Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/599

 

 

   2021          9           20                                      599     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн  прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат

шүүгдэгч: Н. Ө,

шүүгдэгч: М. Г,

өсвөр насны шүүгдэгч: Г. Б,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Н.М, тэдний өмгөөлөгч А.А /0794/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ө, М. Г, Г. Б нарт холбогдох эрүүгийн 2105013981136 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ………., Н.Ө

 

Монгол Улсын иргэн, ………,М. Г

    

         Монгол Улсын иргэн, ……….,Г.Б

 

Шүүгдэгч Н.Ө, Г.Б, М.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр сургуулийн гадна хохирогч Б.А-ын “Айфоне-12” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч түүнд 2 895 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Н.Ө мэдүүлэхдээ:

Тухайн үед машинаа мөргөлдүүлээд 1 500 000 төгрөг хэрэгтэй болсон юм. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогчид 965 000 төгрөгийн хохирол төлсөн. Энэ хохирлыг эцэг, эх маань төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- М.Г мэдүүлэхдээ:

Тухайн үед мөнгөний хэрэг гараад, бас гар утсаа ломбардад тавьсан байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчид 965 000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгийг эцэг, эх маань төлсөн. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Г. Б мэдүүлэхдээ:

Тухайн үед сургалтын төлбөр төлөх хэрэг гараад энэ гэмт хэргийг үйлдсэн. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан. Хохирогчид 965 000 төгрөгийн хохирол төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Цаашид хичээл сургуульдаа шамдаж дахиж ийм алдаа гаргахгүй.

Мөрдөн байцаалтад хохирогч- Б.А мэдүүлэхдээ:

2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр лизингээр шинэ “Ай фоне 12” загварын гар утсыг 3 495 000 төгрөгөөр худалдаж аваад орой нь БНХАУ-аас бараа татах хэрэг гараад, авсан гар утсаа зарна гэж зар тавихад Тархи толгой гэх хаягнаас “худалдаж авна, 10 дугаар хороолол, 5 дугаар хорооны гадаа хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход үзэж байгаад авахгүй гэсэн. Тэгтэл өөр нэг залуу “54 дүгээр сургууль дээр хүрээд ир” гэхээр нь яваад очсон чинь 2 залуу зогсож байсан. Тэр 2 залуу id кодоо гаргачих гэсэн. Тэгэхлээр нь би гар утсан дээр байсан бүх зүйлээ устгаад машины голын хайрцган дээр тавих үед нэг залуу нь хаалга онгойлгоод гар утсыг минь булаагаад гүйчихсэн. Араас нь хөөгөөд гүйхэд анх 10 дугаар хороололд гар утас үзсэн залуу тэр 2 залуутай хамт гүйж байсан. Тэгээд би гүйцэлгүй алдсан. Нэг нь халзан толгойтой, 175-180 см орчим, туранхай, гар утас авч зугтаасан нь маск зүүсэн дунд зэргийн нуруутай 22-25 орчим насны, үлдсэн нэг нь нөгөө хоёроосоо өндөр 185-190 орчим см байх содон шинж тэмдэггүй би харвал шууд танина гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

 

2021 оны 8 дүгээр сарын 16-ны өдрийн өсвөр насны шүүгдэгч Г.Б-ийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. (хэргийн 14-15 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2 895 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 62 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 101 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

М.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 103 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.Ө нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 105 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Н.Ө, Г.Б, М.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр сургуулийн гадна хохирогч Б.А-ын “Айфоне-12” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 2 895 000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.А-ын мэдүүлэг, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Ө, Г.Б, М.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нар үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, Г.Б-ийг өсвөр насны, Монгол Улсын Их сургуулийн хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн Сургуулийн 1 дүгээр дамжаанд суралцдаг, шүүгдэгч Н.Ө-ыг Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны улс төр судлалын 3 дугаар дамжаанд суралцдаг, шүүгдэгч М.Г-ыг Шинжлэх ухаан техникийн их сургуулийн үйлдвэр технологийн сургуулийн график дизайны ангийн 4 дүгээр дамжаанд суралцдаг зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Н.Ө, Г.Б, М.Гнар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч, хохирогч Б.А-д Г.Б нь 965 000 төгрөг, Н.Ө нь 965 000 төгрөг, М. нь 965 000 төгрөгийг тус тус төлжээ.

 

Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон өсвөр насны шүүгдэгч Г.Б, шүүгдэгч Н.Ө, М.Г нарыг 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б-д 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж, шүүгдэгч уг саналыг хүлээн зөвшөөрсөн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1-д Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгана гэж заасан тул өсвөр насны шүүгдэгч Г.Б-д 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасган 3 сарын хугацаагаар тогтоох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Н.Ө, М.Г нар нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           1. Шүүгдэгч Н.Ө, М. Г, Г.Б нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Ө-ыг 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах,

шүүгдэгч М.Г-ыг 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах,

өсвөр насны шүүгдэгч Г.Б-ийг 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, 3 сарын хугацаагаар тогтоосугай. 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Н.Ө, Г.Б, М.Г нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Н.Ө, Г.Б, М.Г нар нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

            6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Ө, Г.Б, М.Г нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ө, Г.Б, М.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ө, Г.Б, М.Г нарт хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН