Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01077

 

 

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01077

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,

            Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 105 дугаар байрны 119 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр:ХП62121171, Цагаан овогт Цагааны Баатарыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 4 дүгээр  сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэбаяр, гуравдагч этгээд Ц.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энэрэл нар оролцов.        

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 105 дугаар байрны 119 тоотод оршин суух Ц.Баатар нь байнга архидан согтуур, гэр орныхоо эд зүлийг авч зарж архи уудаг, удаа дараа эрүүлжүүлэгдэж, баривчлагдаж байсан. Архинд донтох өвчтэй тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.  

 

Гуравдагч этгээд  Ц.Баатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архины албадан эмчилгээнд явахад татгалзахгүй. Сүүлийн үед тэтгэвэрийнхээ мөнгөөр архи ууж, мөнгөгүй болохоороо гэрээсээ юм авч зараад архи уудаг болсон гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Ц.Баатарыг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ц.Баатар нь байнга архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авагдаж, эрүүлжүүлэгдсэн нь захиргааны зөрчлийн баримт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна. 

 

Түүнчлэн Ц.Баатар нь архидан согтуурч 2017 оны 2-р сард захиргааны зөрчил гаргаж баривчлагдсан, 2017 оны 4-р сарын 03-ны өдөр согтуугаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр хороолол 105 дугаар байрны 119 тоот гэрийнхээ эд зүйлийг зарж, согтуугаар хэрүүл маргаан үүсгэсэн, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсан захиргааны зөрчил гаргасан байна.  

 

 Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 4-р сарын 14-ний өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр архинд донтох өвчтэй нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Цагаан овогт Цагааны Баатарыг албадан эмчилгээнд явуулсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА