Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1078

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Сэлэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00602 дугаар шийдвэртэй, С.Сэлэнгийн нэхэмжлэлтэй, Ш.Удаанжаргалд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул,

Хариуцагч Ш.Удаанжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие Ш.Удаанжаргалд 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хугацаагүй зээлийн гэрээ байгуулж 1 500 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 500 000 төгрөг зээлүүлсэн. Ш.Удаанжаргал нь 2015 оны 8 дугаар сард 300 000 төгрөг бэлэн бусаар төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул 1 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Сэлэнгэ нь Ш.Удаанжаргалд 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хугацаагүй гэрээгээр 1 500 000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр /өмнө нь сар, өдрийг андуурсан/ 1 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Анх тохиролцохдоо сар бүр 60 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зөвхөн үндсэн зээл 2 500 000 төгрөгөөс Ш.Удаанжаргалын 2012 оны 09 дүгээр сараас 60 000 төгрөгөөр 17 удаа, 50 000 төгрөгөөр 4 удаа шилжүүлгээр төлсөн нийт 1 220 000 төгрөгийг хасч, үлдэх 1 280 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаа 420 000 төгрөгөөр багасгана гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, 4 хувийн хүү төлөхөөр зээлж авсан. 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 500 000 төгрөгийг бэлнээр, 2 140 000 төгрөгийг дансаар, нийт 2 640 000 төгрөгийг төлөөд байгаа, дахин төлбөр хийх хүсэлгүй байна. 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөгийн зээл аваагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Удаанжаргалаас 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Сэлэнгэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Удаанжаргалаас 12 650 төгрөгийг гаргуулж С.Сэлэнгэд олгож шийдвэрлэжээ

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Ш.Удаанжаргалын төлөөгүй төлбөр, тухайлбал 25 000 төгрөгийн төлбөрийг зээлийн төлбөрөөс хасч тооцсон. Нэхэмжлэгч миний дансанд н.Жаргал гэдэг нэртэй 3 хүнээс мөнгө шилжүүлдэг. Гэтэл шүүх үүнийг ялгаж үзэлгүй н.Жаргал гэсэн нэртэй болгоныг зээлийн төлбөрөөс хассан байдаг. Шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлсөн төлбөрт 25 000 төгрөгийг оруулж тооцсонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Сэлэнгэ нь хариуцагч Ш.Удаанжаргалд холбогдуулан зээлийн төлбөрийн үлдэгдэл 1 700 000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хуралдааны явцад 1 220 000 төгрөг болгон багасгасныг, хариуцагч эс зөвшөөрч зээлийн төлбөрт нийт 2 640 000 төгрөг төлсөн, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг зээлээгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан Хаан банкны гүйлгээний баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан  үзвэл нэхэмжлэгч С.Сэлэнгэ нь 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөгийг хариуцагч Ш.Удаанжаргалд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 4, 23-р тал/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ. Тухайн үед зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, энэ талаар маргаагүй  боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Түүнчлэн шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Хаан банкнаас нэхэмжлэгч С.Сэлэнгийн дансны гүйлгээний хуулгыг нотлох баримтаар гаргуулснаар, хариуцагч Ш.Удаанжаргал  зээлийн гэрээний үүрэгт нийт 2 100 000 төгрөг төлсөн нь тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага 2 500 000 төгрөгөөс хасч, төлөгдөөгүй төлбөрийг 400 000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчид олгож, үлдэх 1 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн Хаан банкны дансаар “Жаргал” нэртэй өөр хүн гүйлгээ хийдэг байсныг хариуцагчийн төлбөрт тооцсон нь буруу гэх боловч нотлох баримтад тулгуурлан мэтгэлцээгүй тул анхан шатны шүүх уг үйл баримтыг тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргах үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар гаргасан нэхэмжлэгч С.Сэлэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Сэлэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Сэлэнгийн төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРАГЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА