Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/618

 

 

2021            9             28                                          618

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

шүүгдэгч: Б.Т, түүний өмгөөлөгч Д.Э /0261/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Т-т холбогдох эрүүгийн 2102000580047 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ........., Б.Т

 

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Сөгнөгөрийн гол” амралтын газрын хашаанаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocanabinol/ агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан,

үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай “шавар” гэх нэршилтэй 2,2436 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ………. улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй 80,4 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 12 хороо, 13 дугаар байрны гражид худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Б.Т мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргах зүйлгүй. Мансууруулах бодисыг 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгаас түүгээд машиндаа хадгалж байсан. Мансууруулах бодисыг хадгалсан тээврийн хэрэгсэл манай аавын эзэмшлийн машин юм. Тэр машинд 4 сарын хугацаанд хадгалсан. Би 2 сарын өмнө хэвлэлийн үйлдвэрт хэвлэгчийн ажилд орсон. Сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг хамгийн сүүлд 12 дугаар сард хэрэглэсэн. Сонирхоод хэрэглэж үзсэн. Энэ талаар интернэтээр бичлэг үзээд мэдэж авсан. 2021 оны 4 дүгээр сард дахин гражаас илэрсэн сэтгэцэд нөлөөт бодис нь өмнөх 8 сард түүсэн өвсний үлдэгдэл байсан юм. Гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна гэв.

 

            2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

27-53 УБТ улсын дугаартай, саарал өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл байх ба үзлэг эхлэхийн өмнө Б.Т-аас“тээврийн хэрэгсэлд хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа юу, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгөх хэрэгтэй” болохыг тайлбарлахад Б.Т нь “байгаа гээд сайн дураараа гаргаж өгөхөөр тээврийн хэрэгслийг нээж, нүдний шилний хайрцагнаас зуйван дүрстэй, шаргал өнгөтэй сав гаргаж энэ байна” гэж зааж өгсөн ба тагийг нээхэд дугуй бөөрөнхий дүрстэй шавар мэт зүйл байсныг албаны цахилгаан жинлүүр ашиглаж, жинлэхэд хуванцар савны хамт 8,5 грамм, цэвэр жин 2,3 грамм байсныг №1 дугаараар дугаарлаж хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн машины дотор хэсэгт үзлэг хийхэд зорчигч талын суудлын урд хайрцагнаас ногоон эрээн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн толгойтой, улаан өнгөтэй 8716509002774 дугаарын бар кодтой асуугуур илэрснийг №2 дугаараар дугаарлаж хураан авав. Машины голын хайрцагны доод талд байрлах хайрцагыг нээхэд “шавар” мэт зүйлээр бохирлогдсон калькан тугалган цаас байсныг №3 дугаараар дугаарлаж хураан авав гэжээ. (хэргийн 6-9 дүгээр хуудас)

 

2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 13 дугаар байрны урд талын үргэлжилсэн тоосгон гражууд байх ба ертөнцийн зүгээр баруун талд байрлах үргэлжилсэн гражуудын хойд талаасаа хоёр дахь гражид ороход зэвэрсэн төмөр гражийн хаалга байх бөгөөд дотор нь зүүн буланд хоосон цаасан хайрцганд хоосон гялгар уутнууд байв. Баруун хойд буланд байх төмөр саванд цагаан өнгийн гялгар ууттай нунтаг өвс мэт зүйл гарч ирсэн бөгөөд цахилгаан жин дээр жинэлэхэд 99.7 грамм байгааг эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов гэжээ. (хэргийн 166-167 дугаар хуудас)

 

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №21-064 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 4 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 11 602 839 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 102 дугаар хуудас)

 

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд:

-ТНС /Марихуан төрлийн бодис” 1 улаан үр дүн нь алсын зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан болохыг тэмдэглэлд тусгав.

... Б.Т нь 10 төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос ТНС төрлийн бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав гэжээ. (хэргийн 11 дүгээр хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 908 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай шаргал өнгөтэй хуванцар савтай шавар мэт зүйл, шаргал өнгөтэй хуванцар савны таглаа хэсэг дээрх хар ногоон өнгийн зүйл, “2” гэж дугаарласан гялгар ууттай хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон алаг өнгөтэй асаагуур, “3” дугаарласан гялгар ууттай хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай шаргал өнгөтэй хуванцар савтай шавар мэт зүйл, шаргал өнгөтэй хуванцар савны таглаа хэсэг дээрх хар ногоон өнгийн зүйл, “2” гэж дугаарласан гялгар ууттай хар өнгийн зүйлээр бохирлогдсон алаг өнгөтэй асаагуур, “3” дугаарласан гялгар ууттай хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас тус бүр Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

Цагаан өнгөтэй бичиглэлтэй цааснаас НҮБ-ын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай’ конвенцын  жагсаалтад багтсан бодис илрэхгүй байна.

3. Шинжилгээнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай’ конвенцын  жагсаалтад багтдаг болно.

4.5. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай шаргал өнгөтэй хуванцар савтай шавар мэт зүйлийн савтай жин нь 5,8400 грамм, цэвэр жин нь 2,2436 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 2,1889 болов.  (хэргийн 31-34 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1948 тоот дүгнэлтэд:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар ууттай ургамал мэт зүйлээс тетрагидроканнабинол илэрсэн.

Дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

3. Гялгар ууттай ургамал мэт зүйлийн жин нь 100,7 грамм, цэвэр жин нь 80,4 грамм байсан ба шинжилгээнд 0,1 граммыг зарцуулав гэжээ. (хэргийн 186 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 907 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Т УШ 98111875” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Т УШ 98111875” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/  нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно гэжээ. (хэргийн 27-29 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1946 тоот дүгнэлтэд:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Т УШ98111875” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна гэжээ. (хэргийн 191 дүгээр хуудас)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 34 тоот дүгнэлтэд:

1. Б.Т нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2 Б.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Т сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5 Б.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын  хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна. (хэргийн 38 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 73 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төв аймийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Сөгнөгөрийн гол” амралтын газрын хашаанаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан,

             үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahybrocannabidol/ агууламжтай “шавар гэх нэршилтэй 2,2436 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ………. улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

             Нэгдсэн үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй 80,4 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 13 дугаар байрны гражид худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 907, 908, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1948, 1946 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгасан, Нийслэлийн прокурорын газраас Б.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар “Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах” ялаар солих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Шүүгдэгч Б.Т нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг “Тоёота приус-20” загварын ……….. арлын дугаартай ………….. улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Транскапитал Банк бус санхүүгийн байгууллага бөгөөд уг тээврийн хэрэгслийг “Дамно” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн …………. дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд 11 602 839 төгрөгөөр үнэлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...энэ хуулийн тусгай ангид заасан...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...техник хэрэгслийг ойлгоно.” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүний ...хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч Б.Т-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Транскапитал банк бус санхүүгийн байгууллага байх тул тухайн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох боломжгүй байна.

Иймд уг тээврийн хэрэгслийн үнэ болох 11 602 839 төгрөгийг дээрх хуульд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа

“1” гэж дугаарласан, шаргал өнгөтэй хуванцар савтай, 2.1889 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “2” гэж дугаарласан, хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон алаг өнгөтэй асаагуур, “3” гэж дугаарласан, хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас, Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй 80,4 грамм жинтэй, хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Б.Т-ыг үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

            3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 2 жил хорих ялыг “Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах” ялаар дүйцүүлэн сольсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            6. Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 11 602 839 (арван нэгэн сая зургаан зуун хоёр мянга найман зуун гучин ес) төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа

“1” гэж дугаарласан, шаргал өнгөтэй хуванцар савтай, 2.1889 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “2” гэж дугаарласан, хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон алаг өнгөтэй асаагуур, “3” гэж дугаарласан, хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас, Дельта-9 тетрагидроканнабинолын /Delta 9 tethrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй 80,4 грамм жинтэй, хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            9. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН