Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01133

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01133

   Улаанбаатар хот

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 44А байр 1 тоотод  байрлах “Алтан халбага” ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Алтанхалбага” ХХК нь хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд 2013 оны 6-р сарын 25-ны өдөр “Суман хүлэг” ХХК-ийн захирал С.Мөнхцацралтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон худалдан борлуулах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу С.Мөнхцацралын захиалгаар 2013 оны 6-р сарын 25-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 5 225 300 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй болно. Худалдан авагч “Суман хүлэг” ХХК-ийн захирал С.Мөнхцацралтай тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд 5 225 300 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Мөн 2014 оны 2 сарын 11-ний өдөр манай компанид төлбөрийг 2014 оны 4-р сард төлж дуусгахаа амлаж, өргөдөл бичиж өгч байсан боловч уг төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Баянгол дүүрэг, 9-р хороо, Сот 3-1 дүгээр байр, 8 тоот хаягаар хүргүүлсэн боловч хаяг дээрээ оршин суудаггүй байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2-р сарын 21-ний өдрийн 102/Ш32017/02874 тоот захирамжаар “Суман хүлэг ХХК-д холбогдуулан гаргасан 5 225 300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасанаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Суман хүлэг” ХХК-ийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү.

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Алтанхалбага” ХХК нь “Суман хүлэг” ХХК, захирал С.Мөнхжаргалыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

   “Алтанхалбага” ХХК нь “Суман хүлэг” ХХК-тай 2013 оны 6-р сарын 25-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон худалдан борлуулах гэрээ байгуулжээ.  

   “Суман хүлэг” ХХК нь захиалгаар нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр 5 225 300 төгрөгийг төлөөгүй гэх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

   Харин “Суман хүлэг” ХХК нь Баянгол дүүрэг, 9-р хороо, Сот 3-1 дүгээр байр, 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, захиарл С.Мөнхжаргал нь уг хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2-р сарын 21-ний өдрийн 102/ШЗ2017/02874 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдсон байна.

  Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйл ажиллагаа явуулах, захирлын оршин суух газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

“Суман хүлэг” ХХК, С.Мөнхжаргал нь Баянгол дүүрэг, 9-р хороо, Сот 3-1 дүгээр байр, 8 тоот оршин суух хаягтай, 9912-0805, 9808-5858 дугаарын утастай  болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар “Суман хүлэг” ХХК, түүний захирал С.Мөнхжаргалыг эрэн сурвалжилсугай.

 

            2. “Суман хүлэг” ХХК, захирал С.Мөнхжаргалыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.АЛТАНТУЯА