Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/640

 

2021         10          05                                           640

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ,

хохирогч: Э.Б,

шүүгдэгч, хохирогч: Э.З,

шүүгдэгч: С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.З, С.Ч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 2105000001155  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, …….., Э.З

Монгол Улсын иргэн, ......., С.Ч

 

Шүүгдэгч Э.З нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Б-тай маргалдаж нуруу, толгой руу нь цохиж, түүний биед зүүн чамархайн хуйх, зүүн шанаа, хацар, эрүүнд шарх, зүүн шанаанд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Ч нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.З-тай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед толгойн дагз болон баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор хэсэгт шарх болон цус хуралт, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралтууд, зүүн эгмийн дээд хэсэгт цус хуралт, баруун бугалгад цус хуралтууд, баруун тохойд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт болон зулгаралт, зүүн гуяны өмнө хэсэгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Э.З мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Интернэт банкнаас болж бид маргалдаж, би зодуулсан. Хохирогч Б-тай маргалдахдаа би түүний үйлдлийг болиулах санаатай түлхүүртэй гараараа цохисон. Би Ч-ны гар утсыг аваад өгөхгүй байсан нь үнэн. Гэхдээ Ч над руу орилоод байсан юм. Тэр үед би мөнгөтэй байсан. Тухайн үед интернэт банк болохгүй байсан. Би ажилдаа явж ирээд хохирогч Б-д 2 000 000 төгрөгийн хохирлыг төлөхөөр тохиролцсон. Энэ хохирлыг 11 сараас төлөх боломжтой. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Ч мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. З орж ирээд карт уншуулсан бөгөөд картны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Тэгээд миний гар утсаар яриад, интернэт банк орчихоод утас өгөхгүй гараад явсан. Тэгээд би араас гараад гар утсаа авсан. Тамхи, гоймон авсан болохоор мөнгөө авья гэхэд манай гэрт очоод авчих гээд байсан. Би тамхи, гоймонгоо буцааж авах гэхэд над руу гараа далайхаар нь би зөрүүлээд 2-3 удаа цохисон. З ч мөн намайг зөрүүлээд цохисон. Тэр үед эгч  над руу залгаж таарсан. Тэгээд эгчдээ болсон асуудлын талаар хэлсэн. Хохирогч З-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. З-ын хувьд надаас хохирол нэхэмжлээгүй болохоор би хохирол төлөөгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Э.Б мэдүүлэхдээ:

Надад гомдол санал байхгүй. Э.З нь өөртөө дүгнэлт хийгээд тэр өдрөөс хойш архи дарс хэрэглээгүй. Хохиролд 1 800 000 төгрөг болон томографид харуулсан мөнгийг нэхэмжилж байна. Энэ талаар хэрэгт нотлох баримт өгөөгүй.  Тухайн үед ажил явдалтай байсан тул мөрдөгч дээр очих боломжгүй явсаар байгаад сарын дараа мөрдөгч дээр очиж уулзаж, гарын үсэг зурсан. Би З-тай тохироод 2 000 000 төгрөг авахаар болсон. Гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Э.З мэдүүлэхдээ:

Энэ хэрэг гарахад миний буруутай үйлдэл байсан учраас хохирол нэхэмжлээгүй. Гомдол саналгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Д мэдүүлэхдээ:

Би 2021 оны 7 дугаар сарын 28-ны шөнийн 03 цагийн үед нөхөр Э.Б-ын хамт Төв аймгийн Зуунмод сумаас гэртээ харих гээд 25 дугаар эмийн сангийн хажууд явж байхад над руу манай хуурай дүү Ч залгаад “ах, эгч хоёр завтай бол хүрээд ирээч, ТҮЦ-д хоёр, гурван залуучууд орж ирээд дээрэлхээд байна” гэж хэлэхээр нь нөхөр Б-тай хамт Хишиг төвийн урд талын зам дээр очиход дүү Ч болон согтуу гурван залуу байсан ба манай нөхөр бид хоёр машинаас буугаад нөгөө согтуу гурван залуу дээр очоод “дүү яагаад дээрэлхээд байна” гэж хэлэхэд манай нөхөр Б-ыг нэг намхан залуу нь тэврээд авсан. Харин өндөр, туранхай, шар царайтай залуу нь гартаа барьж байсан түлхүүр шиг зүйлээр Б-ын толгойны зүүн хэсэгт болон нурууны хэсэгт нэг нэг удаа цохисон. Цохиулсаны дараа нь манай нөхөр Б-ын толгойноос нь цус гарсан ба толгой нь хагарсан юм болов уу гэж бодоод цусыг нь тогтоох гээд харахад зүүн талын шанааны хэсэгт зүсэгдэж ангайсан шарх үүссэн байсан. Манай нөхөр Б-ыг цохисон болон тэвэрч байсан хоёр залуу нь замын урагшаа гараад зугтаахаар нь нөхөр бид хоёр араас нь хөөгөөд “чи наанаа байж байгаарай” гэж орилоод тэр хоёр залуутай хамт явж байсан махлаг биетэй залуу нь хоёр найзыгаа явуулалгүй байлгаж байгаарай гэж хэлэхэд хамт явж байсан махлаг биетэй залуу нь хоёр найзыгаа бариад зогссон. Тэр хооронд нөхөр Б бид хоёр цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд нөгөө гурван залууг аваад явсан. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ц мэдүүлэхдээ:

2021 оны 7 дугаар сарын 28-ны шөнийн 00 цагт найз П, З нар хамт Модны хоёрт уугаад сууж байна гэхээр нь би очтол тэр хоёр бидний багын таньдаг охин болох Б гэх охин хоёр найзтайгаа тэр хэд хамт нэг шил архи хуваагаад ууж байсан. Тус караокед бид хэд хамт хэдэн шил пиво ууцгаасан. Тус караокеноос гараад харихаар болж шөнийн 02 цагт З гэрлүүгээ харилаа гэж хэлээд таксинд суугаад явсан. Түүний араас П бид хоёр хамт харихаар болж таксинд суугаад Баянгол дүүргийн Өргөө кинотеатрын урд байрлах автобусны буудал дээр явж байхад найз З хүмүүстэй маргалдаж байсан. Тэгээд найз П бид хоёр З-ыг хүмүүсээс салгах гээд байж байхад З-ын маргаж байсан хоёр залуугийн ах нь цагаан машинтай ирсэн. Тэр ах машинаас бууж ирээд З руу нэг юм хэлээд дайраад байсан. Энэ үед би үл таних ТҮЦ-ний хоёр залуу болон нэг эгчтэй хамт маргаад байж байхад З руу нөгөө ах улам дайраад байхаар нь би тэр ах дээр очоод “ахаа яах гэсэн юм бэ, би найз З-аа аваад явлаа” гээд тэр ахын араас нь барьсан чинь З эргэж хараад тэр ахын нүүр хэсэг рүү гартаа байсан зүйлээрээ цохих шиг болсон. Тэгээд тэр ахын нүүрнээс цус гарсан ба бид цагдаа дуудсан гэжээ. (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас)

  

Мөрдөн байцаалтад гэрч-Б.О мэдүүлэхдээ:

2021 оны 7 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн үед Ч ТҮЦ дээр сууж байна гэхээр нь би хамт сууя гэж хэлээд бид хоёр хамт байж байхад 02 цагийн үед гаднаас үл таних залуу орж ирээд тамхи, гоймон авъя гэсэн. Тэгээд тэр ах тооцоогоо хийх гэж байснаа интернэт банк болохгүй байна. Чи гар утсаа өгчих гээд Ч-д хэлэхэд Ч тэр хүнд гар утсаа өгсөн. Тэр ах Ч-ы гар утсыг ашиглаад гар утсыг нь өгөхгүй аваад гарсан. Түүний араас Ч гар утсаа авъя гэхэд тэр ах өгөхгүй байхаар нь Ч чи гар утас өг гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр ах Ч-ыг хойшоогоо түлхсэн ба Ч зөрүүлээд нэг удаа нүүрэн тус газар нь цохиход тэр ах халааснаасаа нэг төмөр зүйл гаргаж ирээд Ч-ыг цохих гээд далайсан. Тэгэхэд Ч дахиад нүүрэн тус газар нь цохисон. Тэр хүн Ч-ыг хөөгөөд би тэр хоёрыг салгах гээд голоор нь орсон. Тэр хоёр маргалдаж байхад Ч-ы суудаг ТҮЦ-ний эгч Д нөхөр Б-тай ирсэн. Энэ үед Ч-тай маргалдаж байсан ахын найз гээд жижиг болон тарган хоёр залуу ирсэн. Би тэр хавиар хүмүүсийг салгах гэж байхад Б ах З гэх Ч-тай маргалдаж байсан хүнтэй ойртоод юм яриад байсан. Тэгээд удаагүй З гэх хүн Б ахын нүүр рүү гартаа байсан төмөр зүйлээрээ цохих шиг болсон. Б ахын нүүрнээс цус гарч бид цагдаа дуудсан гэжээ. (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн 6818 тоот дүгнэлтэд:

  1. Э. Б-ын биед зүүн чамархайн хуйх, зүүн шанаа, хацар, эрүүнд шарх, зүүн шанаанд зулгаралт, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн 6869 тоот дүгнэлтэд:

  1. Э.З-ын биед толгойн дагз болон баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор хэсэгт шарх болон цус хуралт, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралтууд, зүүн эгэмний дээд хэсэгт цус хуралт, баруун бугалгад цус хуралтууд, баруун тохойд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт болон зулгаралт, зүүн гуяны өмнө хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.
  4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  6. Э.З-ын баруун өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх ба гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Баруун өвдөгт цус хуралт зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. (хэргийн 49-50 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.З нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 80 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

С.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 85 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.З нь согтуугаар 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Б-тай маргалдаж, нуруу, толгой руу нь цохиж, түүний биед зүүн чамархайн хуйх, зүүн шанаа, хацар, эрүүнд шарх, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Ч нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.З-тай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед толгойн дагз болон баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор хэсэгт шарх болон цус хуралт, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралтууд, зүүн эгмийн дээд хэсэгт цус хуралт, баруун бугалгад цус хуралтууд, баруун тохойд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт болон зулгаралт, зүүн гуяны өмнө хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Б, Э.З нарын мэдүүлэг, гэрч Б.Д, Б.Ц, Б.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн 6818 тоот, 2021 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн 6869 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.З, С.Ч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.Б нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 2 000 000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгааг шүүгдэгч Э.З хүлээн зөвшөөрч төлнө гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.З-аас 2 000 000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Э.З нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч С.Ч-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Э.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

 С. Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.З-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ч-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э.З, С.Ч нарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.З, С.Ч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.З-аас 2 000 000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Б-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.З, С.Ч нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.З хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.З, С.Ч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН