Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/612

 

 

2021            9           23                                      612   

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 2105014601180 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ........, М.Б

 

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавана” зочид буудлын гадна дуудлага мэдээллийн дагуу ирсэн цагдаагийн албан хаагч Г.А, П.Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тэдний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Г.А-ын биед халдаж, түүний баруун бугалганы урд дунд хэсэгт хазаж, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- М.Б мэдүүлэхдээ:

Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Ж ах дээр очоод архи уусан. Нэлээн согтуу байсан болохоор  цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн байсан. Хохирогч А-тай уулзаж уучлалт гуйж, хохирол төлбөрийг төлсөн. Миний буруу, архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 700 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Энэ торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулна. Би улирлын чанартай ажил хийдэг гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.А мэдүүлэхдээ:

2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагаас 7 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн хооронд хуваарийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагаар ахлах ахлагч Д.Г-ийн хамт Бэгэр 121 чиглэлд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хариуцаж ажиллаж байсан. Бэгэр 10-аас өгсөн Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Хавана” зочид буудлын гадна согтуу хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавана” зочид буудлын гадаа очиход үл таних 2 залуу хоорондоо маргалдаад заамдалцсан байдалтай зогсож байсан. Хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Д.Г нь албаны УАЗ Фургон загварын, 81-71 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс түрүүлж буугаад тухайн хоёр хүн рүү очсон. Тухайн үед би албаны тэргээ зогсоолд байрлуулаад буугаад очтол ахлах ахлагч Д.Г-ийг одоогийн Б гэх залуу нэг гараараа заамдчихсан нөгөө гараараа зочид буудлын залууг мөн заамдчихсан байдалтай байхаар нь би очоод шуунаас нь бариад автал шууд эргэж хараад тэр Б гэх залуу миний баруун гарны бугалганы дотор талын булчин хэсгээс хазчихсан. Тэгэхээр нь тэр хүнд биеийн хүч, тусгай хэрэгсэл ашиглаж гавлаад эрүүлжүүлэх саатуулах байранд аваачиж саатуулсан. Миний гарыг хазсан хүн драгер багаж огт үлээх чадваргүй, эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдэн ирсэн ч гэсэн үргэлжлүүлэн бидний тавьсан шаардлагыг эсэргүүцэж орилж чарлаж, хүлээж авахгүй байсан юм. Тэгэхээр нь тэр хүнийг гавласан чигт нь өрөөнд оруулж тусгаарласан.

М.Б нь надад 500 000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 14-15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-П.Г мэдүүлэхдээ:

Бэгэр 10-аас өгсөн Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Хавана” зочид буудлын гадна талд согтуу хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавана” зочид буудлын гадаа очиход үл таних хоёр залуу хоорондоо маргалдаад заамдалцсан байдалтай зогсож байсан. Хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г.А нь албаны УАЗ  Фургон загварын 81-71 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулах үед би машинаас түрүүлж буугаад тухайн 2 залуу дээр очсон. Тэгтэл нэг нь буудлын хамгаалагч залуу, нөгөөх нь одоогийн Б гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хамгаалагчтай хэрүүл маргаан хийгээд хамгаалагч залууг заамдсан байдалтай байхаар нь би тухайн Б гэх залууд “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, мөн шөнийн цагаар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаад байна” та наад үйлдлээ болино уу гэж шаардлага тавихад хамгаалагч залууг Б гэх залуу заамдсан байдалтай хэвээр байсан тул би Б, хамгаалагч хоёрын дундуур ороод салгах гэтэл тэр Б гэх залуу намайг мөн нэг гараараа заамдаж аваад миний тавьсан шаардлагыг мөн эсэргүүцсэн. Тэр үед хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г.А хүрч ирээд тухайн Б гэх залууд мөн л таны хийж байгаа үйлдэл буруу, хийж байгаа үйлдлээ таслан зогсоо гэж шаардсан боловч тэр Б гэх залуу шаардлага биелүүлэхгүй, хамгаалагч залуу бид хоёрыг заамдсан хэвээр байсан тул Г.А гарыг нь тавиулах гэтэл Б гэх залуу Г.А-ын баруун гарын бугалагны булчин хэсгээс хазаад авсан. Тэгэхээр нь биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэж Б-ыг гавлаж эрүүлжүүлэх, саатуулах байранд авчирч саатуулсан. Ийм л зүйл болсон. Тухайн залуу миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй бөгөөд миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж намайг заамдсан. Ахлах ахлагч Г.А-ын гараас Б гэх залуу хазсан, өөр хүний биед гэмтэл учруулаагүй. Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн согтуу байсан. Анх Бэгэр 10-аас дуудлага мэдээлэл ирэхдээ согтуу зодолдоод байна гэсэн. Дуудлага мэдээллийн дагуу очиход согтуу залуу буудлын хамгаалагч залуутай барьцалдсан байсан тул би дуудлага мэдээллээр очоод шууд тухайн залуугийн хийж байгаа үйлдлийг болиулах гэж одоогийн М.Б, буудлын хамгаалагч нарын дундуур орсон бөгөөд энгэрийн камерын бичлэг хийх боломжгүй байсан тул дуу дүрсний бичлэг хийгээгүй гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Д мэдүүлэхдээ:

Би 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагт “Хавана” зочид буудлын хамгаалагчийн ээлж хүлээн авч 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн үед нэг залуу найзынхаа байгаа 4 давхрын өрөөнд ороод 1-2 цагийн дараа гарч ирсэн, нэлээн согтуу байсан. Тэр манай буудал руу орсон залуу гадаа гарч ирээд гадаа буудлын хажууд байсан нэг машинтай хүнтэй маргаан хийгээд эхэлсэн бөгөөд би болиулсан ба тэр залуу миний хантаазнаас базаад чи дуугүй бай гэсэн бөгөөд тэр үед 2 цагдаа ирсэн. Тэгээд тэр согтуу залууг цагдаагийн машинд суулгаад аваад явах гэтэл тэр согтуу залуу цагдаа нартай маргалдаад байсан бөгөөд тэр хоёр цагдаагийн нэгнийх нь гараас хазсан гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6416 дугаартай дүгнэлтэд:

1. Г.А-ын биед баруун бугалганы урд дунд хэсэгт хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

М.Б нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 178 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 75 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

  Шүүгдэгч М.Б нь архи ууж согтуурсан үедээ 2021 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавана” зочид буудлын гадна дуудлага мэдээллийн дагуу ирсэн цагдаагийн албан хаагч Г.А, П.Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тэдний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй хүч хэрэглэн эсэргүүцсэн,

мөн хохирогч Г.А-ын биед халдаж, түүний баруун бугалганы урд дунд хэсэгт хазаж, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.А, П.Г, гэрч О.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6416 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.А нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн хохиролд 500 000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, М.Б нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялуудыг нэмж, нэгтгэн М.Б-ы эдлэх торгох ялыг 3 200 000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 200 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 200 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг М.Б-д даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН