Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/619

 

2021           9            28                                          619 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

шүүгдэгч: Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-т холбогдох эрүүгийн 201726021105 дугаартай,1 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ………., Э.Э

 

  Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 5 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан жинлүүр” ХХК-ийн баруун талд баригдаж байгаа хашаанд байрлах амбаар дотор хохирогч Д.С-ын толгойн тус газар архины шилээр цохих зэргээр зодож, түүний биед баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, зулайн хуйхны язарсан шарх, эрүүний шарх, зүүн гар, хөлийн саажилт бүхийн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.(яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Э.Э мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нь манай хадам дүү юм. Бид хувийн таарамжгүй харилцаанаас болоод маргалдсан. Түүнийг архины шилээр цохисноо санаж байна. Энэ хэргийн дараа эхнэр маань салаад, би орох орохгүй болж, шил, лааз түүж амьдардаг байсан. Түүнээс хойш хохирогчтой уулзаагүй. Хохирогчид 280 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 4 720 000 төгрөгийг 2022 онын 9 дүгээр сараас өмнө төлж дуусгахаар тохиролцсон. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэв.

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Д.С мэдүүлэхдээ:

Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Ирээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Алтанжинлүүр” ХХК-ийн баруун талын баригдаж байгаа барилга дээр ажилласан. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр М, Б, М, Ч бид нар барилгын хажуу талд 2 том “Боргио” пиво хувааж уусан. Тэгээд дуусаад байж байтал манай хадам ах Э ирээд Ч-тай цуг барилга дотор орсон. Тэгээд Б, М, М бид нар дахиж нэг “Боргио” пиво аваад уусан. Тэгсэн Э, Ч нар ирсэн. Тэгээд байж байгаад барилга дотор үлдсэн пивоо уух гээд Б, М, М, Э, Ч бид нар барилга руу орсон. Гэтэл Э “чи намайг зоддог гэж ажилчидад ярьдаг” гэж надад уурласан. Намайг Э нэг удаа шанаа руу гараараа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж байгаад дахиад 1-2 удаа цохисон. Тэгсэн хажууд байсан М, М нар бид 2-ыг салгасан. Тэгээд би гараад явсан. Барилгаас гараад хартал миний түрийвч байгаагүй ба эргэж ороод түрийвчээ авах гээд хаалга онгойлгоод ороход Э урдаас архины шилээр миний толгой руу маш хүчтэй цохисон. Тэгээд би газар унасан, тэрнээс хойш юм бараг санахгүй байна. Газар унасанаас хойш миний зүүн хөл, зүүн гар 2 хөдлөхөө больсон. Тэгээд би Э-т миний гар хөл хөдлөхгүй байна гэхэд дээр суучихаад нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд Э хөнжил гудас авчираад тэндээ надтай хоносон. Би тухайн үед 2 сар гаран эмнэлэгт хэвтэн ойролцоогоор 5 сая орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Э надад 280 000 төгрөг өгсөн байгаа. Бид хоёр сайн дурын үндсэн дээр ярилцан эвлэрсэн бөгөөд нэхэмжилсэн мөнгийг цувуулж төлөхөөр болсон. Одоо би хөлөө бага зэрэг чирж явдаг болсон. Мөн толгой үе үе хагалгаа хийлгэсэн хэсгээр өвддөг. Өөр зовиур байхгүй биеийн байдал гайгүй байгаа. Би шүүх хуралд оролцохгүй гэжээ. (хэргийн 56-57, 59-60 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.М мэдүүлэхдээ:

2017 оны 5 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед ажлаасаа тараад ажилчидтайгаа цуг байрлаж байсан газартаа очиж хоол идчихээд С, Э, Б болон өөр нэрийг нь санахгүй байна, 2 залуугийн хамт бид хэд ганц шил архи ууцгаая гээд 0.75-тай 1 шил архи аваад ажиллаж байгаа барилга дээрээ очоод хувааж ууцгаасан. С, Э нар хоорондоо хадам, хүргэн дүү 2 байсан. Тэгээд архиа уугаад байж байтал С, Э хоёр маргалдаж сууж байснаа Э нь С-ын толгой дундуур ууж байсан архиныхаа шилээр цохисон. Тэгээд толгойноос нь цус гараад байхаар нь эмнэлэг дуудья гэсэн чинь тэр 2 хоёулаа зүгээр яахын гээд цусаа арчиж цэвэрлээд, одоо явж амарцгаая гэсэн чинь бид 2 эндээ үлдье гээд үлдсэн гэжээ. (хэргийн 74-75 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Б мэдүүлэхдээ:

Архи уугаад байж байтал С эгчийгээ яриад, хадам ах Э-тайгаа маргалдаад байсан. Нэг их удалгүй Э ууж байснаа архины шилийг барьж очоод С-ын толгойн дундуур архиныхаа шилээр цохисон. С-ыг бүлэглэж зодсон зүйл байхгүй. Хүргэн ах Э нь архины шилээр цохисон гэжээ. (хэргийн 78-79 дүгээр хуудас)

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6271 тоот дүгнэлтэд:

1. Д.С-ын биед баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, зулайн хуйхны язарсан шарх, эрүүний шарх, зүүн гар, хөлийн саажилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг торгтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. (хэргийн 93 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 110 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Э нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 5 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан жинлүүр” ХХК-ийн баруун талд баригдаж байгаа хашаанд байрлах амбаар дотор хохирогч Д.С-ын толгойн тус газар архины шилээр цохиж, түүний биед баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, зулайн хуйхны язарсан шарх, эрүүний шарх, зүүн гар, хөлийн саажилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.С, гэрч Ж.М, Ч.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үнлэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6271 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Хохирогч Д.С нь 1 456 500 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж, нийт 5 000 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 280 000 төгрөгийг төлж, хохирогчийн нэхэмжилж буй 5 000 000 төгрөгөөс үлдэх 4 720 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна. Иймд Э.Энхбаяраас 4 720 000 төгрөг гаргуулж, хохирогч Д.С-т олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлоос зарим хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заажээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Э-т түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Э-ын эдлэх 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.Э-аас 4 720 000 төгрөг гаргуулж, хохирогч Д.С-т олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ерөөл” нэртэй архины шилний хагархайг устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН