| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00969/И |
| Дугаар | 102/ШШ2017/01113 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2017/01113
| 2017 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2017/01113
| Улаанбаатар хот
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Шинэ дөл цогцолбор 502 тоотод байрлах “Ньюком проперти” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж өөрийн байранд байрлах “Монголын хурдны зам” ХХК-д холбогдох 13 316 079 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ньюком проперти” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монголын хурдны зам” ХХК нь НКП-МХЗ-13/10/10 тоот гэрээний үндсэнд 2013 оны 3 сарын 1-ны өдрөөс 2 жилийн хугацаатайгаар Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Нарны зам 91 хаягт байрлах Санроүд барилгын 4 давхарт 144,25 м2 талбайг оффисын зориулалтаар, Шинэ дөл цогцолборын В1 давхарт, 1 автомашины дулаан зогсоолыг тус тус түрээслэсэн гэрээний хугацаанд ашигласан. Гэвч түрээсийн үлдэгдэл төлбөрийг хугацаанд төлөлгүй, удаа дараа хойшлуулахыг хүсч байсан. Үлдэгдэл төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлье гэж 2015 оны 6 сарын 25-ны өдрийн 81/15 тоот албан бичгийг Монголын хурдны зам ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шуумаржав ирүүлсэн ба 2015 оны 3 улиралд бүх үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн боловч төлөхгүй байсаар өнөөдөр хүрсэн. Энэ хугацаанд Ньюком проперти ХХК-ийн зүгээс удаа дараа түрээсийн үлдэгдэл төлбөр төлөх хугацааг олгох, хойшлуулах, нөхцөл байдлыг ойлгох Ерөнхий захирал Ж.Шуумаржав хагалгаанд орсон тул хүлээх, Захирал О.Оюунтунгалаг хөдөө явж байна, ажлын хөлс орж ирэхээр төлнө гэсний дагуу хулээх) байдлаар хүлээцтэй хандаж ирсэн боловч Түрээсийн төлбөрийг төлөх сонирхолгүй, төлөхөөс зайлсхийж, уулзаж ярилцахаас зугтаадаг болсон. Иймд Түрээсийн гэрээний 2.1.1, 2.2.3, 2.2.4, 4.3.3, 6.1 заалт, Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1 заалтыг тус тус үндэслэн түрээсийн үлдэгдэл төлбөрт 8 877 386 төгрөг алдангид 4 438 693 төгрөг нийт 13 316 079 төгрөгийг Монголын хурдны зам ХХК-аас гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасанжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Монголын хурдны зам” ХХК нь түрээсийн төлбөр болох 13 316 079 төгрөгийг төлсөн тул “Ньюком проперти” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ньюком проперти” ХХК нь хариуцагч “Монголын хурдны зам” ХХК-д холбогдох 13 316 079 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Монголын хурдны зам” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Монголын хурдны зам” ХХК-д холбогдох 13 316 079 төгрөг гаргуулахыг хүссэн “Ньюком проперти” ХХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Ньюком проперти” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 531 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 112 265 төгрөгийг, хариуцагч “Монголын хурдны зам” ХХК-аас 112 265 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА