би ээжийн өгсөн Л.О гээд байгаа эгчийн данс руу тэр дор нь шилжүүлдэг байсан. Тэр мөнгийг ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй. Миний хувьд зүгээр Л.О-т дансаа ашиглуулсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 103-104 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Б мэдүүлэхдээ:

Миний хувьд оюутан байхдаа А.Х, М.Т нартай нийлж нөхөрлөдөг байсан. Би энэ хоёрыг гэр орондоо дагуулж очдог байсан. Харин тэр үед хааяа ээж тэр хоёрын данс, картыг авч ашигладаг байсан. Яг юунд ашигладаг байсан талаар надад хэлж байгаагүй. Би ээжийнхээ мөнгө төгрөгийн асуудалд оролцдоггүй байсан учраас энэ талаар асуудаггүй байсан. Тэгэхээр хэнээс, ямар учраас хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 105-106 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.О мэдүүлэхдээ:

Миний мэдэж байгаагаар Л.О нь фэйсбүүкийн чатаар 2-3 удаа дансаа ашиглуулаач гэж гуйж байсан. Тэгэхээр нь би тухайн үед өөрийн охин Б.А-гийн 5076383147 гэсэн дансны дугаарыг чатаар явуулаад мөнгө орж ирэхээр нь буцаагаад Л.О-ийн данс руу шилжүүлчих гэж хэлж байсан. Тэгээд манай охин Агмөнгө орж ирсэн үед нь буцаагаад Л.О-ийн данс руу шилжүүлж байсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 107-108 дугаар хуудас)

 

   Мөрдөн байцаалтад гэрч-С.Э мэдүүлэхдээ:

Манай оюутан найз Л.О нь 2020 оны 01 дүгээр сарын 09, мөн 01 дүгээр сарын 19-ны өдрүүдэд надад найзынх нь данс гэл үү, карт гэл үү нэг зүйл болохгүй байна. Найздаа дансныхаа дугаарыг өгөөч гэхээр нь би найздаа дансныхаа дугаарыг өгсөн. Тэр үед миний дансанд мөнгө орж ирэхээр нь би буцаагаад Л.О-т өгсөн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 109-110 дугаар хуудас)

 

Д.Б-ийн Хаан банкны 5085224823 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгад:

С.Г-ээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг,

2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 500 000 төгрөг,

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 500 000 төгрөг,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2 300 000 төгрөг тус тус шилжүүлсэн гэжээ.

 

Д.Б-ийн дээрх данснаас С.Г-ийн 5023055210 дугаар дансанд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг,

5 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг,

5 сарын 23-ны өдөр 7 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөг буцаан шилжүүлжээ. (хэргийн 59-64 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Л.О нь 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 31 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3-т зааснаар 3 жил хорихыг 3 жил тэнсэж, хянан харгалзсан,

2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 639 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 960 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 135 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.О-ийг 2013 оны 6 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч Б.Б-аас хүү Б.А-г нь “Хууль сахиулахын их сургууль, ОХУ-д цагдаагийн сургуульд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бэлнээр 2 500 000 төгрөг,

өөрийн 5014314620 дугаарын данс, иргэн Б.Я-ын 5006145218, О.Б-ийн 5006479874, Ө.Я-ны 5720190777, А.Х-ы 5031693967, М.Т-ын 5030416315, Б.А-ийн 5076383147, С.Э-ын 5024217910 дугаарын дансаар 39 671 300 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 42 171 300 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулж, залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Л.О-ийн дансанд шилжүүлсэн 2 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.А-ийн дансанд шилжүүлсэн 2 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б.Я-ын дансанд шилжүүлсэн 1 725 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А.Х-ы дансанд шилжүүлсэн 1 500 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр  Б.А-ийн дансанд шилжүүлсэн 3 800 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Л.О-ийн дансанд шилжүүлсэн 200 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б.А-ийн дансанд шилжүүлсэн 5 200 000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард  Л.О-ийн дансанд шилжүүлсэн 185 000 төгрөг, нийт 16 612 000 төгрөгийг аваагүй гэж маргасан, хохирогч 16 612 000 төгрөгийг хохирлын хэмжээнээс хасаж тооцохыг зөвшөөрсөн тул 16 612 000 төгрөгийг хохирлын тооцооноос хасаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 25 559 300 төгрөг гэж шүүх үзэв. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч Б.Я, Ш.Д, Б.А, Б.Б, Б.О, С.Э нарын мэдүүлэг, Д.Б, Д.Г нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.О-ийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.  

 

Л.О-ээс 14 609 300 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан боловч шүүгдэгч хохирол төлөөгүй, 14 609 300 төгрөг төлөхөө илэрхийлсэн ч  2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хохирол төлөх талаар тодорхой үйлдэл хийгээгүй, хохирол төлөх эд хөрөнгө, хадгаламж, боломжтой эсэхээ нотлох баримтаар нотлоогүй тул шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар түүнд хорих ял оногдуулж, уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

            Шүүгдэгч Л.О-ийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх гэж тогтоосон болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Л.О-ийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 246 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож,  зорчих эрх хязгаарлах ялаас хасах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л. О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.О-ийг “Улаанбаатарын хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Л.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.О-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Л.О-ийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 246 хоногийг зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.О-ээс 14 609 300 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-д олгосугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН